Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 3174

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                             

     2020        09          16                                       101/ШШ2020/03174

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

           

    Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, Өлзийт баг, Ажилчны хэсэг, 1-10 тоотод оршин суух, Пүрэвдоржийн Сгийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 105-37 тоотод оршин суух, Доржсүрэнгийн Нд /РД: 0000/ холбогдох

4.807.350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.Намжилцэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт шүүхэд гаргасан тайлбартаа:

П.С нь Д.Нтэй харилцан тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өөрийн эзэмшлийн 91-20 УНЕ улсын дугаартай хово маркийн машинаар “АЭ” ХХК-ийн дотоодын тээвэрт хайрга, дайрга шороо зөөх ажлыг 1 явалтыг нь 8.500 төгрөгөөр тооцон ажилласан.

Д.Н нь  “АЭ” ХХК-тай гэрээтэй.

Энэ хугацаанд П.С нь 5.807.350 төгрөгийн ажил хийсэн бөгөөд Д.Нгээс ажиллаж байх хугацаандаа 1.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан. Үлдэгдэл 4.807.350 төгрөгийг Д.Н өгөхгүй өдий хүрлээ.

Тухайн үед Д.Нгээс ажлын хөлсөө авья гэхээр “АЭ” ХХК-иас мөнгө орж ирээгүй байна гэж хэлдэг байснаа сүүлдээ өөрийн 99106093 дугаарын утсаа авахаа больсон. Мөн эхнэр нь болох Б.Энхсайханы 99065628 дугаарын утсаар залгаж Д.Нг асуухад одоогоор алга байна гэж байгаад сүүлдээ тийм хүн байхгүй гэж хэлдэг болсон.

2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 100 айл, Биеийн тамирын сургуулийн байранд байрлах Д.Нгийн ажлын байранд удаа дараа очоод уулзаж чадаагүй.

Д.Нтэй гэрээ байгуулан ажиллаж байсан “АЭ” ХХК дээр очиж уулзахад гэрээний дагуу ажлын хөлсийг Д.Нгийн  данс руу шилжүүлсэн, та Д.Нгээс ажлын хөлсөө аваарай гэсэн.

Д.Нд холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж буцаасан тул түүнийг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг, ажлын газар, утасны дугаарыг олж тогтоосон.

Шүүхээр эрэн сурвалжлуулж хаяг, утасны дугаар олдсоны дараа холбогдоход мөнгийг чинь өгөхгүй, шүүхэд ханд гэсэн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Д.Нгээс ажлын хөлсөө одоо болтол авч чадаагүй тул түүнээс П.Сгийн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан ажлын хөлсний үлдэгдэл 4.807.350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Н нь тухайн үед буюу 2015 оны 5-7 дугаар сарын хооронд “АЭ” ХХК-тай гэрээ байгуулан хайрга, дайрга зөөж байсан. Тухайн үед бүх үйл явдал болоод өнгөрсөн учраас сайн мэдэхгүй байна гэсэн.

Шүүхэд гэрчээр асуугдсан Х.Э нь “АЭ” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. 5495471914 тоот данс нь Д.Нгийн данс мөн.

Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй ба П.С ажиллаж байсан нь тодорхойгүй учраас түний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч П.С нь хариуцагч Д.Нд холбогдуулан ажлын хөлс 4.807.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2015.05.01-2015.07.31-ний өдөр хүртэл ажилласан хөлс 5.807.350 төгрөг-1.000.000 төгрөг=4.807.350 төгрөг/

 

Нэхэмжлэгч П.С “Д.Нтэй тохиролцон 2015 оны 5 сараас 7 сарыг дуустал хайрга, дайрга шороо зөөх ажил 1 рейсийг 8.500 төгрөгөөр тооцон 5.807.350 төгрөгийн хөлстэй ажил хийсэн. 1.000.000 төгрөгийн хөлс авсан. Үлдэх 4.807.350 төгрөгөө авна”,

хариуцагч Д.Н “П.Стэй гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна.

 

Хариуцагч Д.Н нь “АЭ” ХХК-тай гэрээ байгуулан 2015 оны 5 сараас 7 сарыг дуустал хугацаанд тус компанийн дотоодын тээврийн буюу хайрга, дайрга шороо зөөх ажлыг гүйцэтгэсэн нь хариуцагч Д.Нгийн тайлбар болон “АЭ” ХХК-иас “Д.Нд дотоодын тээврийн төлбөр” гүйлгээний утгатай шилжүүлсэн “АЭ” ХХК-ийн Хас банк дахь дансны хуулга болон тус компанийн нягтлан бодогч Х.Эын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

/ХХ-ийн 83-86, 87, 91-94 дүгээр тал/

 

91-20 УНЕ, 52-16 ЗАН улсын дугаартай машинууд 2015 оны 5 сараас 7 сарын хооронд “АЭ” ХХК-ийн дотоодын тээвэрт явж байсан нь тус компанийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон ба хариуцагч тал 91-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч П.С мөн эсэх талаар маргаагүй, гагцхүү түүнтэй бичгээр гэрээ байгуулаагүй гэж маргасан болно.

/ХХ-ийн 6 дугаар тал/

 

91-20 УНЕ улсын дугаартай авто машин 5 сард 67 рейс, 1 рейс 8.500 төгрөг, нийт үнэ 569.500 төгрөг,

6 сард 466 рейс, 1 рейс 8.500 төгрөг, нийт үнэ 3.961.000 төгрөг,

7 сард 172 рейс, 1 рейс 8.500 төгрөг, нийт үнэ 1.462.000 төгрөг байсан бөгөөд үүнээс тухайн авто машины зарцуулсан түлш, үлдэгдэл түлш, олгосон урьдчилгаа, татвар ногдох дүн зэргийг тооцоод уг авто машинд дээрх хугацаанд ажилласан хөлсөнд 4.807.350 төгрөг олгох үлдэгдэлтэй байсан нь нягтлан бодогч Х.Эын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотоодын тээврийн тооцоо, түүний мэдүүлэг болон 91-20 УНЕ дугаартай авто машины ажил гүйцэтгэсэн бүртгэл зэргээр тогтоогдлоо.

/ХХ-ийн 7-14 дүгээр тал/

 

Нягтлан бодогч Х.Э нь дээрх 2 автомашинд урьдчилгаа төлбөрт нийт 2.000.000 төгрөг олгосон талаар тооцоондоо тусгасан ба нэхэмжлэгч П.С нь 2015 оны 5-7 сарыг дуустал ажилласан хугацаанд 5.807.350 төгрөгийн хөлс авахаас 1.000.000 төгрөгийг авсан, одоо үлдэгдэл 4.807.350 төгрөгийг гаргуулна гэж маргаж байгаа болно.

 

Х.Э 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Д.Н 2 төрлийн гэрээ байгуулсан байсан ба дотоодын буюу Хоолтын даваан дахь карьераас хайрга ачин ангилах газар руу хүргэхээр 1 гэрээ байгуулсан. Тэр ажилд 3-4 жолооч ажиллаж байсан ба Д.Н өөрөө хариуцаж байсан. Сүүлдээ намайг тооцоо нийлж өгөөч гэсний дагуу тооцоог нь нийлж өгч байсан. Би жолооч нарыг гэрээ байгуулсан болон ачаа буулгах газартай нь холбож өгөөд хийсэн ажлуудын тооцоог өгдөг байсан.

Нөгөө ажил нь Туулын карьераас Хөшигтийн хөндий рүү хайрга зөөх ажил байсан. Уг ажилд 25-30 жолооч ажиллаж байсан ба энэ ажил холын тээвэр юм.

Яригдаад байгаа энэ хүн бол дотоодын тээвэр буюу Хоолтын давааны карьерт ажиллаж байсан. Жолооч нар Д.Н олдохгүй байна, мөнгөө олж авч чадахгүй байна гэж байсан.

Би ойлгохдоо П.С /Шагдарсүрэн гэж ойлгох ёстой болов уу/ гэж энэ хүн дотоодын тээвэр буюу Хоолтын давааны тэнд карьерт ажиллаж байсан учир Д.Н өгөх ёстой. Над руу хөлс аваагүй гэж ярьж байсан. Эхнэр нь гээд хүн хүртэл зовлонгоо тоочиж ярьдаг байсан ...” гэжээ.

/ХХ-ийн 83-86 дугаар тал/

 

5495477914 тоот данс Д.Нгийн Хаан банк дахь данс болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон ба тэрээр уг данснаасаа нэхэмжлэгч П.Сгийн мөн банк дахь 5495228775 тоот данс руу ажлын хөлс илгээж байжээ.

Мөн “АЭ” ХХК-ийн нягтлан бодогч Ц.Баатарсүрэн дотоодын тээврийн төлбөр Нгийн өмнөөс” гэсэн гүйлгээний утгатай 500.000 төгрөгийг авто машинд олгох тооцоо бодсоноос хойш буюу 2015  оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн нь нэхэмжлэгч П.Сгийн Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 42, 54 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч П.С нь хариуцагч Д.Нтэй тохиролцон шороо зөөх ажил гүйцэтгэн зохих хэмжээний хөлс авсан нь, мөн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь дээр дурьдсан бүхий л баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч П.С ажлын хөлсний үлдэгдлээ Д.Нгээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд түүний төлбөрийн үлдэгдэл 4.807.350 төгрөг байсан бөгөөд үүнээс тооцоо бодсон 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш “АЭ” ХХК-ийн нягтлан бодогч Ц.Баатарсүрэн Д.Нгийн өмнөөс 500.000 төгрөгийн хөлс төлсөн тул уг мөнгийг үлдэгдэл тооцооноос хасах үндэслэлтэй. 

 

Хариуцагч Д.Нгийн гүйцэтгэх үүрэг:

5.807.350 төгрөг-1.000.000 төгрөг-500.000 төгрөг=4.307.350 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 4.307.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

П.С нь Д.Нд холбогдуулан ажлын хөлс 4.807.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад мөн шүүхийн 2019 оны 7 сарын 5-ны 7865 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 493 тоот шийдвэрээр Д.Нг эрэн сурвалжилж хаягийг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэсний дагуу мөн аймаг дахь цагдаагийн газрын 2020 оны 3 сарын 9-ний 38д/636 тоот албан бичгээр Д.Нгийн хаягийг тогтоосон талаараа шүүхэд мэдэгдсэн байна.

/ХХ-ийн 15-20 дугаар тал/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж заасан бөгөөд “АЭ” ХХК нь Д.Нгийн өмнөөс П.Сд хөлс шилжүүлсэн 2015 оны 11 сарын 18-ны өдөр болон дээрхи шийдвэрүүдээс дүгнэхэд нэхэмжлэгч П.Сгийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч П.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 4.307.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс 83.867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Сд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх  хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН