| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2017/03198/И |
| Дугаар | 908 |
| Огноо | 2018-04-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 908
| 2018 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 21з0/МА2018/00515 |
“М” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00257 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “М” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч Э.От холбогдох
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1 872 435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч “М” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М таун хотхоны бүх оршин суугчдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр ”М” СӨХ байгуулагдаж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/18 тоот гэрчилгээгээр батламжлагдан үйл ажиллагаа явуулж байна.
Оршин суугчдаас гаргасан хүсэлтээр “М” СӨХ-ны ТУЗ-ийн шийдвэрээр 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 м.кв талбайгаас авах төлбөр 300 төгрөг байсныг 200 төгрөг болгосон ба хариуцагч Э.Оаас СӨХ-ны засвар үйлчилгээний зардалд 40 500 төгрөг авдаг байсан нь 27 000 төгрөг болж багассан. Хариуцагч Э.О нь 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 85 710 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 72 210 төгрөг төлөх ёстойгоос нэг ч төгрөг төлөөгүй. Хариуцагч нь дээрх хугацаанд тус орон сууцанд амьдраагүй учир СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэсэн боловч Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь зардлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч Э.Оаас нийт 1 872 435 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манайх уг байранд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сар хүртэл 2 жил гаран хугацаанд амьдраагүй. Өөр байранд амьдарч байхад М тауны 105 дугаар байрны 8 тоотын ус, цахилгаан таслагдсан. Бид 2017 оны 9 дүгээр сард уг байрандаа нүүж ирсэн. Түүнээс хойш “М” СӨХ-ны захиралтай уулзахад СӨХ-ны төлбөрийнхөө 50 хувийг төлчих, өөрийг чинь тухайн байранд байгаагүй гэдгийг бид нар мэднэ гэхээр нь би төлбөрөө төлөх гээд ороход “М” СӨХ-ны нягтлан заавал төлбөрөө бүтнээр нь төлөх хэрэгтэй гэсэн. Тус СӨХ нь сууц өмчлөгч бидэнтэй гэрээ байгуулаагүй учир төлбөр шаардах үндэслэлгүй. Манайхаас дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, цахилгаан, орцны дулааны төлбөрийг 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл 232 650 төгрөг, мөн дээрх хугацааны гараашийн төлбөр 164 500 төгрөг, нүүж орсоноос хойшхи хугацааны төлбөр 180 525 төгрөг, нийт 577 675 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Оаас 1 872 435 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” СӨХ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Оаас улсын тэмдэгтийн хураамжинд 44 909 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ”М” СӨХ-нд олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “М” СӨХ нь "... Э.О нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаагаас СӨХ-ны санхүү хүндэрч, сарын цалингаа зээлээр тавьж, саван вокоо гэрээсээ зөөхөд хүрч” гэж өөрсдийхөө ажлын зохион байгуулалтгүйгээ баталж, огт үзүүлээгүй “үйлчилгээний төлбөр"-өө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн олон долоо хоногоор орц байраа цэвэрлэдэггүй, орц хонгил нь гэрэлгүй, хана туурганд нь элдэв зүйл эрээчиж сараачсан бохир заваан байдал нь жирийн иргэн бидний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон "...цэвэр аюулгүй, орчинд амьдрах ..." эрхийг минь зөрчсөн үйлдэл. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасны дагуу “М” СӨХ-ны нэхэмжилсэн “үзүүлээгүй үйлчилгээний төлбөр"-ийг төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч “М” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1, 148.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Э.Оаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 872 435 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 577 675 төгрөгөөс бусдыг эс зөвшөөрч орон сууцанд 2 жил гаруй хугацаанд амьдраагүй, СӨХ-тэй гэрээ байгуулаагүй гэж маргажээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “М” сууц өмчлөгчдийн холбоо нь удирдах зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот тогтоолоор сууц өмчлөгчдөөс сар бүр хуримтлалд төвлөрүүлэх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хэмжээг баталж, улмаар дээрх хэмжээг 8 удаа шинэчлэн тогтоосон байх бөгөөд уг тогтоолуудыг үндэслэн хариуцагчаас 1 872 435 төгрөгийг шаардаж буй нь хуульд нийцэхгүй байна. /хх 16-22, 61/ Тодруулбал, “М” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл нь сууц өмчлөгчдөөс сар бүр авах зардлын хэмжээг тогтоосон тогтоол гаргахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.4, “М” сууц өмчлөгчдийн холбооны дүрмийн 6.2.7-д заасныг тус тус удирдлага болгожээ. Гэтэл хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.4-т зааснаар удирдах зөвлөл нь сууц өмчлөгчдийн холбооны сангийн болон бусад мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах талаархи захирлын эрх хэмжээг тогтоохоос сууц өмчлөгчдийн гишүүдийн төлөх зардлыг дангаараа тогтоох эрхийг олгоогүй юм.
Хэдийгээр тус холбооны дүрмийн 6.2.7-д “удирдах зөвлөл нь энэ дүрмийн 7 дугаар зүйлд заасан хуримтлалд сууц өмчлөгч бүрээс СӨХ-нд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тогтоох, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх үүрэгтэй” гэж заасан боловч уг асуудлыг дүрмээр тогтоох эрхийг хуулиар олгоогүй учир нэхэмжлэгчээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр хариуцагчаас шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.
Харин хариуцагч Э.О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М таун хотхоны 105 дугаар байрны 8 тоот орон сууцны өмчлөгч гэдэгт маргаангүйгээс гадна Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар өмчлөгч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүрэгтэй тул Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн орон сууцанд амьдраагүй нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Харин төлбөрийн хэмжээг тогтоосон үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй тул хариуцагчийн зөвшөөрсөн буюу 577 675 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148.2.3-т заасанд нийцнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Оаас 577 675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 294 760 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “44 909” гэснийг “17 980” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 628 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ч.ЦЭНД