Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1581

 

 

 

 

 

 

 2023         12          18                                       2023/ШЦТ/1581

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох 2303 00604 0502 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн ухааны их сургуулийн Барилга архитектурын сургуулийн 5 дугаар дамжаанд сурдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүгийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 81 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Иовогт Элын Б /РД: /.

Хэргийн товч агуулга:      

Э.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жоби 72” төвийн урд замд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 10 минутын үед мотоцикл жолоодох эрхгүйгээр Harley Davidson” маркийн 34-43 УРА улсын дугаартай мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Д.Рэгзэнийг мөргөж эрүүл мэндэд нь баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр яс, баруун шилбэний тахилзуур ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, эрүү, баруун зүүн тохойд зулгаралт, баруун шуу, шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Дуудлага лавлагааны хуудас /хх.03/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх.04-08/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.09/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Рэгзэний өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Жуков орохоор явж Жоби 72 төвийн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарч явахад 3-р эгнээ гараад дуусаж байхад гэнэт мотоцикл гарч ирээд яах хийхийн зуургүй намайг мөргөж унагаасан. Тэр үед хэсэг хугацаанд юу болсныг санахгүй байж байгаад ухаан ороход зам дээр хэвтэж байсан зүүн талын хөмсөг орчим сэтэрч цус гараад байхаар нь намайг аваач гэж орилоход мотоциклийн жолооч ирж босгоод замын хойд талын брожур дээр суулгасан. Тэнд хэсэг сууж байхад надтай хамт явсан хүн манай охиныг дуудаж өгөөд нэлээн удаж байгаад түргэний эмч ирж үзээд хөмсөгний шарх дээр боолт хийж өгөөд даралт ихэссэн байна гээд даралтын эм уулгаж, гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Би тэндээс охины хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун хөл болон баруун гар хугарсан зүүн хөмсөг сэтэрсэн байна гээд оёдол тавьж өгсөн. Одоо биеийн байдал сайнгүй хөл өвдөөд хавдар буухгүй байгаа... Эм авч ууж байгаа, эм тарианы зардалд болон бусад зардлын баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Д.Ганболдын өгсөн: “...Би уг мотоциклийг 3 жилийн өмнө худалдаж аваад өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж авсан. Тэгээд мотоциклийн нэг клубт байдаг танил дүү Бд 2023 оны 6-р сард 25 сая төгрөгөөр тооцож бартераар зараад тооцоо бага сага дутуу байгаа ч миний зүгээс Бд тээврийн хэрэгслийн нэр шилжүүлж өгөхөд бэлэн байна. Миний зүгээс уг мотоциклтой холбоотой хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Осолтой холбоотой бусдад учирсан хохирлыг Б өөрөө хариуцах байх...” гэх мэдүүлэг /хх.17/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч О.Оюунбаясгалангийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 923 дугаартай:

“1. Д.Рэгзэний биед баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр яс, баруун шилбэний тахилзуур ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, эрүү баруун зүүн тохойд зулгаралт баруун шуу, шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Д.Рэгзэний биед учирсан баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр яс баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэрт зэрэгт харин зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, эрүү, баруун зүүн тохойд зулгаралт, баруун шуу, шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.27-28/,

Мөрдөгчийн магадалгаа /хх34/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх.39-44/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.58-62/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.64/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бын яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.65/,

Хохирогч Д.Рэгзэний хохирол төлбөрт 3.600.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.69/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх.47-56/ зэрэг болно.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жоби 72” төвийн урд замд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 10 минутын үед мотоцикл жолоодох эрхгүйгээр Harley Davidson” маркийн 34-43 УРА улсын дугаартай мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Д.Рэгзэнийг мөргөж эрүүл мэндэд нь баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр яс, баруун шилбэний тахилзуур ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, эрүү, баруун зүүн тохойд зулгаралт, баруун шуу, шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Э.Быг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Д.Рэгзэний биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр яс, баруун шилбэний тахилзуур ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, эрүү баруун зүүн тохойд зулгаралт баруун шуу, шагайн үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, харин зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, эрүү, баруун зүүн тохойд зулгаралт, баруун шуу, шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Бын холбогдсон тус үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Б нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Э.Бын гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хохирогч Д.Рэгзэн нь 3.600.000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зарим үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Э.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. 

Шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулахад улсын яллагч татгалзахгүй зүйлгүй гэсэн учир энэ талаар гаргасан шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авсан болно.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Э.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Иовогт Элын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Рэгзэн нь 3.600.000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР