| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0326/И |
| Дугаар | 329 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багт оршин суух, А овогт Н.С-н хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “...Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургуульд сурч байгаад 10 дугаар ангиа төгсөөд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Сангийн далай фермийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажилд орсон юм. Оргил нэгдэл нь 1991 оноос эхэлж их, бага хувьчлал болж 1992 оны 12 сарын 31-ний хуралдаанаар нэгдэл татан буугдаж О ХХК болж өөрчлөгдсөн юм. Би энэ үед хувьчлалаас мал авч нэгдлээс гарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гарч ирэхгүй байгаа тул намайг 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү ... Тушаалд1987 оны 08 сарын 01-нээс эхлэн ажилласан байна лээ. 1991, 1992 онд дараалан төрсөн юм. Тэгээд 1992 он цалин маань дэвтэрт бичигдээгүй юм шиг байна лээ...” гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.С нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.С нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Оргил” нэгдлийн Сангийн далай фермийн эмчилгээний тэжээлийн цэгт 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “О” нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 28-ны №18 дугаартай “Ерөнхий боловсролын сургууль төгссөн, Ардын цэргийн албанаас халагдаж ирэгсдийг ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймаг Засаг Даргын Тамгын газар Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү М.М, 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү М.М нарын төрсний гэрчилгээний хуулбар, 1987 оны 07 сарын 01-ний өдөр болон 1991 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, гэрч Д.А “...Н.С нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэл, Сангийн далай бригадад 1987 оноос эхлэн одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа. Н.С нь аав Н, ээж Д мөн ах дүүсийн хамтаар нэгдэлд бог мал малладаг байсан. Бид нэг бригад, нэг уснаас малаа усалж бие биеийнхээрээ орж гардаг байсан учраас Н.С-г малчин байсныг нь сайн мэдэж байна...” гэсэн, гэрч Н.Ц “....С нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1987 оны 07 дугаар сараас Сангийн далай бригадад анх малчин болж байсан. Тухайн үед аав Н, ээж Д-н хамтаар бог мал малладаг байсан. Н.С-г 1992 он буюу их хувьчлалаар нэгдэл тарах хүртэл мал маллаж байсныг нь сайн мэднэ. Н.С нь одоог хүртэл хувийн мал аж ахуйгаа эрхэлсээр байгаа...” гэсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Н.С-н улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт Н.С-г Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “О” нэгдлийн Сангийн далай фермийн эмчилгээний тэжээлийн цэгт 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.С-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н