| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0316/И |
| Дугаар | 328 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар багт оршин суух Б овогт М.М-н нэхэмжлэлтэй
Ц.А, Н.Г, Д.О нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгч М.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 07 сард зараар Н.Г, Д.О гэх эхнэр нөхөр хоёртой уулзахад 0,8 хувийн зээлтэй Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах 2 өрөө байрыг урьдчилгаа 30 сая төгрөгийг төлүүлж зарна хүү зээлийг банкандаа бэлнээр төлүүлж байгаад хугацаа дуусахад нь бид нэрийг нь шилжүүлж өгнө гэсний дагуу болзол нөхцөлийг зөвшөөрч 30 сая төгрөгийг Н.Г-н дансаар шилжүүлж 2019 оны 07 сард байранд нь ороод амьдарч эхэлсэн ба сар бүр 435,000 төгрөгийг банкны зээл хүүгийн төлбөрт төлүүлэхээр Д.О-д 7,257,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 01-нээс 2019 оны 12 сарын хооронд шилжүүлсэн гэтэл уг орон сууцны жинхэнэ өмчлөгч гэх Ц.А гэж хүн гарч ирж би Н.Г-д байраа тодорхой нөхцлөөр тохирч зарахаар оруулсан, өөр хүнд зарахгүй Н.Г надад цааш нь дамжуулж бусдад зарна гэж хэлээгүй, би зөвшөөрөхгүй гэж М.М намайг шүүхийн шийдвэр гаргуулан албадан гаргуулсан болно. Би Н.Г, Д.О нараас мөнгөө нэхэхэд Ц.А-с мөнгөө авч байж /20 сая төгрөг/ өгнө гээд өгөөгүй зугтаж алга болсон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргаж шалгуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч гэмт хэргийн шинжгүй хэргийг хаасан. Н.Г, Д.О нарын бүртгэлтэй хаяг болох Баянзүрх дүүргийн 23-р хороонд мөн түр оршин суух хаяг Баянзүрх дүүрэг, Баянзүрх хотхон 8-р хороо гэх хаягуудаар очиж эрж хайхад оршин суудаггүй гэсэн болно. Мөн банкны зээлийн төлбөртөө 7,257,000 төгрөгийг төлүүлсэн Ц.А шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Чингэлтэй дүүрэг 6-р хороонд оршин суудаг гэсэн боловч одоо энэ хаягтаа огт байхгүй худлаа хаяг бүртгүүлсэн байгаа юм. Тэд нар хамтран хариуцагч болно. Г-н ээж Я нь ... дугаарын утас эзэмшдэг, Зүүнхараад амьдардаг юм байна лээ, утсаар холбогдоход холбоо бариагүй удаж байна гэж хэлдэг. Түүний эгч гэх хүмүүс нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг юм байна лээ. Г ... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй, А нь ... дугаарын утаснуудыг эзэмшдэг, залгахаар утсаа авдаггүй юм. Иймд иргэн Н.Г, Д.О, Ц.А нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.М нь 2018 оны 07 сард зараар Н.Г, Д.О нараас 0,8 хувийн зээлтэй Баянзүрх дүүргийн 14-р хоороо 2 өрөө байрыг урьдчилгаа нийт 37,257,000 төгрөг төлж худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэх ба гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас Н.Г, Д.О, Ц.А нараас 37,257,000 төгрөгийг буцаан шаардах нөхцөл байдал үүссэн байна.
Н.Г, Д.О, Ц.А нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу тэднийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Н.Г, Д.О нар нь Баянзүрх дүүргийн 23-р хороо, мөн дүүргийн 8/-р хороонд суух бүртгэлтэй, Г ... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй, А нь ... дугаарыг эзэмшдэг талаар нэхэмжлэгч тайлбарласан болно.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар М.М-н хүсэлтээр Ц.А, Н.Г, Д.О нарыг эрэн сурвалжилсугай.
2. Н.Г, Д.О, Ц.А нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Н.Г, Д.О, Ц.А нарын хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч М.М-д нэн даруй мэдэгдсүгэй.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц