| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 157/2019/01734/И |
| Дугаар | 101/ШШ2020/02993 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2020/02993
| 2020 09 02 | 101/ШШ2020/02993 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А ф” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Б /рд:0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У хариуцагчийн хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А ф” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.Бтой 1026 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1,600,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч А.Б нь зээлийн гэрээний үүргийг хангуулах гэрээгээр өөрийн эзэмшлийн 7970 УНБ хюндай старекс маркийн машиныг манайд шилжүүлж өгсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх зээлийн гэрээний хугацаанд 400,000 төгрөг төлсөн байдаг. Зээлдэгч нь графикийн дагуу үндсэн зээлээс төлөлт хийгээгүй. Зээл ашигласан төлбөрийг л төлж байсан. Зээлдүүлэгчээс зээлдэгчийг үндсэн зээлээс төлөхийг сануулдаг байсан. Зээлдүүлэгчээс зээлийн гэрээний дагуу үндсэн 1,600,000 төгрөгийг төлөхийг шаардсан. Зээлдэгч нь манай шаардлагыг эс биелүүлсэн учраас манайх шүүхэд хариуцагчаас 1,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анз тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүргийг хүлээсэн байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус үндэслэн үндсэн зээл 1,600,000 төгрөг, түүний алданги 800,000 төгрөг нийт 2,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариуцагч нь хариу тайлбараа нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн хариуцагч нь татгалзлаа нотлох баримтаа шүүхэд ирүүлэх ёстой. Хариуцагч нь нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид зээл авсан үйл баримт дээр маргадаггүй. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын ажилтан н.Батжаргалд 1,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. н.Батжаргал нь надад бэлэн мөнгөний баримт өгсөн. Хариуцагч нь тус баримтыг хайгаад олохгүй байна гэж байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндэслэлгүй мөнгө нэхэж байгаа гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбар өгсөн. Зээлийн гэрээний 2.3 дахь заалтыг шинжлэн судалсан. Зээлийн гэрээний 3.1.1-т ийм агуулга байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ гэрээг аль хуулийг баримталж байгуулсан гэж асуугаад байгаагийн шалтгаан нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь тайлан гаргаад үйл ажиллагаагаа явуулж байхдаа миний ойлгож байгаагаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримталж байх ёстой. Зээлийн гэрээний хамгийн эхэнд Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн хоёрдугаар дэд бүлгийг баримтлав гэсэн байгаа. Хоёрдугаар дэд бүлэг нь банк, эрх бүхий хуулийн этгээд зээл олгох гэсэн гарчигтай. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохдоо анзыг хэрэглэхгүй гэж заасан байгаа. Нэхэмжлэгч нь анзыг шаардах эрхгүй. Зээлийн гэрээн дээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гэсэн заалт орсон боловч энэхүү гэрээ нь хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн. Хуулийг буруу ойлгож, хэрэглэх ёсгүй хуулийг бичиж, энэ гэрээг байгуулсан. Тийм учраас зээлийн гэрээний 2.3 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус заалт. Үүнийг шүүх хэрэглэхгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй л гэж байгаа. Анз болон алдангийг шаардахгүй. Нэгдүгээрт миний үйлчлүүлэгч нь 1,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч тус баримтаа олохгүй байгаа. Хоёрдугаарт 800,000 төгрөгийн алданги тооцох эрхгүй. Нэмэгдүүлсэн хүү шаардсан бол өөр асуудал гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ф” ХХК нь хариуцагч А.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 800,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээл 1,600,000 төгрөг, алданги 800,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй ба түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, зээл 1,600,000 төгрөгийг бэлнээр төлсөн, зээлийн гэрээ Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн хоёрдугаар дэд бүлгийг баримтласан ба Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан тул нэхэмжлэгч 800,000 төгрөгийн алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1026 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “А ф” ХХК-иас зээлдэгч А.Бод 1,600,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, зээл, хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр гэрээнд зааж, зээл эргэн төлөх хуваарь гаргажээ.
2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1026 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Hyundai Starex маркийн 7970УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “А ф” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн Апекс финанс ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-11-12, 14-16 тал/
Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан байна.
Иймд хууль хэрэглээний хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.
Зээлийн гэрээнд Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн 2-р дэд бүлэг буюу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зохицуулалтыг тусгасан хэдий ч нэхэмжлэгч “А ф” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш ба зээлдэгч А.Бод олгосон зээлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар шаардаж байгаа тул шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан байна гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан “а1026 гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь” баримтаас үзэхэд хариуцагч нь 1,600,000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүнд 2018 оны 11 дүгээр сарын 09-нд 80,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 09-нд 80,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 09-нд 80,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 09-нд 80,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 02-нд 80,000 төгрөг, нийт хүү 400,000 төгрөг төлж, үндсэн зээл, алданги зэргийг төлөөгүй байна. /хх-16 тал/
Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 2.1, 2.3, 3.1.1-т заасны дагуу зээлдэгч үндсэн зээл, алдангийг төлөөгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу зээл 1,600,000 төгрөг, алданги 800,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээний барьцааны зүйл Hyundai Starex маркийн 7970УНБ улсын дугаартай автомашины эзэмшигчээр “А ф” ХХК бүртгэлтэй боловч тээврийн хэрэгслийн эзэмшил хариуцагч талд байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч А.Б-оос зээл 1,600,000 төгрөг, алданги 800,000 төгрөг, нийт 2,400,000 /хоёр сая дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А ф” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53,350 /тавин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ