Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0443

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Э-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Нэхэмжлэгч: А.Э

Хариуцагч: Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 тоот “Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон тусгай хэрэгцээний газрын тухай” тогтоолын иргэн А.Эн эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 119/ШШ2026/0037 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 119/2026/0023/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Э-ас Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 тоот “Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон тусгай хэрэгцээний газрын тухай” тогтоолын иргэн А.Э-н эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 119/ШШ2026/0037 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: нэхэмжлэгч А.Э-н Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 тоот “Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон тусгай хэрэгцээний газрын тухай” тогтоолын иргэн А.Э-н эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.6, 2.7, 2.8, 2.9- заалтууд Захиргааны шүүхийн хянасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн үндэслэл гаргаж нотлох баримт цуглуулсан анхан шатны шүүх алдаатай шийдвэр гаргахад нөлөөлөв. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.1... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 20.1.2. “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах," гэж зааснаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаартай тогтоолоор Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг баталсан нь хууль зөрчөөгүй, уг төлөвлөгөөний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь алдаатай байна. Дээрхи үндэслэх нь хэсгийн агуулгаар бусдын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий хүчин төгөлдөр газар эзэмших гэрчилгээтэй газрыг өмчлөгч, эзэмшигчээс зөвшөөрөл авалгүй нөхөн олговоргүйгээр булаан авч, газар зохион байгуулалтын төвлөгөөнд тусгасан захиргааны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан хууль бус захиргааны актыг анхан шатны шүүх зөвтгөсөн нь ойлгомжгүй байна.

Үндэслэх нь хэсэг нь 3.3-т заасны дагуу Газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д "20.2. Аймаг, Сум, Нийслэл, Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 20.2.5. “тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу Иргэдийн төлөөлөгчдийн Хурал -д өргөн мэдүүлэх”, 20.1.4-т "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 20.1.4. “эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олгох шийдвэр гаргах," гэж зааснаар зохих шийдвэр гарган хэрэгжүүлэхээр хуульд заажээ...” гэж Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас илүү эрх мэдэлтэй байгууллага мэт Газрын тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж захиргааны байгууллага хууль бус үйлдэл Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхэнд халдсан үйлдлийг мөрдөн шалгах зарчим хэрэгжүүлж зөв шүүхийн шийдвэр гаргасангүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт талуудын мэтгэлцээн Газрын тухай хуулийн 42-р зүйл гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах 42.1, 42.2, 42.3 заалтыг зөрчсөнөө хариуцагч тал зөвшөөрөөд нэхэмжлэгч тал зөрчсөнийг тодорхой баримт гарган тайлбарласан байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх анхаарч шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдсангүй.

 Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч А.Э-ас Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаар “Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон тусгай хэрэгцээний газрын тухай” тогтоолын иргэн А.Э-н эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

  3. Маргааны үйл баримтын тухайд

  3.1. Нэхэмжлэгч А.Э нь ЧХХК-ийн эзэмшилд байсан 288 м.кв талбай бүхий оператор оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан тул уг үл хөдлөх хөрөнгө байрлах Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар багийн Улсын чанартай А1002 замын урд байрлах нэгж талбарын 6103743507 дугаар бүхий 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/369 дугаар захирамжаар А.Э-д шилжүүлэн эзэмшүүлсэн.

  3.2. Уг газар эзэмших эрхийн 3 жилийн хугацаа дуусах үед 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр А.Э-ас газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасан боловч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 385 тоот албан бичгээр хуульд заасан хугацааны дотор хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзсан байна.

  3.3. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарны 22-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор Орхон аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг баталсан.

  3.3. Уг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон газартай нэхэмжлэгч А.Э-н эзэмших эрх бүхий 700 м.кв газар давхцалтай, энэ үйл баримттай талууд маргаагүй.

  4. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, ... хэлэлцэн батлах”, 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж тус тус заасны дагуу тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлах бүрэн эрхтэй байна.

 5. Гэвч ийнхүү баталсан төлөвлөгөөнд А.Э-н “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоогдсон энэхүү маргааны тохиолдолд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-т “газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу тусгай хэрэгцээнд авах газар нь бусдын эзэмшилд байгаа тохиолдолд газар эзэмшигчтэй харилцан тохиролцохоор зохицуулжээ.

6. Мөн Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана” гэж заасны дагуу бусдын эзэмшил бүхий газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахдаа тус газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгах ба энэ шийдвэрийг гаргахдаа газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсон байх агуулгатай байна.

7. Түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд 16.1-д ”Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна”, 16.1.17-д “нийтийн эдэлбэр газар” байхаар нэмсэн. Уг нэмэлтээс өмнө нийтийн эдэлбэр газрыг тусгай хэрэгцээний газарт хамруулаагүй байх цаг хугацаанд нэхэмжлэгч уг газрыг эзэмших эрхтэй болсон.

Үүнээс үзэхэд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” бүхэн эрх хариуцагчид олгогдсон байна.

 8. Гэтэл Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарны 22-ны өдрийн 12/03 дугаар тогтоол батлагдах үед нэхэмжлэгч А.Э-н газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй, тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байсан бөгөөд хариуцагчаас тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшигч А.Э-тай харилцан тохиролцож, санал авсан эсэхийг тодруулаагүй нь буруу.

 9. Учир нь хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдал буюу бусдын эзэмшил газрыг тусгай хэрэгцээнд авах эсэх, газрыг солих эсхүл нөхөн олговортойгоор авах боломжтой эсэх, уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэх талаар судалж, маргаан бүхий шийдвэр нь газар эзэмшигчийн эрх, хууль ёсны сонирхлыг хөндөж байгаагийн хувьд түүний газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх эсхүл хуульд нийцүүлэн шийдвэрлэн ирүүлэхийг тухай шатны Засаг даргаас шаардах ёстой.

 10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан.

11. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг бүрэн тодруулж, шийдвэр гаргах ажиллагааг хуульд нийцүүлэн дахин явуулах замаар уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байх тул маргаан бүхий Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарны 22-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор батлагдсан “Орхон аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө”-ний “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон хэсгийн нэхэмжлэгч А.Э-н газартай давхцалтай хэсгийг дахин шинээр акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

12. Хэрэв шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу маргаан бүхий актын нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсэг хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 119/ШШ2026/0037 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-т заасныг тус тус баримтлан Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор батлагдсан “Орхон аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө”-ний “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон хэсгийн нэхэмжлэгч А.Э-н газартай давхцалтай хэсгийг хариуцагчаас дахин шинээр акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж,

2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 /зургаан/ сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор батлагдсан “Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөний “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон хэсгийн  А.Э-н эзэмшил газартай давхацсан хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.” Гэж нэмж, 2 дахь заалтыг 3 болгож шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                М.ЦЭЦЭГМАА

 

    ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН