Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0443

 

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Эрдэнэс Тавантолгой ХК

Хариуцагч: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тендерийн үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “...А ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭТТХК/20250102464 дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх 01/615 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0493 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2026/0376/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч А ХХК-иас Эрдэнэс Тавантолгой ХК, тус компанийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “...А ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭТТХК/20250102464 дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх 01/615 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0493 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.4-т заасныг тус тус баримтлан А ХХК-аас хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ... Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын ... А ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан хэсэг, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭТТХК/20250102464 дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний Мэдэгдэл хүргүүлэх тухай гэх 01/615 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 3. Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ы давж заалдах гомдлын агуулга:

 3.1. А ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-иас зарласан ЭТТХК/20250102464 дугаартай "Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл" нийлүүлэх тендер шалгаруулалтын багц 1 "үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг нийлүүлэх" нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон. Уг тендерийг Үнэлгээний хороо 2026.01.21-ний өдөр нээж, тендерт оролцсон 4 компанийн тендерийг үнэлсэн бөгөөд А ХХК-ийн тендерээс дараах үндэслэлээр татгалзсан: "ТШЗ 20.1-ийн 2.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

Үнэлгээний хороо болон Захиалагчийн дээрх үндэслэлээр А ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр, мөн уг тендерт М ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг тус тус Сангийн яамны 2026.03.02-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 03/1280 дугаар албан бичгээр хүчингүй болгосон. Учир нь А ХХК-ийн зүгээс "нийлүүлсэн тоног төхөөрөмжийн сэлбэг нь хавсралт №1-д тусгагдсан сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд нийлүүлэгч бүрэн хариуцаж, таарах сэлбэгээр үнэгүй сольж өгөхөө, баталгаат хугацаанд гарсан аливаа доголдлыг нийлүүлэгч хариуцах тухай гэрээний бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйгаа 2026.01.13-ны өдрийн 26/14 болон 2026.01.19-ний өдрийн 26/15 дугаар албан бичгээр бүрэн илэрхийлсэн болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид "Тендерийн хууль" гэх/ 59 дүгээр зүйлийн 59.10, 59.10.1, 59.10.2, 59.10.3-т тус тус зааснаар А ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан "шалгарсан тохиолдол нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх" гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн Захиалагчийн 2026.02.11-01/353 дугаар шийдвэр болон "М" ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн 2026.02.11-01/352 дугаар шийдвэрийг тус тус Сангийн яамнаас хүчингүй болгоод, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг Захиалагчид даалгасан. Гэтэл, Үнэлгээний хороо 2026.03.10 /03.17/-ны өдрийн хурлаараа тендерийг дахин үнэлэхдээ урьд татгалзсан үндэслэлээрээ дахин А ХХК-ийн тендерээс татгалзсан бөгөөд Сангийн яамны шийдвэрийг үл хэрэгсэн, хууль зөрчсөн.

3.2. Тендерийн баримт бичгээс үзэхэд:

Өгөгдлийн хүснэгтээр

Техникийн тодорхойлолтоор

ТШЗ 20.1:

2. Техникийн чадавх шаардлагыг хангах нотлох баримт.

2.3. Шалгарсан тохиолдолд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэх. /2026.01.19-ний 26/15 бичиг/

2.4. Шалгарсан тохиолдол нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх. /SGB үйлдвэрлэгчийн бичиг, /2026.01.19- ний 26/15 бичиг/

4. Тавигдах шаардлага.

Техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа ирүүлэх шаардлагатай сэлбэг материалын баталгаат хугацааны баримт бичгийг ирүүлэх. /SGB үйлдвэрлэгчийн бичиг/

6. Онцгой нөхцөл: Нийлүүлсэн тоног төхөөрөмжийн сэлбэг нь хавсралт №1-т тусгагдсан техникийн сэлбэгийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд нийлүүлэгч бүрэн хариуцаж, таарах сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээх. /26.01.13-ны №26/14 бичиг/

 

"/2.3/Шалгарсан тохиолдолд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөх, 12.4./ баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах гэсэн нь Тендерийн Гэрээний "баталгаат хугацаанд гарсан догодлыг нийлүүлэгч бүрэн хариуцна" гэсэн нөхцөлд агуулгаараа бүрэн багтаж байсан тул манай компанийн зүгээс "Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заасан гэрээний нөхцөлийг зөвшөөрч байна" гэдгээ 2026.01.19-ний өдрийн 26/15 дугаартай албан бичгээрээ хоёрдмол утгагүйгээр тодорхой илэрхийлсэн.

Гэтэл, Үнэлгээний хороо дээрх албан бичгийг зөвхөн ТШЗ 20.1-ийн 2.3-т хамааралтай, 2.4-т тусад нь албан бичиг өгөх ёстой байсан гэж тайлбарлаад А ХХК-ийн тендерийг "ТШЗ 20.1-ийн 2.4-ийн шаардлагыг хангаагүй" гэж үзсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн шударгаар тендерт оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн судлаагүй, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

             1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй боловч хэрэгт цуглуулсан нотлох баримтыг буруу үнэлж, түүгээр тодорхойлогдох маргааны үйл баримтад хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

             3. Нэхэмжлэгч ХХК-иас Эрдэнэс Тавантолгой ХК, тус компанийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “...А ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭТТХК/20250102464 дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх 01/615 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

            4. Хэргийн үйл баримтын тухайд,

            4.1. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/118 дугаар тушаалаар Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ЭТТХК/20250102464 дугаартай нээлттэй тендер зарласан.

            4.2. Тус Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ЭТТХК/20250102464 тендерийн Багц №1 “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг нийлүүлэх” тендер шалгаруулалтад оролцохоор Өнөр механикал трейд ХХК, М ХХК, Тяньжин Кайжи Вавл ХХК, А ХХК-иуд материалаа ирүүлж, Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар М ХХК-ийн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн.

           4.3. Дээрх үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/352 тоот албан бичгээр “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх” ЭТТХК/20250102464 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1 “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг нийлүүлэх” тендерт шалгарсан тул 6-аас доошгүй хоногийн дараа гүйцэтгэлийн баталгаа ирүүлэн гэрээ байгуулахыг М ХХК-д, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/353 тоот албан бичгээр тендерээс татгалзсан тухай А ХХК-д мэдэгджээ.

           4.4. Уг тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч А ХХК-иас 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/1280 тоот албан бичгээр “...М ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин нягтлан шалгах шаардлагатай...” гэх үндэслэлээр захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/352, 01/353 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин хийхийг мэдэгдсэн.

           4.5. Сангийн яамны дээрх мэдэгдлийн дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендерийн үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, ЭТТХК/20250102464 дугаартай Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт шалгаруулалтын Багц №1 “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалтад үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

          4.6. Уг дүгнэлтийг үндэслэн захиалагч Эрдэнэс Тавантолгой ХК нь 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/615 тоот албан бичгээр нэхэмжлэгч А ХХК-д тендерийг дахин хянан үзэхэд захиалагчийн тавьсан шаардлагад дурдсан баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлээгүй нь шаардлага хангаагүй ... шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн.

          5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэхээр байна.

           6. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.4-т “Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана” гэж тус тус заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэж, тус тендерийг ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзсан бол дахин тендер шалгаруулалт зарлахаар байна.

          7. Энэ хэргийн тухайд захиалагч Эрдэнэс Тавантолгой ХК-иас нэхэмжлэгч А ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Захиалагчийн тавьсан шаардлагад дурдсан баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлээгүй нь шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэл бүхий болоогүй байна.

          8. Уг тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 2-д “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт” гэж заасны 2.3-д “Шалгарсан тохиолдолд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэх”, 2.4-д “Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх”  гэж тус тус заасан.

          9. Нэхэмжлэгч А ХХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26/14 тоот албан бичигт “хавсралт №1-т тусгагдсан сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бүрэн хариуцаж, таарах сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээх болно” гэж дурдан, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/15 тоот албан бичгээр “...Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заагдсан гэрээний нөхцөлийг зөвшөөрч байгаа болохыг...” мэдэгдэж, “S I P F Co. Ltd /SGB/” үйлдвэрлэгчээс нийлүүлэх санал ирүүлсэн байх бөгөөд дээрх барааны баталгаат хугацааг үйлдвэрлэгчийн захидалд “…Нийлүүлж буй бүх сэлбэг хэрэгсэл нь шинэ, ашиглагдаагүй бөгөөд холбогдох техникийн стандарт, чанарын хяналтын шаардлагын дагуу үйлдвэрлэгдсэн болохыг бид баталгаажуулж байна. Мөн Хавсралт 1-т заасан нийлүүлсэн сэлбэг хэрэгслүүд нь хүргэгдсэн өдрөөс эхлэн үйлдвэрлэгчийн баталгаат хугацаанд хамаарагдахыг үүгээр батламжилж  байна.” гэжээ.

         10. Тендер шалгаруулалтын баримт бичгийн 6 дугаар бүлэгт гэрээний нөхцлийг тусгасан. Үүнд 1.1.9-д “Доголдол” гэж нийлүүлсэн бараа, дагалдах үйлчилгээний шинж байдал, чанар тоо хэмжээ нь Нийлүүлэгчийн ирүүлсэн тендерээс зөрүүтэй байхыг” ойлгохоор, 1.1.10-т “Баталгаат хугацаа” гэж нийлүүлсэн барааг зориулалтын дагуу ердийн байдлаар ашиглах явцад бараанд илэрсэн доголдлыг нийлүүлэгч хариуцах хугацааг” ойлгохоор тус тус заасан. 

         11. Нэхэмжлэгч А ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/15 тоот албан бичгээр “...Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заагдсан гэрээний нөхцөлийг зөвшөөрч байгаа болохыг...” мэдэгдэж, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26/14 тоот албан бичгээр сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бүрэн хариуцаж, таарах сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээхээ илэрхийлсэн зэргээр дээрх тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 2.3-д заасан чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэхээр дурдсан шаардлагыг,

           Мөн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 2.4-д заасан нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлэх шаардлагыг үйлдвэрлэгч “S I P F Co. Ltd /SGB/”-ийн баталгаат хугацааны албан захидлаар илэрхийлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26/14 тоот, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/15 тоот албан бичгүүдээр тус тус хангалттай илэрхийлсэн гэж үзэхээр байна.

            Дээрх үндэслэлүүдээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “...А ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ”Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан зарчимд нийцээгүй, хуулийг хэт явцууруулан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонхи дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.4.4, 26.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “...А ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” хэсэг, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх 01/615 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож,  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭТТХК/20250102464 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгаж, нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

 

    ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН