Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 05

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

      Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, шүүгдэгч А.Гэрэлцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овгийн Амар-Өлзийгийн Гэрэлцогтод холбогдох 201618010131 дугаарын эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр  сарын 03-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 00 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Истимо” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 5, аав, ээж,  2 дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 6-27 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Халх овгийн Амар-Өлзийгийн Гэрэлцогт /РД:АВ--/.

Шүүгдэгч А.Гэрэлцогт нь 2016 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Усны 1-р багийн нутаг Цагаан хад гэх газарт Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн 02-46 УНЕ улсын дугаартай Мицубиши Кантер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 2.1-т заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Б.Цэцгээгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/      

                                                                                                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10 хуудас/,
  2. Хохирогч Д.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,
  3. Гэрч Ц.Гантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/,
  4. Гэрч Б.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/,
  5. Гэрч Г.Алтанчимэгийн мэдүүлэг /хх-ийн 64-65 хуудас /,
  6. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдийн 87 дугаартай Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт /хх-ийн 43-44 хуудас /,
  7. Замын цагдаагийн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 хуудас /,   
  8. Шинжээч Х.Мянганбаярыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 49 хуудас /,
  9. Яллагдагч А.Гэрэлцогтын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78 хуудас/,

10. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 180 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 хуудас/,

  1.  Хохирогч Д.Гансүхийг дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 53 хуудас/,
  2. Хохирогч Д.Гансүхийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын

01-ний өдөр хохирол төлбөр төлөгдсөн талаарх тодорхойлолт /хх-ийн 54 хуудас/,

  1.  Гэрч М.Амар-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 71 хуудас/,
  2.  Гэрч Д.Ванданпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/,
  3.  Шүүгдэгч А.Гэрэлцогтын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуудас/ зэргийг тус тус уншиж сонсгон шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалвал:

 Шүүгдэгч А.Гэрэлцогт нь 2016 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус 1-р багийн нутаг “Цагаан хад” гэх газарт Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн 02-46 УНЕ улсын дугаартай “MITSUBISHI CANTER” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдлөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө, 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна... гэх заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Цэцгээгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

1.Хохирогч Д.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манай эхнэр Цэцэгээ нь бага охин Алтанчимэгийн хамт 2016 оны 09 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Салхитын бригад гэх газарт ногоо тарьсан хятад хүмүүсийн тогоочоор ажиллахаар явсан  боловч хятад хүмүүстэй ажиллахаа болиод цаад талд нь Хужир гэх газарт хадлан хийж байгаа хүмүүсийн тогоочоор ажиллахаар болчихлоо гэж хэлээд гэрээс хөнжил гудасаа аваад явсан юм... 2016 оны  10 дугаар сарын 09-ний өглөө манай сумын их эмч манай гэрт ирээд танай эхнэр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хужирт гэх газарт хадлангийн талбай дээр нас барчихсан байна. Тэнд байсан хүмүүс нь таныг олоод ирээч гээд машин явуулсан байна гэж хэлэхээр нь тухайн машинд суугаад хэрэг учралын газарт очсон. Манай охин Алтанчимэг надад хэлэхдээ ээж маань хойш өнхөрч байсан машинаас буух гэж байгаад уначихаад босож чадаагүй байхад нь нөгөө машин урагшаа өнхөрөөд ээжийг маань дайрчихсан гэж хэлсэн. ...А.Гэрэлцогт нь найз нөхөд болон ажлынхаа газраас мөнгө зээлж манай талийгаачийн буяны ажилд зориулан бид нарт 1 сая төгрөг бэлнээр өгч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгонд хашаа байшин, мөн Ниссан сани маркийн машин худалдан авч өгсөн учраас бид нарын зүгээс нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,

2. Гэрч Ц.Гантөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Бид нарын байрлаж байсан гэрт орж тал шил архи хувааж уугаад байж байтал Батсүрэнгийн эхнэр мал эзгүй байгаа явъя гэж нөхөртөө хэлэд байсан учраас би тэр хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр болоод Алтанчимэг бид хоёр Батсүрэнгийн эхнэр хоёрыг машинаар нь гэрт нь хүргэж өгтөл араас Гэрэлцогт улаан машин уначихсан кабин дотор нь Цэцэгээ эгч, Бямбасүрэн, Энхжаргал нар суугаад ирсэн. Гэрэлцогтын жолоодон явсан улаан өнгийн машины арын суудалд суух үед машины арын суудалд Цэцэгээ эгч ганцаараа суугаад урд талын суудалд Энхжаргал, Бямбасүрэн нар суучихсан Гэрэлцогт машин жолоодон буцаад гэрийн зүг явсан. Би архи уугаад согтоод байсан тул замдаа унтчихсан байсан. Гэтэл Гэрэлцогт гэрийн гадаа ирчихлээ буугаарай гэж хүмүүст хэлээд машинаа зогсоогоод өөрөө буугаад явсан чинь Алтанчимэг намайг цуг машинаас гаръя гэж хэлээд байж байтал Цэцэгээ эгч өөрийнхөө талын хаалгыг онгойхгүй байна гэж  хэлээд машины урд талын хаалгаар буух гэж байгаа бололтой машины урд хэсэгрүү тонгойгоод явж байтал машин хойшоо зөөлөн өнхөрч эхэлсэн тул би машинаас гялс буугаад нөгөө талаар очих гэсээр байтал машин хойшоо газрын хэвлий буюу уруу хэсэгрүү хурдтай өнхөрөөд зогссон. Би машинаас хүн унасныг мэдээгүй машин дээр очтол машины ар талд Алтанчимэг муухай орилоод ээж үхчихлээ гэх хэлэхээр нь гүйгээд очтол Цэцэгээ эгч газар уначихсан нүүр нь цус болчихсон байхаар нь амьсгалыг нь чагнаад судсыг нь барьж үзэхэд цохилохгүй нас барчихсан байсан учраас ямартайч цагдаа эмнэлэгт энэ асуудлыг яаралтай мэдэгдэх зорилгоор улаан өнгийн машиныг асаагаад шууд төв аймгийн Цээл сум орж эмнэлэг цагдаад нь мэдэгдсэн чинь манай харъяа газар биш гэж хэлээд байхаар нь ямартай ч эмчийг нь очоод үзээд өг гэж гуйж байгаад аваад явж байтал машины бензин дуусчихсан учраас машинаа тэр газарт нь орхиод эмнэлэгийн машинд суугаад осол болсон газарт иртэл эмч нар Цэцэгээ эгчийг үзээд энэ хүн нас барчихсан байна, Орхонтуул сумын цагдаа ирж байгаа байх гэж тосоорой гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,

3. Гэрч Б.Энхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Батсүрэнгийн гэрээс бид нарын байрлаж байсан гэр 15 орчим км байх. Би буцаж явах замдаа нойр хүрээд унтчисан байсан чинь л гэнэт хүн орилоод байхаар нь сэртэл машин хойшоо хурдтай өнхөрч байх шиг байсан. Тэр үед миний баруун талд Бямбасүрэн ах унтаж байсан. Би юу болоод байгааг мэдэхгүй байж байтал машин хойшоо өнхөрч байснаа л гэнэт урагшаа өнхөрөөд зогссон чинь Гантөмөр ах машин дээр гүйж иртэл гадаа эмэгтэй хүн муухай уйлаад байхаар нь машинаас буугаад очтол Алтанчимэг Цэцэгээ эгчийг тэвэрчихсэн Цэцэгээ эгчийн нүүр цус болчихсон байсан. Би Цэцэгээ эгчийг яагаад гэмтсэнийг мэдээгүй гайхаад зогсож байтал Алтанчимэг ээж машинаас унаад үхчихлээ гэж уйлаад байтал Гантөмөр ах Цэцэгээ эгчийг чагнаж үзээд нас барчихсан юм шиг байна гэж Гэрэлцогт бид хоёрт хэлээд Бямбасүрэн ахыг машинаас буулгах гэтэл Бямбасүрэн ах сэрэхгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/,

4. Гэрч Г.Алтанчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тэр үед Гэрэлцогт машин жолоодчихсон түүний хажууд Гантөмөрийн баз хүргэн буюу Бямбаа болон Энхжаргал нар суугаад арын суудлын зүүн хаалганы хажууд ээж, би ээжийн баруун гар талд суугаад миний баруун гар талд Гантөмөр суусан юм. Бид нар хөдөө айлаас бригад руугаа ирж явах үедээ хажуу талын хадлангийн бригад дээр зогсохоор ярилцаж байгаад шууд өөрсдийнхөө бригад дээр очихоор болоод бригад дээрээ ирээд гэрийн урд машин зогссон чинь Гантөмөр машины баруун хойд хаалгыг онгойлгон буугаад урдаас Гэрэлцогт ах машины жолоочийн хаалгыг онгойлгож буугаад явсан чинь ээж намайг цаашаа буугаарай гэж хэлэхээр нь би машины баруун хойд хаалгаар буух гэж байтал ээж жолоочийн суудал хэсэгрүү тонгойгоод удалгүй машин өнхөрсөн. Тэгтэл ээж миний араас татаад намайг буцаагаад машинд суулгачихсан. Тэгээд л машин зөөлөн өнхөрч байхад ээж машины зүүн хойд хаалгыг онгойлгож буух гэтэл гэнэт хурдаа авч машин хойшоо маш хурдан өнхөрч байгаад машин гэнэт эргэсэн чинь ээж маань  машинаас уначихсан. Ээжийг машинаас унаад удаагүй байтал машин буцаж урагшаа өнхөрөөд зогсохоор нь буугаад хартал ээж маань машин буцаж урагшаа өнхөрсөн мөрний орчимд хэвтэж байсан. Би ээжийг босгох гэтэл ээж маань нас барчихсан амьсгалахгүй нас баричхсан юм шиг байхаар нь Гантөмөрийн машинаа асаагаад эмнэлэг явъя гэж хэлээд улаан өнгийн машиныг Гантөмөр асаагаад шууд Төв аймгийн Цээл сумын эмнэлэгт очтол манай харъяа газар биш гэж хэлээд явахгүй удаж байгаад бид хоёрын машинд суугаад явж байтал улаан өнгийн машин бензингүй болоод унтарчисан тул машинаа тэр газарт нь орхиод эмнэлэгийн машинаар ээжийн унасан газар иртэл эмч ээжийг маань үзээд нас барчихсан байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65  хуудас/,

5. Гэрч А.Бямбацэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Нэг мэдсэн чинь л хөөе сэрээрэй гэж Гантөмөр дуудаад байхаар нь яасан бэ гэж асуусан чинь хүн үхчихлээ эмнэлэг цагдаа дуудах хэрэгтэй байна машинаас гялс буу гэж хэлээд л машин унаад эмнэлэг цагдаа дуудахаар  явсан. Тэр үед гадаа маш харанхуй байсан учраас гадна орчин сайн харагдахгүй байсан. ямартай ч машины зүүн хойд булангийн харалдаа газар тогоочоор ажиллаж байсан гэх эмэгтэйгийн нүүр нь цус болчихсон газар хэвтэж байхаар нь би айгаад удаан харж чадаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 87 тоот Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Талийгаач Цэцэгээгийн биед олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, үнхэлцэг хальсны урагдал, уушгины цоорол, элэг дэлүүний язарсан урагдал, нүүр, хэвлий, баруун сарвуу, зүүн гуя, зүүн өвдөгөнд зулгаралт, баруун өвдөгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй,

-Талийгаач Цэцэгээ нь зүрх судасны архаг өвчтэй байжээ. Уг өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй,

-Талийгаач нь нас барах үедээ архи согтууруулах  ундааны зүйл хэрэглээгүй байна.

-Талийгаачид эмнэлэгийн тусламж үзүүлэх боломжгүй байсан байна.

-Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ.

-Талийгаач нь АВ(ll) бүлгийн цустай байжээ... гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44 хуудас/,

7. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч Х.Мянганбаярын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Кантер маркийн 0246  УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Гэрэлцогт нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдлөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө, 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх... гэсэн заалтуудыг зөрчсөн байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 47 хуудас/,

8. Шинжээч Х.Мянганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгслийг орхиж явахдаа өнхөрхөөс сэргийлж зогсоолын тормос болон хүнд араанд залгаж асаалтын түлхүүрийг салгах, хаалга цонхоо хааж, жолооны хүрдийг цоожлон, зорчигч нарыг бүрэн буулгасны дараагаар дохиололтой бол дохиололоо идэвхжүүлж, жолоочоос бусад хүн хөдөлгөх боломжгүй арга хэмжээг хэлнэ...Дээрх ослын хувьд А.Гэрэлцогт нь жолоодх эрхийн үнэмлэхгүй учраас жолоочийн эрх, үүргийг мэдэхгүй тул 0246 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоохдоо зам тээврийн осол гарч болох аюултай нөхцөл байдалд тээврийн хэрэгслийг зогсоосон байна. Ийм осол гаргахгүйн тулд жолоочийн зүгээс гар тормоз ашиглах, тээврийн хэрэгслийн дугуйнд эвүүр ивэх, уруу газрыг тооцон хөндлөн зогсох  зэрэг арга хэмжээ авч болох байсан гэж үзэж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,

9. Шүүгдэгч А.Гэрэлцогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймгийн Цагаан хад гэдэг газар хадлангийн ажлаар ирээд тэгээд авто тээврийн хэрэг гарсан. Тэр үед хоол ундгүй болоод хоол унд хүнсээ авах гээд малчингийнд очсон. Тэгсэн малчин байхгүй байсан. Бид наашаа явж байгаад нэг малчин айлд орсон. Надтай хамт явж байсан хүмүүс айлд орж айраг, архи уугаад байсан. Тэгээд наашаа явах болсон чинь жолооч нь барьж чадахгүй. Би маргааш нь ажилтай байсан учраас би ямар ч арга байхгүй болж машиныг нь жолоодоод гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд гэрийн гадаа ирээд гэр лүүгээ алхаж байсан чинь  машин хойшоо уруу руу өнхөрсөн. Тэгээд би хойноос нь гүйгээд очтол талийгаач машины хойно унасан хэвтэж байсан. Тэгээд би гүйж очоод тэвэрсэн чинь дуугараад байсан. Тэгээд эмнэлэг явж эмч дуудъя гээд сумынх нь төв рүү яваад эмчийг нь авчирч үзүүлсэн чинь ер нь нэмэргүй болсон байна. Цагдаа дууд гэж хэлсэн. Бид цагдаа дуудсан тэд ирсэн. Тэд ирээд шинжилгээ хийгээд согтуу та нар тээврийн хэрэгсэл барьсан байна. Чи яагаад тээврийн хэрэгсэл барьсан юм бэ? гэж хэлсэн. Би жолооч нь согтуу барьж чадахгүй байсан. Тэгээд би яаралтай ажилтай байсан болохоор би машин бариад хүрээд ирсэн юм гэж хэлсэн. Удалгүй хохирогчийн талын хүмүүс ирсэн. Хохирогчийн талынхан санал гомдол гээд уулзсан чинь за чи хохирол барагдуулах юм бол бид санал гомдолгүй. Ярьж хөөрнө гэж хэлсэн. Тэгээд бид эгч нартай нь уулзсан. Бид хохирлыг нь барагдуулсан байгаа. Би хашаа байшин, машин, бэлнээр 1.000.000 төгрөг нийт 14.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна  гэв.

10. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5, 7-10 хуудас/

11. Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 6 хуудас/,

12. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 хуудас/,

13. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42 хуудас/ зэрэг  бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж шүүгдэгч А.Гэрэлцогтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 201618010131 тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байх тул хэрэгт ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж дүгнэсэн болно.

Хохирогч Д.Гансүх, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарт шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг сонсож, хохирогч Д.Гансүх, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзэж хэргийг эцэслэн шийдлвэрлэсэн болно.

Нөгөөтэйгүүр хохирогч Д.Гансүх нь иргэний нэхэмжлэл, хохирол төлбөрийн талаар мөрдөн байцаалтанд байр сууриа илэрхийлсэн буюу шүүгдэгч А.Гэрэлцогтод гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүний эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Гэрэлцогт нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-р тогтоогдож байна.

А.Гэрэлцогтын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

Иймд шүүгдэгч А.Гэрэлцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...А.Гэрэлцогт нь найз нөхөд болон ажлынхаа газраас мөнгө зээлж манай талийгаачийн буяны ажилд зориулан бид нарт 1 сая төгрөг бэлнээр өгч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгонд хашаа байшин, мөн “Ниссан сани” маркийн машин худалдан авч өгсөн учраас бид нарын зүгээс нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэх мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан ...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Цагаан хад гэх газар хадлангийн тогоочоор ажиллаж байгаад нас барсан талийгаач Цэцэгээгийн ар гэрийнхэнд Гантөмөр, Энхжаргал, Гэрэлцогт нараас болон ажил олгогч байгууллагын зүгээс оршуулгын зардалд 1 сая төгрөг, мөн хуучин Орхонтуулд Дөхөм хорооны 2-р гудамжны 2 тоот дахь өвлийн байшинтай хашаа, Ниссан сани маркийн 2002 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашин тус тус худалдаж авч өгч, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол, зардалтай холбогдох иргэний нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан тул  цаашид дээрх хүмүүс болон ажил олгогчоос  ямар нэг нэхэмжлэх зүйлгүй болсон болно... гэсэн тодорхойлолт зэргээр шүүгдэгч А.Гэрэлцогт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Гэрэлцогт нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 03 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийг заавал олон нийтээс тусгаарлан хорихгүйгээр цагдаагийн байгууллагын хяналтад хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч А.Гэрэлцогтод сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Гэрэлцогт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж урчруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож ял шийтгэл оногдуулав.

Харин шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн 201618010131 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Гэрэлцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гэрэлцогтод батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 -д заасныг удирдлага болгон.

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халх овгийн Амар-Өлзийгийн Гэрэлцогтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар А.Гэрэлцогтын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 03 жил 01 /гурван жил нэг сар/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Гэрэлцогтод оногдуулсан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  оногдуулсан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч А.Гэрэлцогтод сануулсугай.

6. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Гэрэлцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гэрэлцогтод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ДЭЛГЭРСАЙХАН