Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00021

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт оршин суух, Ц.М /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 давхарт байрлах, М с ХХК /рд:0/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 тоот хаягт оршин суух, М.Э /РД:0/ нарт холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-А, хариуцагч М.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э /Ү-/, хариуцагч М с ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ц.М нь хариуцагч М с ХХК-тай 2012 онд ажил гүйцэтгэх 04/02, 10/04, 06/01, 10/05 тоот гэрээнүүдийг тус тус байгуулж хамтарч ажилласан. Ц. нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* ******* , ******* хотхонд дээрх дөрвөн гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд “******* *******” ХХК нь дээрх гэрээнүүдийн төлбөрт нийт 90,500,000 төгрөгийг Ц.М-д төлөхөөр тохиролцсон. Ц.М нь гэрээнд заасан ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хариуцагч компанид хүлээлгэн өгч тооцоо нийлсэн бөгөөд М с ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдэл 75,235,000 төгрөгийг тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******, ******* тоот 3 өрөө орон сууцны урьдчилгаанд суутган тооцсон байдаг. Ингээд Ц.М нь М с ХХК-тай 2013 оны 7 сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах 13/Б48-3 тоот гэрээг байгуулж Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******, ******* тоот 3 өрөө орон сууцыг 130,000,000  төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар талууд харилцан тохирч 75,235,000 төгрөгийг дээрх байдлаар урьдчилгаанд суутгаж тооцсон болно. Ц.М нь гэрээ байгуулагдсан өдөр орон сууцныхаа түлхүүрийг гардан авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Түүнчлэн Ц.М нь үлдэгдэл төлбөр 54,765,000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 19-ны өдөр М с ХХК-д бүрэн төлсөн. Гэтэл хариуцагч нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүрэгтэй гэж заасан үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 бай18 ******* тоот 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй байна. Тус гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардахад 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн дотор улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн боловч янз бүрийн шалтгаан хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн. Сүүлийн үед хэн бичсэн нь мэдэгдэхгүй хүнээс миний өмчлөлийн байр тул 3 хоногийн дотор яаралтай суллаж өгнө үү гэх мэдэгдлүүд гэрт ирэх болсон. Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******, ******* тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ц.М-ыг тогтоож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: /хх120-122 бич /

            Хариуцагч М С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж байгаа Ц.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа М с ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* ******* хаягт байрлах ******* Таун хотхоныг барьж ашиглалтад оруулсан юм. Уг байрны захиалагч болох Ж.О нь 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр №1А/84 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг М с ХХК-тай байгуулан тус ******* Таун хотхоны 1 А байрны ******* тоот 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон билээ. Уг орон сууцны төлбөрт уг маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******  ******* тоот 3 өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн юм. Тухайн үед манай компани нэхэмжлэгч Ц.М-д 75,235,000 төгрөгийн өр төлбөртэй байсан тул бартераар орж ирсэн байрыг Ц.М-д худалдан зөрүүнд нь бэлэн мөнгө авахаар тохирсон. Ц.М нь 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр №13/Б48-3 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээг манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр М с ХХК нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******, ******* тоот 3 өрөө орон сууцыг Ц.М-д худалдахаар тохиролцсон. Гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлж бартер болон бэлнээр 130,000,000 төгрөгийг төлсөн. Тухайн үед барилгын салбарт уналт болж ихэнх барилгын компанийн үйл ажиллагаа зогссон байсан. Манай компани нь Ч******* ******* *******  ББСБ-аас 2011 оны 7 сарын 27-ны өдөр 100,000 ам.долларын зээл авсан байсан. Ч******* ******* ******* ББСБ нь 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг солих шаардлагатай болсон тул өөр барьцаа хөрөнгө барьцаалахыг хүссэн. Манай компанид зарагдаагүй байр үлдээгүй тул нэхэмжлэгч Ц.М-д худалдсан маргаан бүхий орон сууцыг түр барьцаалсан. Тухайн үед барьцааны гэрээ хийлгүй шууд худалдах худалдан авах гэрээ хийсэн байдаг. Ж.О-с манай компани руу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ шилжээгүй байсан тул Ж.О-с Ч******* ******* ******* ББСБ руу шууд гэрчилгээг шилжүүлсэн юм. Ч******* ******* ******* ББСБ нь уг орон сууцыг авахгүй түр гэрчилгээг нь шилжүүлэхэд болно, төлбөрөө төлсний дараа гэрчилгээг буцаан шилжүүлнэ гэж тохиролцсон юм. Ч******* ******* ******* ББСБ-д манай компани өр төлбөрөө бэлэн мөнгө болон Нүхтэд байрлах хаус, газар, бусад орон сууцыг шилжүүлэн төлж дуусгасан байтал гэрчилгээг шилжүүлдэггүй юм. Иймд орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ч******* ******* ******* ББСБ-ын нэр дээр гарсан байгаа тул манай компани тухайн компаниас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсаны дараа нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.    

 Хариуцагч М с ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж байгаа Ц.М-ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож байгаа ******* ******* ХХК-иас нотлох баримттай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 7/2146 тоот албан бичгээр маргаан бүхий орон сууц болох Баянзүрх дүүрэг, 0 тоот 3 өөрөө орон сууцыг 2015 оны 9 сарын *******-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Ж.О нь иргэн М.Э-т орон сууцаа худалдсан мэт харагдах боловч энэ хоёр хүний хооронд огт худалдах худалдан авах гэрээ бодитоор хийгдээгүй юм. Учир нь маргаан бүхий орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №1А/84 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Ж.О нь манай М с ХХК-д шилжүүлсэн юм. Ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэлгүй Ж.О нь тус компаний нягтлан бодогч Б.Б-д 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийг олгон шилжүүлсэн. Энэхүү итгэмжлэлийн дагуу Б.Б нь 2015 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр Ч******* ******* ******* ББСБ-ын гүйцэтгэх захирал М.Э-тэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээгээр М.Э нь 15,000,000 төгрөгийг Б.Б-д шилжүүлж төлбөр тооцоо дууссан гэх боловч үнэн хэрэгтээ нэг ч төгрөгийг Б.Б-д шилжүүлээгүй. Маргаан бүхий орон сууц нь 130,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд уг орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №13/Б48-3 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Ц.М-д аль хэдийн худалдсан, нэхэмжлэгч нь уг байрандаа амьдарч байгаа болохыг М.Э нь 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ч******* ******* ******* ББСБ болон М с ХХКнарын хооронд №25 дугаар Зээлийн гэрээ, №09 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулагдах үед маш сайн мэдэж байсан. Хариуцагчийн хувьд уг орон сууцыг 15,000,000 төгрөгөөр худалдах хүсэл сонирхол огт байгаагүй бөгөөд Ч******* ******* ******* ББСБ-т өр төбичблбөртэй байсан тул маргаан бүхий орон сууцыг түр нэр дээрээ шилжүүлэх шаардлагатай байна гэх шаардлагын дагуу гүйцэтгэх захирал М.Э-ийн нэр рүү нь шилжүүлсэн байдаг. М с ХХК нь Ч******* ******* ******* ББСБ-аас зээлж байсан 100,000 ам.долларыг төлж дуусгасан. Уг төлбөрийн 89,850 ам.долларыг Ч******* ******* ******* ББСБ-д төлсөн. Мөн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах амины орон сууцыг Ч******* ******* ******* ББСБ-ын ерөнхий захирал Өвгөн овогтой Мөнхөө гэх хүний нэр шилжүүлж хүлээлгэн өгч дээрх зээлийг хаасан байдаг. Гэтэл одоог хүртэл маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаа болно гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан ба хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хамтран хариуцагч М.Эт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж, хариуцагч М.Э нь нэхэмжлэгч Ц.Мад холбогдуулан маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ц.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч М с ХХКнь нэхэмжлэгч Ц.Мыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч М.Э нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох  шаардлагыг зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.

            Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хариуцагч М с ХХК-д холбогдох нэхэмжлэгч Ц.Мын гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын тухайд; 

            2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч М с ХХКнь нэхэмжлэгч Ц.Мад Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 13 дугаар хороолол, 48 дугаар байр, 3 тоот хаягт байрлах, 3 өрөө, 65,68 м.кв талбай бүхий орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, үүнээс эхний ээлжинд 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 75,235,000 төгрөгийг төлбөрт тооцон шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцож график байгуулан төлөхөөр тохиролцсон байна. /хх-9-10 тал/

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч М с ХХКнь нэхэмжлэгч Ц.Мад 75,235,000 төгрөгийн өглөгтэй болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбарууд, Ц.Мын ******* хотхонд хийсэн ажлын гүйцэтгэл 2013 баримт, тооцоо нийлсэн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-5-8, 12-13 тал/

            Нэхэмжлэгч Ц.М нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 54,765,000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч ******* ******* ХХК-д төлж, орон сууц Ц.Мын эзэмшилд одоог хүртэл байна.

            Хариуцагч М с ХХКнь уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Ч******* ******* ******* ББСБ-иас авсан зээлийн барьцаанд түр барьцаалсан боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулж Ч******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, манай компани тус байгууллагаас авсан зээлийг төлсөн боловч одоог хүртэл маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаа гэсэн тайлбар гаргаж байна.

            Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримт болон зохигч талуудын шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 48 дугаар байр 0 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч Ж. нь хариуцагч М с ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт уг орон сууцыг тооцож өгөхөөр тохиролцож гэрээ байгуулж, орон сууц захиран зарцуулах эрхийг Б.Б-д 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр олгожээ. /хх-29-33 тал/

            Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Б мэдүүлэхдээ “…Уг орон сууцыг барьцаалбар болгож өгсөн. Гэхдээ барьцаалбар болгохдоо М.Э гуайтай уулзаж, энэ байранд хүн амьдардаг. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт энэ хүнд өгчихсөн. Хичнээн барьцаа болгож байгаа ч дараа ямар нэгэн асуудал гарахгүй байхаа гэж хэлэхэд захиралтай чинь ярьчихсан асуудал бол гаргахгүй. Танайх зээлээ хэзээ төлнө, тэр цагтаа барьцаанаас суллаж болно ш дээ. Тэгээд энэ байрыг амьдарч байгаа хүнд нь шилжүүлээд өгөхөд татгалзах зүйлгүй гэж хэлээд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байгаа. Үүнийг зүгээр барьцаалбар болгож байгаа болохоос биш цааш нь зарж борлуулах юм байхгүй гэж хэлж барьцаалбар хөрөнгө болгосон байгаа, М с ХХКнь хуучин байр аваад үлдэгдэл төлбөрийг авдаг. Тийм борлуулалт хийгдэг байсан. Тийм учраас М С ХХК-ийн захиалгын гэрээний урьдчилгаанд орж ирсэн байр, надад бол ямар нэгэн захиран зарцуулах эрх байхгүй. Энэ бол компаний байр. Би ойлгохдоо, Ч******* хаан холдинг ББСБ ХХК манайхаас төлбөр нэхдэггүй. Манайх ч тухайн үедээ хүүгээ шилжүүлээд яваад байдаг. Ийм л байсан. Болд захирал надад хэлэхдээ би Нүхтийнхээ газар, 3 давхар хаусыг Мөнхөө захиралд шилжүүлчихлээ. Одоо ингээд Ч******* хаан холдингтой өр төлбөр дуусчихлаа гэж хэлж байсан” гэж мэдүүлж байгаа боловч хариуцагч М с ХХКнь уг маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш, орон сууцны өмчлөгч Ж.О-оос Б.Б-д итгэмжлэл олгохоос өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Ц.М, хариуцагч М с ХХКбайгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасантай нийцэхгүй байгаа тул нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.

            Хариуцагч М.Э-т холбогдуулан нэхэмжлэгч Ц.Мын гаргасан хариуцагч М с ХХК-ийн нягтлан бодогч, Ж.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн М.Э-тэй байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд;

            Маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах, барьцаанд тавих, худалдах бүрэн эрхийг өмчлөгч Ж.О-оос 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр Б.Б нь 3 жилийн хугацаатай шилжүүлэн авч, Б.Б нь 2015 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг М.Э-тэй байгуулж, орон сууцны өмчлөх эрх М.Э-т шилжсэн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

             Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болох тул хариуцагч М.Э маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

            Хариуцагч М с ХХК, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Б-ийн мэдүүлгээс үзэхэд М с ХХКнь Ч******* ******* ******* ББСБ ХХК-иас авсан зээлээ төлж дууссан, орон сууцыг түр хугацаанд барьцаалах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 15,000,000 төгрөгийг бодитоор өгөөгүй гэж мэдүүлж байгаа боловч Ч******* ******* ******* ББСБ ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд үүссэн 114,940,000 төгрөгийн өр төлбөрт тооцон маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, *******, 3 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг  Ч******* ******* ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Эт өмчлөх эрхийг олгохоор шийдвэрлэсэн Ч******* ******* ******* ББСБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар ******* ******* ХХК-ийн тооцоо гэх баримтыг нэхэмжлэгч Ц.М болон хариуцагч М с ХХКнь баримтаар үгүйсгээгүй байна.

Иймээс Б.Б, хариуцагч М.Э нарын 2015 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хариуцагч М.Э-өөс нэхэмжлэгч Ц.М-д холбогдуулан гаргасан орон сууцыг нэхэмжлэгч Ц.Мын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн тухайд;

Хариуцагч М.Э нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ уг орон сууцыг М с ХХК-иас Ч******* ******* ******* ББСБ ХХК-д төлөх зээлийн өрөнд тооцон авсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч М.Э нь орон сууц өмчлөх эрхийг 2015 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж авсан тул гэрээ байгуулсан худалдагч талаас гэрээний үүргээ шаардах нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч М с ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Ц.Мын гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч М.Э-т холбогдуулан нэхэмжлэгч Ц.М-ын гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч М.Э-өөс нэхэмжлэгч Ц.М-д холбогдуулан гаргасан орон сууцыг нэхэмжлэгч Ц.М-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Ц.М нь хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавраа гэрээ байгуулсан ******* ******* ХХК-иас шаардах эрхтэйг дурьдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М с ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Мын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч М.Э- холбогдох Б.Б, М.Э нарын 2015 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Ц.М-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч М.Э-өөс нэхэмжлэгч Ц.М-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 0 тоот орон сууцыг Ц.М-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,040,900 төгрөг, хариуцагч М.Э-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2019/09986 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.  

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЦЭРЭНДУЛАМ