Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 629

 

 

 

 

 

 

2020               5             19                                          2020/ДШМ/629

 

 

М.Х-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Э.Уянга,

иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-ийн төлөөлөгч Х.Энхтүвшин,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Х-т холбогдох эрүүгийн 1903011080480 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Аюуш овгийн М.Х-, 19....... оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “..............оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

М.Х- нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 5 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цамбагарав төвийн баруун урд замд “Эрдэм транс” ХХК-ийн “Hyundai Aerocity-540” маркийн 06-83 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэж, мөн дүрмийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: М.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Х-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар М.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч М.Х- нь эмчилгээний зардалд 1.300.000 төгрөгийг хохирогч Б.Д-д төлсөн болохыг дурьдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-иас 14.964.684 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Д-д олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Х-, иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-иас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Э.Уянга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас буюу хэргийг мөрдөн шалгасан цагаас үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. М.Х- нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. “Эрдэм транс” ХХК-д тасралтгүй нийт 9 жил, жолоочоор 4 жил ажилласан. Эхнэр нь 7 сартай жирэмсэн, гэр бүлээ тэжээн тэтгэж, ажиллаж ирсэн. Өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас анх удаа бусдад хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ их гэмшиж байгаа. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч “Эрдэм Транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтүвшин тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

М.Х- нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 5 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цамбагарав төвийн баруун урд замд “Эрдэм транс” ХХК-ийн “Hyundai Aerocity-540” маркийн 06-83 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэж, мөн дүрмийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-5/,

зам тээврийн ослын гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-11/,

осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 13/,

ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 17/,

хохирогч Б.Д-гийн “... гэрийнхээ урд талын Номин их дэлгүүр орох гээд гэрээс гарч байсныг санаж байна, өөр зүйл санахгүй байна. Нэг ухаан ороход манай аав болон хамаатны хүмүүс ирчихсэн би эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд би яагаад энд байгаа юм, юу болсон юм бол гэж асуусан чинь манай хамаатны хүмүүс зам тээврийн осолд орсон талаар хэлж өгсөн. ...” /1хх 20/,

иргэний хариуцагч Х.Энхтүвшингийн “... манай хэсгийн жолооч М.Х- осол гарсан өдөр над руу залгаад Цамбагаравын автобусны буудлын гэрэл дохиотой явган хүний гарц дээр хүн гэнэт гүйж орж ирээд мөргүүлчихлээ гэж хэлсэн юм. ...” /1хх 45/,

М.Х-ын яллагдагчаар өгсөн “... миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд нэг эмэгтэй хүн алхаад гараад ирэхээр нь би тоормос гишгээд зогсох үедээ нөгөө эмэгтэй хүнийг автобусныхаа урд салхины шилээр мөргөхөд тухайн эмэгтэй газарт унасан. ...баруун талын нүд болон чихнээс нь цус гарсан, зүүн талын нүд нь хөхөрсөн байсан. ...” /1хх 73/ гэх мэдүүлгүүд,

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 67798 дугаартай дүгнэлт /1хх 57-60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11180 дугаартай “... Б.Д-гийн биед баруун чамархай яснаас доош хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн дух, чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун эгэмний дунд 1/3-ийн зөрөөтэй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 63/ шинжээчийн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Х-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Х-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Д-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Э.Уянга “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсээр ирснийг болон түүний ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөн иргэний хариуцагч “Эрдэм транс” ХХК-ийн төлөөлөгч Х.Энхтүвшингээс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад “хохиролд 14.964.684 төгрөг төлсөн” баримтыг шинээр гаргаж өгөв.

Уг баримтаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний хариуцагчаас гаргуулах төлбөрийг хохирогч Б.Д-гийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.  

Хэдийгээр М.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний хариуцагч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан зэргээс үзэхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалт нь шүүхийг заавал хэрэглэхийг үүрэг болгосон бус харин хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд хэрэглэх эсэх талаар эрх олгосон хэм хэмжээ юм.

Харин шүүгдэгч М.Х-ын анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг иргэний хариуцагчаас нөхөн төлсөн байдлыг харгалзаж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хугацааг багасган хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, “хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгөх” тухай өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                                Б.ЗОРИГ