Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

   2023          ....          ...                                  ..../.../...

                                   

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч  Г.Г

            Хохирогч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А /цахим/

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б-ы Г-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ... амьдардаг, Дорноговь аймгийн .... тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, А овогт Б-ы Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б-ны Г нь "мал борлуулна” гэж мал худалдан авах захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Б-аас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 26 удаагийн гүйлгээгээр 14,145,000 төгрөгийг Хаан банкны ..., ...., ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Б надаас 10 дугаар сард мал зарах хүн байна уу гэж хэлсэн. Мал зарах хүн байна гээд Улаан-Уулын тэнд таньдаг айл руугаа яриад 15 ямаа аваад, мөнгийг нь тэр айл руу шилжүүлээд өгсөн. Би өөрөө мал зарна, надад мөнгө хэрэгтэй байна гээд авсан нь үнэн. Эхлээд 1,500,000 төгрөг авсан. Дараа нь 45 ямааны гэрээ хийгээд 4,000,000 төгрөг авсан. Тэгээд Б ах чиний мөнгө явж өглөө шүү гэхэд нь яах вэ өгнө гэж хэлсэн. 3,000,000 төгрөг авахдаа ажлаасаа гэнэт халагдсаны мөнгө 3 сард цувуулаад өгнө гээд ороод ирвэл өгье гэж хэлээд авсан. Дараа нь банкны зээл болчихсон байсан учраас нөхрөөс мөнгө орж ирнэ гээд 4,000,000 төгрөг авсан. Тэгээд л манай нөхөр надтай холбоо барихаа больсон. Хохирогчоос удаа дараа зөндөө мөнгө авч байсан, хэрэгтэй үедээ зөндөө мөнгө авч байсан. Өвөл малаа авна гэж байсан. Тэгэхээр нь өвөл хээлтэй мал ачаад яах вэ хавар төллөхөөр нь ав гэж хэлэхэд тэгье гэж хэлсэн. Хавар ноолуурын үнэ хэлбэлзээд байсан. Ямааг чинь үнэгүй самнаад өгье гэж хэлээд ноолуурыг нь манай дүү аваад мөнгийг нь би хэрэглэсэн. 10 килограмм ноолуур гарсан. Надад тухайн үед малын А данс байгаагүй. Надад болон хүүхдүүдэд өгсөн мал нийлээд 30, 40 толгой болсон байсан. Тэгтэл чиний мал үхсэн, тэр байтугай хүний хэдэн зуун мал үхсэн гэж хэлсэн. Тухайн үед би Х ахад хэлж байгаагүй, ямар ч байсан өрнөөс гарна гээд хэлж байсан” гэв.

 Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Г-ийн ярьж байгаа зүйлтэй санал нийлэхгүй байна. 45 ямаа, 2 үхэр өгнө гэж анх надаас мөнгө авсан. Ажилд орохоор болчихлоо гээд надаас мөнгө авахдаа малаар төлнө гэж хэлсэн. Бусад мөнгийг нөхрөөс ирэнгүүт нь өгнө гэж мөнгийг мөнгөөр тохирсон зүйл байхгүй. Сүүлдээ загнаж байгаад авдаг болсон, мал нь байгаа биз дээ гэж надад хэлсэн. Аргаа ядаад ээжтэй нь очиж уулзсан. Тухайн хавар зуд болоогүй, Г-ийн мал үхээ ч үгүй. Г ажил хийгээд миний хохирлыг төлнө гэвэл миний нас хүрэхгүй. Харин энд манай эгчийн дүү нарын дэлгүүрт ажил хийчих боломж байна. Харин харьяалал болдог үгүйг мэдэхгүй байна. Тухайн сарынхаа цалингаас надад 1,000,000 төгрөгөө өгөөд илүү гарсныг нь хэрэглээндээ хэрэглэж байж болно. Энэ бол миний уучилж байгаагийн шинж. Хохирлоо авах саналтай байна” гэжээ.

Хохирогч  Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “....Миний бие 2020 оноос хойш мал цуглуулж хүмүүсээс бод мал буюу үхэр худалдаж авч маллаж байсан. 2021 оны намар төрсөн Д.Б-д бог мал хүмүүсээс худалдаж авч маллах талаар ярьж байсан. Тэгсэн чинь манай эгч 2021 оны 11 дүгээр сард миний таньдаг Дундговь аймгийн Дорноговь аймгийн Сайншанд суманд амьдардаг Г гэх хүн бог мал ихтэй бог мал зарах талаар ярьж байсан гэж надад эгч хэлж нөгөө Г гэх хүний утасны дугаар гээд ... дугаарын утсыг өгсөн. Тэгээд би 11 дүгээр сард Г гэх эмэгтэй хүнтэй гар утсаар нь холбогдож 45 тооны эм ямаа, нас хамаа байхгүй ямааг 4.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг өөрийн данснаас шилжүүлсэн. 2021 ондоо нийт 4.500.000 төгрөг шилжүүлж 45 тооны ямааг авах гэсэн чинь Г манай ээж өвөл болсон байна өвөл ямаа өгөхгүй Хавар ав гэж байна гэж ярьсан. Тэгээд би Хавар авахаар болж Г-ээс Хавар ямаагаа авах гэсэн чинь ээж хээлтэй ямаа өгөхгүй төллөж дууссан цагт нь ав гэж байна гэж ярьсан. Мөн 2022 оны 05 дугаар сард ямаагаа авах талаар Г-тэй ярьсан чинь манай дүү нар ямааг нь үнэгүй самнаад ноолуурыг нь тушаагаад мөнгийг нь түр хэрэглээд өгнө гэж ярьсан. Энэ хугацаанд Г нь миний гар утас руу залгаж би Сайншанд сумын Төмөр замд ажилд орох гэж байна, мөнгөний хэрэг байна гэж хэлээд надаас цувуулаад байнга мөнгө шилжүүлж авдаг байсан. Мөн мөнгө авч байхдаа бод мал буюу үхэр өгнө гэж ярьж байсан. Би энэ хугацаанд нийт 14.145.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сард би Г-ийн төрсөн ээжтэй Дундговь аймагт очиж уулзсан чинь манай охин Г ямар нэг мал байхгүй та хулхидуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би Сайншанд суманд ирээд Г-тэй уулзаж манай ээж чамд ямар нэг мал байхгүй талаар хэлсэн чинь надад хулдаа ярьж надаас мөнгө авсан байна чи миний мөнгийг буцааж өг гэж хэлэхэд 08 дугаар сарын 20-ны дотор надад мөнгийг өгөхөөр болсон. Тэрнээс хойш одоог хүртэл миний мөнгийг өгнө гэж худлаа ярьж одоог хүртэл өгөөгүй байна...Миний бие Зам-Үүд суманд амьдарч байхдаа мөнгө шилжүүлдэг байсан. Г тухайн үед Сайншанд суманд амьдарч байсан...” гэжээ. /xx-ийн 10/

 Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Манай охин Г-т бог мал 30 ямаа байсан, одоо бол байгалийн гамшигт барагдсан. Бод мал бол огт байхгүй. Манай охин Г нь надтай мал зарах талаар огт хэлж байгаагүй” гэжээ. “хх-ийн 21/,

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 35-36/

Хаан банкны шилжүүлгийн баримтууд /хх-ийн 38-62/

Б-ий Б-ийн Хаан банкны ..., .... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 63-64/

Б-ы Г-ийн Хаан банкин дахь ... дугаарын харилцах дансны хуулганууд /хх-ийн 66-84

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 115, 117, 119, 122, 124, 135-136/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-101/

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 105-110/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь “мал борлуулна, мал зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар хохирогч Б.Б-аас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 26 удаагийн гүйлгээгээр 14,145,000 төгрөгийг Хаан банкны ..., ...., ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт болжээ.

Шүүгдэгч Б.Г-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Б.Г-ийн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б-аас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 26 удаагийн гүйлгээгээр 14,145,000 төгрөгийг Хаан банкны ..., ..., ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч  Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би 11 дүгээр сард Г гэх эмэгтэй хүнтэй гар утсаар нь холбогдож 45 тооны эм ямаа, нас хамаа байхгүй ямааг 4.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг өөрийн данснаас шилжүүлсэн. 2021 ондоо нийт 4.500.000 төгрөг шилжүүлж 45 тооны ямааг авах гэсэн чинь Г манай ээж өвөл болсон байна өвөл ямаа өгөхгүй хавар ав гэж байна гэж ярьсан. Тэгээд би хавар авахаар болж Г-ээс хавар ямаагаа авах гэсэн чинь ээж хээлтэй ямаа өгөхгүй төллөж дууссан цагт нь ав гэж байна гэж ярьсан. Мөн 2022 оны 05 дугаар сард ямаагаа авах талаар Г-тэй ярьсан чинь манай дүү нар ямааг нь үнэгүй самнаад ноолуурыг нь тушаагаад мөнгийг нь түр хэрэглээд өгнө гэж ярьсан. Энэ хугацаанд Г нь миний гар утас руу залгаж би Сайншанд сумын Төмөр замд ажилд орох гэж байна, мөнгөний хэрэг байна гэж хэлээд надаас цувуулаад байнга мөнгө шилжүүлж авдаг байсан. Мөн мөнгө авч байхдаа бод мал буюу үхэр өгнө гэж ярьж байсан. Би энэ хугацаанд нийт 14.145.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сард би Г-ийн төрсөн ээжтэй Дундговь аймагт очиж уулзсан чинь манай охин Г ямар нэг мал байхгүй та хулхидуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би Сайншанд суманд ирээд Г-тэй уулзаж манай ээж чамд ямар нэг мал байхгүй талаар хэлсэн чинь надад хулдаа ярьж надаас мөнгө авсан байна чи миний мөнгийг буцааж өг гэж хэлэхэд 08 дугаар сарын 20-ны дотор надад мөнгийг өгөхөөр болсон. Тэрнээс хойш одоог хүртэл миний мөнгийг өгнө гэж худлаа ярьж одоог хүртэл өгөөгүй байна...Миний бие Зам-Үүд суманд амьдарч байхдаа мөнгө шилжүүлдэг байсан. Г тухайн үед Сайншанд суманд амьдарч байсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 10/, гэрч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай охин Г-т бог мал 30 ямаа байсан, одоо бол байгалийн гамшигт барагдсан. Бод мал бол огт байхгүй. Манай охин Г нь надтай мал зарах талаар огт хэлж байгаагүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 21/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 35-36/, Хаан банкны шилжүүлгийн баримтууд /хх-ийн 38-62/, Б-ий Б-ийн Хаан банкны ..., ... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 63-64/, Б-ы Г-ийн Хаан банкин дахь ... дугаарын харилцах дансны хуулганууд /хх-ийн 66-84/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг мэдсээр байж, бусдыг үгээр болон үйлдлээр төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг анхнаасаа буцааж өгөхгүйгээр өөрийн болгох санаа зорилго, сэдэлтийг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг өөрийн болгож, ашиг олох шунахай сэдэлтээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн мэдэлд авч, буцааж өгөхгүй, ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Шүүгдэгч Б.Г нь анхнаасаа зарах малгүй байж хохирогчоос авсан мөнгөө буцааж өгөх боломжгүй гэдгээ мэдсээр байж зөвхөн өөрт учирсан санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд өөрөө зарах малтай мэтээр итгүүлэн хохирогчоос удаа дараагийн үйлдлээр нийт 14,145,000 төгрөгийг залилан авсан үйлдэл нь санаатай үйлдэл гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, бусдад 14,145,000 төгрөгийг хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч З.А нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирлын хувьд:

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Б-т нийт 14,145,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч Б.Г нь дээрх хохирогчид учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 1,500,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, үлдэгдэл 12,645,000 төгрөгийг төлөөгүй болно.

Шүүгдэгч нь хохирогч Б.Б-т 12,645,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчээс 12,645,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.  

 

Шүүгдэгч Б.Г-т ял оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан болон шүүгдэгч нь урьд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан зэрэг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлого цалин хөлс байхгүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын зарим хэсэг 12,645,000 /арван хоёр сая зургаан зуун дөчин таван мянган/ төгрөгийг төлж барагдуулаагүй тул торгох ял оногдуулах боломжгүй бөгөөд түүнд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаснаар Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс уг ялыг өөрчилж, 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар өөрчилж магадлал нь албажаагүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г нь учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн яаж, ямар эд хөрөнгийн эх үүсвэрээр төлж барагдуулах талаар нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4,  37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б-ы Г /РД:.../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы Г-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа газар болох Дорноговь аймгийн Сайншанд сумын хилийн цэсээр тогтоож, 1 /нэг/ жилийн хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

                                            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих  эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих  эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-ээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөрт 12,645,000 /арван хоёр сая, зургаан зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг, .... тоотод оршин суух, Ш овогт Б-ийн Б /РД:.../-т олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.Ц