| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 110/2025/0053/З |
| Дугаар | 221/МА2026/0513 |
| Огноо | 2026-07-23 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0513
Ш.Ж-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүн: Шүүгч М.Цэцэгмаа
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгч: Ш.Ж
Нэхэмжлэгч: Ш.Ж
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б
Нэхэмжлэлийн шаардлага:
“Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг, “Хохирол барагдуулах тухай” 18-04/24, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26, “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29, 18-04/30, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн Ш.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Хэргийн индекс: 110/2025/0053/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Ж-аас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-ий 2025 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлага, “Хохирол барагдуулах тухай” 18-04/24, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26, “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29, 18-04/30, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай”18-04/31 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах” -аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж-ы Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27 дугаар, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28 дугаар, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/30 дугаар, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж-ы Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-04/24 дүгээр, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29 дүгээр актын 2022 оны 1166.500 төгрөгт, 2023 оны 1.750.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаар, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай 18-04/26” дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-ий 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Цалин, хөлсийг шалгасан тухай” 18-04/27, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай" 18-04/30, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгох тухай” гэсэн хэсгийг багасгаж,
“Хохирол барагдуулах тухай” 18-04/24, “Хувь хүний орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29, “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах хэсгийг дэмжсэн байр сууринаас шүүх хуралдаанд оролцсон.
3.2. Шүүхийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-04/24 дугаар, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29 дугаартай актуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул энэ талаар маргаан байхгүй.
3.3. Харин шүүхийн шийдвэрээс Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хувь хүний орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаар, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26 дугаар, “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь,
3.4. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай шалгалтын удирдамжийн дагуу аймгийн Барилга захиалагчийн албаны 2022-2024 оны үйл ажиллагаанд санхүүгийн болон хүний нөөцөд хяналт шалгалт хийгдсэн.
3.5. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай танилцуулгын “НЭГ”-т шалгалтын зорилго нь “...зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгч, ажилд нь туслахад оршино” гэжээ. Үүнээс үзэхэд, санхүүгийн хяналт шалгалтын гол зорилго нь зөвлөх шинжтэй байсан болох нь тодорхой харагдаж байна.
3.6. Гэтэл хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд зорилгоосоо гажаад үйл ажиллагаандаа дээрх зарчмыг баримтлалгүйгээр дээрх маргаан бүхий актыг тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, төлбөр тогтоосон актууд нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 6.2.1-д “үйл ажиллагаандаа хууль тогтоомж, чанд баримтлах”, 6.2.5.-д “аливаа асуудалд шударга, бодит байдалд нийцүүлэн хандаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах", 6.3.1-д “санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах” гэсэн заалтуудад нийцээгүй гэж үзэж байна.
3.7. Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18-04/25 дугаар актад хувь хүний орлогын албан татварын 738,3 мянган төгрөгийн татварыг дутуу суутгаж, илүү цалин олгосныг зөрчил болгож Ш.Ж-аар төлүүлэхээр заажээ. Гэвч Ш.Ж- миний бие тухайн сарын цалинг өөртөө цалин бодоогүй ба нягтлан бодогчийн бодсоноор тооцогдсон байна. Цалинг нягтлан бодогч С.Н-гийн бодсоноор гарын үсэг зурж баталгаажуулсан. Харин цалинг илүү бодож татварыг суутгаагүй цалинг бүтнээр бодож тооцсон нь нягтлан бодогчийн шууд буруутай үйл ажиллагаа юм.
3.8. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18-04/26 дугаар актад илүү олгосон томилолтын 696,0 мянган төгрөгийг нэр бүхий ажилчдаар төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Тухайн томилолтын санхүүгийн анхан шатны баримтгүй олгох боломжгүй бөгөөд нягтлан бодогчийн алдаа дутагдал бөгөөд ажилдаа хайнга хандсан байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0004 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч Ш.Ж-аас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-д холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг, “Хохирол барагдуулах тухай” 18-04/24, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26, “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29, 18-04/30, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27 дугаар, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28 дугаар, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/30 дугаар, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж-ы Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27 дугаар, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28 дугаар, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/30 дугаар, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж-ы Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-04/24 дүгээр, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29 дүгээр актын 2022 оны 1166.500 төгрөгт, 2023 оны 1.750.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаар, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай 18-04/26” дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.1. “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагын тухайд:
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд 10.9-д “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж заасны дагуу хариуцагч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч нь төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд илэрсэн алдаа дутагдлыг таслан зогсоох, шалтгаан нөхцөлийг арилгуулахаар албан тушаалтанд шаардлага тавих эрхтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж заасан бөгөөд хариуцагч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч хуульд заасан үндэслэлийн дагуу хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар шаардлага тавьж, цаашид хууль болоод журмын зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллах талаар шаардсан, энэхүү албан шаардлага нь хууль ёсны төдийгүй нэхэмжлэгчид аливаа байдлаар үр дагавар үүсгээгүй байх энэ тохиолдолд “хариуцагч хяналт шалгалт явуулахдаа нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах эрхийг хангаагүй” гэх үндэслэлээр “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
2.2. “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаар актын тухайд:
Маргаан бүхий 18-04/25 дугаар актаар нэхэмжлэгч Ш.Ж-ы цалин хөлснөөс 2022 оны 07 дугаар сараас хойш сар бүр 75,3 мянган төгрөг буюу 6 сарын хугацаанд 451,8 мянган төгрөг, 2023 оны эхний 3 сард сар бүр 95,5 мянган төгрөг буюу 286,5 мянган төгрөг, нийт 738,3 мянган төгрөгийн татварыг дутуу суутгаж, илүү цалин олгосон зөрчил илрүүлж, дээрх хувь хүний орлогын албан татвар 738,3 мянган төгрөгийг Ш.Ж-аар төлүүлж, төсвийн орлого болгохыг даалгажээ.
Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.1-т “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлогыг хамруулна:”, 7.1.1-д “ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;” гэж зааснаар татвар төлөгч нь цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос мөн хуулийн 21.2-т “Энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлогод дoор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна:” гээд 21.2.4-т “энэ хуулийн 15.1, 16 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3-т зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар;” гэж заасан хувь хэмжээгээр татвар төлөхөөр хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн тооцооны хүснэгтээр бодогдсон цалингаас зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг хасч, хувь хүний орлогын албан татварыг хасаагүй дүнгээр цалин олгодог байсан нь тогтоогдож байх тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;” гэж заасныг үндэслэн дутуу суутгасан нийт 9 сарын хувь хүний орлогын албан татварыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх;” зарчимтай нийцэх төдийгүй энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д “төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг; 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:” гээд 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн”, 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.5.7-д “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах;”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн байгууллагын төсвийн захирагчийн хувьд байгууллагын төсвийг үр ашигтай зарцуулах, үр дүнг хариуцах, байгууллагын санхүүгийн мэдээг үнэн зөв гаргах болон нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэгтэй тул “нягтлан бодогч С.Н-гийн буруутай үйл ажиллагааны улмаас алдаа дутагдал гарсан” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
2.3. “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай 18-04/26” дугаар актын тухайд:
Маргаан бүхий 18-04/26 дугаар актаар “2023 оны 8 дугаар сард байгууллагын дарга Ш.Ж-д 600,0 мянган төгрөгийн албан томилолтын мөнгийг олгохдоо үндсэн баримтад 10-12 дугаар саруудад ажилласан томилолтын хуудсыг хавсаргаж, 384,0 мянган төгрөгийн үндсэн баримтыг бүрдүүлээгүй олгосон, 10 дугаар сард Е.А-т 552,0 мянган төгрөгийн албан томилолтын мөнгө шилжүүлэхдээ 3 хоногийн албан томилолтын сар өдөргүй, 3 хоногийн сар өдөр давхацсан албан томилолтын хуудсаар, 2 хоногийг илүү тооцож 120,0 мянган төгрөгийг илүү олгосон, 12 дугаар сард олгосон томилолтын мөнгөнөөс 1 хоног буюу 24,0 мянган төгрөгийг илүү олгосон, 10 дугаар сард М.М-т 11 хоногийн томилолтын мөнгө 288,0 мянган төгрөг шилжүүлэхдээ 1 хоногийг илүү олгосон, 2 хоногийн сар, өдөр давхацсан албан томилолтын хуудсаар олгож 72,0 мянган төгрөгийн томилолтын мөнгийг буруу тооцож олгосон, 12 дугаар сард сар өдөр давхацсан томилолтын хуудсаар 1 хоног, 3 хоногийг илүү нийт 4 хоног буюу 96,0 мянган төгрөгийг илүү олгосон” гэх зөрчилд илүү олгосон албан томилолтын 696,0 мянган төгрөгийг хавсралтад заасан нэр бүхий ажилчдаар төлүүлж төсвийн орлого болгохыг нэхэмжлэгч Ш.Ж- болон нягтлан бодогч С.Н- нарт хариуцуулсан байна.
Өөрөөр хэлбэл, актаар нийт 3 зөрчилд нийт 696,000 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон бөгөөд үүнээс Ш.Ж- 384,400, Е.А- 144,000, М.М-ээр 168,000 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.
Хэрэгт авагдсан Барилга захиалагчийн албаны 2025 оны ээлжийн амралт олгох хүснэгтэд “Ш.Ж-аас 2023 оны 08 дугаар сард илүү олгосон албан томилолтын 384,000 төгрөгийг суутгаж, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын төсвийн газрын 100020051408 тоот дансанд шилжүүлсэн, 2025 оны 04-05 дугаар саруудад илүү олгосон цалинг суутгав” гэж, Барилга захиалагчийн албаны 2025 оны 4 дүгээр сарын томилолтын зардалд “Е.А-аас 2023 оны 10 дугаар сард илүү олгосон албан томилолтын мөнгийг суутгаж, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын төсвийн газрын 100020051408 тоот дансанд шилжүүлэв” гээд Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн 2 баримтуудыг хавсаргасан байгаагаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч уг зөрчлөө хүлээн зөвшөөрч 18-04/26 дугаар актаар тогтоосон төлбөрийн холбогдох хэсгийг төлж барагдуулжээ.
Хэдийгээр дээрх актаар тогтоосон төлбөрөөс холбогдох хэсгийг нь төлж барагдуулсан, хариуцагчаас “уг акттай холбоотой ажилчид зөрчлөө хүлээн зөвшөөрч, илүү авсан цалингаа Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын төсвийн орлогын дансанд төвлөрүүлж байгаа” гэж тайлбарласан боловч М.М-ээр төлүүлэхээр тогтсон 168,000 төгрөгийг буцаан төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:” гээд 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;”, 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ:” гээд 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах;”, Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журам”-ын 2.4-т “Албан томилолтоор ажилласан хоногийн тоог албан томилолтоор ажиллуулах шийдвэрт тэмдэглэсэн хуанлийн хоногоор тооцож гаргана. Албан томилолтоор явсан, буцаж ирсэн өдрийг нэгтгэн нэг хоногт тооцно” гэжээ.
Хуулийн дээрх заалтуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Ш.Ж нь тухайн байгууллагын төсвийн захирагчийн хувьд байгууллагын төсвийг үр ашигтай зарцуулах, үр дүнг хариуцах, нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тухайн байгууллагын санхүүгийн баримтаар илэрсэн зөрчилд тогтоосон Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн акт хууль ёсны байна.
3. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ