Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/426

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/2023/0381/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Одончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Оросоо /зүүмээр/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** ***т холбогдох эрүүгийн 2318000000454 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй. 55 настай, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, *** намын ***  ажилтай, ам бүл 4, зхнэр 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух,

 

*** овогт *** *** /РД:***/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг Дархан сумын 12 дугаар багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд ***ыг ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэсэн эмх замбараагүй байдал бий болгосон гэх шалтгаанаар ***ыг өшиглөн зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хохирогч ***ын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,  гэрч *** мэдүүлэг, /хх-ийн 27-28 дугаар тал/, гэрч ***ын мэдүүлэг  /хх-ийн 30 дугаар тал/, гэрч ***ын мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/, гэрч ***ын мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/, гэрч ***гийн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,  Дархан-Уулаймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ганпүрэвийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 817 дугаартай дүгнэлт /хх-н 50-51 дүгээр тал/, хохирогч ***ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утасны камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын: “...2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *** намын даргаас гарсан шийдвэрийн дагуу ажлын хэсэгт 5 хүн томилогдсон. Дархан-Уул аймгийн *** намын даргын үүргийг гүйцэтгэх хүнийг шинээр томилсон шийдвэрийн дагуу Дарханд ирсэн. Гэхдээ 3 хоногийн өмнө ***д танилцуулчхаад ирсэн. Тэгээд ажлын хэсгийг ирэх үед *** намын гадна талд урьдчилаад сандал бэлдээд хүмүүсийг цуглуулчихсан байсан. Эхнээсээ эв зүйгээр ойлголцох гэж оролдсон ч бид нарыг огт хүлээж авахгүй, 2, 3 цаг маргалдсан. Дараа нь цагдаагийн албан хаагчид ирээд 2 цаг орчим ажигласан. Намын дотоод асуудал байсан учраас ойлголцохыг хичээсэн ч огт боломж олгоогүй. Анхнаасаа бид нар руу өндөг шидээд, гурил цацсан. Ажлын хэсэгт байсан ***ий гарыг хүртэл маажсан. Надад санаатайгаар хүн өшиглөсөн үйлдэл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *** нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 17 цагийн орчим, Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын худалдааны төв”-ийн урд ***ыг өшиглөж хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Хохирогч ***ын өгсөн “...Тухайн үед би ирсэн хүмүүсийн хэнээс нь ч ажил хүлээлцэх тушаал авахгүй зөвхөн ***өөс авна дүрмээр явмаар байна, дүрмийн хороогоор шийдүүлье гэсэн. Гэтэл үүнийг эрс зөвшөөрөхгүй намын байрны гадаа ирээд интернэтээр бичлэг хийж байгаад тушаал унших гэхээр нь би тушаал бичсэн цаасыг нь булааж авах гзсэн боловч би чадаагүй харин хажууд нь байсан манай нөхөр тухайн тушаалыг булааж авсан. Ингээд хүмүүс хоорондоо зодоон хийх гээд барьцалдаад зууралдаад байхаар нь ирсэн хүмүүст нь хандаж та нар одоо Улаанбаатар хот руугаа явцгаа, ***ийг ирэхээр учрыг нь олно бид бас өөрсдөө Улаанбаатар хотод очих болно гэж хэлэхэд бөөгнөрөлдөж байгаад *** гутлын өсгий хэсгээрээ миний зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа цохисон. Тэр үед өшиглөчихлөө гэдгийг хэлэхэд би өшиглөөгүй худлаа яриад бай гэж хэлсэн. Энэ үед *** ганцаараа ботинктой бусад нь кет болон пүүзтэй байсан. Мөн энэ үеийг *** бичлэг хийж байсан. Тухайн бичлэг дээр хүртэл *** намайг өшиглөсөн гэдэг нь харагдаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

 

- Гэрч ***ийн өгсөн “...Ингээд Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс намын байраа онгойлго гээд хүч түрж орох гээд байхаар нь *** дарга болон бид нар оруулахгүй гээд байж байсан. Ингэхэд *** даргын хажууд би болон бусад хүмүүсийн хамтаар байсан. Тэгээд Улаанбаатар хотоос ирсэн ажпын хэсгийнхнийг Улаанбаатар хот руу буц гээд байж байсан тэгтэл *** буцаад алхахдаа хөлийнхөө өсгийгөөр ***ын хөл рүү нэг удаа өшиглөсөн өөрөөр цохисон зсуудал байхгүй Тэр үед *** дарга миний хөл рүү өшиглөчихлөө гэж бас хэлсэн, тэр үед дахиад цагдаа нар ирэхэд бид нар болсон асуудлын талаар хэлсэн гэтэл эмнэлэгт үзүүлээд цагдаад очиж гомдлоо гарга гэсний дагуу *** дарга эмнэлэгт үзүүлээд буцаад цагдаад гомдол гаргасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

 

- Гэрч  *** өгсөн “...Тэгтэл хэсэг хугацааны дараа *** гэх залуу хажуудаа 3 хүнтэй хүрээд ирэхээр нь "намын байрны урд сууж байсан хүмүүс та нар жудлаа тушаал авч ирлээ зүгээр яваад өг" гэж хэлээд *** болон намын дарга *** бид нар *** болон ***тай хамт ирсэн 3 хүнийг намын байрнаас холд гэж хэлээд явж байтал *** нь *** даргын урд явж байгаад баруун хөлөөрөө ***ын зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа баруун хөлийнхөө өсгийгөөрөө өшиглөчихсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

 

- Гэрч  ***ын өгсөн “...Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед намын дарга ***, ***, бас миний танихгүй 10 орчим хумүүсийн хамт бид нар Дархан-Уул аймгийн *** намын үүрэг гүйцэтгэж байгаа *** гэж хүнээс намынхаа байр, тамга тэмдгийг хүлээж авах гээд Дархан сумын 12 дугаар баг Олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Дархан-Уул аймгийн *** намын төв байрны гадна очсон. Очиход *** эгч баахан эгч, эмээ нар гэсэн 14, 15-н хүнтэй намын байрны гадна үүдэн дээр сандал тавьчихсан сууж байсан. Тэгээд бид нарыг очингуут тэр хүмүүс шууд урдаас өндөг шидэж, гурил цацаад, хувцаснаас зуураад ална тална, намын байраа өгөхгүй зайлцгаа гээд маргаан болж баахан орилцгоосон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар тал/,

 

- Гэрч  ***ын өгсөн “...Тэгтэл хэсэг хугацааны дараа *** гэх залуу хажуудаа 3 хүнтэй хүрээд ирэхээр нь "намын байрны урд сууж байсан хүмүүс та нар худлаа тушаал авч ирлээ зүгээр яваад өг" гэж хэлээд *** болон намын дарга *** бид нар *** болон ***тай хамт ирсэн 3 хүнийг намын байрнаас холд гэж хэлээд явж байтал нхбаяр нь хүн нь *** даргын урд явж байгаад баруун хөлөөрөө ***ын зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа баруун хөлийнхөө өсгийгөөрөө өшиглөчихсөн юм.” гэх мэдүүлэг,/хх-ийн 32-33 дугаар тал/,

 

- Гэрч ***ын өгсөн “...Ингээд Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс намын байраа онгойлго намын байр луу оръё гэхэд бид нар дахиад оруулахгүй гээд үзэж байхад дахиад тэд нар хүч түрж орох гээд байхаар нь *** дарга болон бид нар оруулахгүй гээд байж байсан. Ингээд дахиад бужигнаад маргаан болоод байж байхад ***ыг *** дарга яв гэж хэлээд түлхэхэд *** эргэж шараад явахдаа хөлийнхөө өсгийгөөр *** даргыг өшиглөх шиг болсон. Би *** даргын хажууд байсан болохоор *** *** даргыг өшиглөж Байгааг би харсан. Ингээд *** өшиглөсний дараа *** дарга хөл руу өшиглөчихлөө гээд орилсон тэгээд хөлийнхөө зүүн талын шилбэний урд хэсгийг үзэхэд улаан хүрэн болж хавдсан байсан.” гэх мэдүүлэг,/хх-ийн 35-36 дугаар тал/,

 

- Гэрч ***ийн өгсөн “...Үүний дараа *** *** хоёр хэрүүл хийгээд байхаар нь би очиж болиулаад ***т та нар явчихвал энэ маргаан намдах гээд байна" гэдгийг тайлбарлаад зогсож байхад *** дарга "Та нар дуугай яв" гэж хэлээд ***ын баруун мөр луү 1 удаа түлхэхэд *** нь *** руу эргэж хараад /нуруугаа *** руу харуулсан байсан/ баруун хөлийн өсгийгөөрөө ***ын зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа тийрсэн. Тийрэхэд *** "Намайг өшиглөчихлөө" гэж хэлээд өмдний шуумгаа дээш татахад түүний шилбэний урд хэсэг нь зулгарсан байсан ба удалгүй хавдаад эхэлсэн. Энэ үеийг би гар утсаа цээжин хэсэг дэрээ бариад бичлэг хийгээд байж байсан ба болсон үйл явдлыг хараад зогсож байсан. Ингээд *** нь "Би ешиглөөгүй" гэж хэлээд Олон Улс худалдааны төвийн таксины зогсоол руу чиглээд явсан. Энэ үед *** даргын эргэн тойронд байсан хүмүүс бүгд резин ултай гуталтай байсан ба *** нь ганцаараа хар өнгийн хатуу ултай ботинктой гайсан.” гэх мэдүүлэг,/хх-ийн 38 дугаар тал/,

 

- Гэрч  ***гийн өгсөн “...Ажлын хэсгийн ахлагч ***, гишүүн ***, Дархан-Уул аймгийн *** намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон миний биеийг тэнд байсан хүмүүс цохисон. Мөн өндөг гэх нялцгай зүйлээр цохисон. Оногдсоноос хойш толгой дүйнгэтэж өвдөж байна. Мөн бөө удганаар хараалгана гэж заналхийлсэн. Тэр үед бид нарыг маш их хөөж тууж байсан. Ингээд цагдаа нар яваад егсний дараа ажлын хэсгийн дарга *** *** намын дарга Л.***ийн тушаалыг унших үед Дархан-Уул аймгийн *** намын даргын үурэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан *** тухайн тушаалыг булааж авах гэж оролдож булааж авч чадаагүй. Энэ үед Дархан-Уул аймгийн *** намын даргын үүрэг гүйцэггэгчээр ажиллаж байсан ***ын нөхөр гэх эрэгтэй ***аас тухайн тушаалыг булаан авч урж хаясан. Манай нам нь Улсын их хуралд суудалтай учир манай намаас гарч байгаа даргын тушаал шийдвэр төрийн эрх бүхий байгууллагын тушаал шийдвэртэй адилтгаж үздэг. Ингээд тушаал шийдвэр булааж авч урчхаад бид нарыг хөөж тууж эхэлсэн тэр дунд байсан *** гэдэг эгч миний толгой, хөл, гар луу удаа дараа цохисон. Мөн гараас базаж чимхсэн. Мөн ажлын хэсэгт байсан ***ийг *** хоолой амыг нь маажиж гарыг нь шалбалсан байсан. Тэнд байсан Дархан-Уул аймгийн *** намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүс учир зүггүй хэл амаар доромжилж зодох гэж дайрсан харин Дархан-Уул аймгийн *** намын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хүлээлцэх ажлын хэсэг ажил хүлээлцэх ажпыг аль болох эвээр шийдүүлэхийг хичээж, тэвчээртэй ажиллаж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42 дугаар тал/,

 

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Ганпүрэвийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 817 дугаартай

- Ц ***ын биед зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт,/хх-ийн 50-51 дүгээр тал/,

 

- Хохирогч ***ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утасны камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-15 дугаар тал/,

 

- Эд мөрийн баримт болох бичлэг бүхий 2 ширхэг си ди зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Одончимэг шүүх хуралдаанд: “Хэрэгт авагдсан нотлох баримт, эд мөрийн баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь хохирогчийн ***ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон. Видео бичлэгийг үзэхэд *** цаасыг авах үед *** нь шүдээ зуугаад баруун гараараа ёврох үйлдэл гаргасан. Мөн ***ыг “ёо ёо намай өшиглөчихлөө” гэх үед *** нь юу ч болоогүй юм шиг өөр тийшээ харж байсан. Энэ нь тухайн үед өөрийнхөө гэм буруугаа ойлгож, ухамсарласан гэж дүгнэж байна. Үнэхээр тэнцвэр алдаад өнгөрсөн бол *** би өшиглөөгүй гээд Олон Улсын худалдааны төвийн таксины зогсоол хэсэг рүү явах шаардлага байгаагүй. Тэр үед *** ганцаараа хар гуталтай байсан гэж тогтоогдсон. *** өөрөө ***ыг тэнцвэр алдахаар үйлдэлгүй хийгээгүй гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч *** нь нөхрийн хамт тухайн өдрийн үйлдлээс болоод Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан танхайрах зөрчлөөр шийтгүүлсэн. Тэр нөхцөл байдлын улмаас шүүгдэгч ***ыг ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл байдал бий болсон. Тиймээс шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцож, хохирогч ***ын нэхэмжлэлд дурдагдсан хохирол төлбөрийг гаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд: “Миний хувьд “си ди” бичлэгийг үзээд хохирогч ***ын балмад, бүдүүлэг үйлдлүүдийг хараад шокт орсон. Хүний ямар нэгэн таамаглалд үндэслэн гэм буруутайд гэж үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан 5 секундтэй бичлэгийг нотлох баримтаас хасуулах саналыг гаргаж байсан. Бид нар далдыг хардаг далай лам биш. Тухайн үед бүх хүмүүсийг зогсоож байгаад таньж олуулах ажиллагаа хийх ёстой байсан. Зөвхөн ***ыг хар гуталтай байсан гэж буруутгаж байгааг ойлгохгүй байна. Хуульч, эрх зүйч хүмүүс ёс суртахуунгүй хандаж болохгүй. Миний үйлчлүүлэгч эмэгтэй хүнтэй муухай харьцдаггүй гэх хувийн байдлыг нь тодорхойлсон байгаа. Итгэл бүхий, боловсролтой, соёлтой иргэн хүн юм. Өөрөө *** намайг түлхэхээр нь тэнцвэрээ алдсан юм болов уу гэж хэлсэн. Үүнийг мэдэн будилсан гэж дүгнэж болохгүй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг үг байдаг. *** гэх хүнийг үнэхээр муухай зэрлэг, балмад, дээрэлхүү, ухамсаргүй үйлдэл гаргаж байгааг бичлэгээс хангалттай харлаа. Төв *** намын даргын тушаалыг танилцуулах үед олон хүмүүсийг цуглуулж, өндөг шидэж, гурил цацаад хэл амаар доромжилж байгаа үйлдлийг үнэхээр ойлгоогүй. Тэгээд эрх олгосон албан баримт бичгийг булааж аваад устгасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрхий тогтоогдсон байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилсан. Мөрдөгч, прокурорын зүгээс хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй. Зөвхөн яллах талын баримталж мөрдөн шалгах ажиллагаа хийсэнд үнэхээр гомдолтой байна. Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байдаг. *** болон түүний нөхөр илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байхад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, ял завшуулж байгаа нь харамсалтай байна. Дархан-Уул аймагт хууль ийм ялгаатай үйлчлэх боломжгүй шүү дээ. Өмгөөлөгч, хуульч хүний хувьд үнэхээр гомдож, бухимдаж байна. Хүн бүхний бие, махбодын онцлог өөр учраас *** нь нэг удаа түлхэхэд тэнцвэрээ алдахгүй гэж тайлбарлах боломжгүй юм.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал), 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотолбол зохих байдлыг тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэг гэж зүйлчилсэн. Хэрвээ санаа зорилгогүйгээр хохирол учруулсан бол гэмт хэрэг гэж үзэхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Миний үйлчлүүлэгч *** намын дарга ***ийн гаргасан тушаал шийдвэрийн дагуу Дархан-Уул аймагт томилогдон ирсэн. ***тай ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Тухайн цаг хугацаанд ***ын хувьд хүмүүсийг цуглуулж, дайн байлдааныг удирдагч шиг урьдчилсан зохион байгуулсан ажиллагааг явуулсан видео бичлэгт тодорхой тусгагдсан байна. ***ын биед олон удаа халдаж, түлхсэн. Энэ бүхэнд миний үйлчлүүлэгч ямар нэгэн үйлдэл гаргахгүй тэвчээртэй хандаж байгаа нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч ***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо шүүх хуралдаанд “Хохирогч ***, түүний нөхөд тухайн цаг хугацаанд түрэмгий, хүч хэрэглэсэн, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Албаны үүргийн дагуу очиход гурил цацаж, өндөг шидэж, хэл амаар доромжилсон үйлдлийн хохирогч нь *** юм. Үүнийг прокурор хүлээн зөвшөөрсөн ч тусдаа зөрчлийг хэрэг гэж тайлбарласан. Шүүгдэгч ***ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулаагүй гэдэгт өмгөөлөгчийн зүгээс бат итгэлтэй байна. Улсын яллагчийн байр сууриас дүгнэхэд үнэхээр эргэлзээтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа нэг талыг баримталсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс бүгд хохирог нэг ашиг сонирхолтой хүмүүс юм. Хэрвээ ***ыг буруутай гэж үзвэл ***ын түлхсэн үйлдлээс тэнцвэр алдах үедээ өшиглөсөн болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1.1-т “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан. Хүний сэтгэхгүй өөрийгөө хамгаалах үйлдэл нь өөр өөр байдаг. Нэг хүнийг 7-8 хүн түлхэх үед тэнцвэрээ алдаж, хариу ямар ч үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Миний хувьд энэ хэргийг прокурорт буцаах саналтай байна. Шүүх бүрэлдэхүүнийг хохирогчийн санаатай үйлдэл байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Шүүгдэгч ***тай хамт явж байсан хүмүүсээс мэдүүлэг аваагүй нь нэг талыг баримталсан бөгөөд ***ыг гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог.

 

Энэхүү үйл баримтаар шүүгдэгч *** нь хохирогч ***ын зүүн шилбэнд өөрийн баруун хөлийн өсгий хэсгээр санаатайгаар өшиглөх үйлдэл хийж гэмтэл учруулсан болох нь эд мөрийн баримт болох “си ди” бичлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Хэдийгээр шүүгдэгч ***ын өмгөөлөгч нарын зүгээс “тухайн өшиглөх үйлдлийг санаатайгаар хийгээгүй, түлхэгдэх явцад өөрийн санаа зорилгоос үл хамааран үйлдэл хийгдсэн” гэж мэтгэлцсэн боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн си ди бичлэгийг шинжлэн судалж, дүгнэхэд “шүүгдэгч нь баруун хөлөө хойш буюу өөрийн түлхэгдэж буй чигээс эсрэг зүгт тийрсэн, улмаар өсгий хэсгээр хохирогчийн биед халдсан” болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь шүүгдэгчийн өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч ***ын биед хөнгөн хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ***ын үйлдлийн улмаас хохирогч ***ын биед “зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 817 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

 

Харин гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хохирогчийн зүй бус, хууль зөрчсөн үйлдэл, түүнээс улбаалан, тухайн үед үүссэн шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 93/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 113/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

 

2.Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

Хохирогч *** нь баримтаар гаргасан эмчилгээний зардалд 1,606,188 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 7,144,500 төгрөг нийт 8,750,688 төгрөг нэхэмжилсэн.

 

Шүүхээс хохирогчийн хохирол төлбөртэй холбогдуулан гаргаж өгч, хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан төлбөрийн баримтууд /хх-ийн 137-142/-ыг шинжлэн судлахад “шатахуун авсан” гэх, нийт 5 баримт бүхий 334,475 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”гэж,

          230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заасан.

 

          Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл “хоёрдугаар” зэрэглэлд багтаж байна.

 

          Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр тооцож олгуулахаар заасан.

         

          Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн гэм буруутай байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***аас хохирол төлбөрт 1,271,713 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөгийг, нийт 4,571,713 төгрөгийг гаргуулж, хохирогч ***д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 4,178,975 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв байна.

 

3.Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт *** ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар үүгдэгч ***аас хохирол төлбөрт 1,271,713 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 3,300,000 төгрөг, нийт 4,571,713 /дөрвөн сая таван зуун далан нэгэн мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч ***д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 4,178,975 /дөрвөн сая нэг зуун далан найман мянга есөн зуун далан тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ