| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 110/2026/0066/з |
| Дугаар | 221/МА2026/0485 |
| Огноо | 2026-07-08 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2026/0485
“А” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч М.Цэцэгмаа
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан: гомдол гаргагчийн төлөөлөгч Т.С
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч З.Л
Гомдлын шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн үйлдсэн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаар “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0957916 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах, 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихэр гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2026/0057 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Е
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 110/2026/0066/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “А” ХХК-иас Гаалийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч З.Л-д холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн үйлдсэн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0957916 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах, 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихэр гаргуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2026/0057 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн шүүхэд гаргасан Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг хүчингүй болгох гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 4.1 дүгээр зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “А” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0957916 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасны 4 дэх хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихрийг гаргуулж, “А” ХХК-д олгож, гомдлын шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: гомдол гаргагчийн төлөөлөгч Т.С дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Уг хүнсний бүтээгдэхүүн (амтат зөөлөн чихэр) нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хадгалагдах хугацаа нь дуусах буюу нийт 12 сарын хугацаанд хадгалагдах ёстой байна.
Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэж заасан. 12 сарын гуравны хоёр нь 8 сарын хугацаа юм.
3.2. Үйлдвэрлэсэн хугацаанаас хойш 8 сард дуусах хугацаа нь 2026 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр таарч байгаа бөгөөд манай компани уг барааг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн.
Өөрөөр хэлбэл, хилээр нэвтрэх үед бүтээгдэхүүний хуулиар шаардсан хүчинтэй хугацаа дуусахад дахин 5 хоног дутуу байсан бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн хангаж байсан. “Хуульд хилээр нэвтэрснээс хойш хэрэглэгчийн гарт очих хүртэл хугацааг тооцно” гэсэн нэмэлт зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч болон анхан шатны шүүх хуулийг өөрийн үзэмжээр өргөтгөн тайлбарлаж, манай компанийг зөрчил гаргасанд тооцсон нь хууль бус юм.
3.3. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь тухайн үед хүчингүй болсон хуучин маягтыг ашиглан манай компанийн эд хөрөнгийг шууд хураан авч, эрх зүйн сөрөг үр дагавар бий болгосон. Энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны үйл ажиллагаа мөн тул шүүх үүнийг хянан шийдвэрлэх үүрэгтэй байсан. Мөн уг хуудас дээр одоо байхгүй “Захиргааны хариуцлагын тухай хууль”-ийг үндэслэн хууль зүйн алдаатай акт байхад шүүх үүнийг хэрэгсэхгүй болгосон нь буруу.
Анхан шатны шүүх манай компанийн барааг хураах албадлагын арга хэмжээ авсныг “Шударга ёсны зарчимд нийцээгүй” гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн мөртлөө, тухайн үйл баримт дээр үндэслэн оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийг хэвээр үлдээсэн нь хоорондоо зөрчилтэй дүгнэлт юм. Хэрэв бараа нь хугацааны шаардлага хангасан, хураах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй болох тул торгуулийг ч мөн адил хүчингүй болгох ёстой.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2026/0057 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, манай компанийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжсэн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг зөв үнэлж, маргааны үйл баримтад холбогдуулж Зөрчлийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. “А” ХХК-иас Гаалийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч З.Л-ид холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн үйлдсэн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0957916 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах, 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихэр гаргуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “...15 хайрцаг бүхий амтат зөөлөн чихэр нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрлэгдсэн ба 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хадгалах хугацаа нь дуусах буюу Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-д заасан импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь өнгөрөөгүй байхад гаалийн улсын байцаагч барааг хураан авч шийтгэлийн хуудас ногдуулж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ, Бараа, тээврийн хэрэгслийг хураах 0001572 дугаар хуудаст “Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4.3, 7.3, Гаалийн тухай хуулийн 290.2-д заасан үндэслэлээр барааг хураав” гэсэн бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хууль гэж байхгүй, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлд бараа бүтээгдэхүүн хураах тухай зохицуулалт байхгүй, тэгэхээр акт алдаатай хууль зүйн үндэслэлгүй, импортолсон хүнсний бүтээгдэхүүн нь холбогдох хуульд заасан бүх шаардлагыг хангасан байсан” гэх зэргээр тайлбарласан.
3.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тухайн бараа нь нийт 12 сарын хадгалах хугацаатай бөгөөд шалгалт хийх үед 8 сар нь өнгөрч, хадгалах хугацааны гуравны хоёрт хүрэхэд ердөө 4-5 хоног дутуу байсан. Иймд хадгалах хугацааны гуравны хоёр нь үндсэндээ ашиглагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд барааны эрсдэлийн үнэлгээний хувьд хилээр нэвтрүүлэх боломжит хугацаа дууссан гэж дүгнэх нөхцөл бүрдсэн гэж үзсэн, түүнчлэн үлдсэн 4 сарын хугацаанд уг бараа нь тээвэрлэлт, хадгалалт, худалдааны дамжлага дамжин хэрэглэгчийн гарт хүрэх явцад хугацаа дуусах, чанар алдагдах эрсдэл өндөртэй тул хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс эрсдэлтэй бүтээгдэхүүн гэж үнэлсэн, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 239 дүгээр тушаалаар цахим бүртгэлд шилжсэн өмнөх тушаалыг хүчингүй болгосон, бид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цахим систем дээр хураах хуудсыг үйлдсэн” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
4. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын тухайд;
4.1. Гомдол гаргагч “А” ХХК нь Узбекистан улсад үйлдвэрлэгдсэн 14.7 тонн хүнсний бүтээгдэхүүнийг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Цагааннуур хилийн боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсний дотор 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 12 сарын хадгалах хугацаатай, 472,284 төгрөгийн үнэ бүхий 540 ширхэг, 15 хайрцаг амтат зөөлөн чихэр байсан. /Хэргийн 1, 8, 15, 62 дахь талд/
4.2. Боомтоор тухайн хүнсний бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үед хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх хуулийн шаардлага хангаагүй буюу 12 сарын хадгалах хугацаанаас 7 сар 25 хоног өнгөрсөн болох нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон. /Хэргийн 23, 36, 40 дэх талд/
4.3. Гомдол гаргагчийн төлөөлөгчийн хувьд энэ үйл баримтын талаар маргаагүй бөгөөд “гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар мэдүүлэг өгснөөр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ. /Хэргийн 17-19 дэх талд/
4.4. Улмаар эрх бүхий албан тушаалтнаас хилээр нэвтрүүлснээс хойш хадгалах хугацаанд тавих шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй буюу “Е” тэмдэглэгээтэй хориглосон хүнсний нэмэлт агуулсан зэргээр Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 540 ширхэг, 15 хайрцаг амтат зөөлөн чихрийг хурааж шийдвэрлэжээ. /Хэргийн 4-5, 35, 62 дахь талд/
5. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд;
5.1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,
5.2. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 11.2.3. импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх”,
5.3. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргах” гэж тус тус заажээ.
6. Эдгээр хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал, хүнс импортлогч нь тухайн бүтээгдэхүүнд харгалзах хууль болон холбогдох стандартад заасан чанарын үзүүлэлт, хадгалалтын нөхцөл шаардлагыг хангасан байх нь хүний эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахааргүй байх зарчмын шаардлага болно.
Харин энэ шаардлагыг зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг хангасан тохиолдолд зөрчилд тооцогдох бөгөөд ийм нөхцөлд шийтгэл гарцаагүй байх нь шударга ёсны зарчимд нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.
7. Өөрөөр хэлбэл, аливаа этгээд нь Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн импортолж байгаа тохиолдолд Хүнсний тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангах учиртай; хүнсний бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирэхдээ уг шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.
8. Маргааны үйл баримтаас үзэхэд, хадгалах хугацаа нь 12 сар байх хүнсний хувьд хилээр нэвтрүүлэх үед багадаа гуравны хоёр нь буюу 8 сараас доошгүй хугацаа хүчинтэй байхыг хуулиар шаардсан нь хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт юм.
“А” ХХК-ийн хувьд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 12 сар хадгалах хугацаатай зөөлөн чихрийг 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн мэдүүлэг гаргаснаас үзэхэд, энэ үед хадгалах хугацаанаас 7 сар 25 хоног нь бодитоор өнгөрсөн бөгөөд хадгалах хугацааны 2/3 нь буюу 8 сарын хугацаа хүчинтэй байх шаардлагыг хангахгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
9. Маргаан бүхий үйл баримтаас үзэхэд, “А” ХХК-ийн гаалийн боомтоор нэвтрүүлсэн хүнсний бүтээгдэхүүн болох 540 ширхэг, 15 хайрцаг амтат зөөлөн чихэр нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Узбекистан улсад үйлдвэрлэгдсэн Цагааннуур гаалийн боомтоор нэвтрэх үед хадгалах хугацааны гуравны хоёр нь өнгөрсөн буюу үйлдвэрлэгдсэнээс хойш 7 сар 25 хоногийн хугацаа өнгөрсний зэрэгцээ гомдол гаргагчийн төлөөлөгчөөс гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байх тул “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон” гэх зөрчил үйлдсэн, энэ нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж үзнэ.
10. Ялангуяа “Е” тэмдэглэгээтэй хориглосон хүнсний нэмэлт агуулсан, хаяг шошгын зөрчилтэй зэргээр эрсдэлтэй бүтээгдэхүүний хувьд хугацаа тоолох журмын дагуу хадгалах хугацааны гуравны хоёр өнгөрөхөд 5 хоног дутуу байсан нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Энэ талаар анхан шатны шүүхээс “... импортолсон хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь өнгөрөөгүй байхыг ойлгох байтал хадгалах хугацааны гуравны нэг нь хүчинтэй үлдсэн учраас хуулийн шаардлагыг хангаагүй” гэж үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийсэн байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “... “А” ХХК нь импортолсон бусад хүнсийг хилээр нэвтрүүлэхийн тулд зөрчлөө зөвшөөрсөн” гэх тайлбар, давж заалдах гомдлыг ч хүлээн авах боломжгүй.
11. Түүнчлэн “... “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас” нь захиргааны актын шинжийг агуулаагүй тул захиргааны акт биш, харин шийтгэлийн хуудсаар зөрчилтэй гэх хүнсний бүтээгдэхүүнийг хураах албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн” гэж дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.2-т заасныг баримтлан гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг хүчингүй болгох гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
12. Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дүгээр тушаалаар батлагдсан “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас” нь Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/239 дүгээр “Цахим бүртгэлд шилжүүлэх тухай” тушаалаар хүчингүй болсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байх тул шүүхээс нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчингүй болсон хураах хуудсыг дахин хүчингүй болгох хууль зүйн боломжгүй тул “... гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
13. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зөрчилтэй хүнсний барааг хураах зэргээр зөрчлийн үр дагаврыг арилгахаар заасан байхад анхан шатны шүүх гомдол гаргагчид буцаан олгосон нь үндэслэлгүй боловч нэгэнт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй нөхцөлд гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.
14. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2026/0057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “А” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ