Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 338

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Т банкны Дорноговь салбар

Хариуцагч: Дорноговь аймаг Өргөн сумын 2-р багт оршин суух, Х ургийн овогт Э.М,

Хариуцагч: Дорноговь аймаг Өргөн сумын 2-р багт оршин суух, Х ургийн овогт Д.Э нарт холбогдох нотариатын зардал 11,500 төгрөг, үндсэн зээл 10,200,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,963,658.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,879.40 төгрөг, нийт төлбөр 12,198,146.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Э.М, хамтран зээлдэгч Д.Э нар нь Т банкны өргөн тооцооны төвөөс 2019 оны 05 сарын 21-ны өдөр 43 тоот зээлийн гэрээ байгуулан 11,200,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 24 хувийн хүүтэй , 23 сарын хугацаатай 6 сар тутам нэг удаа 4 хувааж төлөх нөхцөлтэйгээр авсан болно. Зээлийн барьцаанд Өргөн сумын 2-р багт байх 396 толгой мал, 5 ханатай гэр, зурагт тогоо станц /иж бүрэн/ барьцаалсан. Зээлдэгч Э.М 2020 оны 04 сарын 15-ны өдөр хуваарийн дагуу 5,579,200 төгрөгийн төлөлт хийх байсан боловч гэрээний дагуу зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1, 3.2.9, 3.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд зээлийн төлбөрийг огт төлөлгүй үндсэн зээлээс 145 хоног хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээний 6.2.1, 6.2.3, 6.3 дахь заалтуудыг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлдэгч Э.М, хамтран зээлдэгч Д.Э нараас нийт 12,198,146.30 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.М, Д.Э нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“... Э.М, Д.Э нарт холбогдуулан гаргасан 12,198,146 төгрөгний мөнгөн дүнгийн нэхэмжлэлийг миний бие Э.М нь 2020 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 1,000,000 төгрөг Т банкинд төлөхөөр тохиролцсон болно. Тиймээс тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Т банкны Дорноговь салбар нь хариуцагч Э.М, Д.Э нарт холбогдуулан нотариатын зардал 11,500 төгрөг, үндсэн зээл 10,200,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,963,658.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,879.40 төгрөг, нийт төлбөр 12,198,146.30 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М, Д.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нотариатын зардал 11,500 төгрөг, үндсэн зээл 10,200,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,963,658.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,879.40 төгрөг, нийт төлбөр 12,198,146.30 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т банк Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М, Д.Э нарт холбогдох нотариатын зардал 11,500 төгрөг, үндсэн зээл 10,200,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,963,658.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,879.40 төгрөг, нийт төлбөр 12,198,146.30 төгрөгийг тус тус гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М, Д.Э нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,120 төгрөгийн 50 хувь болох 105,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 105,060 төгрөгийг, хариуцагч Э.М, Д.Э нараас 105,060 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк Дорноговь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Э.М, Д.Э нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                  Д.Ц