Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ОК ХХК

Хариуцагч: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Г ХХК-д олгосон 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №356/20019 тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, М.Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, гуравдагч этгээд Г ХХК-ийн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд АБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эн, нарийн бичгийн даргаар Д.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОК ХХК нь С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн агуулахын барилгаа буулган гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд орон сууц, хүүхдийн цэцэрлэг барихаар болсон байдаг. 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Төслийн хүрээнд 1, 2, 3 дугаар ээлжийн орон сууцыг барьж дуусган, улсын комисс хүлээн авч, ашиглалт, үйлчилгээг Ж ХХК-д хүлээлгэн өгсөн. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохих бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлт өгсний дагуу Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар дулааны техникийн нөхцөл олгосон. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2014/063 дугаар Дулааны эрчим хүчийг тооцох, хэмжих хэрэгслийг суурилуулахад олгох техникийн нөхцөл, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дулааны шугам эзэмшлийн зургийн заагийг тус тус авсан байдаг. ОК ХХК нь 100 хувь өөрийн хөрөнгөөр дулааны шугам сүлжээг барьж, ашиглалтад оруулсан. Гэтэл манай компанитай хил залгаа орших Г ХХК нь дулааны шугамаас техникийн нөхцөлийг гаргуулахдаа бидэнтэй ямар нэгэн зөвшилцөл хийлгүйгээр манай өөрийн хөрөнгөөр угсарсан манай дулааны шугамаас холболт хийхээр техникийн нөхцөл гаргуулан авсан байдаг. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/79 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Дулааны техникийн нөхцөл олгох журмын 5.6-д иргэн, хуулийн этгээдэд олгогдсон техникийн нөхцөл нь тухайн зөвшөөрөл хүссэн барилга объектыг төвлөрсөн дулаан хангамжид холбох үндэслэл болно гэж заасан бөгөөд уг техникийн нөхцөлийг авахдаа бидэнд мэдэгдээгүй, санал огт аваагүй болно. Манай компаниас санал авалгүй техникийн нөхцөл олгосон нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2011 оны 290 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журмын 2.3-д Энэ журмын 2.2-д заасан техникийн нөхцөл олгогч нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дулаан дамжуулах, түгээх сүлжээнээс объект холбох техникийн нөхцөлийг олгохдоо тус дулаан дамжуулах, түгээх сүлжээний өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг судалж горим тооцооны дүнг үндэслэн шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Мөн уг журмын 2.5, 2.6, 2.6.5-д зааснаар хэрэв бусдын өмчлөлийн дулааны шугам, тоног төхөөрөмжид барилга, объектыг холбох бол тухайн өмчлөгчтэй зөвшилцсөн гэрээ, тодорхойлолт, албан бичиг бичгийг бүрдүүлэн өгнө гэж заасныг зөрчсөн.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь Г" ХХК-д хууль зөрчиж техникийн нөхцөл олгосны улмаас ОК ХХК нь өөрт олгогдсон техникийн нөхцөлийн дагуу дулааны тооцоот ачааллын хэмжээгээр холболт хийлгэж чадахгүй болоод байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар стандарт шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхээ эдэлж чадахгүй төлөвлөгдөж буй барилгын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, барьсан барилгаа дулаанаар хэвийн хангаж чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа. 2019 онд Г ХХК-д техникийн нөхцөл олгох үед мөрдөгдөж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2011 оны 290 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журмын холбогдох заалтуудыг зөрчиж ОК ХХК-ийн өөрийн хөрөнгөөр хийгдсэн, 400, 500 сая төгрөгөөр үнэлэгдэх хувийн өмчлөлийн шугамд огт хөрөнгө гаргаагүй гуравдагч этгээд болох Г ХХК-д дулааны шугамд холболт хийх техникийн нөхцөлийг олгосон. Иймд техникийн нөхцөлийг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байгаа гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Г ХХК-д олгосон 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 356/2019 тоот техникийн нөхцөл нь тухайн компанид эерэг үйлчлэл үзүүлсэн захиргааны акт юм. Гэвч уг захиргааны акт нэхэмжлэгч ОК ХХК-ийн эрхийг зөрчиж байгаа. Техникийн нөхцөл олгох үед баримталж байсан дүрэм, журмаар дулааны шугам эзэмшигчээс зөвшөөрөл авах ёстой. Энэ нь хувь хуулийн этгээдийн хөрөнгөөр боссон хөрөнгийг хамгаалах агуулгаар гарсан зохицуулалт юм. Нийтийн өмчөөр баригдсан шугам сүлжээнд хэн дуртай этгээд зөвшөөрөл авч болно гэсэн захиргааны акт биш. Техникийн нөхцөл олгох үед дулааны шугамын эзэмшигч нь ОК ХХК байсан. Тэгэхээр заавал ОК ХХК-ийн зөвшөөрлийг авах ёстой байсан. Энэ дүрэм, журам үргэлжлээд явж байгаа. Зөвхөн ашиглалт, үйлчилгээг ЖХХК-д шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд дулааны шугам эзэмшигч, хөрөнгө оруулалт хийж барьсан этгээдээс бусад гуравдагч этгээд дулаан авахаар бол зөвшөөрлийг нь авна заасан. Хариуцагч хэнээс ч зөвшөөрөл авах ёсгүй гэсэн ойлгомжгүй тайлбарыг өгдөг. Гэвч зөвшөөрөл авах ёсгүй байсан гэдгээ хуульд заасан үндэслэл гарган тайлбарлаж чадахгүй байгаа. Иймд 2019 онд гарсан актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Г ХХК-д олгосон 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 356/2019 тоот техникийн нөхцөлийг олгохдоо хариуцагч байгууллага Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй, 30 дугаар зүйлийн 30.1.10-д түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэж заасныг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр өөрийн хөрөнгөөр байгуулсан шугамаас гуравдагч этгээд буюу Г ХХК-ний шугамыг холбуулах үүрэгтэй.

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч компани ЖХХК-тай байгуулсан гэрээг зөвхөн ашиглалт, үйлчилгээг хариуцна гэж хууль зөрчиж байгуулах ёсгүй. Эрчим хүчний тухай хуульд зааснаар зөвхөн шилжүүлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал зөвхөн ашиглах, үйлчилгээ явуулах эрхийг нь олгож байна. Гуравдагч этгээд шугамд холбуулах эрх нь манайд үлдэнэ гэдэг байдлаар хууль зөрчиж гэрээ байгуулсан. Тиймээс хангагч байгууллага нэхэмжлэгч компанийн гэх дулааны шугамаас бусад хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох холболтын зөвшөөрөл өгөх эрхтэй. Харин нэхэмжлэгч нь хангагч байгууллагын зөвшөөрлөөр шугам сүлжээндээ бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй. ОК ХХК нь О хорооллыг барьж дуусмагц дулааны шугам, дэд станцыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлж хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч хуулиар хүлээсэн уг үүргээ үл биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрчим хүчний тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн агуулгыг зөрчиж гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан журмын холбогдох заалтыг хариуцагч байгууллага техникийн нөхцөл олгохдоо мөрдөх албагүй. Учир нь уг заалт нь хууль, тогтоомжийг зөрчсөн. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан Техникийн нөхцөл олгох журамд дулааны шугам эзэмшигчийн зөвшөөрлийг үндэслэж техникийн нөхцөл олгоно гэсэн хуулийг давсан зохицуулалт байхгүй. Хуулиар олгогдоогүй эрхийг дулааны шугамыг эзэмшигч нарт олгосон зохицуулалт байсан тул дараагийн тогтоолоор уг заалтууд хүчингүй болсон. Тэгэхээр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь хууль зөрчөөгүй. Мөн нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна гэв.

 

Дөрөв: Гуравдагч этгээд Г ХХК-ийн захирал Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОК ХХК-д хамааралтай, тус компанийн өмч гэсэн баримтыг байхгүй. Тус компани 10 гаруй жилийн өмнө орон сууцыг иргэдэд борлуулахдаа өртөгтөө тооцож оруулсан төлбөрийг буцаан биднээс авъя гэдэг санаархал ОК ХХК-д байх учиргүй гэж үзэж байна гэв.

 

Тав: Гуравдагч этгээд АБ ХХК-ийн захирал Б.Эн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манайх нийт 99 айлын орон сууц бөгөөд хувийн эзэмшил биш нийтийн эзэмшлийн орон сууц юм. Техникийн нөхцөлийн дагуу дулааны шугамын холболтыг хийлгэх хүсэлттэй байна. Энэ нь С дүүргийн нэг ч гэсэн уурын зуухыг буулгах гэж байгаа төсөл юм. Хувийн ашиг сонирхол зөрчил байгаа эсэхийг мэдэхгүй байна. Өөр хүсэлт тайлбар байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Г ХХК-д олгосон 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №356/20019 тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Нийслэлийн С дүүргийн * дүгээр хороонд байрлах Г ХХК-ийн орон сууцны барилгад Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2019 оны "8 дугаар сарын 07-ны өдрийн техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр 9и магистраль ДХ9137 цэгээс холбогдохоор №356/2019 тоот техникийн нөхцөлийг Дулаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Дулааны техникийн нөхцөл олгох журам, Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журмыг үндэслэн олгожээ.

ОК ХХК нь С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд орон сууц, хүүхдийн цэцэрлэг барихаар болж, уг төслийн хүрээнд 1, 2, 3 дугаар ээлжийн орон сууцыг барьж дуусган, улсын комисс хүлээн авч, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2014/063 дугаар Дулааны эрчим хүчийг тооцох, хэмжих хэрэгслийг суурилуулахад олгох техникийн нөхцөл, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дулааны шугам эзэмшлийн зургийн заагийг авч 100 хувь өөрийн хөрөнгөөр дулааны шугам сүлжээг барьж, ашиглалтад оруулсан ашиглалт, үйлчилгээг ЖХХК-д хүлээлгэн өгcөн, үйл баримттай талууд маргадаггүй болно.

Харин Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь Г ХХК-д хууль зөрчиж техникийн нөхцөл олгосны улмаас ОК ХХК нь өөрт олгогдсон техникийн нөхцөлийн дагуу дулааны тооцоот ачааллын хэмжээгээр холболт хийлгэж чадахгүй байдалд орж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар стандарт шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхээ эдэлж чадахгүй төлөвлөгдөж буй барилгын хэвийн үйл ажиллагаа алдагдаж барьсан барилгаа дулаанаар хэвийн хангаж чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа гэсэн тайлбарыг гаргаж байгаа болно.

Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй, 30 дугаар зүйлийн 30.1.10-д түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэж заажээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 290 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журмын 2.3-д Энэ журмын 2.2-д заасан техникийн нөхцөл олгогч нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дулаан дамжуулах, түгээх сүлжээнээс объект холбох техникийн нөхцөлийг олгохдоо тус дулаан дамжуулах, түгээх сүлжээний өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг судалж горим тооцооны дүнг үндэслэн шийдвэрлэнэ.

Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.1.18-д нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан дулаан дамжуулах төв, дамжуулах, түгээх шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй, 5.1.20-д дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалт нь эрчим хүчний дамжуулах шугам тоноглол тул түүнийг төрийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, 5.1.21-д Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх заалтыг тус тус мөрдөж өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах, өөрийн шугамаас хэрэглэгч холбох үйл ажиллагаанаас ашиг олох зорилгоор бизнес үйл ажиллагаа явуулахгүй байх гэж тус тус заасан байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 622 дугаар тогтоолын 2.3-д Энэ журмын 2.2-д заасан техникийн нөхцөл олгогч нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дулаан дамжуулах, түгээх сүлжээнээс объект холбох техникийн нөхцөлийг олгохдоо тус дулаан дамжуулах, түгээх сүлжээний өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг судалж горим тооцооны дүнг үндэслэн шийдвэрлэнэ гэж өөрчилсөн байна.

Эрчим хүчний тухай хуулийн 30.1.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах боломжийг бүрдүүлсэн бөгөөд нутаг дэвсгэрийн хэрэглэгчийг төвлөрсөн дулаан хангамжид холбох үүргээ гүйцэтгэж байгаа хэлбэр юм. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүрэгтэй, 16.3.1-д тухайн нутаг дэвсгэрт энэ хуульд заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн шугам, тоног төхөөрөмжийг цахилгаан, дулаан түгээх шугам, тоног төхөөрөмжид холбох, 16.3.5-д цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, 16.3.7-д энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын журмын шаардлага хангасан хэрэглэгчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 17.3-т заасан гэрээг байгуулж, тухайн хэрэглэгчийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох, 17 дугаар зүйлийн 17.2.1-д тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангах, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, 30 дугаар зүйлийн 30.1.10-д түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах гэж заажээ.

Хариуцагч Г ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр техникийн нөхцөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9, 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.13, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.1.18, 5.1.20, 5.1.21 дэх заалтуудыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд харшлаагүй, нэхэмжлэгч өмчлөгч биш учраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгчээс ...манай компани техникийн нөхцөл, зөвшөөрлийн дагуу зохих зураг төслийг боловсруулж, хянуулах улмаар өөрсдийн өмчийн хөрөнгөөр дулааны шугам сүлжээг барьж ашиглалтад оруулж, актаар хүлээлгэн өгсөн, Г ХХК-д зөвшөөрөл олгосноор өөрт олгогдсон техникийн нөхцөлийн дагуу дулааны тооцоот ачааллын хэмжээгээр холболт хийлгэж чадахгүй, эрчим хүчээр хангагдах эрхээ эдэлж чадахгүй байна гэж тайлбарлаж байхад түүний субектив эрхийг хөндөөгүй гэж үзэх боломжгүй байна.

Г ХХК нь олгосон техникийн нөхцөлийн 7 дахь заалтад дулаанд холбогдохдоо шугам эзэмшигчтэй зөвшилцөх гэж бичсэн байгаа бөгөөд энэ хоёр компанийн хувьд зөвшилцөх боломж нь нээлттэй байна.

Учир нь дээрх дүрэм журамд заасны дагуу техникийн нөхцөл авсаны дараа түүнийг үндэслээд холболтын зөвшөөрөл авах хүсэлтээ гаргах бөгөөд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь гуравдагч этгээдэд холболтын зөвшөөрлийг олгоогүй байна.

ОК ХХК болон ЖХХК-ийн хооронд 2014 онд дулааны шугам, инженерийн байгууламжтай холбоотой гэрээг байгуулагдаж, Уг гэрээгээр О хорооллын 8, 9, 10, 11, 12 дугаар байрны дулааны шугам, инженерийн байгууламжийн ашиглалтыг ЖХХК-д хүлээлгэн өгчээ.

Гэхдээ эдгээр орон сууцууд болон дулааны шугамын байршил, маргаан бүхий Г ХХК-ийн барилгын дулааны шугамтай хамааралтай эсэх, ОК ХХК-ийн барихаар төлөвлөсөн барилга болон гуравдагч этгээдүүдийн барилгуудад дулааны тооцоот ачааллын хэмжээгээр холболт хийгдэх боломжтой эсэх дулааны шугамын хүчин чадал хүрэлцэх эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулах асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас дээрх асуудлыг тодруулсны дараа Г ХХК-д техникийн нөхцөл олгох эсэх асуудлаар дахин захиргааны шинэ акт гаргах хүртэл Г ХХК-д олгосон 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 356/2019 тоот техникийн нөхцөлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9, 30 дугаар зүйлийн 30.1.10-д заасныг баримтлан ОК ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргаснаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Г ХХК-д олгосон 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 356/2019 тоот техникийн нөхцөлийг хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ