Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2020/03146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0, “Г б” ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0 тоотод оршин суух, З******* овогт Ш.Э-А /рд:0/,

Хариуцагч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, Олхонууд овогт Д.Б /рд:0/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 135,749,480.32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш*******, хариуцагч Ш.Э-А, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Ш.Э-А, Д.Б нар нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр Г б-тай ЗГ/1175101790 дугаартай зээлийн гэрээ байгуулж 129,500,000 төгрөгийг 8 жилийн хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 01 дүгээр сарын 22-ний БГ-0 дугаартай Ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 0 тоот 79,9 м.кв, улсын бүртгэлтэй Y-0 дугаар бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Гэтэл зээлдэгч Ш.Э-А, Д.Б нь ЗГ/0 дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 512 хоног хэтрүүлж зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл 118,361,068.98 төгрөг, зээлийн хүү 13,548,446.60 төгрөг нэмэгдүүлсэн хүү 68,018.93 төгрөг, нийт 131,977,534.51 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг ханган” гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийг шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ. Иймд Ш.Э-А, Д.Б нараас 131,977,534.51 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү. БГ 1175101790 дугаарт Ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 0 тоот 79,9 м.кв, улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүхий гурван өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ0 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г б нь Ш.Э-А, Д.Б нарт холбогдуулж ЗГ 1175101790 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 131,977,534.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 4 сарын хугацаа өнгөрч энэхүү хугацааны алдагдал нь зээл, зээлийн хүүгийн тооцоололд зөрүү үүсгэж байх тул нэхэмжлэгч Голомт банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 3,771,945.81 төгрөгөөр нэмэгдүүлж, 135,749,480.32 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Барьцааны орон сууцыг худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г б нь Ш.Э-А, Д.Б бид нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг 3,771,945.81 төгрөгөөр нэмэгдүүлснийг 2020 оны 08 дугаар сарын  25-ны өдөр гардан авсан. Голомт банкнаас зээлийн  гэрээ 1175101790 дугаартай ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн ****** тоот 77,9 мкв улсын бүртгэлийн ******* дугаар бүхий 3 өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан авсан. Зээлийн гэрээний төлөлт хийж чадаагүй шалтгаан нь өнгөрөгч хугацаанд эрхэлж байсан үйл ажиллагаа зогсож орлогогүй болсон. 2019 оны 05 дугаар сарын 24-нд Оюутолгой компанитай ******* дугаартай гэрээний дагуу Монгол улсад нэг удаагийн хамгаалах хувцас үйлдвэрлэх нийлүүлэх тендерт шалгаран үйл ажиллагаагаа 2019 оны 10 дугаар сард эхлүүлэн ажилласан. 2020 онд коронавирус гарснаар түүхий эд материалын үнэ 4-5 дахин өсөж хятад улс нэг удаагийн хамгаалах хувцасны түүхий эд материалыг хилээр гаргахыг хориглосон шийдвэр гаргасан нь үйл ажиллагаа зогсоход хүргэсэн. Энэ нь байрны зээлээ төлж чадаагүйд нөлөөлсөн. Үнийн өсөлттэй холбогдолтой нэхэмжлэл болон Оюутолгой компанитай харилцаж байсан эмайлыг хавсаргав. Иймд Г б-ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийн төлөлтөд хугацаа хэрэгтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г б” ХХК нь хариуцагч Ш.Э-А, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 131,977,534.51 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 3,771,945.81 төгрөгөөр нэмэгдүүлж, зээл 118,361,068.98 төгрөг, хүү 17,284,116.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,294.84 төгрөг, нийт 135,749,480.32 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч нар 2020 онд Коронавирус гарсны улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсоход хүрч зээлээ төлж чадаагүй, зээлийн төлөлт хийхэд хугацаа хэрэгтэй байна гэсэн тайлбар гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2015 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Орон сууцны зээлийн ЗГ0  дугаар гэрээгээр зээлдүүлэгч Г б ХХК нь зээлдэгч Ш.Э-А, Д.Б нарт 129,500,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлж, зээл эргэн төлөлтийн хуваарь гаргаж, мөн өдрийн Ипотекийн БГ1175101790 дугаар гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0, 0 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 0 тоот, 79,9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-3-12 тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй байна.

Орон сууцны зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-т зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудахаар талууд тохиролцжээ.

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт баримтаас үзэхэд зээлдэгч нар зээлийн төлбөрт 11,138,931.02 төгрөг, хүү 37,083,821.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,605.59 төгрөг, нийт 48,267,357.89 төгрөгийг төлсөн боловч зээлийн эргэн төлөх хуваарийг 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар, 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш одоог хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргийн зөрчил үүссэн болох нь тогтоогдож байна.  /хх-13-16, 46-50 тал/

Зээлдэгч нар зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчиж байсан тул гэрээ цуцлах мэдэгдлийг Голомт банк 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09/588 тоот мэдэгдэл хүргүүлж, зээлдэгч Ш.Э-А, Д.Б нарыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж байсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна. /хх-17, 23 тал/

Коронавирус (Covid-19) цар тахалтай холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь Монголбанк, Сангийн яамтай хамтран иргэдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн хөнгөлөлттэй  хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг банкуудад хүргүүлсэн үйл баримт нийтэд илэрхий байгаа байна.    

Хариуцагч нар 2020 онд Коронавирус гарсантай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогсоход хүрч зээлээ төлж чадаагүй, одоо хугацаа хэрэгтэй гэж байгаа боловч, хариуцагч нар зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтээ зээл авсан банкандаа гаргаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа ба зээлийн гэрээний үүргийн зөрчлийн ихэнх хэсэг нь Коронавирусын цар тахал гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байгаа тул шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ. 

Иймээс гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар нэхэмжлэгч Г б ХХК-ийн санаачилгаар гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол баримтаас үзэхэд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар хариуцагч нар нь зээл 118,361,068.98 төгрөг, зээлийн хүү 17,284,116.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,294.84 төгрөг, нийт 135,749,480.32 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Ш.Э-А, Д.Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 135,749,480.32 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0, 0 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 0 тоот, 79,9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ш.Э-А, Д.Б нараас зээл 118,361,068.98  төгрөг, хүү 17,284,116.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,294.84 төгрөг, нийт 135,749,480.32 /нэг зуун гучин таван сая долоон зуун дөчин есөн мянга дөрвөн зуун наян төгрөг, гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулж Г б ХХК-д олгосугай.

         

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.Э-А, Д.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ш.Э-А, Д.Б нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-., 000 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 79,9 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 906,897.40 /есөн зуун зургаан мянга найман зуун ерэн долоон төгрөг, дөчин мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ