Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1483

 

 

 

 

 

 

 

   2023        11          29                                  2023/ШЦТ/1483

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Ч.Дэлгэрмөрөн /ҮД:3322/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох 2303 004570373 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 09 дугаар сарын 26-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 3, эмээ, ахын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт Тийн А /РД:/.

Хэргийн товч агуулга:

Т.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ:

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоот хашаанаас Т.Алтангэрэлийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн 12-29 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Бага шар хоолойн аманд 2023 оны 06 дугаар сарын 17-ны орой 21 цаг 00 минутын орчим Т.Алтангэрэлийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн 12-29 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийг хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож  зорчигч 14 настай Л.Энхзаяагийн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвасүрэнгийн өгсөн мэдүүлэгтээ: “Гэртээ байсан хүүхдийг дуудаж аваад гарсан. Энэ хүүхэд худлаа ярьж байна. Бид хоёр үнээгээ саагаад, гэртээ орж ирээд мэдээ хараад сууж байсан. Гадаа машин ирээд зогссон. Гараад харахад энэ ирсэн байсан. Тэгээд хүүхдүүд чимээгүй болчихоор нь хүүхдүүд яасан гээд эхнэрээсээ асуусан чинь Атай хамт гараад явсан гэж хэлсэн. Тэгээд гараад харсан чинь явсан байсан. 20 гаран минутын дараа утас дуугараад Атай явж байгаад онхолдчихлоо гэж ах нь ярьсан. Би очоод шоокод ороод яахаа мэдэхгүй байж байсан. Тэгээд эмнэлэгт очсон. Энэ хүн архи уусан байсан байх. Тоос босгоод зогссон. Тухайн үед эмнэлэг яваад унаа тэрэг байхгүй байхад унааны мөнгө өгчих гэсэн боловч за гээд алга болсон. 3 сая төгрөг хэл амгүй өгчихвөл болно гэж байгаа. Энхзаяа хичээлдээ байнга эм ууж байгаа. Дүү нь бас хамраас нь цус гараад хяналтад байгаа. Нааш цаашаа явсан зардал. Мөн цаашид гарах эмчилгээний зардлын мөнгө...” гэв.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх.07-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим эхнэр болох Долгорын хамт үнээгээ саагаад гэр лүүгээ ортол хүүхдүүд байхгүй байсан. Утас дуугараад манай дунд хүү Гансүх, залгасан. Гансүх хэлэхдээ машинтай явж байгаад осолд орсон 2 дүү болох Энхзаяа, аваарай гэж хэлсэн... Гомдолтой байна. Гарсан зардал эмчилгээний төлбөрийг гаргуулан авмаар байна...гэх мэдүүлэг /хх.13/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх.18-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Бага шар хоолойн аманд 2023 оны 06 дугаар сарын 17-ны орой 21 цаг 00 минутын орчим “Тоёота Приус-20” маркийн 12- 29 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь онхолдож зорчигч Л.Энхзаяагийн эрүүл мэндэд хохирол учирсан гэмтсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас Л.Энхзаяа эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.511.800 төгрөг гарсныг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.27-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Алтангэрэлийн өгсөн: “...тухайн үед Улаанбаатар хот руу гэр буулгахаар явсан хойгуур манай дүү А миний эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 12-29 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод дэлгүүр орох гэж яваад осолд орсон байсан. Би Ад жолоодох зөвшөөрөл олгоогүй... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.30, 33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Л.Гансүхийн өгсөн: “Би тухайн өдөр Гацууртад байх гэртээ байж бахад хөрш айлын залуу А манай гадаа Приус маркийн 12-29 УНЯ улсын дугаартай автомашинтай ирээд дэлгүүр явлаа гэхээр нь би хамт явна гээд машиных нь урд зорчигчийн суудал дээр суугаад явах гэхэд манай хоёр дүү Энхзаяа, Содномцог нар хамт явна гэхээр нь А машинаа жолоодоод явсан, шороон замаар явж байтал А их хурдтай яваад байхаар нь би зөөлхөн яваач ээ  жоохон хүүхдүүд сууж явна гэхэд муу хүн үхдэггүй юм аа гээд өөрийгөө хэлээд хурдтай явж байтал машин жолоодолгүй болоод онхолдсон. Ослын дараа би 2 дүүгээ машины хойд суудал дээрээс аваад машинаас буулгахад дунд дүү Энхзаяа миний эвгүй болчихлоо гэсэн ингээд би аав руу залгаад ослын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.43/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8673 дугаартай:

“1. Л.Энхзаяагийн биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.47-48/,

“Хас Үнэлгээ” ХХК-й 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 862 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх.62-63/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.67-69/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.72-74/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.77/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Ан гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр Гацууртад байх гэртээ байж байхад хөрш айлын ах болох Лхагвасүрэн гэх хүний хүүхэд Гансүх манайд орж ирээд дэлгүүр ороод өгөөч гээд гуйсан. Тэгэхээр нь би өөрийн төрсөн ах Т.Алтангэрэлийн эзэмшлийн Т.Приус маркийн 12-29 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодоод Гансүх, Энхзаяа, Содномцог гээд Лхагвасүрэн ахын хүүхдүүдийг машиндаа суулгаад дэлгүүр явсан. Дэлгүүр явах замд шороон замаар 35-40 орчим км цагийн хурдтай явж байхад жолооч талын урд дугуй буудаад, машин жолоодлогогүй болсон, би тоормос гишгэхэд тоормос бариагүй, жолооны хүрд хөдлөхгүй байсан бөгөөд замын баруун тал руу машин онхолдсон. Ослын дараа би машинд сууж явсан хүмүүс машинаас буусан байсан бөгөөд Энхзаяагийн баруун гарын тохой хэсэгт хавдсан байсан, нөгөө хоёрын биеийн байдал хэвийн байсан. Ингээд Гансүх миний утсаар аав руугаа буюу Лхагвасүрэн ах руу залгаад ослын талаар хэлсэн ийм л зүйл болсон. Би жолооны эрхгүй үедээ жолоо барьсан... Би одоогоор хохирогчид хохирол төлж барагдуулаагүй байгаа, төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.35, 78/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Алтангэрэлийн өгсөн: “...Би тухайн үед Улаанбаатар хот руу гэр буулгахаар явчихсан байсан хойгуур манай дүү А миний эзэмшлийн Тоёота Приүс-20 маркийн 12-29 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод дэлгүүр орох гэж яваад осолд орсон байсан... Осол гарах үед А жолоодож явсан Тоёота Приүс-20 маркийн 12-29 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг бөгөөд би Ад жолоодуулах зөвшөөрөл олгоогүй... Тухайн ослын улмаас миний тээврийн хэрэгслийн дээвэр, хажуу хаалга цонх, шил эвдэрсэн байсан. Миний тээврийн хэрэгсэлд осолд орохоос өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэл гэх зүйл байгаагүй. Тоёота Приүс-20 маркийн 12-29 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хар хайрцаг буюу дүрс бичлэг хийдэг камер байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.139/,

Хохирлын баримтууд /шинээр гаргасан 8 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх.36/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.81/,

Хохирол нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /шинээр гаргасан 7 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд Т.Ан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гэрчээр авсан мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй юм.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Шүүгдэгч Т.А нь:

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоот хашаанаас Т.Алтангэрэлийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн 12-29 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Бага шар хоолойн аманд 2023 оны 06 дугаар сарын 17-ны орой 21 цаг 00 минутын орчим Т.Алтангэрэлийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн 12-29 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийг хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож  зорчигч Л.Энхзаяагийн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарА, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мөнхбатад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гэрчээр авсан мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй юм.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт Т.Аг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг,

Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаар иргэний өмчлөх эрхийг тус тус баталгаажуулжээ.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Насанд хүрээгүй хохирогч Л.Энхзаяагийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “баруун атгаал ясны далд хугарал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийн улмааc хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэрэг нь бусдын авто тээврийн хэрэгслийг авч явж, өмчлөгч, эзэмшигчид хохирол учруулсан эсэхээс үл хамааран авто тээврийн хэрэгслийг авч явснаар төгсдөг. Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан байна.

Авто тээврийн хэрэгслийг авч явах гэж авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах болон өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсныг ойлгоно.

Шүүгдэгч Т.Ан холбогдсон дээрх үйлдлүүд нь:

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг,

 Мөн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хангажээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Т.А нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч Т.Ан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Харин шүүгдэгч Т.Ан үйлдсэн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Т.Аг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн:

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

Мөн зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Т.Агаас хохиролд нөхөн төлсөн нийт 101.050 төгрөгийг Төрийн сан дахь Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот данснаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвасүрэнд, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн даатгалын төлбөрийн 1.511.800 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 18.800 төгрөгийг хасаж үлдсэн 1.493.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогчийн эмчилгээний зардлын 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвасүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.Агаас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.А гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Ан үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Шүүгдэгч Т.Ад:

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож шийдвэрлэв.

          Шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

          Т.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгах нь зүйтэй.

          Шүүгдэгч Т.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Т.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэх хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргасан боловч зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэх тухай ойлголт холбогдох хуульд тусгагдаагүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй юм.

          Бусад асуудлаар:

Шүүгдэгч Т.Ан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс цагдан хоригдсон 51 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын мөн хугацаанд дүйцүүлж эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд нь авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч А овогт Тийн Аг:

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дугаар хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Ад:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Т.Ад:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Ан цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Т.Ад урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Т.Агаас хохиролд нөхөн төлсөн 101.050 төгрөгийг Төрийн сан дахь Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот данснаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвасүрэнд, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн даатгалын төлбөрийн 1.493.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвасүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.Агаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР