| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 110/2026/0019/З |
| Дугаар | 221/МА2026/0418 |
| Огноо | 2026-06-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0418
Х.Е-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.Е
Нэхэмжлэгч: Х.Е
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаан даргалагч
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Т.Е
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоол, Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Т.Е-ыг 6 дугаар багийн Засаг даргаар томилох тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Е
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б
Хариуцагч К.С
Гуравдагч этгээд Т.Е
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 110/2026/0019/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Анх нэхэмжлэгч Х.Е-аас нэхэмжлэлийн шаардлагаа “Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 04 дугаартай “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгох, тус багийн Засаг даргад нэр дэвшигчид санал өгөх санал хураалтын ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах” гэж тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн”Т.Е-ыг 6 дугаар багийн Засаг даргаар томилох тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж,
Нэхэмжлэгч Х.Е нь “Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигчид санал өгөх санал хураалтын ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1120/ШЗ2026/0310 дугаар захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 110/ШШ2026/0047 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоолыг, Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Т.Е-ыг 6 дугаар багийн Засаг даргаар томилох тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Х.Е-ын давж заалдах гомдлын агуулга:
2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр явагдсан багийн Засаг даргад нэр дэвшигчдэд нийтдээ 239 иргэн санал өгснөөс нэхэмжлэгч Х.Е надад 117 санал, гуравдагч этгээд Т.Ет 120 санал өгч, 2 саналын хуудас хүчингүйд тооцогдож, тухайн өдрийн багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 04 дугаартай тогтоолоор нэр дэвшигч Т.Еыг иргэдийн олонхын буюу 50.2 хувийн санал авсан гэж үзэж багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ "Өөр багийн оршин суугч С.Ж, Ш.М, И.Ж, С.М, Х.А, С.Е, М.Б, Д.Е нарын 8 хүн хуралдаанд оролцож санал өгсөн нь хууль бус учир санал хураалтын дүнг хүчингүй болгох ёстой" гэдэг байдлаар тодорхойлосон. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс холбогдох лавлагаануудыг авахад дээр дурдсан нэр бүхий 8 хүнээс С.Ж, И.Ж, С.М, Х.А, Д.Е нар нь Улаанхус сумын 6 дугаар багийн, Ш.М Улаанхус сумын 11 дүгээр багийн, М.Б мөн сумын 2 дугаар багийн, С. Е Өлгий сумын 10 дугаар багийн оршин суугч болох нь тогтоогдсон. Энэ нь миний нэхэмжлэл үндэслэлтэй болохыг баталж байгаа бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй гэж дүгнэсэн мөртлөө миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т "Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй", 32.4-т "Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно", 32.5-т "Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна, 32.5.2-т "асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэд биеэр хүрэлцэн ирж, таслах эрхтэй оролцож саналаа өгөхөөр хуульчилсан байна. Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд өөр багийн оршин суугч иргэд болох Ш.М, М.Б, С.Е нар оролцож, тус багийн Засаг даргыг сонгоход санал өгсөн нь хууль зөрчсөн, энэ нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргыг сонгох тухайн өдрийн Хуралд нэр дэвшигч нэхэмжлэгч Х.Е би 117 санал, гуравдагч этгээд Т. Е 120 санал авч, гуравдагч этгээд Т.Е 3 саналын зөрүүгээр ялагч болсон, энэхүү сонгуулийн үр дүнд санал өгөх эрхгүй 3 иргэний санал шууд нөлөөлөх боломжтой байх тул сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэх ёстой. Ийнхүү Хуралд оролцох эрхгүй иргэд оролцож, санал өгсөн нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн байхад хариуцагч Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор нэр дэвшигч Т.Еыг багийн Засаг даргаар томилуулахаар Улаанхус сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн нь, мөн Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/22 дугаартай захирамжаар Т.Е-ыг Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргаар томилсон нь илт хууль бус шийдвэр болно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" байхад гуравдагч этгээдийг Засаг даргаар томилуулахаар дээд шатны Засаг даргад уламжилсан, дээд шатны Засаг дарга тухайн шийдвэрийг үндэслэн багийн Засаг даргаар томилсон нь илт хууль бус шийдвэрт тооцогдоно. Энэ тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхээс хууль бус шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгох ёстой. Дээрх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгосноор Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмууд хангагдах ёстой. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх ... нэхэмжлэгч Улаанхус сумын 7 дугаар багийн оршин суугч болох нь тогтоогдсон учир түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, ...өөр багийн гурван хүн багийн Засаг даргыг сонгох асуудлаар санал өгсөн нь нэр дэвшигч Х.Е, Т. Е нарын авсан саналын үр дүнд нөлөөлөхөөр байгаа ч нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль аль нь мөн өөр багийн оршин суугчийн хувьд Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцох, тус багийн Засаг даргаар сонгогдохоор нэр дэвших эрхгүй тул Ш.М нарын гурван хүний өгсөн санал сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх нь, нэр дэвшигч, гуравдагч этгээдийн авсан саналын дүн хэрхэн өөрчлөгдөх нь ач холбогдолгүй..., нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Тухайн багийн оршин суугч биш 3 иргэн санал хураалтад оролцож санал өгсөн нь зөвхөн нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагаа биш бүхэлдээ багийн иргэдийн өөрсдийн удирдлагыг сонгох эрхэд халдсан, нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг зөрчсөн үйл ажиллагаа юм. Нэхэмжлэгч Х.Е, гуравдагч этгээд Т.Е бид хоёр анх багийн Засаг даргад нэр дэвшиж санал хураалт явагдах үед бид хоёрын өөр багийн иргэний бүртгэлтэй байсан асуудал огт яригдаагүй. Санал хураалт явуулсан ажлын хэсгээс энэ талаар бид нараас тодруулж байгаагүй. Тэгээд ч тухайн үед заавал тухайн багийн оршин суугч иргэн нэр дэвших тухай асуудал яригдаж байгаагүй.
Би нэгэнт тухайн багийн Засаг даргад нэр дэвшиж санал оролцсон учир дээрх хууль бус шийдвэрүүдийн улмаас миний хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэх үндэстэй.
Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 001/XT2026/0031 дугаартай тогтоолоор Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад "...хэдийгээр хуульд Засаг даргад нэр дэвшигч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч (тухайлбал, багийн) сонгуулийн эрх бүхий иргэн байхыг тухайлан заагаагүй ч, холбогдох хуулийн агуулга, зорилгоос үзвэл, "Засаг дарга (нэр дэвшигч) нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суух иргэн байна" гэж тайлбарласан байна.
Дээрх тайлбараас үзэхэд багийн Засаг даргад нэр дэвшигч тухайн багийн оршин суугч байх ёстой. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алин нь өөр багийн оршин суугч байх нь тогтоогдсон тохиолдолд энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаанд хамаарах бөгөөд тухайн санал хураалттай холбоотой гарсан бүх шийдвэрүүд бүхэлдээ хүчингүй болох ёстой. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алин нь өөр багийн оршин суугч иргэн байхад зөвхөн намайг буруутгаж гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.
Нэгэнт сонгуулийн санал хураалтын ажиллагаанд тухайн багийн оршин суугч биш 3 иргэн оролцож санал өгсөн нь санал хураалтын дүнд нөлөөлсөн, багийн Засаг даргад тухайн багийн оршин суугч биш 2 нэр дэвшигч оролцож, санал хураалт явагдсан хууль бус шийдвэр учир Улаанхус сумын 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны "Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай" 04 дугаартай тогтоол, тухайн тогтоолыг үндэслэн гуравдагч этгээд Т.Еыг 6 дугаар багийн Засаг даргаар томилсон Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/22 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 110/ШШ2026/0047 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Х.Е-аас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаан даргалагч, тус сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоол, мөн сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Т.Еыг 6 дугаар багийн Засаг даргаар томилох тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4. Хэргийн үйл баримтын тухайд:
4.1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, багийн Засаг даргад Х.Е, Т.Е нар нэр дэвшиж, тус хуралд нийт 239 иргэн оролцож, санал өгснөөс Х.Е-д 117 санал, Т.Ет 120 саналыг хүчинтэйд, 2 иргэний саналыг хүчингүйд тооцсон.
4.2. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоолоор Иргэдийн олонхын буюу 50.2 хувийн санал авсан Т.Е-ыг 6 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсний дагуу Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар Т.Е-ыг 6 дугаар багийн Засаг даргаар томилжээ.
4.3. Тус багийн иргэдийн Нийтийн хуралд оролцож, санал өгсөн Ш.М, И.Ж, С.Е нар болон тус багийн Засаг даргад нэр дэвшигч Х.Е, Т.Е нар нь тус тус 6 дугаар багийн иргэн биш өөр багт харьяалалтай болох нь тогтоогдсон, энэ үйл баримттай талууд маргаагүй.
5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Багийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:”, 23.1.1-д “нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хуульд заасны дагуу хүргэх үйлчилгээ;” гэж зааснаас үзэхэд багийн иргэдийн Нийтийн Хурал нь тухайн багийн иргэдийн шууд оролцоо бүхий нутгийн өөрөө удирдах байгууллага юм.
6. Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх арга, хэлбэрийг дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32.5-т “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:” гээд, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж тус тус заасан байна.
7. Дээрх хуулийн агуулгаас үзвэл, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэд биеэр хүрэлцэн ирж, таслах эрхтэй оролцохоор хуульчилсан, гэтэл энэ маргааны тухайд, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд өөр багийн иргэд болох Ш.М, И.Ж, С.Е нар оролцож, тус багийн Засаг даргыг сонгоход санал өгсөн нь хууль зөрчсөн.
8. Тодруулбал, тус 6 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигч нэхэмжлэгч Х.Е 117 санал, гуравдагч этгээд Т.Е 120 санал тус тус авснаар 3 саналын зөрүүгээр ялагч болсон, энэхүү сонгуулийн үр дүнд санал өгөх эрхгүй 3 иргэний санал нөлөөлөх боломжтой байх тул сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзнэ.
9. Ийнхүү Хуралд оролцох эрхгүй иргэд оролцож, сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн байхад хариуцагч 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаар тогтоолоор нэр дэвшигч Т.Е-ыг багийн Засаг даргаар томилуулахаар Улаанхус сумын Засаг даргад уламжлан шийдвэрлэсэн нь хууль бус байна.
10. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн” , 58 дугаар зүйлийн 58.1-д “багийн Засаг даргын бүрэн эрхийг хуульчлахдаа багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах; асрамж, халамж шаардлагатай иргэнийг асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах; нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судалж, хууль тогтоомжид заасны дагуу нийгмийн халамж, үйлчилгээг зохион байгуулах; гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед айл өрх, хүн, малыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг зохих үйлчилгээгээр хангах ...” гэж тус тус заасан.
11. Улсын дээд шүүхийн захиргааны танхимын 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр хянахын тогтоолоор “...хэдийгээр нутгийн өөрөө удирдах байгууллага гэж бүх шатны Хурлыг тухайлан заасан боловч Үндсэн хуулийн үзэл санаа ёсоор Засаг дарга Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцохдоо тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч болохыг уг хуулиар баталгаажуулсан, мөн орон нутаг дахь төрийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд харьяалах нутаг дэвсгэрийн иргэдэд өдөр тутамд төрийн үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байна. Үүний тулд Засаг дарга өөрийн орон нутаг, иргэд, тэдэнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг бусдаас илүү мэддэг, орон нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээсэн, тэднийг төлөөлөх чадвартай, Хурлын шийдвэр болон төрийн үйлчилгээг өдөр тутамд хэрэгжүүлэх боломжтой байхын тулд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугч байх зайлшгүй шаардлагатай...” гэж дүгнэсэн.
12. Үүнээс үзэхэд багийн Засаг даргад нэр дэвшигч нь агуулгаараа тухайн багт оршин суугч байх бөгөөд нэр дэвшигч Х.Е, Т.Е нарын хэн аль нь тухайн 6 дугаар багийн харьяалалгүй, өөр багт буюу 7 дугаар багт харьяалалтай атал тухайн багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь дээрх хуулийн үзэл санаанд нийцээгүй байна.
13. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга дээрх Хурлын хууль бус тогтоолыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар гуравдагч этгээд Т.Еыг тус сумын 6 дугаар багийн Засаг даргаар томилсон нь хуульд нийцэхгүй тул уг актыг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
14. Нэхэмжлэгч Х.Е дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар дүгнэвэл,
14.1. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчид чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол тухайн этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу "нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд" биш гэж үзнэ.
14.2. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшигчид Х.Е, Т.Е нарыг бүртгэсэн байх бөгөөд ийнхүү бүртгэхдээ тэдгээрийг тухайн багийн иргэд мөн эсэхийг шалган тогтоогоолгүйгээр санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулж, Т.Е-ыг 6 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан байна.
14.3. Энэхүү үйл баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн Х.Е-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
14.4. Учир нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа буюу нэхэмжлэгч Х.Е нь багийн Засаг даргад нэр дэвшин оролцсон маргаан бүхий иргэдийн Нийтийн хуралдаан нь нэхэмжлэгчид чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой гэж үзэхээргүй байна.
14.5. Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс “өөр багийн оршин суугч болох нэхэмжлэгч Х.Еын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байна.
15. Харин маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор Х.Е-д уг маргааны хувьд сэргэх эрх байхгүй бөгөөд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргын сонгууль хуульд нийцүүлэн дахин шинээр явагдах үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 110/ШШ2026/0047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.5, 32.5.2, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Еын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоол, мөн сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Т.Е-ыг 6 дугаар багийн Засаг даргаар томилох тухай” Б/22 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН