Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/02105

 

  2020            08           05                                                       183/ШШ2020/02105

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........... тоотод байрлах Д СӨХ /РД:000000/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... тоотод оршин суух Б овогт П.С /0000000/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ............. тоот хаягт оршин суух Т шавь овогт Ч.Б /000000000/ нарт холбогдох

 

СӨХ-ны төлбөр 5 759 694 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч болон хариуцагч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, гэрч Э.Э,  нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д СӨХ нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн ........... хүртэл орон сууцны байрны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Тус хотхоны 0 тоотод оршин суудаг П.С, Ч.Б нар нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2 876 392 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 онд 4 284 398 төгрөг бүтэн төлөөгүй, 2016 онд 187 996 төгрөгийн илүү төлөлттэй, 2017 он бүрэн төлөлттэйгөөр, 2018 онд 310 340 төгрөгийн үлдэгдэлтэй, 2019 онд 522 180 төгрөгийн үлдэгдэлтэйгээр, ингээд нийт 5 759 694 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх тус газрын зохион байгуулагч, гэрч Эийн тайлбарыг дэмжиж байна. Илүү төлөлт хийгдсэн гэх баримтуудын зарим нь юнивишн, цахилгаан болон орон сууцны конторт төлөгдсөн байхыг шүүх анхаарах хэрэгтэй. Түүнчлэн энэ СӨХ нь 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ба 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дангаараа төлбөрөө аваад явдаг болсон, урьд нь орон сууцны контортойгоо цуг явдаг байсан учраас байрны мөнгө хурааж явдаг байсан тул тийшээ орсон төлбөрөө дундын ашиглалтын талбайн зардалтай холиод яваад байгаа харагдсан. Тогтмол 300 000 төгрөг байдаг ба дээр нь хувьсах зардал, мөн томоохон зардлууд нийт айлуудад хуваагдаж зарим сард өөр өөр байдлаар үнийн дүн гардаг. Хараат бус аудитын тайлан болоод манай шүүхэд гаргаж өгсөн шаардлагаа тодруулснаас сар бүрийн задаргаа харагдана, амьдардаг мөртлөө ашиглалтын зардлаа төлөхгүй байгаа тул шүүх нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч П.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдөр л шүүх хуралдаан дээр тодорхой байдлаар сонсож байна. 2014 оны үлдэгдэл 296 711 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд 2015 онд 8 удаагийн төлөлтөөр 10 228 885 төгрөгийг, 2016 онд 9 631 802 төгрөгийг, 2017 онд 3 920 539 төгрөгийг, 2018 онд 4 452 747 төгрөг нэхэмжилснээс 3 309 138 төгрөгийг төлсөн, шүүхэд интернэт банкаар төлсөн төлөлтөө гаргаж өгөхөө мартсан байна, 2019 онд 4 307 141 төгрөг нэхэмжилснээс 3 785 000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Ингээд 26 240 133 төгрөгийн төлөлт хийснээс нэхэмжлэгчийн тооцоолсныг би шударгаар хүлээн зөвшөөрч 7 141 000 төгрөгийг цахилгаан, юнивишн, конторт төлсөн гэж үзээд хасахад 1 1915 261 төгрөг илүү төлчхөөд байна. Иймээс хүлээн зөвшөөрөхгүй гэв.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгч үндсэндээ шаардлагаа тодорхойлж чадахгүй байна, СӨХ-ны төлбөр өөрчлөгдөөд байна гээд л байдаг мөртлөө баримт байхгүй, харин ч хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар илүү төлөлт байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн тул шүүх шийдвэртээ илүү төлөлтийг гаргуулахаар шийдвэрлэх юмуу ирээдүйд гарах зардалд шингээж өгнө үү  гэв.

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Д СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч  Д СӨХ-г 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр  Хан-Уул дүүргийн Засаг дарга бүртгэж, 18/94 дугаартай гэрчилгээ хэрэгт авагджээ. Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар тус холбоо байгуулагдсан байна.

 

           Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үлдэгдэл /хэдэн оноос эхэлсэн нь ойлгомжгүй/, түүнээс хойшхи 2019.12.25-ны өдөр хүртэлх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 5 759 694 төгрөгийг гаргуулахыг хүссэн, харин хариуцагч  П.С, Ч.Б нар нь  дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй.

 

           Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй,  мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул Д СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3. дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой байна.

 

            Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.  

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2017-2019 онуудын төлбөрийн үлдэгдэл болох 310340+522180 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэлээ. Гэрч Э.Эийн мэдүүлснээр хариуцагч нар нь 2017 онд төлбөрийн үлдэгдэлгүй, 2018 онд 310 340 төгрөгийн, 2019 онд 522 180 төгрөгийн үлдэгдэлтэй гэснийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.

Учир нь хавтас хэргийн 233 дугаар талд авагдсан баримтаас харахад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд 3 619 478 төгрөгийг нэхэмжилснээс 3 309 138 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 310 340 төгрөг төлөгдөөгүй байна. Үүнийг хариуцагчийн гаргаж өгсөн төлөлт хийсэн гэх баримтуудтай тулгаж үзэхэд хариуцагч нь /хх-219 хуудас/ 2018.04.25-ны өдөр 340 000 төгрөг, 2018.03.09-ны өдөр 409 509 төгрөг, 2018.01.29-ний өдөр 584 991 төгрөг2018.04.25-ны өдөр 40 000 төгрөг, 2018.08.08-ны өдөр 60 000 төгрөг, нийт 1 398 500 төгрөг төлснөөс 2018.04.25-ны өдөр төлсөн 40 000 төгрөг нь цахилгаан эрчим хүчний төлбөрт /хх-203/, 2018.08.08-ны өдөр төлсөн 60 000 төгрөг нь /хх-202 хуудас/ цахилгаан эрчим хүчний төлбөрт, 2018.01.29-ний өдөр төлсөн 584 991 төгрөгийн төлөлтөөс /хх-196/ 309 660 төгрөг нь сууц өмчлөгчдийн холбоонд төлөгдсөн, 2018.03.09-ний өдөр төлсөн 409 509 төгрөгөөс /хх-194/ 309 592 төгрөг нь сууц өмчлөгчдийн холбоонд төлөгдсөн байна. Эндээс дүгнэхэд  2018 онд нэхэмжилсэн 3 619 478 төгрөгөөс гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтаар 3 309 138 төгрөг төлөгдсөн, хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар 1 334 500 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгчийн үлдэгдэл гэх 310 340 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Харин 2019 онд төлбөр төлж байсан талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ оны үлдэгдэл 522 180 / хх-234 хуудсанд байгаа бөгөөд 2019.01.25-2019.12.25-ны өдрүүдэд 4 407 180 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч 3 685 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл нь 522 180 төгрөг/ төгрөгийг нэмж нэгтгэн хариуцагч нараас 832 520 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

 

               Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”,  75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж  заасан тул  үлдэх 4 927 174 төгрөгийг / 2014-2016 он/  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т  зааснаар хариуцагч П.С, Ч.Б нараас  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд  832 520 /найман зуун гучин хоёр мянга таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д СӨХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 24 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д СӨХ-нд олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ                                      О.ЧУЛУУНЧИМЭГ