Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 339

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Х банк ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г, Ц.Ө нарт холбогдох үндсэн зээл 2,187,461 төгрөг, зээлийн хүү 467,240 төгрөг нийт 2,654,701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,  2020 оны 09 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Г, Ц.Ө нар нь 2018 оны 05 сарын 30-ны өдөр ЗГ\201843628479 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,812,539 төгрөг, зээлийн  хүүгийн төлбөрт 1,432,278 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,703 төгрөг нийт 4,252,520 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулж болно. Зээлээ төлж чадахгүйн улмаас 2020 оны 04 сарын 30-ны өдөр зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж эргэн төлөлтийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан боловч гэрээгээр заасан хугацаандаа зээлээ нэг ч төлөөгүй байгаа болно. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан боловч зээлээ төлөхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас зээл төлөгдөхгүй өнөөдрийн байдлаар 82 хоног хугацаа хэтэрч байна. Үндсэн зээл 2,187,461 төгрөг, зээлийн хүү 467,240 төгрөг нийт 2,654,701 төгрөг гаргуулахаар нэхэмжилж  байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр багт оршин суух Х овогт С.Г, Б овогт Ц.Ө нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2018 оны 05 сарын 30-ны өдөр Х банкнаас 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлийг авсан нь үнэн болно. 2020 оны 09 сарын 16-ны өдрийн нэхэмжилж буй  2,654,701 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүтнээр  хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч С.Г, Ц.Ө нарт холбогдуулан үндсэн зээл 2,187,461 төгрөг, зээлийн хүү 467,240 төгрөг нийт 2,654,701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Г, Ц.Ө нар нь нэхэмжлэгч Х банк ХХК-тай 2018 оны 05 сарын 30-ны өдөр ЗГ\201843628479 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г, Ц.Ө нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2,187,461 төгрөг, зээлийн хүү 467,240 төгрөг нийт 2,654,701 төгрөгийг төлж барагдуулахыг  хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г, Ц.Ө нарт холбогдуулан үндсэн зээл 2,187,461 төгрөг, зээлийн хүү 467,240 төгрөг нийт 2,654,701 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Г, Ц.Ө нар нь 2,654,701 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 28,712 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 28,712 төгрөгийг  хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               А.Ц