Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2018/0575

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З  ХХК

Хариуцагч: Х******* дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.О*******, Н.М*******

Нэхэмжлэлийн шаардлага: Х******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.М*******, Ж.О******* нарын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23 тоот татварын улсын байцаагчийн акт хүчингүй болгуулах тухай хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагч Н.М*******, Ж.О*******, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... З  ХХК нь 2001 онд байгуулагдсанаас хойш олон улсын чиглэлээр үйл ажиллагаа явуулж өнгөрсөн хугацаанд орон сууц, оффис, барилга байгууламжийг амжилттай барьж гүйцэтгэн улсын комиссод хүлээлгэн өгч байсан. Барьж байгуулсан барилга нь шаардагдах бараа, материалын хувьд туслан гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр дотоодын зах зээлээс худалдан авалт хийсэн.

Үүнтэй холбоотой Х******* дүүргийн Татварын хэлтсээс 2012 оны оны ахуйн татвар төлөлт, тайлагналтын байдалд хийсэн шалгалтын ажиллагаа таарч бараа, материал авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэн авч нэмэгдсэн өртгийн албан татварын үнээр худалдан авсан барааны хэсэгт тусгай татвар ногдуулсан орлогоос хасч татвар ногдуулсан орлогыг санаатай нуун дарагдуулсан гэж үзэн татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Ингээд Цагдаагийн байгууллага шалгаад 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 267 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох Прокурорын тогтоол гарсан.

Үүнээс хойш 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 2012 оны албан татварын тайлан хяналтад байж, шалгалт хийгээд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 23 дугаартай татварын улсын байцаагчийн актыг Х******* дүүргийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Н.М*******, Х.О******* нар гаргасан байдаг. Уг актад Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.14-т газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн талаарх мэдээлэл, түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор харьяа татварын албанд бүртгүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн хэмээн үзэж З  ХХК-д 6.792.336.181 төгрөгийн татвар ногдуулсан.

Манай компанийн зүгээс дээрх актыг хүлээн зөвшөөрөөгүй тул Татварын маргаан таслах зөвлөлд хандсан. Учир нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Урьдчилсан дүгнэлт гэж түүнийг нотлох байдлаар шалгалтад хийсэн Х******* дүүргийн Татварын улсын байцаагч Н.М*******, Х.О******* нар З  ХХК-ийг 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Татварын хяналт шалгалт хийх журам, түүнд нийцүүлэн гаргасан 2014 оны Татварын ерөнхий газрын даргын А/301 дугаартай тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг тус тус баримтлаагүй.

Мөн татварын улсын байцаагч хяналт шалгалт хийх гэж байгаа тухай танилцуулаагүй, санхүүгийн ажлын баримтад үзлэг шинжилгээ хийж нягтлан бодох ажиллагаа явуулахгүйгээр зөвхөн Б дүүргийн Прокурорын газрын 266 дугаартай тогтоолд дурдсан асуудлыг багцлах зорилгоор татварын хяналт, шалгалт хийсэн дүгнэлтээ баталгаажуулж гаргасан байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасныг зөрчсөн. Улмаар татварын байцаагчийн дүгнэлтэд Б дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаартай тогтоолд дурдсанаар хий бичилттэй падаан ашиглаж албан татварт тайлагнаж онц хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруугаа хүлээж нөхөн төлөхөөр илэрхийлсэн тул гэж хавсралтад дурдсан.

Гэтэл хий бичилттэй падаан ашигласан гэх үйлдэл шүүхээр тогтоогдоогүй, гэм буруутайд тооцсон Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасныг зөрчсөн. З  ХХК-ийн хувьд хий бичилттэй падаан ашигласан үйлдлийг огт хийгээгүй, энэ талаар удаа дараа Цагдаагийн байгууллага, татварын улсын байцаагчийн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Татварын улсын байцаагчийн дээрх дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Татварын ерөнхий хууль, холбогдох журам заасан аргачлалыг баримтлаагүй гэж үзэж байна.

Мөн холбогдох баримтыг үндэслэж хуульд нийцээгүй гэж үзэж байна. Үүнд акт нь нэгж байгууллагуудаас бараа худалдан авсан нэг бүрийн хий бичилттэй падаануудыг хасалт хийсэн гэж дүгнэн дээрх нөхөн татварыг ногдуулсан. Татварын улсын байцаагчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан тусгагдсан 6.792.336.181 төгрөгийн бодит худалдан авалт, худалдан авсан гэдэг хий бичилт хийж татварын ногдлыг багасгасан гэж дүгнэсэн. Д******* ХХК, Ж******* ХХК гэх нэр бүхий 5 компаниас худалдан авалт хийсэн мэдээлэл бүрээр дүгнэлт үйлдсэн. Дээрх компаниудтай худалдан авалт хийсэн нь бодит бөгөөд байгуулсан гэрээний дагуу барилга, угсралтын үйл ажиллагаанд зориулж ажил, үйлчилгээг худалдан авч тухай бүрт нь нэмэгдсэн өртгийн албан татвартай нь шилжүүлж өгсөн.

Бид дээрх барилгын материалуудаар 10 барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хэрэглэсэн гэдгийг хэлсэн бөгөөд цаг тухайд нь барилгыг улсын комиссод хүлээлгэн өгсөн. Нийт бараа, материалыг хэрэглээгүй мөртлөө хэрэглэсэн болгож хий бичилттэй падаан авч ашиглаагүй, харин бодит худалдан авалт байсан нь дээрх нэр бүхий 5 компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, кассын зарлагыг олж тухайн компаниас олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бэлэн мөнгөний баримт, зарлагын баримт, 10 барилгыг улсын комиссод хүлээлгэн өгсөн акт, санхүүгийн анхан шатны баримт зэрэг нотолно.

Гэвч улсын байцаагч дээр нотлох баримтуудыг үзэж хараагүй атлаа худалдан авалт хийсэн мэтээр дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан ажил үйлчилгээнд татвар ногдуулах ёстой. Мөн татварын улсын байцаагчийн акт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн.

З  ХХК нь худалдан авсан бараа материалын үнэ, аливаа үйлчилгээний төлбөрийг тухай бүрт нь төлж, үнийн дүнгээр шилжүүлсэн нь компаниудтай байгуулсан татвар бүрдүүлэлтийн анхан шатны нотлох баримт, гэрээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Улмаар 2012 оны бүх саруудад нэмэгдсэн өртгийн албан татварын бүх тайланд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийг тусгаж баталгаажуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасныг дагуу цаг тухайд нь төлсөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг хэлнэ гэж тус тус тодорхойлсон байдаг.

Дээрх баримтуудыг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасанд хамаарахгүй тул татварын улсын байцаагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. З  ХХК нийт 5 компаниас нэмэгдсэн өртгийн. Албан татварын падааныг авсан. Падаанд тавигдах шаардлага нь хуульд заасны дагуу байсан. Падаануудыг хуурамчаар үйлдсэн гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. 267 дугаар Прокурорын тогтоолд энэ талаар тусгагдсан. З  ХХК нь нэгжүүд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу татварын тайлангаа тайлагнасан учир 267 дугаартай тогтоолд үндэслэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Татварын ил тод байдлын тайланг гаргаж өгсөн тул одоогийн байдлаар ямар нэг зөрчилгүй болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хоёр. Хариуцагч Ж.О*******, Н.М******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг нар 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй маш олон зүйлийг ярьж байна. Урьдчилсан дүгнэлт гаргасан гэдгийг татварын улсын байцаагч нар Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн санхүүгийн баримтын дагуу ажлын төлөвлөгөөний дагуу татварын хэсэгчилсэн хяналт шалгалт явуулсан. Ингээд дүгнэлт үйлдэж Цагдаагийн байгууллагад шилжүүлж З  ХХК-ийн зүгээс дээрх илэрсэн зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Х******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.М*******, Ж.О******* нарын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23 тоот татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд татварын улсын байцаагч нар З  ХХК-ийг нэр бүхий таван аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн падаанаар худалдан авалтын хасалт хийж бууруулсан гэж үзэж төлбөр ногдуулсан үйл баримт болжээ.

 

Нэхэмжлэгч тал ... татварын улсын байцаагч нар манай компаний 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын татвар төлөлт, тайлагналтад хяналт шалгалт хийхдээ татварын хяналт шалгалт хийх журмыг зөрчиж шалгалтын удирдамж танилцуулалгүй санхүүгийн анхан шатны баримтад үзлэг, шижилгээ хийж түүнд үндэслэн шалгалт явуулалгүйгээр прокурорын тогтоолд дурьдсан асуудлыг батлах зорилгоор шалгалт хийсэн дүр үзүүлсэн гэж хариуцагч тал ... тус компани нь хууль хяналтын байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт хэрэг бүртгэлт хийгдэж татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь тогтоогдсон бөгөөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэдий ч энэ нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул төлбөр төлүүлэхээр даалгасан нь үндэслэлтэй гэж маргаж байгаа болно.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, харицагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыгг дараах байдлаар дүгнэлээ.

 

Х******* дүүргийн Татварын хэлсийн татварын улсын байцаагч Ж.О*******, Н.М******* нар З  ХХК-ийн 2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалтыг хийж 6,792,361,800.0 төгрөгийн зөрчил илрүүлж 679,236,180.0 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг ногдуулжээ.

 

Татварын хяналт шалгалтаар З  ХХК нь Д******* ХХК-иас 2012 онд 6 ширхэг падаанаар 2,607,428,700.0 төгрөг, Ж******* ХХК-иас 2012 онд 3 ширхэг падаанаар 1,629,018,200.0 төгрөг, Х******* ХХК-иас 2012 онд 2 ширхэг падаанаар 1,119,687,700.0 төгрөг, Г******* ХХК-иас 2012 онд 1 ширхэг падаанаар 1,134,454,545.0 төгрөг, Д******* сүлд ХХК-иас 2012 онд 1 ширхэг падаанаар 301,772,727.0 төгрөг нийт 5 аж ахуйн нэгжийн 13 ширхэг нэмэгдсэн өртгийн падаанаар 6,792,361,872.0 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган хасалт хийж, татвар төлөх дүнг 679,236,180.0 төгрөгөөр бууруулсан байна. Талууд нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн дүн болон шалгалтын явцад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг З  ХХК ирүүлээгүй гэдэгт маргадаггүй болно.

 

Анх дээрх нэр бүхий 5 компанитай холбоотой 7,326,326,600.0 төгрөгийн татварын зөрчилд З  ХХК-д татварын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 230017 дугаартай дүгнэлт бичин хуулийн байгууллагад шилүүлжээ.

 

Нийслэлийн Б дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 267 тогтоолд ... З  ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Хө Жи Вэн дээрх нэр бүхий компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийлгэн авч татвар төлөхөөс зайлсхийсэн бөгөөд сайн дураараа 30 сая төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн ... гэжээ.

 

З  ХХК-ийн нийт 6,792,361,800.0 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн падаанаар хасалт хийсэн зөрчилд татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэснийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэснийг тус тус зөрчөөгүй байна.

 

Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шалгалтаар тогтоогдоогүй байхыг гэж заасан бөгөөд З  ХХК нь дээрх хуулийг хэрэгжихээс өмнө буюу 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 230017 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт бичигдэж, хуулийн байгууллагаар шалгагдаж тогтоогджээ.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-д энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж заасныг баримтлан З  ХХК-ийн гаргасан зөрчилд холбогдох торгууль, алдангийг өршөөлд хамруулсан байна.

 

Иймд татварын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгах тухай 23 дугаартай акт нь З  ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгох ТОГТООХ НЬ:

 

1. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан З  ХХК-ийн нэхэмжлэлээр Х******* дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.О*******, Н.М******* нарт холбогдуулан гаргасан Х******* дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ