Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: К банк ХХК-ийн хүсэлттэй,

“И овогт Ө.Т-г эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К банк ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Иргэн И овогт Ө.Т нь К банктай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3016-2019/19-34 тоот Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 22,000,000.00 /хорин хоёр сая/ төгрөгийн автомашин худалдан авах зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан билээ. Зээлийн барьцаанд: И овогт Ө.Т-н өмчлөлийн Улсын бүртгэлийн ... дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р багт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, - И овогт Ө.Т-н эзэмшлийн ... тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, ... нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, Замын-Үүд сумын гэр, орон сууц хашааны газар И овогт Ө.Т-н өмчлөлийн ... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Toyota Corolla Axio маркийн суудлын автомашиныг тус тус барьцаалсан болно. Дээрх гэрээнүүдэд талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан. Гэвч зээлдэгч Ө.Т нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсэн. Зээлдэгчидтэй утсаар холбогдож зээлийн зөрчлөө төлж барагдуулахыг шаардах гэсэн боловч утас нь холбогдохгүй байгаагаас гадна албан мэдэгдэл хүргүүлэхээр зээлдэгчийн зээл авах үедээ бүрдүүлж өгсөн оршин суудаг тухай тодорхойлолтод тусгасан хаягт нь очиход тухайн хаягтаа оршин суухгүй, байхгүй байна. Иймд зээлдэгч Ө.Т-н бүртгэлтэй оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас тус банк шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн Ө.Т-г эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд: “....Иргэн И овогт Ө.Т нь К банктай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3016-2019/19-34 тоот зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 22,000,000.00 /хорин хоёр сая/ төгрөгийн автомашин худалдан авах зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. 2020 оны 02 сарын 06-наас эхлэн зээлээ төлөхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй болсон. Зээл авахдаа Ө.Т нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум Борхойн багт оршин суудаг гэсэн боловч багаас хаягийг нь шүүлгэхэд энэ хаягтаа оршин суудаггүй гэсэн. Хаягаар очиж асуухад одоо оршин сууж байгаа хүмүүстээ хашаа байшингаа зарсан гэсэн. Энэ хүмүүс нь 6 сараас хойш холбоогүй болсон гэсэн бидэнтэй холбоотой байгаа. Иймд Ө.Т-г эрэн сурвалжилж өгнө үү. Ах болон ээжээс нь асуухаар Дархан-Эрдэнэт хоёрын хооронд ажил хийгээд байгаа сүүлд холбогдоогүй гэж хэлсэн. Ах болох Т-н утас ..., ээж Б-х нь утас ..., зээл авахад хамтран зээлдэгч болох У-н утас ... Б ХХК-ийн захирал ажилтай...” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К банк ХХК нь Ө.Т-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагч К банк ХХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Ө.Т нь К банк ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвтэй  2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3016-2019/19-34 тоот Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 22,000,000.00 /хорин хоёр сая/ төгрөгийн автомашин худалдан авах зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан, гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Ө.Т-г нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.  

Ө.Т нь оршин суух хаягтаа байхгүй байгаа болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

И овогт Ө.Т иргэний үнэмлэхийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багт оршин суух бүртгэлтэй, ах Т-н утас ..., ээж Б нь утас ..., зээл авахад хамтран зээлдэгч болох У-н утас ... Б ХХК-ний захирал ажилтай болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар И овогт Ө.Т-г эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ө.Т-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч К банк ХХК-ийн Замын-Үүд салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.Н