Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/02118

 

  2020            08           10                                                       183/ШШ2020/02118

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, ........... тоот хаягт байрлах Х ББСБ ХХК /0000000/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, ........... тоот хаягт оршин суух И овогт Ж.С /0000000/-т холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 548 840 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Х ББСБ ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэн И овгийн Ж.Стэй ЗГ-17/01/02 тоот зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгчийн Хаан банк дахь Ж.Сийн 5212013173 тоот дансанд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 200 000 000 төгрөгийг шилжүүлж, зээлдэгч зээлийг хүлээн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр БГҮ-17/01/02А тоот Барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээгээр зээлдэгч Ж.Сийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Нийслэлийн БГД-ийн ............ тоот хаягт байршилтай, 190.7 м.кв талбайтай оффисийн зориулалттай Ү-0000000000 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бариулсан. Зээлдэгч Ж.С нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн үүрэгт 2 сарын хүү буюу 18 000 000 төгрөг төлсөн. Ингээд 2017 оны 12 сараас хойш зээлийн хүү төлөөгүй тул удаа дараа сануулж байсан боловч зээлийн гэрээний зөрчлөө арилгахгүйгээр 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлдэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч “Санхүүжилт хийгдэж байгаа, удахгүй Хятад улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ” гэх мэтээр шалтаг хэлж өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр барагдуулахгүй тус ББСБ-д эрсдэл учруулаад байна. Ингээд 2019 оны 6-р сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагч дурдсан хаяг дээр байхгүй оршин суудаггүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт” гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн захирамж гаргасан. Тухайн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “Эрэн сурвалжлах ажиллагаа” хийгдэж, иргэн Ж.С нь Хан-Уул дүүргийн ................ тоотод эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, байнга оршин суудаг” болохыг тогтоож тодорхойлолт гаргаж уулзалт хийж баталгаажуулан надад мэдэгдсэний дагуу шүүгчийн захирамж, цагдаагийн тодорхойлолтыг нотлох баримтаар хавсарган дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч энэ хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс эргэн төлөлт огт хийгээгүй тул олгосон 200 000 000 төгрөг, зээлийн хүү төлөгдөөгүй бүтэн 25 сарын хугацааны хүүд 225 000 000 төгрөг /сарын 4,5 хувь/, нэмэгдүүлсэн хүү 45 000 000 төгрөг /хүүгийн 20 хувь хүртэлх/, нийт 470 000 000 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Ж.Сээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар 470 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Барьцааны гэрээний зүйл болох барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг хангахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ковид 19 цар тахлын улмаас аж ахуй нэгжүүдийн хэвийн ажиллагаа зогсож, гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй болсон ба манай хөрөнгө оруулагч мөн адил орж ирж чадахгүй байна. Мөн засгийн газраас арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн хүүг хөнгөлж, хугацааг сунгаж байхад “Х ББСБ” ХХК засгийн газрын шийдвэрийн эсрэг арга хэмжээ авч байна. Уг иргэний хэрэг нь хариуцагчаас болж удсан зүйл байхгүй бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх хуваарилагдсан Эрдэнэчимэг шүүгч хурал хийхэд нэхэмжлэгч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж хойшлуулсан бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл өөр өөр шүүгч дээр хуваарилагдсаар хойшлогдсон. Иймд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх талуудын тайлбар болон нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ-17/01/02 тоот Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Х ББСБ” ХХК нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 200 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэхээр зээлдэгч  Ж.Стэй харилцан тохиролцсон байна. Мөн өдөр “Х ББСБ” ХХК нь Ж.Стэй Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны БГҮ-17/01/02А  тоот гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 46 байр 1005 тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулсан болох нь талуудын тайлбар, хэргийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

          Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Ст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200 000 000 төгрөг, зээлийн гэрээний хугацаан дахь буюу 2017.09.04-2018.03.04-ний өдрийг хүртэлх хүүнд 36 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 2018.03.04- 2020.06.30ны өдрийг хүртэлх хүүнд 290 700 000 төгрөг /2017 оны 9 ба 10 сарын хүү 18 000 000 төлөгдсөнийг хассан, нэмэгдүүлсэн хүү 58 140 000 төгрөг, нийт 548 840 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.С нь нэхэмжлэлээр шаардаж буй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргасан буюу үндсэн зээл 200 000 000 төгрөг, гэрээний хугацаан дахь хүүний үлдэгдэл 36 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрдөг.

 

         Зээлдүүлэгч нь 200 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байгаа нь хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогддог ба хариуцагчийн өмгөөлөгч нь уг баримтан дээрхи шилжүүлэгчийн дансыг нэхэмжлэгчийнх мөн эсэхэд эргэлзээтэй гэх боловч уг баримтанд буй 0000000000 тоот ХААН банкны данс нь хавтаст хэргийн 6 дахь талд буй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд буй дансны мэдээлэлээр эргэлзээгүй батлагдан, тогтоогдож байгаа болно.

 

         Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх...”, Банк болон эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч тал төлөөгүй хугацааны хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүх гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүүнд 36 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 2018.03.04-ний өдрөөс шүүхэд хандах өдрийг хүртэлх буюу 2019.12.18-ны өдөр хүртэл 21 сарын /21 сар*9 000 000 төгрөг/ хүүнд 189 000 000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд үндсэн хүү 36 000 000 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 7 200 000 төгрөгийг гаргуулж, үлдэх 116 640 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Учир нь нэхэмжлэгч шүүхэд хандсанаар тухайн гэрээг цуцлагдсанд тооцох ба цуцлагдах хүртэлх хугацаанд гэрээний үүрэг хэвээр хадгалагдах тул шүүх нэхэмжлэгчийг 2019 оны  12 дүгаар  сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд хүү  шаардах эрхтэй гэж үзлээ.

           Иймд шүүх үндсэн зээл 200 000 000 төгрөг, гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүүнд 36 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 189 000 000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 7 200 000 төгрөгийг, нийт 432 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

           Түүнчлэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны БГҮ-17/01/02А тоот гэрээгээр Ж.Сийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж 46 байр 1005 тоот хаягт байрлалтай 190,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 432 200 000  төгрөг гаргуулж, Х  ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар  Ж.С-ээс  433 200 000  /дөрвөн зуун гучин гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж, Х ББСБ ХХК-д олгосугай.

2. Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1  дэх хэсэгт зааснаар Ж.С-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ........... тоот хаягт байрлалтай 190,7 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 432 200 000  төгрөг гаргуулж, Х  ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 130 350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 228 200 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ж.С-ээс 2 318 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х  ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ                                          О.ЧУЛУУНЧИМЭГ