Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ж.Т-н нэхэмжлэлтэй, Ж.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Ж.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би Ж.Б-тай 2013 оноос 2019 оны 07-р сарын 13-ны өдрийг хүртэл амьдралаа холбож улмаар 3 хүүхдийн ээж аав болсон. Гэтэл Ж.Б нь 2019 оны 7-р сарын 13-ны өдөр 3 хүүхэд, ханиа орхиод ажилдаа явлаа гэж гараад одоог хүртэл сураггүй. 3 хүүхэд, ханиа орхиж, амьдралаа бодоод хаяаад явсан. Одоо хаана байгаа гэдгийг мэдэхгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон тул эрэн сурвалжилж хаягыг нь тодруулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б-тай 2013 онд гэр бүл болсон. Гэр бүл болсоноос хойш одоо 3 хүүхэдтэй болсон. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас гурван хүүхэд эхээрээ овоглосон. 2019 оны 07 сарын 05-ны өдрөөс хойш Б ор сураггүй алга болсон. Одоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд хүнтэй суугаад тэнд  амьдарч байгаа сурагтай. Хүүхдүүдийнхээ овгийг сольж, өөр дээрээ болгох, тэтгэлэг тогтоолгох гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тоггтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:       

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Ж.Б нь хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “би Ж.Б-с зөвшөөрөл авч хүүхдүүдийнхаа овгийг солиулж, тэтгэлэг тогтоолгон хууль ёсны асран хамгаалагч болж, хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол хамруулах шаардлагатай байгаа боловч хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа юм” гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б нь 2019 оны 7-р сарын 13-ны өдрөөс эхлэн байнгын оршин суугаа газраасаа явж, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй, алга болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б нь хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж,оршин суугаа газрыг нь олж тогтоох, эрэн сурвалжлах ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар татагдвал зохих этгээд болох Б овогт Ж.Б-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.Б-г эрэн сурвалжлах ажиллагааг Дорноговь аймаг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-т зааснаар нэхэмжлэгч Ж.Т нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.Ц