Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2020/02890

 

 

 

 

 

 

 

 

 

     2020           09             23

                                    184/ШШ2020/02890

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Х- овогт Б-ын Н- /РД:-/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, - тоот хаягт оршин суух, Т- овогт С-гийн Н- /РД:-/-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-, гэрч Г.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н- миний бие 2015 онд С.Н-той танилцаж, 2016 оны 11 сараас хамтран амьдарч, бидний дундаас 2016 оны --ны өдөр хүү Н.А- төрсөн. Миний бие нь 2018 оны 9 сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах алба хаахаар яваад 2019 оны 10 сарын 01-ний өдөр ирсэн. Ингээд намайг Монголд буцаад ирэхэд С.Н- би өөр хүнтэй амьдарч байгаа, чи амьдралаа бод гэж хэлсэн. Тэгээд бид тусдаа амьдарч эхэлсэн. Тиймээс би хүүгээ өөрийнхөө асрамжид авах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Харин хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний охин С.Н- оюутан байхдаа Б.Н-тай танилцаж, сургуулиа төгсөөд жирэмсэн болсон байдаг. Бид нарын хувьд бол хадаг сүү тавиагүй байхад явлаа гэж дургүйцэж байсан. Эд нарын хооронд гэрлэлтийн баталгаа байхгүй. Байхгүй болохоор эцэг нь хүүхдээ асрамждаа авч болдог юм болов уу гэж бодоод маргаж байсан. Нэгэнт эмээ, өвөө нь хүүхдийг өөрийн асрамжид авч чадахгүй учир аавынх нь асрамжид хүүхдийг үлдээж байна. Хүүхэд ер нь ямар ч орчинд байсан тэр байгаа орчиндоо тохитой байвал хаана ч байсан болно. Хүүхдийн эрх нь зөрчигдвөл бид нар хүүхдийн асрамжийн талаар шүүхэд хандах болно. Одоо аавынх нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Биднийг хүссэн үед хүүхэдтэй уулзуулж байхыг хүсэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н- нь хүү Н.А-ыг өөрийн асрамжид авч, хуульд зааснаар эх С.Н-гоор тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

С.Н-, Б.Н- нар нь 2015 онд танилцан, 2016 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралаар амьдарч, тэдний дундаас 2016 оны --ны өдөр хүү Н.А- төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдов.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх нь үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх” талаар заасан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх хэн аль нь адил үүрэг хүлээнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т “эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг хуулийн 10.1-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан. 

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн асрамжийг эцэг, эхийн хэн нэгэнд тогтоосон нь хүүхдийн эцэг, эх байх эрхийг ямар нэгэн хэмжээгээр хязгаарлах ойлголт биш юм.

 

Талууд хүүхдийг өөрийн асрамжид авахаар шаардлага гаргаж хэн аль нь маргасан бөгөөд талуудын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилсон болно.

 

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 1/596 дугаар тоотоор ирүүлсэн шинжээчийн багийн дүгнэлтээр “...шинжээчийн багийн гишүүдийн саналаар хүүхдийн асран хамгаалагчаар нэхэмжлэгч Б.Н-ыг тогтоох...” гэх дүгнэлт гаргасан байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүүхдийг эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох Н.А-ыг эцэг Б.Н-ын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч С.Н-г эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н- хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-гоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон              

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Н.А- /РД:-/-ыг эцэг Х- овогт Б-ын Н- /РД:-/-ын

асрамжид үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч С.Н-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Н- татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Н- нь С.Н-г эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 106,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-гоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Б.Н-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.УРАНЗУЛ