Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 203

 

Г.Да-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын  хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 825 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар магадлалтай 201725011763 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Да-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд 1998 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 542 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамруулж суллагдсан Г.Да- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Да-ыг дээрэмдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 52 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Г.Да-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилж, шүүгдэгч Г.Да-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Да- гаргасан гомдолдоо “...Миний бие 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсэн. Миний бие гэмт хэрэгт учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан ба гэм буруугийн талаар маргадаггүй зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээгээр ял шийтгэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрмийн гэмт хэрэг үйлдэх үедээ бусдад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулснаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял дээр 240 цагийг нэмэхдээ хэрхэн тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож оногдуулах ёстой буюу 30 хоног нэмэх ёстой байтал 90 хоногоор нэмсэн алдааг залруулах нь зүйтэй. Шүүх ял шийтгэхдээ шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Да- нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 0200 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Оюун ухааны музей”-н баруун талд Ц.Жа-ийн 270.000 төгрөгийн үнэтэй “Самсунг галакси нөт-4” загварын гар утас, 97.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин шүүх Г.Да-ын гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Да-ыг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид бусдын эд хөрөнгийн эрхэд халдахаас гадна хохирогчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нэгэн зэрэг халдаж байгаа үйлдлийг нийлмэл гэмт хэрэгт тооцож байсан бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан бол тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулиар дээрэмдэх гэмт хэргийн шинжид хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг тусад нь бие даасан гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан тул дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын биед хохирол учруулсан үйлдлийг тусад нь зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хуучин Эрүүгийн хуулиар тодорхойлсон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг задалж шинээр 2 тусдаа гэмт хэрэгт тооцсон буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар хууль буцаан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь буруу шийдвэр болжээ.

Дээрх тохиолдолд гэмт хэрэг үйлдэх үед тусдаа гэмт хэрэгт тооцдоггүй байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Г.Да-ын үйлдлийг дангаар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй юм.

Нөгөөтэйгүүр үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх үндэслэлүүдээр хуулийг буцаан хэрэглэдэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ бага байгаа тул гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан тухайн хуулийг хэрэглэх нь зүйтэй боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулж болох ялын доод хэмжээ өмнөх хуулиас багасч тогтоогдсон буюу 3 жилээс 2 жил болж буурсан, тухайн ялыг шүүгдэгчийн хувьд сонгон хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг бодитойгоор дээрдүүлж байна гэж анхан шатны шүүх дүгнэж хэрэглэснийг өөрчлөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокуророос Г.Да-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Да-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 825 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар магадлалд: “Прокуророос Г.Да-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Да-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН