Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1548

 

 

 

 

 

 

 2023         12          12                                       2023/ШЦТ/1548

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Улсын яллагч М.Сумъяа,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн /ҮД:3322/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Оод холбогдох 2306 00950 3619 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, нөхөр, 6 хүүхэд, 3 дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 48 дугаар гудамжны 495-Б тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 724 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, /РД: / Б овогт Бгийн О.

Хэргийн товч агуулга:      

Б.О нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны хойд талын буудал дээр Л.Сүхбаярын биед нь хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгааны улмаас цохих, маажих байдлаар биед халдаж, эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхинд шарх, цээж, хүзүү, хамрын нуруу, хамрын зүүн угалз, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Б.О нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны хойд талын буудал дээр Л.Сүхбаярын биед нь хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгааны улмаас цохих, маажих байдлаар биед халдаж, эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхинд шарх, цээж, хүзүү, хамрын нуруу, хамрын зүүн угалз, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Сүхбаярын өгсөн: “Би найзындаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Чулуун овооны тэнд байдаг авто вокзалын урд талаас такси барьсан чинь цэнхэр өнгийн Приус 20 маркийн автомашин ирж зогсоод тухайн автомашинд суусан. Тухайн автомашины жолооч нь 30 гарсан эмэгтэй жолооч байсан, мөн урд талын суудал дээр 20 орчим насны эмэгтэй, хойд талын суудалд 20 орчим насны эрэгтэй 3-уулаа явж байсан. Тэгээд би тэндээс суугаад явж байтал Чулуун-Овооны тэнд хурд сааруулагчаар хүчтэй гарахаар нь би "гэртээ амьд харьчихмаар байна шүү" гэхэд хойно сууж явсан эрэгтэй нь “ямар олон үгтэй пизда вэ” гээд хэрүүл маргаан эхэлж цаашаа хэрүүл хийж явсаар Кино үйлдвэрийн тэнд очоод нөгөө жолооч эмэгтэй "энд буу, 8000 төгрөг болсон" гэхээр нь би “гэрийнхээ үүдэнд бууна, мөн мөнгөө шилжүүлнэ” гэсэн чинь жолооч эмэгтэй “бэлнээр авна” гээд мөн хэрүүл маргаан үүсээд, тэгсэн тэр 3 нийлээд намайг куртикнээс татаад машинаас буулгасан. Тэгээд машинаас буулгасны дараа хэрүүл болоод би “мөнгийг нь өгөхгүй гэрийнхээ гадна очиж байж өгнө” гэж хэлэхэд жолооч эмэгтэй над руу ирээд нүүр ам самардаад, гараараа нүүр хэсэгт маажаад цохиод, нөгөө эмэгтэй, эрэгтэй 2 нь куртикнээс татаад явуулахгүй гээд, нөгөө эмэгтэй нь утсаараа барьчихсан бичлэг хийгээд байсан уу яасан, тэгээд байсан. Тэгсэн нөгөө залуу нь утсаар яриад хүмүүс дуудаад байсан, удалгүй 2 автомашинтай 5-6 залуучууд ирээд 1 залуутай нь би муудалцаад гэхдээ бид 2 хоорондоо зодоон хийсэн юм байхгүй. Тэгээд би цагдаа дуудсан... Тухайн үед миний зүүн нүдний доод хэсэгт цус гарчихсан байсан, мөн зүүн хацарт цус болчихсон, зүүн талын хамрын угалз урагдсан цус гарчихсан байсан, хүзүүний доор цээж хэсэгт маажуулсан сорви үүссэн байсан. Би тухайн үед нүүрнийхээ зургийг авч байсан... Жолооч эмэгтэй над руу ганцаараа дайрч үснээс зулгааж, нүүр ам самардаж, цохиод байсан. Өөр хүн намайг цохиж зодсон асуудал байхгүй. Харин хэрэлдэж маргалдсан асуудал байгаа. Над руу дайраад байхаар нь би тэр эмэгтэйг цаашаа гээд түлхсэн л байх. Тэр эмэгтэй гэдэс нь том байсан. Цагдаа дуудсаны дараа тэр эмэгтэй чулуу барьчихсан намайг цохисон гээд байсан. Би ерөөсөө чулуу энэ тэр авч тэр эмэгтэйг цохисон асуудал байхгүй...Би тухайн үед сорвины тос авч түрхэж байсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. Тухайн үед тэр эмэгтэй над руу дайраад, эрэгтэй нь хэл амаар доромжилж байсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1745 дугаартай:

1.2. Л.Сүхбаярын биед зүүн нүдний доод зовхинд шарх, цээж, хүзүү, хамрын нуруу, хамрын зүүн угалз, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Т.Чимэд-Очрын өгсөн: “... Л.Сүхбаярын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна... Л.Сүхбаярын биед учирсан цээж, хүзүү, хамрын нуруу, хамрын зүүн угалз, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтлүүд нь хумсаар маажих үед үүсэх боломжтой. Эдгээр дээрх гэмтлүүд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Л.Сүхбаярын бид?д учирсан зүүн нүдний доод зовхинд шарх зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хумсаар маажих үед үүсэхгүй, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх 2 гэмтэл нь нийлж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх.55/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.59-61/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед Сүхбаяр гэх хүнтэй маргалдаад намайг чулуугаар цохих гээд байхаар нь нүүр хэсэгт нь 2-3 удаа түлхэхэд нүүр, хамар хэсэгт нь гэмтэл үүссэн. Би гэм буруутай үйлдэл хийсэндээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хэрэв нэхэмжилбэл төлж барагдуулна...” /хх.67/,

Хохирогч Л.Сүхбаярын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй талаар бичсэн зурвасын хуулбар /хх.84/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.95/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.96-98/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.О өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Л.Сүхбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Оын энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Б.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, уг ялаас шүүгдэгчийг чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Б.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, шүүгдэгч Б.Оод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгчийг чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Сүхбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР