Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2018/0628

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У.Ч

 

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын байцаагч Т.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Ч , хариуцагч Т.Б, нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч У.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Б овогтой Уын Ч миний бие 2018 оны 02 дүгээр сард хууль ёсны дагуу ***** тоот хаягт байрлах * тоот улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай автомашины 1 тоот зогсоол, мөн хаягт байрлах * тоот улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв автомашины 2 тоот зогсоолыг нэг бүрийг нь 15,000,000 төгрөгөөр худалдан авсан юм.

 

Миний бие гэр бүлийн хамт амралтын өдрүүдээр Найрамдалд байрлах орон сууцандаа очих болгонд авто зогсоолд минь өөр хүний машин байнга тавигдсан байдаг байсан. Нийт 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан авто зогсоолдоо ганц ч удаа өөрийн авто машинаа байрлуулж үзэлгүй байж байгаад аз таарч нэг өдөр байрлуулах завшаан олдсон юм. Маргааш нь машинаа гаргахад машины баруун доод хэсэгт урт хэмжээтэйгээр халцарсан байсан. Граж дотор скүүтер болон дугуй унаж байсан хүүхдүүдээс лавлан асуухад нэг хүүхэд дугуй унаж байгаад таны машиныг мөргөчихсөн гэхээр нь миний хүүхдүүдээс ялгаа юу байхав мөн нэг байранд амьдарч байгаа хүмүүстэйгээ хэл ам хийгээд юу гэхэв гээд өөрийн мөнгөөр засч янзлуулсан. Ийм асуудал дахин давтагдаад байвал хэцүү юм гэж бодсоны дээр М ХХК-иас тухайн 2 зогсоолыг авахдаа, барилгыг барьсан ерөнхий инжернэрээс хамгаалалтын хана барьж болно гэсэн аман зөвшөөрөл авсан байсан учир хамгаалалтын хана зогсоолынхаа 2 талдаа барьсан.

 

Үүний дараагаар Г.О гэх эмэгтэй учир шалтгаангүйгээр мөнгө нэхэж, өөрийн зогсоолыг худалдан авахыг шаардсан. Хариуд нь би олон зогсоолын шаардлага манайд хэрэггүй гэж хэлсэн боловч хэл амаар доромжилж, авто зогсоолдоо өрсөн ханыг нураалгахаар Мэргэжлийн хяналтын газарт гомдол гарган тус газар нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гомдлыг М ХХК-иар хангуулахаар албан шаардлага гаргасан нь Үндсэн хуульд заасан өмчтэй байх эрх болон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь нь бусад этгээдэд хууль буюу гэрээгэр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан өмчлөх эрхийг минь зөрчиж байна. Г.О гэх хүний үйлдэл нь нь эзгүй үед зогсоолыг минь ашиглаж өөрийн 3 тоот зогсоолдоо төрсөн ахынхаа машиныг байрлуулж өөрийнхөө машиныг миний зогсоолд байрлуулж байсан байгаа юм.

 

Г.О гэх иргэний гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Б тус албан шаардлагыг гаргахдаа надад мэдэгдэхгүйгээр миний өмч хөрөнгөөр боссон буюу бусдын гэмт халдлагаас эд хөрөнгөө хамгаалж байгаа ханыг маань нураах ажлын хэрэгжилтийг хангуулахаар М ХХ-д даалгах агуулга бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүний гаргасан захиргааны байгууллага хариуцна хэмээн заасныг зөрчсөн гэх хангалттай үндэслэл болно.

 

Тус албан шаардлага Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэл болгосон нь мөн хууль зүйн үндэслэлгүй хэмээж үзэж байна. Учир нь тус тушаалын үндэслэл нь болгосон заалт нь тушаалтны нэгдүгээр хавсралт биш, хоёрдугаар хавсралтад дурдагдсан болно. Ийнхүү авто зогсоолын ханыг нураах үндэслэл болсон тушаалын 2 дугаар хавсралтын заалт нь утга агуулгын хувьд ойлгомжгүй алдаатай гэж үзэж байна. /5,35 газар доорх авто зогсоолд авто тээврийн хэрэгсэл зогсох талбайг тусдаа бокс болгон хаалтаар тусгаарлахыг хориглоно. Учир нь Монгол Улсын хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргаж буй тушаал шийдвэрүүд хоёрдмол утга агуулаагүй иргэн бүхэнд ойлгомжтой байх ёстой.

 

Өөрийн өмчлөлийн зүйлийг хамгаалах үүднээс өмчлөлийнхөө хэмжээ хязгаарын дотор 2 талд нь хана хийсэнээс дахин зогсоол хийж, тусгаарласан зүйл байхгүй. Авто зогсоолдоо өрсөн ханан нь дээр дурдсан Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д барилга байгууламжийн үндсэн хийц, бүтэцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх хэмээн заасныг зөрчих үндэслэлгүй хэмээн үзэж байна.

 

Энэхүү албан шаардлагыг үл зөвшөөрч миний бие 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мониторингийн хэлтэс буюу дээд албан тушаалтанд нь гомдол гаргасан. Гомдлын хариуг өгөхгүй удаасаар байсан учир өөрийн биеэр очиж 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авсан юм. Гэвч 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлагыг үндэслэлтэй хэмээн хариу ирүүлсэн. Тус хариу Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан Захиргааны актад тавигдах агуулгын шаардлага болох асуудлын бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг нарийн тодорхойлон тайлбарлаагүй хариу ирсэн.

 

Иймд миний бие Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй хэмээн заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Мэргэжлийн хяналтын гарын улсын байцаагчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн, өмчлөх эрхэд минь халдаж буй уг шаардлагыг шүүхийн шийдвэр гартал үйлчлэлийг нь түдгэлзүүлж тус шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

 

Хоёр. Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Чулуунбаатарын утсаар удаа дараа дуудах болгонд миний биеийн байдал муу байсан гэсэн шалтгаанаар дуудсан хугацаанд нэг ч удаа ирдэггүй байгаа. Ашиглаж эзэмшигч эрх үүргийн дагуу М ХХК-нд албан шаардлага хүргүүлсэн байгаа. Хүргүүлсний дараа С******* дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын байцаагчийн мэдэгдэл гэж гаргасан албан тоот байгаа үүнийг хүлээж аваагүй. Тус албан бичигт С******* дүүргийн 1 дүгээр хороо, найрамдал зуслан шинээр баригдсан 10 дугаар байранд байрлах авто зогсоолын хоёр талыг тоосгоор бэхлүүлж шавардаж эд зүйл хураах хана барьж байна гэсэн гомдлын онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хошууч цолтой Ч.*******г нь Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.17 дүгээр заалт, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3 дахь заалтуудыг үндэслэн У.Ч ид мэдэгдэл явуулахад хүлээн аваагүй байгаа. Дээрх зөрчлийг арилгаж 2018 оны 06 дугаар сарын 15-ны дотор хариу мэдэгдэхийг санал болгосон байгаа. Мөн М ХХК-аас албан тоотоор тамга тэмдэгтэй зөвшөөрөл ирүүлсэн байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлагыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд иргэн У.Ч  нь С******* дүүргийн 1 дүгээр хороо Найрамдал 10-1 тоот хаягт байрлах *******,*** тоот улсын бүртгэлийн дугаартай 1, 2 тоот автомашины зогсоолыг худалдан авч энэ зогсоолуудыг тусгаарласан хана барьсаныг оршин суугч Г.О мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, мэргэжлийн хяналтын улсын байцаагч М ХХК-д тус ханыг буулгуулахаар шаардлага хүргүүлсэн үйл баримт болжээ.

 

Нэхэмжлэгч тал Барилгын техникийн улсын байцаагч албан шаардлага гаргахдаа надад мэдэгдэлгүйгээр миний өмч хөрөнгөөр боссон ханыг нураахыг М ХХК-д даалгах агуулга бүхий акт гаргасан нь хологдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж хариуцагчаас иргэн У.Ч ийг утсаар удаа дараа дуудсан боловч ирээгүй тул орон сууцны ашиглалтыг хариуцсан М ХХК-д албан шаардлага хүргүүлсэн гэж маргаж байгаа болно.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэн Г.Ооос ирүүлсэн гомдолын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай **-**/*** дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ.

 

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Б нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай 02-07-395/393 тоот улсын байцаагчийн албан шаардлагыг М ХХК-д хүргүүлж үүнийг М ХХК-ийн ерөнхий захирал Б.Ц хүлээн авч гарын үсэг зуржээ. Энэхүү албан шаардлагын утга нь ... орон сууцны 10 дугаар байрны зоорийн давхарын авто зогсоолын Y1-Y2 тэнхэлгээс X4-X5 тэнхлэгт хана тусгаарлан өрсөн нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 5.35 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасныг зөрчсөн тул 2018 оны 06 дугаар сарын 5-ны өдөрт багтаан албан шаардлагын дагуу зөрчлийг арилгахыг шаардсан ... байна.

 

Төрийн хяналт шалгалтыг тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу Барилгын техникийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалтыг явуулах эрхтэй.

 

Гэхдээ тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж зааснаар зөрчил гаргасан этгээдэд албан шаардлага хүргүүлж, тухайн хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмаар мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн эрх бүхий албан тушаалтан захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан сонсгох, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар

 

Улсын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтын ажиллагаа явуулахдаа дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй байх тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд хууль журмын дагуу шалгалтыг дахин хийж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11-т тус тус заасныг удирдлага болгох ТОГТООХ НЬ:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.9.8, Захиргааны ерөнхий хуулийн 42, 43 дугаар зүйлд заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай 02-07-395/393 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ