| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2020/03051/И |
| Дугаар | 101/ШШ2020/03070 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2020/03070
2020 09 08 101/ШШ2020/03070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 00 тоот хаягт оршин суух, РД:, Д овогт Н Ц,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 тоот хаягт оршин суух, РД:, Д овогт Л Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 00 тоот хаягт байрлах, РД:, И ХХК-д холбогдох түрээсийн гэрээ төлбөр 13.627.818 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц, Л.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 өрөө орон сууцыг оффисын зориулалтаар И ХХК-тай ажлын байр түрээслэх гэрээг 2018-03-07-ны өдөр байгуулсан,сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөгөөр тохиролцсон, өөрсдийн хэрэглэсэн ус, цахилгаан, дулаан, хог, холбоо, СӨХ-ийн төлбөр зэрэг ашиглалтын зардлыг түрээсний зардлаас тусад нь төлөх үүргийг түрээслэгч хүлээсэн.
Түрээслэгч И ХХК-ийн захирал Б.Э нь ажлын байр түрээслэх гэрээг байгуулснаас хойш 2019 оны 05 дугаар сарыг дуустал оффисын зориулалттай 3 өрөө орон сууцны түрээсийн төлбөрийг төлсөн, 2019 оны 05 дугаар сараас хойш хугацаанд түрээсийн төлбөртөлөх үүргээ 2020 оны 02 дугаар сар хүртэл биелүүлээгүй. Иймд түрээслэгч И ХХК-иас товлооффисын зориулалттай 3 өрөө орон сууцыг 2020-02-07-ны өдөр түрээслүүлэгч буцаан авч акт үйлдсэн.
Түрээслэгч И ХХК-ийн захирал Б.Э нь 2019 оны 05 дугаар сарыг дуустал түрээсийг төлөөд түүнээс хойш түрээсийн төлбөр болон байрны ашиглалтын зардлыг одоог хүртэл төлөхгүй байгаа нь 2018-03-07-ны өдрийн 01 дүгээр ажлын байр түрээслэх гэрээний 3.5-д “Түрээсийн төлбөрийг улирал бүрийн 21-ний дотор түрээслэгчид бэлнээр буюу дансаар төлөх, төлбөрийн хугацааг хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0.5 хувиар бодож торгууль төлөх, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж тус тус заасныг зөрчиж байна.
Иймд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр “Ажлын байр түрээслэх гэрээ"-ний 2.1-т “Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчих учирсан хохирлыг Түрээслэгчээс нэхэмжлэх эрхтэй” гэж, мөн гэрээний 3.5-түрээсийн төлбөрийг тохиролцсон хэмжээг улирал бүрийн 21-ний дотор түрээслэгчид бэлнээр буюу дансаар төлөх бөгөөд төлбөрийн хугацааг хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0.5% хувиар бодож торгууль төлнө гэж тохиролцсоныг үндэслэн Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж тус тус заасны дагуу түрээсийн гэрээнээс учирсан хохирол 13.627.818 төгрөгийг хариуцагч “И ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 14 дүгээр байрны 10-тоот 3 өрөө орон сууцыг оффисын зориулалтаар И ХХК-тай ажлын байр түрээслэх гэрээг 2018-03-07-ны өдөр байгуулсан, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж байсан. 2020-03-31-ний түрээсийн үлдэгдэл төлбөрийн тооцоог хийж гурван сая гаран төгрөг байсныг тэгшлээд 4.000.000 төгрөгийг төлөх хугацаа дээр тохиролцсон боловч хугацаанаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Л.Бтай тооцоо нийлсэн баримтыг хэн аль шүүхэд гаргаж өгсөн байгаа. 13.627.818 төгрөгнөөс 4.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц, Л.Б нар нь хариуцагч И ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 8.000.000 төгрөг, байрны ашиглалтын зардал 1.627.818 төгрөг, торгууль 4.000.000 төгрөг, нийт 13.627.818 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч И ХХК нь 2020-03-31-ний өдрийн тооцоо нийлсэн баримтын дагуу 4.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчийн хооронд 2018-03-07-ны өдөр 01 тоот ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдсан, түрээсийн зүйлийг хариуцагч хүлээн авч ашигласан талаар хэргийн оролцогч маргахгүй байна. Талууд түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр түрээсийн гэрээний төлбөрт 8.000.000 төгрөг, байрны ашиглалтын зардалд 1.627.818 төгрөг, торгууль 4.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч түрээсийн зүйлийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч түрээсийн зүйлийг тодорхой хугацаанд ашигласан талаар маргаагүй.
Түрээслүүлэгч Л.Б, түрээслэгч И ХХК-ийн захирал Б.Э нар нь 2020-03-31-ний өдөр түрээсийн гэрээний дагуу түрээслэсэн Хан-Уул дүүргийн 00 тоот 3 өрөө орон сууцыг хүлээлцэж түрээсийн төлбөрийн тооцоог нийлж, 4.000.000 төгрөгний төлбөрийг төлөх хугацааг тохиролцсон байна. /хх-ийн 38, 48 тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн дагуу хариуцагч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 4.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна, хариуцагч И ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц, Л.Б нарт олгож, нэхэмжлэлээс 9.627.818 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 25.2.3, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, гаргаж өгөх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 226.089 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 4.000.000 төгрөгт ногдох 78950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И ХХК-иас 4.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц, Л.Б нарт олгож, нэхэмжлэлээс 9.627.818 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.089,09 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч И ХХК-иас 78.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц, Л.Б нарт олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА