Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

          Улсын яллагч Б.Мандалмаа,

          Хохирогч Г.Т, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав,

          Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л овгийн Ггийн Цд холбогдох 2326003640269 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Ө аймгийн Х суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ...., бага боловсролтой, малчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ............ хамт Ө аймгийн А сумын 13 дугаар багийн 6 дугаар гудамжны 608 тоотод оршин суух, урьд Ө аймгийн Хархорин сум дахь сум дундын 2-р шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,

         Ө аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Л овгийн Ггийн Ц.

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Г.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ө аймгийн А сумын 9 дүгээр багийн 9 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух хохирогч Г.Тыг “танихгүй байж айлд орж ирж бага насны хүүхдээр архи аягалуулж уулаа” гэж шаардлага тавихад нь эсэргүүцэн маргалдаж улмаар түүний  баруун шанаа хэсэгт 1 удаа, цээж хэсэгт 1 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь “дээд эрүүнд 1:4 дүгээр шүдний бүрэн булгарал, баруун хацрын дотор салстын няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн хэргийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал (хх-ийн 19 хуудас),

           Хохирогч Г.Тын зөрчил шалгах ажиллагаанд өгсөн “...Би өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 цаг өнгөрч байхад гэртээ орсон. Гэртээ орсон чинь нэг танихгүй залуу манай бага хүүгээр архи аягалуулаад сууж байсан. Би тэр хүнийг огт танихгүй юм байна лээ. Би уур хүрээд чи танихгүй байж нялх нойтон хүүхдээр яагаад архи аягалуулаад байж байгаа юм бэ гээд хэлтэл “чи муу янхан гичий минь битгий хуц, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд гэрийн зүүн талын орон дээр хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би түүнийг “чи яагаад миний орон дээр хэвтээд байгаа юм бэ?” гэж хэлээд зүүн талын гараас нь татаад босгох гэсэн чинь тэр залуу “ална шүү, гичий минь” гээд намайг цохих гээд далайгаад байхаар нь “чи цохь чи, цагдаа дуудлаа” гэсэн чинь “чаддаг юм бол дууд, пизда минь” гээд буцаад хойшоо хэвтэхээр нь дахиад татсан чинь зүүн гараараа миний баруун талын эрүү, шанаа хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь тухайн үед миний аманд дүүрэн цус болоод баруун талын дээд хэсгийн араа хөдөлчихсөн. Би ч орилоод байж байтал цагдаа хүрч ирээд бид нар цуг цагдаагийн газар руу явсан. Цагдаагийн газар очоод байж байтал миний энгэрээр дүүрэн цус урсаж байгаад, яг гадаа нь ирээд цусаа нулимтал нэг араа нь өнхрөөд ойчсон. Толгой өвдөж байгаа. Мөн миний баруун талын дээд хэсгийн 1 араа шүд унасан. Би шүдний төлбөрөө нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-7 хуудас),

           Хохирогч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ орсон чинь манай хүү, охин хоёртой хамт нэг танихгүй согтуу хүн хүү Даар архи аягалуулаад сууж байсан. Тэгэхээр нь  би таньж мэдэхгүй хүн манай гэрт хүүхдээр архи аягалуулаад ууж байгаа талаар хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ гичий минь” гэж хэлээд зүүн шанаа хэсэг рүү  гараа зангидаад 1 удаа цохиод, мөн гэрээс гаргах гэж байх үед цээж рүү 1 удаа гар шүд унасан. Би тухайн хүнийг танихгүй. Гэрт манай хүү Д, охин Б, намайг зодсон хүн байсан. Би эмнэлэгт хэвтээгүй. 2023 оны 10 дугаар сарн 23-ны орой яаралтай тусламж дээр очиж  шингэн өвчин намдаах тариа хийлгэсэн. Шүдний төлбөрөө нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 хуудас),

            Насанд хүрээгүй гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би дүү Дгийн хамт гэртээ байж байхад согтуу танихгүй ах архи барьчихсан манай гэрт орж ирсэн. Тэгээд барьж орж ирсэн архиа манай дүү Дгаар 2 удаа аягалуулж уугаад орон дээр хэвтээд байсан. Тэгээд манай ээж Т 20 цаг гээд ажлаа тараад гэртээ ирээд “чи хэн бэ, юу гэж хүүхдээр архи аягалуулаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд ээжийг баруун хацар луу нь гараа зангидаад 1 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 хуудас),

            Насанд хүрээгүй гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эгч Бын хамт гэртээ байж байхад 19 цагийн үед гаднаас согтуу танихгүй ах архи барьчихсан манай гэрт орж ирсэн. Намайг “архи аягал, ална шүү” гэхээр нь би 2 удаа архийг нь аягалж өгсөн. Тэгээд манай ээж Т 20 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд нөгөө гэрт орж ирсэн танихгүй ахыг “чи хэн бэ, юу гэж хүүхдээр архи аягалуулаад байгаа юм бэ” гэж хэлээд тухайн хүнийг орноос нь босгоод гэрээс гаргах гэтэл ээжийн баруун хацар луу нь гараа зангидаад 1 удаа цохисон. Түүнээс болоод ээжийн шүд нь унасан. Мөн дийлдэхгүй байхаар нь дахиад гаргах гээд ээж ноцолдсон чинь цээж рүү нь гараа зангидаад 1 удаа цохиж байхыг нь харсан. Ээж Т цагдаад дуудлага өгөөд цагдаагийн газарт ирсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 хуудас),

           Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр томилгоот зөрчлийн хэрэг бүртгэгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн хаягт очиход Т гэх эмэгтэй намайг Ц гэх энэ хүн миний шүд рүү цохичихлоо гэж байсан. Тухайн хүмүүсийг цагдаагийн газар дээр авч ирж Таас гомдол мэдээллийг хүлээн авч, нэгдсэн бүртгэлд бүртгэж ажилласан. Холбогдогч Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул ар гэрээс нь хүн дуудаад маргааш ирж мэдүүлэг өгөх талаар хэлээд явуулсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 хуудас),

          Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №581 дугаартай “1.Үзүүлэгч Г.Тын биед дээд эрүүнд 1:4 дүгээр шүдний бүрэн булгарал, баруун хацрын дотор салстын няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 12-13 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

          Хохирогч Г.Т зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “миний баруун шанаа хэсэгт 1 удаа цохисон” гэж, мөрдөн шалгах ажиллагаанд “миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон” гэж зөрүүтэй мэдүүлдэг.

          Шүүгдэгч Г.Ц нь хохирогчийн баруун шанаа хэсэгт цохисон болох нь  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Тын өгсөн “миний баруун шанаанд цохисон” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Б, Г.Д нарын мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №581 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

           Шүүгдэгч Г.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Г.Тт хохиролд 800000 төгрөгийг төлсөн, хохирогч Г.Т нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Г.Тын шүүхэд ирүүлсэн “...Би Г.Цас 800000 төгрөг авч шүдээ эмчлүүлсэн. Одоо гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн хүсэлтээр,

         Эрүүл мэндийн даатгалын санд 168000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь  Төрийн банкны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           3. Эрүүгийн хариуцлагын талаар:

           Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай  санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч Л овгийн Ггийн Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

                        1. Шүүгдэгч Л овгийн Ггийн Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Тт хохиролд 800000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 168000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8  дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ