| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0178/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/248 |
| Огноо | 2023-12-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, Б.Батцэнгэл,
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Э-т холбогдох эрүүгийн 2330000120017 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Т-ын Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Э нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүй атлаа зөвшөөрөлтэй мэтээр бусдад ойлгуулж гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүмүүсийг ашиглан эрэл хайгуул явуулах, олборлох зорилгоор, урьдаас төлөвлөж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Төмстэйн сэрвэн” гэх газарт машин механизм ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль экологид нийт 2,294,837 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн газрыг нэг хэсэг манаж байсан. Тэр үед бид дэлгүүрт өр тавьсан. Тэгээд харуул манаа буугаад түүнээс хойш гадныхан дандаа ирдэг байсан. Тэр болгонд би ирдэг байсан. Тэгээд өрөө төлж чадахгүй байсан учир алт байдаг бол манаж байгаа юм чинь нэг ухаад үзье гэж бодсон” гэв.
Эрүүгийн 2330000120017 дугаартай хэргээс:
... Тэгэхэд Х.Т ах, Н.Г гэх хүмүүс нь бараг л ар араасаа ирсэн. Тухайн хүмүүсийг тосож аваад Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг “Төмстэйн сэрвэн" гэх газарт байх найз М-ийн гэрт Х.Т ахыг үлдээгээд үлдсэн хүмүүсийг нь "Төмстэйн сэрвэн" гэх газрын ертөнцийн зүгээр зүүн талд байх Эын гэрийн гадаа авч очсон. Хотоос ирсэн хүмүүсийг нь хэсэг хугацаанд айлд амрааж байгаад Х.Э-ын гэрийн гадаа байсан экскэ машиныг нь алт ухах гэж байсан газар дээр авч очиж буулгуулсан. Тэгээд Н.Г гэх хүнтэй уулзаад хийх ажлыг нь зааж өгөх гэхэд тухайн хүн “танд хүнд үзүүлэх бичиг баримт байгаа юу” гэхээр нь “надад байгаа, чи бодоод үз дээ өдрийн гэгээн цагаанаар газар ухуулна гэж юу байх вэ, мөн энэ газрын ойролцоо малчин айл өрх олон байгаа биз дээ чи өөрийн нүдээр харалдаа” гэхэд “за за” гэж хэлээд хуучин ухсан байсан газарт экскэгээр газар ухаж хэлсэн. Би экскэ машинаар газар ухаж байсан хүнийг нь бол танихгүй, Н.Г гэх хүнтэй хамт ирсэн хүн гэдгийг нь бол мэднэ. Дахин хэлэхэд тухайн үедээ Н.Г-ыг таньдаггүй байсан. Би Х.Т ахтай ойрд уулзаагүй байсан, намайг зориод агаар салхинд гарахаар ирсэн байсан учраас би хэсэг хугацаанд тухайн алт ухаж байсан хүмүүсийг үлдээгээд ганцаараа Х.Т ах руу очиж уулзаад байж байхад гадаа харанхуй болсон. Хэсэг хугацааны дараа миний даралт ихсээд Эрдэнэцагаан сум руу явсан. Намайг явсан хойгуур тус аймгийн цагдаа нар ирээд тухайн хүмүүсийг хууль усаар алт ухаж байна гээд үйлдлийг нь таслан зогсоосон талаар Н.Г тус аймгийн төвд ирэхэд хэлсэн. Би уг хэрэгт 100 хувь буруутай тул учир шалтгааных нь талаар хэлье. Би Х.Т ахтай их ойр дотно байдаг учраас тухайн хүнээс “ажил хийх хүний дугаар байна уу” гээд Н.Г-ын дугаарыг аваад тухайн хүнтэй утсаар холбогдож Г болон тухайн хүнтэй хамт ирсэн хүмүүсийг нь ажил хийлгэхээр хотоос дуудаж авч ирсэн. Тэр хүмүүст би хэлэхдээ “надад тусгай зөвшөөрөл байгаа, сум орон нутаг болон цагдаа сэргийлэх болохын бол би өөрөө хариуцлага хүлээнэ. Тэгэхдээ огт тийм зүйл болохгүй, би зөвшөөрөлтэй учраас хэн ч намайг яаж ч чадахгүй” гээд тухайн хүмүүст худал хэлээд газар ухуулсан. Н.Г болон тухайн хүнтэй ирсэн хүмүүс надаас одоо ажлынхаа цалин хөлсийг нэхээд байгаа учраас удахгүй тухайн хүмүүсийн цалин хөлсийг өгнө.” гэх /2-р хх 220-224 дүгээр хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Р.Б-ын “Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлөх юм бол надад болон манай сум орон нутгаас өөр гаргах гомдол санал байхгүй.” гэх /1-р хх 202-203 дугаар хуудас/,
- Гэрч Н.Г-ын “...Цагдаа нар ирээд “бид нарыг хууль бусаар ашигт малтмал олборлож байна” гээд үйл ажиллагааг таслан зогсоосон. Би тухайн үед нь маш их гайхаж байсан. Учир нь Ноён хочит Т нь анх уулзахдаа “тусгай зөвшөөрөлтэй газар ухахад болно, бүх тусгай зөвшөөрлүүд надад байгаа” гээд гэгээн цагаан өдрийн цагаар газар ухуулахаар нь тухайн хүнд итгээд тус газарт алт ухаж байгаад баригдсан. Мөн бид нарын ухаж байсан газар нь хуучин ухаад буцаад булсан газар байсан. Би болон надтай хамт явж байсан хүмүүс зүгээр хөлсөөр ажиллаж байсан хүмүүс. Уг хэрэгт хамаарал байхгүй.” гэх /1-р хх 227-229 дүгээр хуудас/,
- Гэрч Ц.Ц-ийн “...Миний ухсан газар нь хуучин хүмүүс ухсан байсан. Ноён хочит Т гэх хүн тухайн ухсан газрыг Д бид хоёрт зааж өгч газар ухуулсан. Эхлээд Д тухайн хүнээс “алт ухах зөвшөөрөл байгаа юм уу, цагдаа ирээд баривал яах юм” гэхэд “би бүх арыг чинь даана, чи боддоо тусгай зөвшөөрөлгүй хүн өдрийн гэгээн цагаан өдрөөр газар ухуулах уу, хууль усаар алт ухаж байсан бол малчид адаглаад ирнэ биз дээ” гэхээр нь бид хоёр газар ухсан. Н.Г, Ю.М, Д.А, Ч.С нарын хүмүүс нь ажилд туслах хүмүүс юм.” гэх /1-р хх 238-240 дугаар хуудас/,
- Гэрч Д.Б-ын “... Т гэх хүн Т гэсэн байхаа тухайн хүнтэй яриад “хэдэн хүн олоод өгөөч, манай аймгийнхан алт гэдэг зүйлийг мэдэхгүй учраас танаас тусламж гуйж байна” гэсний дагуу Т Г руу утсаар яриад Г нь өөртэйгөө явж байсан хүмүүсийг цуглуулж надаар тухайн хүмүүс нь хүргүүлсэн. Дахин хэлэхэд би уг хэрэгт ямар ч оролцоо байхгүй. Мөн алт гэх зүйлийг мэддэг боловч бид нарын баригдсан газарт очиж алт ухсан зүйл байхгүй.
... Хамт байсан хүмүүсийн 2-3 хүн нь “Г гэх хүн нь бид нарыг цуглуулж газар шорооны ажил хийлгэнэ” гээд авч ирсэн. Ирэхэд алт ухах гэж байсныг нь мэдсэн боловч зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байсан учраас тухайн хүмүүс нь газар ухаагүй талаар хэлсэн. Тэр газар ухаагүй гээд байгаа хүмүүс нь миний машинд надтай хамт ирсэн хүмүүс. Мөн би хэд хэдэн асуудалд их гайхаж байна яагаад гэвэл алт ухахаар ирсэн хүн гээд байгаа хүмүүсийн зарим нэг нь их ганган хувцастай байсан, /М.Г-ийг хэлж байна/ ганган хувцастай байсан хүнтэй хамт нэг хөл нь доголсон хүн дагаад яваад байсан. Тухайн хүмүүс нь хэзээ ч газар шорооны ажил хийж чадахааргүй хүмүүс байна лээ. Үүнээс гадна дөнгөж танихгүй айлын гадаа очоод экскэ байхаар нь өвөл байшин барьдаг хүмүүс бол мөнгөтэй хүмүүс байгаа гэж дотроо хүртэл бодож байсан.” гэх /1-р хавтаст хэргийн 248-249-р хуудас/,
- Гэрч Ч.С-ын “Би М, Д хоёрыг “хөдөө хийх ажил байна” гэхээр нь ирсэн. Ирсэн хойноо экскэ, трайллер хараад шороо ухах ажил юм байна гэдгийг мэдсэн.” гэх /2-р хх 1 дүгээр хуудас/,
- Гэрч Ю.М-ын “...Г утсаар 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн үед надтай холбогдоод “Д, С та гурав өдрөөр цалинжаад ажилд явах уу, цалин хөлс бол бага биш” гэж хэлэхээр нь “хаашаа явах юм” гэж асуухад Г “би өөрөө ч мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь Д, С бид 3 ярилцаж байгаад зөвшөөрсөн.” гэх /2-р хх 5-7 дугаар хуудас/,
- Гэрч Д.А-ийн “2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Н.Г найз над руу залгаад хаана байгаа талаар асуугаад намайг “хөдөө очиж ажил хийх үү” гэхээр нь “үнэ хөлс хэр зэрэг юм” гэхэд “хийсэн ажлаараа учраас гайгүй” гэхээр нь тухайн хүнтэй хамтарч хөдөө хээр очиж ажил хийхээр тохиролцсон. Тухайн өдрийн маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Н.Г нь над руу залгаад ““Цайз зах” дээр хүрээд ир” гэхээр нь дүү Ц.Ц бид хоёр манай эхнэрээр хүргүүлсэн. “Цайз 16”-д очиход Н.Г, Ч.Д, М, Ч.С нарын хүмүүс “Land 80” маркийн машинд байж байсан. Тэгээд бид нар Сүхбаатар аймаг руу явсан.
...Н.Г бид нарыг “хөдөө очиж ажил хийлгэнэ” гээд Улаанбаатар хотоос тухайн газарт ав очсон бөгөөд нарийн учрыг нь Н.Г мэдэж байгаа. Тиймээс түүнээс уг асуудлын талаар асуухад мэдэх байх. Мөн Э гэх айлд байсан хүмүүс алт ухсан зүйл огт байхгүй. Би хамт ирсэн хүмүүсээ л танина. Үлдсэн хүмүүсийг танихгүй” гэх /2-р хх 10-11 дүгээр хуудас/,
- Гэрч М.Г-ийн “...Уг хэргийг Эрдэнэцагаан сумын иргэн Та /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх хүн анх зохион байгуулсан юм байна лээ. Мөн тухайн хүн Т ахад хэлэхдээ “тусгай зөвшөөрөлтэй газарт алт ухуулна” гэж дуудсан юм билээ. Би үүнийг тус аймгийн төвд ирээд тухайн хүмүүстэй уулзаад мэдсэн. Намайг худлаа ярьж байна гэж үзэж байгаа бол тухайн хүмүүсээс уг асуудлын талаар тодруулахад мэднэ.
...Та боддоо би алт ухах гэж ирсэн бол хөлөө гэмтээсэн Д.Б-г авч ирэх үү, энэ бол хамгийн наад захын жишээ. Т гэх хүн л уг хэрэгт буруутай. Миний ойлгосноор бусад хүмүүс нь зүгээр хөлсний ажилчид юм байна лээ.” гэх /2-р хх 18-19 дүгээр хуудас/,
- Гэрч С.А-ийн “...Ноён хочит Т гэх хүн нь хамгийн анх бид нарын баригддаг газрыг “зөвшөөрөлтэй газар” гээд Тод хэлээд Т нь цааш нь олон хүнд хэлээд хүмүүс олноор нь цуглуулсан юм байна лээ. Т гэх хүн энэ хэргийн бүх учрыг гаргах юм байна гэж бодсон. Хамгийн сүүлд хэлэхэд М.М нь намайг хөдөө хээр очоод “энэ газарт экскэгээ буулга” гэхээр нь би буулгаад буцаад анх баригддаг газарт очоод өөр тийшээ яваагүй байж байгаад цагдаа нарт баригдсан. Ер нь бол “тусгай зөвшөөрөлтэй” гээд хүн ажиллуулахдаа өндөр хөлс амлаад ажиллуулахын бол би ч гэсэн экскэ бариад газар ухна. Би тухайн үед даанч “Howo” машинаас өөр ямар ч машин бариагүй.” гэх мэдүүлэг /2-р хх 32-33 дугаар хуудас/,
- Гэрч М.М-ийн “...миний мэдэх зүйл бол одоо хамт баригдсан хүмүүсийн яриаг сонсоод байхад Т гэх хүн уг хэргийг зохион байгуулсан гээд л байна лээ. Надад энд ирэх болсон шалтгаан нөхцөл нь “4-5 хоногийн хугацаанд 3 сая төгрөгийн цалинтай” гэсэн учраас би ирсэн. Монгол улсад ийм цөөхөн хоногт ийм өндөр цалин хөлс огт байхгүй учраас л ирсэн. Мөн намайг уг хэрэгт ямар оролцоотой байсныг экскэ барьж байсан 2 хүн, миний хажууд сууж байсан хөл муутай Баа гэх хүмүүс намайг гэрчилж өгнө.” гэх мэдүүлэг /2-р хх 39-41 дүгээр хуудас/,
- Гэрч О.Э-ын “... Би ашигт малтмалыг хууль бусаар олборлох нь гэмт хэрэг гэдгийг мэднэ. Н ах надад хэлэхдээ “зөвшөөрөлтэй газар ухах юм” гэж хэлж байсан болохоор би зөвшөөрөлтэй болоод ухаж байгаа юм байна гэж бодсон. Тухайн хүмүүс дотор таньдаг хүн байгаагүй. Экскаватор Н гэх хүний эзэмшлийн 19-99 УР улсын дугаартай экскаватор юм.” гэх /2-р хх 44-45 дугаар хуудас/,
- Гэрч Ч.Б-ийн “2020 оны 03 сард тус сумын 6 дугаар багийн нутаг “Төмстэйн сэрвэн” гэх газар алт гарсан гээд сумын Засаг даргын тамгын газраас төрийн алба хаагчид, цагдаагийн тасгаас алба хаагч гэх мэт хүмүүс томилж харуул хамгаалалтад гаргаж байсан. Сүүлдээ төрийн алба хаагчдын ажил цалгардаад байхаар нь би тухайн үеийн хурлын дарга Г.Э-тай ярилцаж тохиролцоод сумын иргэдийг Хурлын даргын захирамж гарган харуул хамгаалалтад ажиллуулахаар болж Т.Э-ыг томилж байсан. Үүний дагуу Э нь найз нөхдийн хамт 5-6 хүний бүрэлдэхүүнтэй алт манаж байсан. Төрийн алба хаагч нартай хамтран хажуу талд нь өөрсдөө гэр барьж эргүүл, шалгалтад гарч байсан. Дээрх хүмүүс нь эргүүл шалгалтад гарах зардлаа өөрсдөө хариуцан гарч байсан. Харин оронд нь “бид нар бичил бизнес эрхлэх гэж байгаа, уг газрыг бид нарт олгож өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Уг хүсэлтийг сум орон нутгийн зүгээс дэмжсэн. Би сумын Засаг даргын байр сууринаас тухайн үеийн аймгийн засаг дарга Ж.Э, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт тус тус албан бичиг явуулж байсан боловч ганц ч газраас нь надад хариу ирүүлээгүй. Тэгээд би яагаад хариу ирүүлээгүй талаар судалж үзэхэд тэр үед Бичил уурхайн хуулийг түр зуур түдгэлзүүлсэн байсан.” гэх /2-р хх 78-79 дүгээр хуудас/,
- Шинжээч Ш.Н-ийн “Тус цагдаагийн газраас ирсэн албан бичиг буюу шинжээч томилсон тогтоолыг хүлээн авч тус дүгнэлтийг гаргасан. Тогтоолын дагуу тухайн газрын солбилцолыг үзэж шалгахад тухайн газар нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй байсан. Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг "Төмстэйн сэрвэн" гэх газарт байгаль орчинд учруулсан хохирол нь нийт 2,294,837 төгрөг байсан. Байгаль орчны хохирол нь 195,037 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирол буюу нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардал нь 2,099,800 төгрөг байсан. Тус иргэд ухсан байсан газраа буцааж булсан талаар мэдүүлсэн байсан. Тиймээс тус дүгнэлтийг гаргахдаа ухсан суваг, даланг булж тэгшлэх ажлын зардлыг хасаж буюу тухай нөлөөлөлд орсон 368,462 м³ талбайн хэмжээнд тэгшилсэн талбайг дэвсэгжүүлэх, нягтруулах болон биологийн нөхөн сэргээлт хийх 368,462 м² талбайд 73,69 М³ талбайг шимт хөрсөөр хучих зардлаар тооцсон.” гэх /2-р хх 162 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 17-24 дүгээр хуудас/,
- Тээврийн хэрэгсэл буюу экскаваторт үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 25-27 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2022/10 дугаартай “1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг “Төмстэй Сэрвэн” гэх газарт 460 29’ 26.4” N 1140 52’ 57” E солбилцолтой газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байна.
2. 2534 дугаартай хэргийн газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоход хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 2,294,837 /хоёр сая хоёр зуун ерэн дөрвөн мянга найман зуун гучин долоо/ төгрөг болж байна.” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх 130-153 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Т.Э-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх 62 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгчийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2.1. Ашигт малтмал олборлох гэдэгт: Тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.
Тодруулбал, шүүгдэгч нь хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн буй орчинд хохирол учирсан гэмт үйлдлийн болон гэм хорын шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан нь байгаль орчинд хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Т.Э-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.1 Шүүхээс шүүгдэгч Т.Э-ыг “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд байгаль экологид учирсан хохирол болох 2,294,437 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1.2. Шүүгдэгч Т.Э-ын нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд улсын яллагч болон өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:
Улсын яллагчаас “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, байгаль орчинд учирсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгч Т.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай.
Шүүгдэгч Т.Э-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Монгол орны байгаль орчинд учирсан 2,294,837 төгрөг нөхөн төлөгдсөн. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй.
Шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл буюу хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдлээ гүйцэтгэхэд ашигласан ... УР улсын дугаартай Хюндай экскаватор тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болох 59,000,000 төгрөгийг шүүгдэгч Т.Э-аас гаргуулж улсын орлогод оруулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал дурдагдсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг мөн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Үүнд шүүгдэгч анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох болон хорих ял оногдуулах заалттай улсын яллагчийн зүгээс хорих ялыг сонгож биечлэн эдлүүлэх шаардлагагүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялын саналыг оруулж байна. Өмгөөлөгчийн зүгээс хорихоос өөр төрлийн ял эдлүүлж ингэхдээ уг ялыг хамгийн доод ял буюу 5.400.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь гэмт хэргийн улмаас 2,294,837 төгрөгийн хохирол гарсан шүүгдэгч нөхөн төлсөн. Иймд түүнд заавал тэнсэн харгалзах ял оногдуулах шаардлагагүй торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн: “Улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар тэнцэн харгалзах ялын санал гаргаж байна. Энэ хэргийн хувьд 5.400-27.000 нэгжээр торгох заалт байдаг тул түүнд хамгийн бага буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял эдлүүлж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн болно.
2.1.3. Шүүгдэгч Т.Э нь шунахайн сэдэлтээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Т.Э-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид авсан үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэнэ.
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон”-ы улмаас байгаль орчинд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2,294,837 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн болно.
Иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тэднээс хуульд заасан хугацаанд тусгайлан санал хүсэлт, гомдол гаргаагүй нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.
4.1. Шүүгдэгч Т.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн “... УР улсын дугаартай “Hyundai Robex 3000LC-7A” маркийн экскаваторын үнэлгээ 59,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хуульд заасны дагуу улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-ын Э-ыг “Гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглан”, “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овогт Т-ын Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгчид дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.Э-т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 2,294,837 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Т.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “... УР улсын дугаартай “Hyundai Robex 3000LC-7A” маркийн экскаваторын үнэлгээ 59,000,000 /тавин есөн сая/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ