Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох 2330003160244 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....” ХХК-нд туслах ажилтан, ам бүл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг ... тоотод түр оршин суух, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг ... дугаар гудамжны ... тоотод оршин суух үндсэн хаягтай, Ч овогт Б-ын Э 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Далан”-гийн ... тоотод хашааны гадна “Toyota Prius 20” маркийн ... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1 дэх заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бага насны хүүхэд болох Д.Л-ыг мөргөж эрүүл мэндэд нь “тархины эдийн няцралын хүнд хэлбэр, духанд эдийн дутагдал бүхий шарх, баруун хөмсгөнд шарх, хамарт зулгаралт, цус алдалтын дараах цус хуралт багадалт, өвдөлтийн шок” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гадуур явж байгаад гэрийнхээ гадаа юм авах гээд очсон. Тэгээд хашааны хаалганы гадаа очоод эхнэрийг гэр лүү оруулсан. Би машинаас бууж хаалга нээж өгөөд өөрөө машиндаа буцаад суусан. Эхнэр удалгүй гэрээс авах ёстой байсан юмаа аваад машинд суухад би машинаа асаагаад хөдөлсөн. Эхнэрийг гэр лүү орохоор явж байхад хүүхэд ээжийн гэрийн гадаа тоглож байсан гэсэн. Тэгээд намайг машин хөдөлгөх хооронд машины ард ирээд зогсож байсан юм шиг байсан. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.  

Эрүүгийн 2330003020205 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Тухайн үед хажуу хашааны охин А орилохоор нь машинаа зогсоогоод харахад манай хашаанд байдаг өвөөгийнд ирсэн 1 нас гаруйтай хүүхэд миний машинд мөргүүлсэн, газар хэвтэж байсан. Тэр хүүхэд уйлаад, духнаас цус гараад доошоо хараад хэвтэж байсан. Тухайн үед би тэр хүүхдийг аваад шууд эмнэлэгт очоод үзүүлсэн” гэх /хх 70-72 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед нөхөр, 2 хүүхдийн хамт хадам аавындаа “Далан”-гийн ... тоотод ирсэн. Тухайн өдөр 16 цагийн үед би хүү Лыг хашаан дотроо тоглуулж байсан. Тэр үед хүү минь хашаандаа тоглоод байхаар нь би гялс гэр лүү ороод хоолоо бэлдээд гараад ирье гэж бодоод орсон. Удалгүй хажуу айлын залуу Э над руу залгаад “би хүүхдийг чинь дайрчихлаа, эмнэлэг дээр хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ хашаан дотор харахад харагдахгүй байсан. Эмнэлэг рүү очоод харахад манай хүү Л мөн байсан. Намайг гэр лүүгээ хоолоо бэлдэхээр ороход хашааны гадна Э машинтайгаа ирээгүй байсан. Намайг орсны дараагаар хашааны гадна ирээд зогссон юм шиг байна лээ. Намайг эмнэлэг рүү очиход Э-ийн эхнэр надад “бид хоёр машинтайгаа хөдлөхдөө танай хүүхдийг машиныхаа ард байсныг мэдээгүй мөргөчихлөө” гэж хэлж байсан.” гэх /хх 21-22 дугаар хуудас/,

  • Гэрч Э.А-ийн “Би тухайн өдөр Баруун-Урт сумын 6 дугаар баг “Далан”-гийн 10-25 тоотод хашааныхаа гадаа дүүгээ салхилуулаад зогсож байсан. Тэр үед манай зүүн талын айлын Э ах хашааныхаа гадна өөрийнхөө “Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл дотроо жолооныхоо ард сууж байсан. Харин эхнэр Эрдэнэбилэг нь хашаанаасаа гарч ирээд машиндаа сууж байсан. Тэр хоёрыг машиндаа сууж байхад Э ахын хашаанаас 1 нас гаруйтай жаахан хүүхэд гарч ирээд тухайн машины арын буфер лүү хараад машиныг налаад зогссон. Тэр үед Э ах машинтайгаа хөдөлсөн. Хөдлөхдөө хашааныхаа үүдэнд байдаг борооны ус урсдаг ховилыг тойрох гээд жолоогоо эргүүлж байсан. Тэр үед нөгөө машин налаад зогсож байсан жаахан хүүхэд арын буферт нүүр хэсгээрээ шүргүүлээд газар унасан. Би "хүүхэд" гээд чанга орилоход Э ах машинтайгаа зогссон. Тэгээд машинаасаа гарч ирээд хүүхдийг аваад эмнэлэг явсан.Тухайн үед хашааныхаа үүднээс дөнгөж хөдөлж байсан болохоор хурдтай байгаагүй. Аажуухан хөдөлж байсан. Намайг очиж харахад хүүхдийн 2 хөмсөгний голоос эхлээд баруун хөмсөгний дээгүүр үргэлжилсэн зүссэн мэт зураас гарсан байсан.” гэх /хх 29-30 дугаар хуудас/,
  • Гэрч Б.М-ын “Тухайн үед хүүхэд их цус алдсан болохоор яаралтай хагалгаанд орсон. Яагаад гэвэл духны яс цөмөрсөн байж болзошгүй, мөн хүнд байсан болохоор яаралтай хагалгаанд оруулж, шархыг нь цэгцэлж оёдол тавьсан.” гэх /33-34 дүгээр хуудас/,
  • Зам тээврийн ослын газарт 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн эрхий бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 10-13 дугаар хуудас/,
  • Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-17 дугаар хуудас/,
  • Яаралтай тусламжийн хуудас /хүүхдийн/ №7044 /хх 46-49 дүгээр хуудас*
  • Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 313 дугаартай “1. Д.Л-ын биед тархины эдийн няцралын хүнд хэлбэр, духанд эдийн дутагдал бүхий шарх, баруун хөмсгөнд шарх, хамарт зулгаралт, цус алдалтын дараах цус багадалт, өвдөлтийн шок бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1, 3.3.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 50-52 дугаар хуудас/,

  • Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх 55-57 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Э-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 73-74 дүгээр хуудас /,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 26/282 дугаартай албан тоот, хохирогч Д.Л-т эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх /хх 79-80 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Э-ийн “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, “Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа”, /хх 81-83 дугаар хуудас/,
  • ... СҮА улсын дугаартай, “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.Э-ийн жолооны үнэмлэхийн хуулбар /хх 84 дүгээр хуудас/,
  • Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх 88 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Э нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Далан”-ийн ... тоотод хашааны гадна “Toyota Prius 20” маркийн ... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1 дэх заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бага насны хүүхэд болох Д.Лыг мөргөж эрүүл мэндэд нь “тархины эдийн няцралын хүнд хэлбэр, духанд эдийн дутагдал бүхий шарх, баруун хөмсгөнд шарх, хамарт зулгаралт, цус алдалтын дараах цус хуралт багадалт, өвдөлтийн шок” бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, гэрч Э.А, Б.М нарын мэдүүлэг, Зам тээврийн ослын газарт 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн эрхий бүхий албан тушаалтны тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт, Яаралтай тусламжийн хуудас /хүүхдийн/ №7044,  Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэдэгт: Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулахыг ойлгоно.

Хүнд гэмтэл нь амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсаныг хэлнэ.

Тодруулбал, шүүгдэгч Б.Э нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөнөө эхлүүлээгүйгээс бага насны хохирогч Д.Лыг дайрч, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Прокуророос шүүгдэгч Б.Э-ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Э-г “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.1. Шүүгдэгч Б.Э-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.1. Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан мөнгөн дүнг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хохирогч Д.Л-ын биед учирсан дээрх гэмтлийг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 7,292,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тул шүүгдэгч Б.Э нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлүүлэх, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг жолооны үнэмлэхийг холбогдох газарт хүргүүлэх, битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэх дүгнэлтийг,

2.1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан: Шүүгдэгч “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 7,292,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Хохирогч Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Энэ болгонд төлбөр мөнгийг нь өгч байсан. Мөн хохирогчид сэтгэл санааны хохирол гэж мөнгө өгсөн байгаа. Хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр илэрхийлсэн. Иймд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлсөн гэх үндэслэл болно гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирол төлбөр барагдуулсан талаарх нотлох баримт бүрдүүлж авч ирээгүй байгаа нь учир дутагдалтай байгаа. Шүүгдэгч эхнэр хоёр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд гэр бүлийн хамт байнга оршин суудаг. Өөрийн тээврийн хэрэгслийг жолоодож амьдрал ахуйгаа залгуулдаг. Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нь урт байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаанд тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргав.

2.2. Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх”-ийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд бага насны хохирогч Д.Л нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмнэлгээс 7,292,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн бага насны хохирогч Д.Л-ын эмчилгээний төлбөр 7,292,000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

3.2. Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар бага насны хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “тав дугаар зэрэглэл” гэж тогтоосныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна. 

Тус аргачлалын “тавдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 25,300,000 төгрөгийг гаргуулж бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-т олгуулахаар шийдвэрлэлээ. 

Бага насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

4. Бусад асуудлаар:

4.1. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

4.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Э-ийн №... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Б-ын Э-г “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч овогт Б-ын Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгчид дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Э-д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э-д шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 7,292,000 /долоон сая хоёр зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 25,300,000 /хорин таван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ...тоотод оршин суух Х овогт Б-ийн Д-т олгосугай.

8. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Бага насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Э-ийн №... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

13. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ