Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0466

 

 

 

 

 

 

 

 

                                        “Г” ХХК , “Э” ХХК

                       нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл    

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа             

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Э” ХХК -ийн гүйцэтгэх захирал А.Б, “Г” ХХК -ийн өмгөөлөгч Т.Ц

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Г” ХХК   

                     “Э” ХХК   

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар

                  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс   

Гуравдагч этгээд “Т” ХХК  

                              “Б” ХХК  

                              “А” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:   

1. Нэхэмжлэгч “Г” ХХК -аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан "Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Цахир уул нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт "Г" ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай  

2. Нэхэмжлэгч “Э” ХХК -аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дайргат нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дайргат нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах" тухай    

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0667 дугаар шийдвэр                 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:    

Нэхэмжлэгч “Э” ХХК -ийн гүйцэтгэх захирал А.Б

Нэхэмжлэгч “Э” ХХК -ийн өмгөөлөгч А.Т

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Гуравдагч этгээд “Т” ХХК -ийн гүйцэтгэх захирал А.О

Гуравдагч этгээд “Т” ХХК -ийн өмгөөлөгч Ө.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2022/0877/3               

ТОДОРХОЙЛОХ нь:          

1. Нэхэмжлэгч “Г” ХХК -аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан "Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Цахир уул нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт "Г" ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах”,

Нэхэмжлэгч “Э” ХХК -аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн 8/4329 дүгээр албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дайргат нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дайргат нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.                        

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0667 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Г" ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох "Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Цахир уул нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт "Г" ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах", нэхэмжлэгч "Э" ХХК- ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох "Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дайргат нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э" ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э" ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                       

3. Давж заалдах гомдлын агуулга:        

Нэхэмжлэгч “Э” ХХК -ийн гүйцэтгэх захирал А.Б давж заалдах гомдолдоо:        

“...Нийтийн эрх зүй, тэр дундаа Захиргааны эрх зүйд зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориглогдох зарчим хэрэглэгддэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зөвшөөрөл олгохын өмнө шийдвэр гаргахдаа шалгах 3 нөхцөлийг зааж өгснөөс бусад үндэслэлээр татгалзах үндэслэлийг зааж өгөөгүй. Гэтэл хариуцагч нь хуульд тусгагдаагүй үндэслэлээр татгалзсан шийдвэрийг гаргасан. Хариуцагч талын гаргасан татгалзал нь хуульд заасан 3 үндэслэлд хамаарахгүй. Харин шүүх энэ асуудалд “нэхэмжлэгчийн өргөдлийн талбай нь шохойн чулуун хилтэй давхцалтай тохиолдолд тухайн талбайтай холбогдох тусгай зөвшөөрлийн харилцаа нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах юм" гэсэн дүгнэлт өгсөн. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна” гэж заасан. Энэхүү тусгай хууль нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль юм. Иймээс энэхүү харилцаанд ашигт малтмалын тухай хууль хэрэглэгдэхгүй. Түүнчлэн шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ Ашигт малтмалын тухай хуулийн аль заалтыг хэрэглэж, татгалзсан нь үндэслэлтэй талаар дүгнэлт өгөөгүй. Харин хуулийн нэрийг л ашигласан. Энэ нь хариуцагчийн татгалзлыг зөвтгөх хууль зүйн үндэслэл биш. Хариуцагч нь нэхэмжлэгч “Э” ХХК -ийн нэхэмжлэлтэй холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хариу тайлбар өгсөн. Энэхүү тайлбартаа Ашигт малтмалын тухай хуулийн талаар огт дурдаагүй. Гэтэл шүүхээс хариуцагчийн дурдаагүй, татгалзаагүй хууль зүйн үндэслэлийг гаргаж, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 159/Ш32025/0264 дугаартай “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус нотлох баримтыг шүүх хуралдааны өмнө захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэйл рүү илгээж, тус мэйлийг шүүх хүлээн авсан. Мэйлд ирүүлсэн тус захирамжийг шүүх хуралдааны шүүгч нар танилцаж, хэлэлцсэн боловч энэхүү баримт нь хэрэгт ач холбогдолтой, хамааралгүй гэж үзэж, тус баримтыг нэхэмжлэгчид буцаан өгсөн. Энэ үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг үүсгэсэн. Учир нь нэхэмжлэгч тал тус баримтыг эш татаж, нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон. Тус анхан шатны шүүхэд энэхүү баримтыг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэсэн атлаа шийдвэртээ "Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч "Э" ХХК нь дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг үүсгэсэн. Үүнд: 1. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 тоот албан бичгээр "Э" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/12 дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/214 дугаар захирамжаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4576 дугаар албан бичгийг үндэслэн Сэлэнгэ аймаг, Сайхан сумын нутаг "Цахиурт-1” нэртэй 226.22 га газарт “Т" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол энэхүү маргаан хэрхэн, яаж шийдвэрлэгдсэн эсэхээс хамаарч, сэргэх боломжтой эсэх нь шийдвэрлэгдэнэ. Гэтэл шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ "Хуульд заасан үндэслэл журмын дагуу уг үйл баримтын хүрээнд захиргааны байгууллага болон холбогдох байгууллагад хандахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь “Даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгдсэн үйлдлийг захиргааны байгууллагаар хийлгэх гэсэн санаа зорилготой байсан. Шүүх 1 дэх шаардлагыг дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж, процессын ноцтой алдаа гаргаж шийдвэрлэсэн, үүний улмаас 2 дахь шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/Ш2025/0667 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК -ийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдолдоо:      

“...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ" гэж, цаашилбал хуулийн дээрх заалт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, ийм зохицуулалттай болсон байх ба түүнээс өмнө бүр ажлын 5 хоногийн дотор шүүлтийг хийж хариуг хүргүүлэхээр хуульд заасан байсныг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд "Б" ХХК нь анх 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байдаг ба 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргаас төрийн захиргааны байгууллагад цахимаар хүргүүлсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч компаниас 2019 оны 11.дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл гаргасан боловч цахимаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрийн захиргааны байгууллагад буюу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст дүгнэлт гаргуулахаар хүргүүлж, тэр хүртэл гуравдагч этгээд “Б” ХХК -ийн хүсэлтэд зураг зүйн шүүлт хийгээгүй, бүтэн 2 жил орчим болсон байхад тэрхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр шууд давхцалын асуудалд дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй. Цаашилбал 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр буюу яг нэхэмжлэгч компанийн өргөдлийн өмнөх өдөр "Б" ХХК-д боломжтой гэх дүгнэлтийг гаргаж өгч, нэхэмжлэгч компанийн зураг зүйн шүүлтийг цахимаар ирүүлснээс хойш 7 сарын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хийж, 1 өдрийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр боломжгүй гэх хариуг хүргүүлж байгаа зэрэг маш ноцтойгоор бусдад давуу байдал бий болгосон, тэгш бус хандсан, нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчиж, хуульд заасан хугацааг ноцтойгоор зөрчиж, өөрийн дураар нөхцөл байдалд тохируулан зураг зүйн шүүлт болоод холбогдох дүгнэлтийг гаргаж байгаа байдлыг анхаарч үзээгүй байна. Нөгөө талаасаа хавтаст хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 114/ШШ2025/0002 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/0207 дугаар магадлалуудаар нэхэмжлэгч “Г” ХХК -иас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан "Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэж хэргийг шийдвэрлэснээс биш 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр биш өөр өдөр гаргасан ч гэдэг юм уу энэ өдөр гаргасан гэдэг тогтоогдохгүй байна ч гэдэг юм уу ийм дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлээгүй, мөн 226.22 гектар талбай бүхий хэмжээгээр хайгуулын тусгай зөвшөөрөл гаргасан гэх асуудлыг мөн адил захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зүгээс анх 226.22 гектар талбайгаар тусгай зөвшөөрөл авах өргөдлийг гаргасан нь одоо тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гуравдагч этгээд "Т" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай 1 сантиметрийн ч зөрүүгүй байхад нэхэмжлэгч компанийн өргөдлийн талбай давхцалтай, харин гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь давхцалгүй болсон асуудалд огт дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүхээс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн цахим бүртгэлд хийсэн үзлэгээс нэхэмжлэгч компанийн өргөдөл гаргасан гэх 168.92 гектар бүхий талбай нь гуравдагч этгээд "Б" ХХК-ийн талбайтай давхцалтай гээд давхцалтай хэсгийн булан хэсэг улаанаар тэмдэглэгдсэн, мөн гуравдагч этгээд "Т" ХХК-ийн тусгай зөвшөөрөл авсан талбай нь мөн бусдын талбайтай давхцалтай болох нь улаан цэгээр тэмдэглэгдсэн байтал түүнийг хариуцагчаас үл харгалзан боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа байдлыг мөн шүүхээс анхаарч үзээгүй, огт дүгнэлт хийгээгүй байдаг. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлуулсан нь шүүх хуралдааны бичлэгт болон тэмдэглэлд тусгагдсан байгаа ба зүй нь уг асуудлаар шүүхээс ганц маргагч буюу хариуцагчаас гаргаж өгсөн эргэлзээтэй баримт, мөн шүүхэд болон шүүх хуралдаанд үнэн зөв тайлбарыг гаргахгүй байгаа этгээдийн тайлбар баримтад үндэслэн шийдвэрээ гаргалгүйгээр хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Мөн анхан шатны шүүхээс уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ "Нэхэмжлэгчээс "Э” ХХК-ийн өргөдөлтэй давхцалгүй болсон байсан гэх боловч, уг өргөдлийн талбай нь “шохойн чулуун хилтэй давхцалтай" гэх нөхцөл байдал арилах үндэслэл мөн болохгүй байна” гэх ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь уг асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч нарын зүгээс маргадаггүй, мөн гуравдагч этгээд “Т" ХХК-д боломжтой гэх дүгнэлтийг гаргаад, одоо тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа, хариуцагчийн зүгээс ч зураг зүйн шүүлт хийхэд уг асуудал огт дурдагдаагүй, энэ үндэслэлээр боломжгүй гэх дүгнэлтийг гаргаагүй байдаг. Эдгээрээс үзэхэд анхан шатны захиргааны хэргийн шүүх нь өөрийн үндсэн үүрэг, зорилгоосоо ухарч, хариуцагч төрийн захиргааны байгууллагын хууль зөрчсөн дээр дурдсан үйлдлүүдийг зөвтгөж, төрийн захиргааны дур зоргоороо шийдвэр гаргаж байгаа байдлыг таслан зогсоох, хууль бус шийдвэр үйл ажиллагааг нь цуцалж, хүчингүй болголгүйгээр тэрхүү хууль бус, хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүйн улмаас хохирсон хуулийн этгээдийн эрхийг сэргээн хамгаалахаас татгалзсан шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.       

ХЯНАВАЛ:       

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г” ХХК , “Э” ХХК  нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК -ийн гүйцэтгэх захирал А.Б, нэхэмжлэгч “Г” ХХК -ийн өмгөөлөгч Т.Ц нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.                         

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Э” ХХК -ийн гүйцэтгэх захирал А.Б, нэхэмжлэгч “Г” ХХК -ийн өмгөөлөгч Т.Ц нараас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.           

 

2.1. Нэхэмжлэгч “Г” ХХК -аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан "Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Цахир уул нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт "Гүрт улам ундрам" ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай,

Нэхэмжлэгч “Э” ХХК -аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн 8/4329 дүгээр албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дайргат нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дайргат нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.                                                             

2.2. Сэлэнгэ аймгийн Засаг даргаас ашигт малтмалын бүртгэлийн программд шивж оруулсан өргөдлийн жагсаалтад Сэлэнгэ аймаг Сайхан суманд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цахиур-1 талбайд, ХА-43000156-001-NE дугаартай 83.49 м.кв газарт “Б” ХХК [1], 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дайргат талбайд, ХА-43000224-001-NE дугаартай 189.08 м.кв газарт “Э” ХХК [2], 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, Цахиур уул талбайд, ХА-43000227- 001-NE дугаартай, 168.92 м.кв газарт "Г" ХХК[3], 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, Номгон Цахиурт талбайд, ХА-43000246-001-NE дугаартай, 226.22 м.кв газарт "Т” ХХК[4] нарын түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл тус тус бүртгэгджээ.      

2.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 168.92 гектар талбай бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000227-001-NE дугаартай, "Г" ХХК-ийн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтод[5] “Үр дүн шалгах:Татгалзах, үл хүлээн авах, шалтгаанууд:Өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай, сонгон шалгаруулалтад орох талбайтай давхцалтай, дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхацсан эсэх: ХА-43000224-001-NE Дайргат 166.90, ХА-43000156-001-NE Цахиурт-1 0,24, XB-015539 Өндөр 125.95, XB-011569 Цахир уул 42.71” гэж дүгнэсэн байна.  

2.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 дугаартай[6] “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Үүнд: Сэлэнгэ аймаг Сайхан сумын нутаг: "Г" ХХК-ийн Цахир уул нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000227 бүртгэлийн дугаартай 168.92 гектар талбай.” гэх албан бичгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлж, энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргаас “Гүрт улам ундрам" ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1085 дугаар[7] албан бичгээр “...түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй дүгнэлт ирсэн. Иймд танай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсон” талаар мэдэгджээ.    

2.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 189.08 гектар талбай бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000224-001-NE дугаартай “Э” ХХК -ийн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтод[8] “Үр дүн шалгах: Татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа, Дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхацсан эсэх: XB-015539 Өндөр 136.88, XB-011569 Цахир Уул 40.99” гэх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр[9]  “...Дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Үүнд: ...Э" ХХК-ийн Дайргат нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000224 бүртгэлийн дугаартай 189.08 гектар талбай” гэх албан бичгийг хүргүүлж, энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 дугаар[10] албан бичгээр “Э” ХХК -д мэдэгдсэн байна.  

2.6. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн XА-43000246-001-NE дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Т” ХХК -ийн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтод “Үр дүн шалгах: Татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа, Дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхацсан эсэх: ΧΑ-43000227-001-NE Цахиур 168.67, Хаалттай талбайд ХВ-015539 Өндөр 152.27, ХВ-015159 Элстэй 13.14, ХВ-015538 Сайхан-1 18.02, ХВ-011569 Цахир уул 42.77” гэж тодорхойлжээ.[11] 

2.7. Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4576 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэх албан бичгийг[12] Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлж, үүнийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/214 дүгээр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар Сэлэнгэ аймаг, Сайхан сумын нутаг "Цахиурт-1” нэртэй 226,22 га газарт "Т" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.[13]

2.8. Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/2499 дүгээр албан бичигт[14] “Г” ХХК -ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Цахиур уул нэртэй 168,92 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000227-001 өргөдлийн дугаартай талбай нь 121 га талбайгаар, “Э” ХХК -ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Дайргат нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000224 өргөдлийн дугаартай талбай нь 137 га талбайгаар “шохойн чулууны хилтэй давхцалтай” гэж,  

Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/4366 дугаар албан бичигт “Э" ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Дайргат нэртэй 189,08 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн XR-43000224 дугаартай өргөдлийн талбай нь шохойн чулууны хилтэй 137 га, "Т" ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Номгон цахиурт нэртэй 226,22 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн XR-43000246 дугаартай өргөдлийн талбай нь шохойн чулууны хилтэй 170 га талбайгаар тус тус давхцалтай байна. XR-43000224, XR-43000246 дугаартай өргөдлийн талбайнуудын шохойн чулууны хилтэй давхцалтай мэдээлэл нь өөрчлөгдөөгүй байна.” гэж тус тус дурдсан байна.[15]  

2.9. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 10.1.3-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ”, 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”, 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.

 2.10. “Г” ХХК -ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Цахиур уул нэртэй 168,92 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ХА-43000227-001 өргөдлийн дугаартай талбай нь “Б” ХХК -ийн Сэлэнгэ аймаг Сайхан нутагт орших Цахиур-1 талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХА-43000156-001 өргөдлийн дугаартай талбайтай 0,24 га талбайгаар давхцалтай, мөн “Э" ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Дайргат нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн XR-43000224 дугаартай талбайтай давхцалтай ба тус газрыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянаад шохойн чулуун хилтэй давхацсан гэх үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр дүгнэлтээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.

2.11. Тодруулбал, “Г” ХХК -ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Цахиур уул нэртэй 168,92 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ХА-43000227-001 өргөдлийн дугаартай талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөл болох “Б” ХХК -ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХА-43000156-001 өргөдлийн дугаартай талбайтай 0,24 га талбайгаар давхцалтай, мөн шохойн чулуун хилтэй давхцалтай нь тус тус тогтоогдож байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг хуульд нийцжээ.  

2.12. “Э” ХХК -ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Дайргат нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000224 өргөдлийн дугаартай талбай нь шохойн чулуун хилтэй давхцалтай нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/4366 дугаар албан бичиг, хавсралт зураг зэргээр нотлогдож байх тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдох хайгуулын талбай биш учир боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр албан бичиг үндэслэлтэй байна.  

2.13. Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Г” ХХК , “Э” ХХК  нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.   

2.14. Учир нь нэхэмжлэгч нараас гуравдагч этгээд “Т” ХХК -д холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дүгнэлттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй энэ тохиолдолд уг асуудлаар шүүхээс дүгнэлт хийхгүй тул нэхэмжлэгч “Э” ХХК -ийн гүйцэтгэх захирал А.Б-оос гаргасан  “...хариуцагчийн дурдаагүй, татгалзаагүй хууль зүйн үндэслэлийг гаргаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон...хамааралгүй гэж үзэж тус баримтыг нэхэмжлэгчид буцаан өгсөн. Энэ үйлдэл нь... ажиллагааны ноцтой зөрчил үүсгэсэн...” гэх, “Г” ХХК -ийн өмгөөлөгч Т.Ц-ын “...хуульд заасан хугацааг ноцтойгоор зөрчиж, өөрийн дураар нөхцөл байдалд тохируулан зураг зүйн шүүлт болоод холбогдох дүгнэлтийг гаргаж...нэхэмжлэгч компанийн өргөдлийн талбай давхцалтай, харин гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий талбай давхцалгүй болсон асуудалд дүгнэлт хийгээгүй...хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.  

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

      

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК -ийн гүйцэтгэх захирал А.Б, “Г” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.               

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                               Ц.ОДМАА      

 

                     ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ    

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 28 дахь тал

[2] 1 хавтаст хэргийн 29 дэх тал

[3] 1 хавтаст хэргийн 27 дахь тал

[4] 1 хавтаст хэргийн 84 дэх тал

[5] 1 хавтаст хэргийн 30 дахь тал

[6] 1 хавтаст хэргийн 53 дахь тал

[7] 1 хавтаст хэргийн 189 дэх тал

[8] 1 хавтаст хэргийн 91 дэх тал

[9] 1 хавтаст хэргийн 89 дэх тал

[10] 1хавтаст хэргийн 201 дэх тал

[11] 1 хавтаст хэргийн 33 дахь тал

[12] 1 хавтаст хэргийн 56 дахь тал

[13] 1 хавтаст хэргийн 193 дахь тал

[14] 2 хавтаст хэргийн 120 дахь тал

[15] 4 хавтаст хэргийн 148 дахь тал