| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0322/И |
| Дугаар | 327 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К банк ХХК-ний нэхэмжлэлтэй
Б овогт Д.Б, Т овогт С.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б овогт Д.Б, Т овогт С.Б нар нь К банктай 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3016/20-03 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 20,000,000 төгрөгийн ачааны автомашин худалдан авах зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан билээ. Зээлийн барьцаанд Б овогт Д.Б-н өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р багт байрлах 64 м.кв талбайтай хувийн орон сууц, Б овогт Д.Б-н эзэмшлийн ... тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, ... нэгж талбарын дугаартай, 501 м.кв талбайтай, Замын-Үүд сумын гэр, орон сууц хашааны зориулалттай газар, Б овогт Д.Б-н эзэмшлийн ... улсын дугаар бүхий ногоон өнгийн Истана маркын ачааны бага оврын машиныг тус тус барьцаалсан болно. Дээрх гэрээнүүдэд талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан. Гэвч зээлдэгч Ө.Б болон хамтран зээлдэгч С.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсэн. Зээлдэгчидтэй утсаар холбогдож зээлийн зөрчлөө төлж барагдуулахыг шаардах, албан мэдэгдэл хүргүүлэхээр зээлдэгчийн зээл авах үедээ бүрдүүлж өгсөн оршин суудаг тухай тодорхойлолтод тусгасан хаягт нь очиход тухайн хаягтаа оршин суухгүй, байхгүй байна. Иймд зээлдэгч Ө.Б, хамтран зээлдэгч С.Б нарын бүртгэлтэй оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас тус банк шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн Ө.Бат-Өлзий, С:Болор нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б, С.Б нар нь К банктай 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3016/20-03 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг авсан. 2020 оны 03 сарын 19-ний өдрөөс зээлийн зөрчил үүссэн. Зээлдэгч нартай ... утсаар холбогдоход бүх хүмүүсийн зээл хэтрэлттэй байгаа, авсан зээлээрээ өнөөдрийг хүртэл амьдарч байна гэсэн зүйлийг ярьдаг, зээлийг буцаан төлөх сонирхолгүй, зээлийн төлөлтийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаагүй. Дээрх утаснууд нь одоо холбогддог хирнээ 8 сараас хойш утсаа авахаа больсон. Бид анх зээл авсан хаягаар нь мэдэгдэл хүргүүлэх гэхээр тухайн хаяг дээр амьдардаггүй. С.Б нь Замын-Үүд сум 1 дүгээр багт 2-р сард шилжсэн байсан, Б нь бүртгэлтэй боловч оршин суудаггүй байсан. Одоо зээлийн үлдэгдэл 21,574,201 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд С.Б, Д.Б нарыг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тодруулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.Б, С.Б нар нь К банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3016/20-03 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 20,000,000 төгрөгийн ачааны автомашин худалдан авах зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба Д.Б, С.Б нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээл авах үеийнхээ хаяг дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Д.Б, С.Б нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу тэднийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Б овогт Д.Б, Т овогт С.Б нар нь зээл авах үедээ Дорноговь Замын-Үүд 1-р баг, 7 дугаар хэсэгт оршин сууж байсан талаар зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн, одоо ... дугаарыг эзэмшдэг талаар тайлбарласан болно.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар К банк ХХК-ний хүсэлтээр Б овогт Д.Б, Т овогт С.Б нарыг эрэн сурвалжилсугай.
2. Д.Б, С.Б нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Д.Б, С.Б нарын хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч К банк ХХК-д нэн даруй мэдэгдсүгэй.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц