| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0329/И |
| Дугаар | 341 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 341
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Дорноговь аймагт байрлах, “Х банк” ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт М.С,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Р.А нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 5,955,280 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Р.А, М.С нар нь 2019 оны 01 сарын 25-ны өдөр ЗГ201944294848 тоот зээлийн гэрээ байгуулан 8,100,000 / найман сая нэг зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,630,554 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,767,314 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,927 төгрөг нийт 4,402,795 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлийн судалгаанд үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого 2-уулаа орж судлагдсан. Зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан боловч зээлээ төлөхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас зээл төлөгдөхгүй өнөөдрийн байдлаар 104 хоног хугацаа хэтэрч байна. Үүнд: үндсэн зээл 5,469,446 төгрөг, хүү 485,834 төгрөг нийт 5,955,280 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч М.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... М.С миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус сум дахь Х банкнаас 8,100,000 төгрөгийн зээлийг Р.А-н хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулж авсан нь үнэн болно. Одоо 5,955,280 төгрөгний үлдэгдэлийг төлж барагдуулаагүй болно. Энэ хугацаанд би эрхэлсэн тодорхой ажилгүй болсон ба эхнэр А нь зуны 3-н сар хөдөлмөр эрхлээгүй учраас зээлийн хуваарьт төлөлт хэтэрсэн юм. Одоо банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Банкыг хохиролгүй болгоно...” гэжээ.
Хариуцагч Р.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Р.А нь Х банкны нэхэмжилсэн 5,955,280 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төгрөгийг төлж барагдуулж банкыг хохиролгүй болгоно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б би М.С, Р.А нарын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч М.С, Р.А нараас зээлийн гэрээний үүрэг нийт 5,955,280 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч М.С, Р.А нар нь зээлийн гэрээний үүрэг нийт 5,955,280 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Замын-Үүд салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,234 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 110,234 төгрөгийг төлөх хувиас 50 хувь хөнгөлж, 55,117 төгрөгийг, төрийн сангаас 55,117 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага 5,955,280 төгрөгийг хариуцагч М.С, Р.А нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,234 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 55,117 төгрөг, хариуцагч М.С, Р.А нараас 55,117 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Замын-Үүд салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н