Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Э

 

Хариуцагч: С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/3* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э******* нар оролцлоо.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч Б.Э  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захирамжид урьдчилсан мэдүүлгийг намайг хоцроосон, өгөөгүй гэсэн байна. Би шийдвэр гаргах эрхгүй, зөвхөн санал өгөх эрхтэй. Гэтэл хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн байна. Намайг өөрийгөө хөгжүүлээгүй гэсэн байна. Бид 2015 онд ажилд орсныхоо дараа Удирдлагын академид суралцсан. Одоо Монгол Улсын Их Сургуульд эрх зүйн чиглэлээр магистр хамгаалж байгаа. Захиргаа удирдлагын хэлтсийн ажил, захиргааны акт шийдвэртэй холбогдуулан шүүхийн 20 гаруй маргаанд оролцож байсан гэв.

 

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э  нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу тухайн албан тушаалд томилогдсон. Нийслэлийн С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн. Төрийн албаны зөвлөлөөс холбогдох нотлох баримтууд ирсэн. С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажлын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй гэдэг нь харагдаж байгаа. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хурлын ажлын албаны дарга нь Тэргүүлэгчдийн хуралдаанд санал болгох бүрэн эрхтэй. Тэргүүлэгчдийн хуралдаанаар чөлөөлөх эрх олгогдсон. Өөр албан тушаалтныг томилж, чөлөөлөх, шийтгэл ногдуулах бүрэн эрх олгогдоогүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах, томилж, чөлөөлөх асуудлыг зохицуулсан. Тус хуулийн 47 дугаар зүйлд төрийн албан хаагчийг албан тушаалаас нь халах зохицуулалт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Энэ хуулийн 47.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-д аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч байна гэж заасан. Үүнээс үзэхэд Төсвийн шууд захирагч болох иргэдийн хурлын ажлын албаны дарга нь хүний нөөцтэй холбоотой зохион байгуулалт хийж, зохих шийдвэрүүдийг гаргах эрхтэй байна. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шийдвэр гаргаад бүрэн эрх хэрэгжүүлж байгаа нь тодорхой биш байгаа.

 

Аудитын газраас ирүүлсэн албан бичгийг хаахгүйгээр зөрчил, дутагдал гаргасан гэдэг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн ирсэн албан бичгийг төсвийн асуудал хариуцдаг нягтлан бодох бүртгэл, зарцуулалттай холбоотой асуудлыг хариуцдаг нягтлан бодогчид шилжүүлээд арга хэмжээ авах талаар үүрэг өгсөн. Гэтэл нягтлан бодогч ямар нэгэн санал гаргаагүй учраас танилцлаа гэдэг байдлаар хаасан. Төсөв санхүүтэй холбоотой чиг үүргийг төсвийн шууд захирагч буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга хариуцаад нягтлан бодогчтойгоо хамтран асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл Ажлын албаны дарга болон нягтлан бодогчид ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй мөртлөө ажлыг хийсэн хүнд нь шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хурлын дарга ажил авсныхаа дараа нэхэмжлэгчийг ажлаа өг гэдэг шахалт шаардлагыг тавьдаг байсан. Үүнийг биелүүлээгүй учраас өнгөрсөн бүх үйл явдлуудыг нэгтгээд зөрчил гаргасан мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв зөрчил байсан бол тухай бүрд нь шийдвэрлээд явах ёстой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад уг шийдвэрийг гаргах эрх байгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл бүрэн байна гэв.

 

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга уг захирамжийг гаргах эрхтэй байсан уу гэдэг асуудал яригдана. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй гэж заасны дагуу ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой захирамжийг гаргасан. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3.13-д ажилтныг ажлаас чөлөөлөх, халах захирамж шийдвэрийг хурлын дарга гаргана гэж заасан байгаа. Энэ нь хууль, дүрэм журмын дагуу болсон. Тушаалд заасан хэм хэмжээ маань нотлох баримтууд баталгаажсан. Гэрчийн мэдүүлэг болох холбогдох баримтууд хавсаргагдсан байгаа. 2019 онд онд ёс зүйн зөрчилд шийтгэл ногдуулсныг танилцуулаагүй гэж байна. Энэ үйл баримттай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Захиргааны хэлтсийн албан тушаалын тодорхойлолтод төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, санал бэлтгэж хариуг өгөх ажлыг зохион байгуулах, төлөвлөгөө удирдаж, тайлан, мэдээ судалгааг бичиг хэргийн стандартын дагуу боловсруулж цаг тухайд нь гаргаж байх гэсэн үүргийг зааж өгсөн. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Нийслэлийн төрийн аудитын газрын албан бичигт дурдсан тайлангийн төслийг хуульд заасан 3 хоногийн хугацааны дотор санал хүргүүлэх байсан. Гэтэл үүнийг хүргүүлээгүй. Мөн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 930 дугаартай Нийслэлийн төрийн аудитын газрын албан бичигт хариу хүргүүлэх байсан ч бас л танилцав гэж хаасан. Үүнээс шалтгаалж төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо алдагдаж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Нягтлан бодогчтойгоо зөвлөлдөөд хариу хүргүүлэх ёстой байсан гэж ярьж байна. Хурлын ажлын алба бүтэц зохион байгуулалтын дагуу хэн ямар үүрэг хуваарилна ажил албаны чиг үүргийнхээ дагуу тэр ажлыг хэрэгжүүлж байх ёстой. Ирсэн бичгийн бүртгэлийн хяналтын картаас харахад аудитын газраас ирүүлсэн тайлангийн төсөлд санал авах тухай албан бичгийг Б.Э т цохолт хийж, судалж үзээд танилцуулга бэлтгэх, танилцуулах албан даалгаврыг өгсөн. Гэтэл Б.Э  нь үүнийг нягтландаа цохолт хийгээд явуулчихдаг нягтлан нь миний ажлын чиг үүрэгт тусгагдаагүй ээ гээд буцаадаг, Б.Э  нь танилцав гээд хаачихдаг. Хавсран гүйцэтгэж байсан ажил албан тушаалын үүргээ гүйцэтгээгүй. Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журмын 2.2.3-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, ажлын албаны ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний орлогч, баг, хорооны Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх ёстой байдаг. Энэхүү журмын 3.4.2- 3.4.2-т Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэл хөтлөх бөгөөд хянан шалгах, авлигын шинжтэй зөрчил илэрвэл Авлигатай тэмцэх газарт нэн даруй шилжүүлэх гэж заасны дагуу урьдчилсан мэдүүлгийг шилжүүлээгүй.

 

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлдэггүй гэсэн үндэслэлүүдээр ажлаас халсан байгаа гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Нийслэлийн С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/3* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, нийслэлийн С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах гэж тодорхойлжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/3* дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Э ийг төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн хэм хэмжээ, захирах захирагдах ёсны төрийн албаны зарчим, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.8, 37.1.11, 37.1.13 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.18 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, хавсран гүйцэтгэж буй албан ажлаа биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан гэж үзэж, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

1.Хариуцагчаас Б.Э ийг албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн үндэслэлээ... 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн төрийн Аудитын газрын 847 дугаартай албан бичигт дурдсан тайлангийн төсөлд санал хүргүүлэх дүүргийн төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн, үр ашигт хийсэн гүйцэтгэлийн тайлангийн төсөлд санал хүргүүлэх байсныг биелүүлээгүй гэжээ.

 

Нийслэл дэх Төрийн аудитын газрын даргаас С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн тайлангийн төсөлд санал авах тухай 847 дугаартай хариутай албан бичиг ирж бүртгэлд тэмдэглэл үйлдэж, шийдвэрлэлтийн төлөвт 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэж тэмдэглэн хаажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэл дэх Төрийн аудитын газраас С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1474 дугаар албан бичгээр зөвлөмжийн биелэлтийг ирүүлэх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан тул биелэлтийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхээр хугацаа заасан байна.

 

Нийслэл дэх Төрийн аудитын газрын даргаас дахин 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр биелэлт ирүүлэх тухай 1474 дугаартай бичгийг бүртгэж, шийдвэрлэсэн төлөвт С******* дүүргийн төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт аудит хийж зөвлөмжийн биелэлтийг авахаар дүүргийн Засаг дарга руу 390 дүгээр албан бичигт явуулж, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн огноотой шийдвэрлэсэн төлөвтэй байна.

 

Дээрх ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн төлөв байдал дээр шийдвэрлэх огноо 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, шийдвэрлэсэн огноо 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэж тэмдэглэсэн, байхаас үзвэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Захиргааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны гол үйл ажиллагааны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд заасан Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс ирсэн албан бичиг, иргэдийн өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх санал бэлтгэх, хариуг өгөх ажиллагааг зохион байгуулаагүй гэж үзэж нэхэмжлэгчийг буруутгах шууд үндэслэл болохгүй байна.

 

Учир нь нийслэл дэх Аудитын газраас 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн албан бичгийг тухайд өргөдөл гомдол хариуцсан ажилтнаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад түүнээс ажлын албаны даргад, түүнээс Захиргаа хуулийн хэлтсийн даргад, түүнээс буцаад ажлын албаны даргад түүнээс буцаад захиргаа хуулийн хэлтсийн даргад түүнээс Захиргаа хуулийн хэлтсийн нягтлан бодогчид 3 хоногийн дотор саналаа хүргүүлнэ үү гэж удирдлагын заалтаар шилжүүлсэн байхад тус хэлтсийн нягтлан бодогч ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод хамааралгүй гэж хэлтсийн дарга руу буцаасан нь ойлгомжгүй байна. Энэхүү баримтаар хэн нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй болохыг хариуцагч тогтоогоогүй байна.

 

Мөн хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн төрийн Аудитын газрын 847 дугаартай албан бичигт дурдсан тайлангийн төсөлд санал хүргүүлэх дүүргийн төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн, үр ашигт хийсэн гүйцэтгэлийн тайлангийн төсөлд санал хүргүүлэх байсныг биелүүлээгүй гэдгийг хэзээ яаж тогтоосон үйл баримт байхгүй энэ бичигт цохогдсон өдрөөс гэж тооцох юм бол Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан хугацаа өнгөрсөн байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан бөгөөд хугацаатай албан бичгийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн гэж үзвэл ажлаас халах сахилгын шийтгэл тохирохгүй гэж үзнэ.

 

2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан, Хурлын даргатай биечлэн танилцах уулзалтыг тасалсан, шуурхай хуралд оролцоогүй, ээлжийн амралт дууссан ч ажилдаа тухайн өдөр ирээгүй гэж үзсэн үндэслэлээ...ээлжийн амралт батлах хуваарийн дагуу Б.Э  2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл амрах хуваарьтай байсан боловч ажлын ачаалал хүний нөөц зэрэг асуудлаас болж 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл амарсан. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа орох байсан боловч энэ өдөр ирээгүй ажил тасалсан, мөн 2020 оны 9 дүгээр сарын 14, 11 дүгээр сарын 02, 04, 05, 06-ны өдрүүдэд албан ажлаа шалтгаангүйгээр тасалсан нь нэг өрөөнд хамт суудаг ажилчдын тайлбараар нотлогдсон гэжээ.

 

Нийслэлийн С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ээлжийн амралтын хуваарь батлах тухай А/03 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсэгт Захиргаа, хуулийн хэлтсийн даргын Б.Э т 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ээлжийн амралт олгож, мэдэгдлийг олгохдоо ээлжийн амралтын хуваарийг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд тооцож олгожээ.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтад ажлын нэг өдрийн чөлөөг харьяалах хэлтсийн дарга, ажлын 5 өдрийн чөлөөг Хурлын ажлын албаны дарга, ажлын 5-аас дээш өдрийн чөлөөг Хурлын дарга даргын шийдвэрээр олгоно. Чөлөөг олгох эсэх, чөлөөтэй байсан хугацаанд цалин олгох эсэхийг шууд харьяалах хэлтсийн даргын саналыг үндэслэн Хурлын ажлын албаны дарга шийдвэрлэнэ гэж заасан байна.

 

Мөн нэхэмжлэгчийг ажлын албаны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шуурхай хуралд оролцоогүй гэж буруутгаж байгаа болно.

 

Шүүхээс хариуцагч захиргааны байгууллагын ажлын цагийн цахим болон гар бүртгэл тухайн ажил тасалсан гэх сарын цалинг хассан баримтуудыг гаргуулахаар шаардсан боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд ... манай байгууллагын ажлын цагийн бүртгэлийн системийн бүртгэл, хөтлөлтийг хариуцан ажиллах үүрэгтэй мөн энэхүү үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч энэ талаар баримт шаардахад гаргаж өгөөгүй тул хариуцагчийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийг ажил тасалсан гэж буруутгаж байгаа сарын цалинг хасаж тооцсон баримтгүй цалинг бүтэн олгосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн ажлын цагийн бүртгэлийн системд ажил тасалсан талаар бүртгэгдээгүй байхад шүүхээс цуг нэг өрөөнд суудаг гэх гэрчийн мэдүүлгүүдээр Б.Э ийг ажил тасалсан гэж шууд буруутгах боломжгүй байна.

 

3. Хавсарган гүйцэтгэж буй албан ажлаа биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд ...С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар чуулганаар дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг Нийслэлийн Засаг даргад батламжлуулахаар хүргүүлэхэд эрх бүхий албан тушаалтны хувьд хавсран гүйцэтгэх ажлаа биелүүлээгүй гэжээ.

 

С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/0 дугаар захирамжаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид ажлын албаны ажилтнууд, дүүргийн Засаг даргын орлогчид, хорооны Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэгийг бүртгэх хадгалах, нууцлалыг хадгалах холбогдох мэдээ тайлан гаргах эрх бүхий албан тушаалтны үүрэгт ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Захиргааны хэлтсийн дарга Б.Э т хавсран гүйцэтгүүлж сарын үндсэн цалингийн нэмэгдэл олгохоор болж, 2020 оны 11 дүгээр сар хүртэл цалингийн нэмэгдлийг олгож ажилласан байна.

 

Хариуцагчаас ... албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журмын 2.2.3-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, ажлын албаны ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний орлогч, баг, хорооны Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх ёстой энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ.

 

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар 10.3-д Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй, 11 дүгээр зүйлийн 11.1.4-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, 11.1.5-д бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалахаар заажээ.

 

Дээрх хуулийн заалтуудыг тухайн тохиолдолд хамаатуулан үзвэл тухайн дүүргийн Засаг дарга, түүний орлогч, баг, хорооны Засаг даргын хөрөнгө, орлогын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалахаар, харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалахаар заажээ.

 

Тэгэхээр хариуцагчийн ...дүүргийн С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар чуулганаар Төлөөлөгч нарын олонхийн саналаар дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийн Засаг даргад нэр дэвшигчийг нийслэлийн Засаг даргад батламжлуулахаар хүргүүлэхэд хөрөнгө орлогын мэдүүлгийг явуулаагүй зөрчил гаргасан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин бусад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хадгалах үүргээ биелүүлээгүй талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Б*******с С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Г******* ирүүлсэн 02/176 дугаартай албан бичгийн дагуу С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/13 дугаартай захирамжаар Б.Э т сахилгын шийтгэл ногдуулан байх бөгөөд хууль заасан сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн байна.

 

Хэргийн оролцогчид сонсох ажиллагаа хийгдсэн эсэх талаар маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажлын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй... гэж тайлбарлаж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан тул дээрх тайлбарыг хүлээж авахгүй.

 

 

 

Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэлт баталгаагаар хангагддаг тул С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/3* дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

 

 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна гэж заасны дагуу шүүхээс Нийслэлийн С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/3* дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Б.Э ийг Нийслэлийн С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,419,406.00 /таван сая дөрвөн зуун арван есөн мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Б.Э т олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг С******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/3* дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Э ийг нийслэлийн С******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.   Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э ийн ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,419,406.00 /таван сая дөрвөн зуун арван есөн мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, нэхэмжлэгчид олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ