Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 909

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00340 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлтэй

Хариуцагч “НШ” ХХК-д холбогдох

 

2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 24 000 000 төгрөг, алданги 12 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би орон сууц худалдан авах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “НШ” ХХК-тай F блок дугаар бүхий орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч “НШ” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур гудамж, Таравлин хотхоны F блок 1 дүгээр орцны 10 дугаар давхарт байрлах В, С тоотод орших 68.2 м.кв орон сууцыг 1 м.кв тутмын үнэлгээг 1 150 000 төгрөгт тооцож нийт 78 430 000 төгрөгийн үнэлгээтэйгээр 2016 оны 3 дугаар улиралд багтаан барьж ашиглалт оруулах, захиалагч Б.Д би гэрээнд заасан хугацаанд багтаан орон сууцны төлбөрийг төлж барагдуулах үүрэг харилцан хүлээсэн.

 

Би гэрээнд заасан үүргээ биелүүлэн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 8 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  8 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 8 000 000 төгрөг нийт 24 000 000 сая төгрөгийг төлсөн боловч гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтанд оруулах үүргээ биелүүлээгүй. Тухайн байр 2017 оны 9 дүгээр сард ашиглалтанд орсон ба гэрээний дагуу урьдчилгаа төлбөр авсан байршил дугаар бүхий орон сууцыг бусдад давхардуулан худалдан борлуулсан ноцтой зөрчил гаргасан.

Талуудын байгуулсан гэрээний 5.4 дэх хэсэгт гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа алдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцохоор заасан. Дээрхи зохицуулалтын дагуу Б.Д би гүйцэтгэгчид төлсөн 24 000 000 сая төгрөгийн үүргийн гүйцэтгэлээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр алданги тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.

   Иймд орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн 24 000 000 төгрөг, алданги 12 000 000 төгрөг нийт 36 000 000 төгрөгийг хариуцагч “НШ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “НШ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэн Б.Д нь орон сууц захиалан бариулах гэрээ хийж урьдчилгаа төлбөрөө төлсөн боловч төлбөрийн графикт хугацаагаа зөрчиж хугацаа хэтрүүлэн төлбөр төлдөг байсан ба орон сууц нь бэлэн болж орон сууцаа хүлээн авахыг мэдэгдэхэд мөнгө байхгүй анх захиалсан орон сууцыг зарж болно. Энэ байгаа урьдчилгаа төлбөртөө өөр корпуст байр авъя гэж ярилцсан боловч одоо хүртэл шинээр гэрээ хийгээгүй. Б.Д нь манай цогцолбор хотхонд өөр өөр корпуст байр захиалж байсан ба F блок корпусоос үлдэгдэл 54 430 000 төгрөгийг төлж чадахгүй байна өөр корпуст байр захиалъя гэж тохирсон атлаа ийм нэхэмжлэл гаргасныг манай компани хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “НШ” ХХК-аас 36 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “НШ” ХХК-иас 337 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хуралдаанд миний бие ар гэрийн ажил явдлын улмаас оролцож чадаагүй бөгөөд хүсэлтийг илгээсэн боловч хуралдаан эхэлсэн тул хүлээн авах боломжгүй хэмээн байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн. Энэ нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх заалтыг ноцтойгоор зөрчиж, хэт нэг талыг барьж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “НШ” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 24 000 000 төгрөг, алданги 12 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “НШ” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур гудамж, Ф /F/ блок, 1 дүгээр орцны 10 дугаар давхрын Би /B/, Си /C/ тоотод байрлах 68.2 м.кв орон сууцыг 2016 оны 3 дугаар улиралд багтаан барьж ашиглалт оруулах, захиалагч Б.Д нь орон сууцны үнийг 1 м.кв-ыг 1 150 000 төгрөгөөр тооцон нийт 78 430 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /хх 10-12 дахь тал/

            Дээрх гэрээний агуулгаас үзвэл гэрээний зүйл болох орон сууц нь тухайн үедээ бэлэн болоогүй байгаа хэдий ч талууд эд хөрөнгийн шинж байдал, үнэ болон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх талаар тодорхой тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.

            Иймээс талуудын хэн аль нь гэрээний үүргийг нөгөө талаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх дээрх эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь буруу болно.

            Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгч гэрээний үүргээс 24 000 000 төгрөг төлсөн үйл баримтад маргаангүй, харин гэрээнээс татгалзсан шалтгаан нөхцлийн талаар марган, мэтгэлцдэг. Хэргийн баримтаас үзвэл, талууд гэрээний хавсралтаар орон сууцны төлбөр төлөх хуваарь батлан 2016 оны 01 дүгээр сарын 15-нд 8 000 000 төгрөг, 3 дугаар сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөг, үлдэх 54 430 000 төгрөгийг орон сууц ашиглалтад ороход төлөхөөр тохиролцсон байна. /хх-12 дахь тал/ Хариуцагч нь нэхэмжлэгчийг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэх боловч нэхэмжлэгч Б.Д нь гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдрөө 8 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөг, 3 дугаар сарын 14-ний өдөр 8 000 000 төгрөг нийт 24 000 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 6-8 дугаар хуудсанд авагдсан орлогын тасалбараар нотлогдож байна. Харин орон сууцны барилга 2017 оны 9 сард ашиглалтанд орж улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч “НШ” ХХК-ийг гэрээний 2.6-д заасан буюу 2016 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

            Мөн хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр өөр этгээдэд худалдсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг үүснэ. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

            Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэн, хариуцагч “НШ” ХХК-аас алдангид 12 000 000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ. Учир нь хуулийн энэ зохицуулалтаар гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргээс анз тооцдог. Маргалдагч талууд гэрээнээс татгалзсан өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь эд хөрөнгө шилжүүлэн авах эрхээсээ татгалзан, оронд нь шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байгаа тохиолдолд алданги шаардах эрхгүй юм.

            Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж, дээрх алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

            Хэрэгт авагдсан баримтаар, шүүх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн сарын 16-ны өдөр мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасанд нийцжээ. Шүүх хуралдаан товлогдсон өдөр хариуцагч талаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаанаа “... ажил явдал гарсан, хүсэлтээ компанийн ажилтнаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаан эхэлсэн байсан учраас хүлээн аваагүй” гэж тайлбарласан нь нотлогдохгүй байна. Иймээс хариуцагч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд хүсэлтээ ирүүлээгүйн улмаас анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

            Хариуцагч “НШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалтай танилцуулсан баримт хэрэгт байхгүй байгаа боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн материалтай танилцсан тухай тайлбарлаж байх тул уг зөрчлийг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв.

             Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00340 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НШ” ХХК-иас 24 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “337 950” гэснийг “277 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Ч.ЦЭНД