| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0328/И |
| Дугаар | 325 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К банк ХХК-ний нэхэмжлэлтэй Э.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Б овогт Э.Б, О овогт Б.Б нар нь К банктай 2019 оны 06 сарын 20-ны өдөр 3016-19766 тоот Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 80,000,000.00 /Наян сая/ төгрөгийн ачааны автомашин худалдан авах зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан билээ. Зээлийн барьцаанд О овогт Б.Б, Ж.Э нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн ... дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2-р багт байрлах 56 м.кв талбайтай хувийн орон сууц, О овогт Б.Б эзэмшлийн ... тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, ... нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, Замын-Үүд сумын гэр, орон сууц хашааны газар, ... улсын дугаартай, хар өнгийн HOWO маркын зүтгүүр, ... улсын дугаартай, улаан өнгийн Јidong маркын чиргүүл, ... улсын дугаартай, улаан өнгийн Shaanxi маркын зүтгүүр, ... улсын дугаартай, улаан өнгийн Northbenz маркын зүтгүүр зэргийг тус тус барьцаалсан болно. Дээрх гэрээнүүдэд талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан. Гэвч зээлдэгч Э.Б болон хамтран зээлдэгч Б.Б нар нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсэн. Зээлдэгчидтэй утсаар холбогдож зээлийн зөрчлөө төлж барагдуулахыг шаардах зорилготой албан мэдэгдэл хүргүүлэхээр зээлдэгчийн зээл авах үедээ бүрдүүлж өгсөн оршин суудаг тухай тодрохойлолтод тусгасан хаягт нь очиход тухайн хаягтаа оршин суухгүй, байхгүй байна. Иймд зээлдэгч Э.Б-н бүртгэлтэй оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас тус банк шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн Э.Б-г эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э.Б, Б.Б нар нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус банкнаас 80,000,000.00 төгрөгийн ачааны автомашин худалдан авах зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд Б өмчлөлийн Улсын бүртгэлийн хувийн орон сууц, Баярсайханы эзэмшлийн гэр, орон сууц хашааны газар, хар өнгийн зүтгүүр, улаан өнгийн чиргүүл, улаан өнгийн зүтгүүр 2 ширхэг, зэргийг тус тус барьцаалсан. Зээлдэгч энэ оны 02 сараас хойш зээлийн зөрчил гаргаж эхэлсэн. Үүнээс хойш бид нартай холбогдохгүй, хаягаар нь очихоор байхгүй. Хамтран зээлдэгчтэй нь холбогддог. Үндсэн зээлдэгч Б зээлээ төлөхгүй байж байгаад 2020 оны 06 сард зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилсөн. Гэвч энэ хугацаанаас хойш дахин холбоогүй болсон. Эрэн сурвалжлуулж байгаа гол шалтгаан нь зээлийн зөрчлийг арилгуулах. Мөн зээлийн барьцаанд байсан авто машинуудыг бусдад дамжуулан худалдаалсан байх магадлалтай байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Хамтран зээлдэгчид нь мэдэгдэл шаардлага явуулж түүнийг хамтран зээлдэгч хүлээн авч гарын үсэг зурдаг. Үндсэн зээлдэгчтэй ганц ч удаа холбогдоогүй, утас нь асаалттай байдаг боловч утсаа авдаггүй. Гэр бүлийн хүмүүстэй нь холбогдож чадахгүй байгаа. Зээл авах үедээ бүртгүүлсэн утасны дугаарууд нь холбогдохгүй байдаг. Найз нөхдөөр нь дамжуулах байдлаар хайж байна. Эрээн хот хооронд яваад байгаа гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Э.Б нь хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Э.Б К банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б нь тус банкнаас 80,000,000 төгрөгийн зээл аваад уг зээлийг төлөлгүй байнгын оршин суугаа газраасаа явж, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй, алга болсон нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б нь хаана байгаа нь тодорхойгүй, оршин суугаа газартаа байхгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь тогтоох, эрэн сурвалжлах ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б-г мэдэж байж болох хүмүүс найз Г, машинаа бусдад худалдаалсан байж болзошгүй гэх хүн Ө.Ө утас нь ..., эгч гэх В.Н утас ...
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Э.Б-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Б-г эрэн сурвалжлах ажиллагааг Дорноговь аймаг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц