Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

2016         12          12                                     120

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Л.Цэндсүрэн /томилолтоор/,     

            шүүгдэгч Г.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа /үнэмлэхийн дугаар 0377/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Алтанхуягт холбогдох 201626031145 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хойд эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 22 тоотод бүртгэлтэй боловч  Баянгол дүүргийн Моносын дээд сургуулийн БИТМ агуулахын сахиул, н.Уртнасан гэх айлд амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Ганбаатарын Алтанхуяг /РД:УП91121972/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Алтанхуяг нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ТЭЦ-3 баруун талын хашаан дотор байрладаг Эко асфальт ХХК-ийн эзэмшлийн контейнерт нэвтрэн орж суурин компьютер, өнгөт принтерийг хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 10-ны орой ажлаасаа буугаад Саппоро төвийн тэнд хүнсний дэлгүүр орж 0,5 литрийн Хараа нэртэй архи худалдаж аваад хүн амьтан явдаггүй газар архиа задлаад ганцаараа уусан. Тэгээд би шөнийн 22.00 цаг өнгөрч байхад ажлын тэнд очиж хашаа даваад нягтлангийн өрөөний цонхны түгжээ нь эвдэрчихсэн байсан тул түлхэнгүүт онгойчихсон юм. Тэгээд би дотогшоо ороод өнгөт принтер, компьютерийн дэлгэц, гар мауз, процессор, залгуур гээд компьютерийг иж бүрнээр нь авч хашаа давуулж гаргасан. Манай ажлын ойролцоо том том утас ороодог дамарнууд байхаар нь тэнд хулгайлсан өнгөт принтер, компьютерийн дэлгэц, гар, мауз, процессор, залгуур зэргийг нуусан. Тухайн үед би согтуу байхдаа хулгай хийчихсэн байсан. Энэ миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-22-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баасан-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би хэргийн материалтай уншиж танилцсан, үнэлгээтэй холбоотой манай талаас ямар нэгэн маргаан байхгүй. Манай нягтлангийн өрөөний цонхны түгжээ сул хаагддаг боловч вакум цонхны түгжээнд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй. Манай компанийн зүгээс Г.Алтанхуягаас нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй. Суурин компьютер, өнгөт принтерээс өөр эд зүйл алдагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

Гэрч Ч.Бодьхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 10 дугаар сараас Эко асфальт ХХК-ийн хашаанд сахиулын ажил хийх болсон юм. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед босч компаний хашаан доторх эд зүйлүүдээ шалгаад явж байтал тохижуулсан 20 тоннын контейнерын вакум цонх нь онгойсон байсан. Тэгэхээр нь онгойрхой цонхоор харахад ширээн дээр байсан иж бүрэн компьютер байхгүй байсан. Энэ талаар үйлдвэрийн дарга Эрдэнэчулуун руу залгаж танилцуулахад хулгай хийсэн хүн нь ойлгомжтой гэж хэлсэн. Тэгээд түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод ороход өнгөт принтер байхгүй байсан. Хуягаа манай байранд хааяа хонодог учир Хуягааг сэжиглэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах мөрдөн байцаагчийн тогтоол, хураан авах тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-51-р хуудас/,

             Шүүгдэгч Г.Алтанхуягийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Г.Алтанхуяг нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ТЭЦ-3 баруун талын хашаан дотор байрлах Эко асфальт ХХК-ийн эзэмшлийн контейнерт нэвтрэн орж суурин компьютер, өнгөт принтерийг хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баасан-Очирын ...Би хэргийн материалтай уншиж танилцсан, үнэлгээтэй холбоотой манай талаас ямар нэгэн маргаан байхгүй. Манай нягтлангийн өрөөний цонхны түгжээ сул хаагддаг боловч вакум цонхны түгжээнд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй. Манай компанийн зүгээс Г.Алтанхуягаас нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй. Суурин компьютер, өнгөт принтерээс өөр эд зүйл алдагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

Гэрч Ч.Бодьхүүгийн ...Би 2015 оны 10 дугаар сараас Эко асфальт ХХК-ийн хашаанд сахиулын ажил хийх болсон юм. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед босч компаний хашаан доторх эд зүйлүүдээ шалгаад явж байтал тохижуулсан 20 тоннын контейнерын вакум цонх нь онгойсон байсан. Тэгэхээр нь онгойрхой цонхоор харахад ширээн дээр байсан иж бүрэн компьютер байхгүй байсан. Энэ талаар үйлдвэрийн дарга Эрдэнэчулуун руу залгаж танилцуулахад хулгай хийсэн хүн нь ойлгомжтой гэж хэлсэн. Тэгээд түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод ороход өнгөт принтер байхгүй байсан. Хуягаа манай байранд хааяа хонодог учир Хуягааг сэжиглэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тогтоол /хх-ийн 47-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 49-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Г.Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж /хх-ийн 37-39-р хуудас/, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж /хх-ийн 41-44-р хуудас/, 2012 оны 09 дүгээр 10-ны өдөр суллагдсан /хх-ийн 45-р хуудас/ боловч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их хурлаас батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар Г.Алтанхуягийн ялтай байдал хэрэгсэхгүй болсон тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Г.Алтанхуяг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баасан-Очирт Canon IP маркийн өнгөт принтер 1 ширхэг, Acer маркийн компьютерийн дэлгэц 1 ширхэг, Acer маркийн компьютерийн гар 1 ширхэг, Acer маркийн компьютерийн мауз 1 ширхэг, Acer маркийн компьютерийн процессор 1 ширхэг, Acer маркийн компьютерийн залгуур 1 ширхэг /хх-ийн 49-р хуудас/ зэргийг хүлээлгэн өгсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Алтанхуягт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Г.Алтанхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон                                                                                    

ТОГТООХ НЬ:

 

1.  Боржигон овогт Ганбаатарын Алтанхуягийг бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ганбаатарын Алтанхуягийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын /хоёр жил гурван сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Г.Алтанхуягт оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Алтанхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.Алтанхуяг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эд зүйлийг нь буцаан өгсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Г.Алтанхуягт оногдуулсан 2 жил 3 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал  хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Алтанхуягт авсан бусдын батлан даалтанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР