Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0514

 

 

 

 

 

 

 

 

  2026          07           23                                    221/МА2026/0514

 

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл  

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд М.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Гуравдагч этгээд: М.Б

Нэхэмжлэлийн шаардлага:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/531 дүгээр тушаалын М.Б-д холбогдох хэсгийг, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/423 дугаар тушаалыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 492 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0123/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б-гаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/531 дүгээр тушаалын М.Б-д холбогдох хэсгийг, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/423 дугаар тушаалыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 492 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4 дэх заалтыг баримтлан, нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/531 дүгээр тушаалын М.Б-д холбогдох хэсэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/423 дугаар тушаалын М.Б-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч Б.Б-н эзэмшил/өмчлөл/-ийн таван байшингийн доорхи болон хашаалсан нийт 700 м.кв газартай давхцалтай хэсгийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /сайд/-аас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруу тогтоосон тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-г маргаан бүхий актыг 2025 оны 09 дүгээр сард иргэний шүүхийн нэхэмжлэлийг гардан авахдаа мэдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан үйл баримтаар гуравдагч этгээд М.Б болон түүний ар гэрийнхэн 2024 оны 06 дугаар сард газар ашиглах эрх авсан даруйдаа Б.Б-д мэдэгдэж, байшин барихаа зогсоохыг албан ёсоор шаардаж байсан нь нотлогддог. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан захиргааны актыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан 30 хоногийн хугацааг илтэд хэтрүүлж, 2025 оны 12 дугаар сард шүүхэд гомдол гаргасан байхад шүүх хугацаа хэтрээгүй гэж үзсэн нь хуулийг ноцтой

зөрчсөн дүгнэлт болсон.

3.2. Хууль бус үйлдэлд “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” хэрэглэсэн алдааны тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Б-г тухайн “Тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй 13 жил амьдарсныг төр зогсоогоогүй тул түүнд итгэл үүссэн гэж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Б.Б- нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан газар ашиглах хууль ёсны гэрээ, гэрчилгээгүй, дур мэдэн газар ашигласан байшин барьсан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д зааснаар иргэний хууль бус үйлдэлд хууль ёсны итгэл хамгаалагдахгүй тул түүний зөвшөөрөлгүй үйлдэлд итгэл үүссэн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

3.3 Маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр нь практикт болон хууль зүйн хувьд биелэгдэх боломжгүй тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасан нь практикт биелэгдэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Б.Б-н зөвшөөрөлгүй газар ашигласан хууль бус үйлдэлд зориулж шинэ акт гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй.

М.Б- ашиглах зөвшөөрөлтэй газраас Б.Б-н байшин байгаа 700 м.кв газрыг хасаж шинэ акт гаргавал Засгийн газрын 136 дугаар тогтоол, нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу хууль ёсны газар ашиглах эрх авсан гуравдагч этгээд М.Б-ы хууль ёсны эрхийг шууд зөрчихөд хүрнэ.

Захиргааны байгууллагаас хууль зүйн болон практикийн хувьд биелүүлэх боломжгүй үүргийг шүүх даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хэрэгжихүйц байх зарчмыг зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх нь хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийг шүүхийн эрхэм зорилго болгон заасан.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.1, 3.2-т ч энэ талаар заажээ. Гэтэл маргаан бүхий газартай холбоотойгоор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй нь нотлогдсон болно. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 2.7-д хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б-н эзэмшлийн 5 үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцуулж газар ашиглуулахаар шийдвэрлэсэн талаар заажээ. Гэтэл ямар ч хуульд хүн, хуулийн этгээд хууль зөрчсөн тохиолдолд газрыг давхцуулан олгосон гэж захиргааны байгууллагыг буруутгах талаар заагаагүй болно. Ийнхүү нэхэмжлэгчийн хууль ёсны ямар ч эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад шүүх нэхэмжлэгчийн үйлдлийг үндэслэлгүй зөвтгөн хууль буруу хэрэглэж маргаан бүхий актыг шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх” тухай заасан.

Гэтэл шүүх нотлох баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримтыг буруу дүгнэлээ. Нэхэмжлэгч нь эрх бүхий төрийн байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газар нутагт дур мэдэн газар ашигласан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.8-д “нэхэмжлэгч Б.Б 5 үл хөдлөх эд хөрөнгө барьж аялал жуулчлалын зорилгоор ашиглаж байгаагийн хувьд өөрийн эд хөрөнгийн эрх, газар ашиглах эрх олж авах ашиг сонирхлоо хамгаалуулах, сэргээн эдлэхээр шаардах эрхтэй” талаар заажээ. Гэтэл 3.9 дэх үндэслэлдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам газар дээр зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж барьсан үйлдлийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүй талаар заасан нь нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгаж байна гэж ойлгохоор байна.

4.3. Ийнхүү нотлох баримтыг буруу үнэлснээс шийдвэрийн үндэслэл, заалтууд хоорондоо зөрчилджээ. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.13-т газрыг ашиглах ашиг сонирхол нь Б.Б-д түрүүлж үүссэн, түүний хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн мэтээр ч үндэслэлгүй заасан байна.

Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Б.Б-гаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/531 дүгээр тушаалын М.Б-д холбогдох хэсгийг, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/423 дугаар тушаалыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Миний бие Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын нутагт хамаарах Ж, Т хэмээх газарт үе удмаараа амьдарч ирсэн бөгөөд 2012 онд 4х4 харьцаатай 2 байшин, 6х6 харьцаатай торх, 4х6 хэмжээтэй байшин, мөн хашааг барьж ашиглалтад оруулан түүндээ амьдарч байгаа. Нийтдээ 70,0 орчим сая төгрөгийн зардал гарсан. Миний эзэмшин, хариуцан хамгаалж, ашиглаж байгаа газарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас давхцуулан газрын гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн байна ....” гэж тайлбарлан маргажээ.

4. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Тухайн хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байсан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны А/202 дугаар тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын дагуу төсөл сонгон шалгаруулалт зарласан бөгөөд уг төсөл сонгон шалгаруулалтад М.Б-ы төсөл шалгарч, газар ашиглах эрхтэй болсон” гэж тайлбарлан маргажээ.

5. Анхан шатны шүүх “маргаан бүхий газар нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2025 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Хөвсгөл нуурын онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн, энгийн хамгаалалтын бүстэй үлдэх хэсэг нь бүхэлдээ давхцалтай үйл баримт тогтоогдож байна” гээд “...гуравдагч этгээд М.Б-д газрыг ашиглуулах шийдвэр гаргахдаа хууль зөрчиж олгосон гэх үндэслэлээр хангах боломжгүй, учир нь гуравдагч этгээдийн газар ашиглах эрх, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь давхацсан уг газар дээр өмч хөрөнгөө байршуулсан Б.Б-д газрыг ашиглах түрүүлж үүссэн ашиг сонирхлыг нь хэрхэн шийдвэрлэх, эд хөрөнгийг нь хэрхэх талаар сонсох ажиллагаа явуулах журмаар шийдвэрлэсний үндсэн дээр шинээр акт гаргах нь зүйтэй” гэж дүгнэн, иргэний хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах эсэх үйл баримтыг хэлэлцэн маргаан бүхий актуудын М.Б-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч Б.Б-н өмч хөрөнгө болох таван байшин, хашааны 700 м.кв газартай давхцалтай хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5.1. Учир нь захиргааны хэргийн шүүхийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгадаг.

5.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж, мөн зүйлийн 5-д “Аялал жуулчлалын тухай хуулийн 4.1.4-т заасан аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, бий болгох зорилгоор газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгоход Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 10-т заасныг үндэслэн сонгон шалгаруулалтыг хялбаршуулсан журмаар энэ хуульд заасны дагуу явуулж болно” гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй ...” гэж тус тус заажээ.

5.3. Гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийн хувьд хариуцагчаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй эсэхийг тодруулахын зэрэгцээ  төсөл сонгон шалгаруулалтын дагуу ашиглах эрх олгох гэж буй газар дээр талбайн хээрийн судалгаа явуулж, нэхэмжлэгч Б.Б-н барилга байгууламжийг хэрхэхийг тодруулах ажиллагаа явуулах шаардлагатай байжээ.

6. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтыг өөрийн санаачилгаар явуулах бол тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн олон нийтэд нээлттэй явуулна” гэж, 362 дугаар зүйлийн 4-т “Сонгон шалгаруулалтад оролцогчийн төслийг дараах шалгуур үзүүлэлт нэг бүрээр үнэлнэ” гээд мөн хэсгийн 1 дэх заалтад “газар ашиглалтын зориулалт нь энэ хууль болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцсэн эсэх” гэж заасан.

6.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Байгаль орчин, аялал, жуулчлалын яам нь төслийг сонгон шалгаруулахдаа газар ашиглалтын зориулалт нь энэ хууль болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцсэн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй байна.

6.2. Усны газрын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/317 дугаар албан бичгээр “...маргаан бүхий газар нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2025 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Хөвсгөл нуурын онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн, энгийн хамгаалалтын бүстэй үлдэх хэсэг нь бүхэлдээ давхцалтай” гэсэн лавлагаа ирүүлжээ.

6.2.1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, Ойн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд “Хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулж болно:” гээд 1/ энэ хуулийн 11,15,16 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа; 2/ уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх; 3/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих; 4/ батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах; 5/ биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засч тохижуулах; 6/ тухайн нутаг дэвсгэр дэх сууринг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх” гэж тус тус заасан.

6.2.2. Мөн түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалт сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.5-д “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно:” гээд 2.5.1-д “ус хангамжийн эх үүсвэрийн байгууламж барих, ашиглах;”, 2.5.2-т “гадаргын усыг ус хангамжийн эх үүсвэрт ашиглах тохиолдолд гадаргын усыг цэвэршүүлэх байгууламж барих;”, 2.5.3-т “эргийн тохижилт хийх;”, 2.5.4-т “нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих;”, 2.5.5-д “зөвхөн 2.3.1-2.3.3-д заасан газарт мал бэлчээх;”, 2.5.6-д “хяналт-шинжилгээний цооног гаргах, хяналт-шинжилгээ явуулах”, 2.9-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд 2.9.1-д “мод бут огтлох;”, 2.9.2-т “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах;”, 2.9.3-т “газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис, бүх төрлийн бордоо, пестицид хадгалах, ашиглах;”, 2.9.4-т “шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах;”, 2.9.5-д “хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах;”, 2.9.6-д “мал угаах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах;”, 2.9.7-д “стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах” гэж тус тус журамласан байна.

6.2.3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэвэл маргааны бүхий газарт явуулах үйл ажиллагааны чиглэл нь дээрх хууль, журамд заасан хориглосон зохицуулалттай хамааралгүй гэж үзэхээр байна.

6.2.4. Иймд хариуцагч дахин шинэ акт гаргахдаа дээрх хууль болон журамд заасан хориглосноос бусад үйл ажиллагааг явуулах боломжтой эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд ийнхүү шалгаж тогтоосны үндсэн дээр хуульд нийцсэн акт гаргах нь захиргааны байгууллагын сонгох үйл ажиллагаа учраас маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.2.5. Түүнчлэн хэрэгт авагдсан Ойн газрын 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/298 дугаар албан бичгээс үзвэл М.Б-ы ашиглаж буй газар нь А сумын ойн сан бүхий газрын хамгаалалтын болон ашиглалтын бүстэй хэдий хэмжээгээр давхцалтай болох нь бүрэн тогтоогдохгүй байх тул эдгээр нөхцөл байдлыг шинээр акт гаргахдаа анхаарах шаардлагатай байна. 

6.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас маргаан бүхий газарт төсөл сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтын дагуу гуравдагч этгээд М.Б-д газар ашиглах эрх олгохдоо талбайн хээрийн судалгаа явуулж, газар дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоон, газар ашиглаж буйтай холбоотой тухайн газар дээр бий болсон нэхэмжлэгчийн хөрөнгийн асуудлыг хэрхэх талаар тодруулсны эцэст шинэ акт гаргах нь зүйтэй бөгөөд уг асуудлыг судлан шийдвэрлэх нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох;” гэж заасан захиргааны байгууллагын бүрэн эрх, сонгох боломжид хамаарч байх тул шүүхээс захиргааны байгууллагын хуулиар олгосон бүрэн эрхэд халдах боломжгүй төдийгүй дээрх нөхцөл байдлуудыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрчээ.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас ээлжийн амралт авсантай холбоотой шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч энэ нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна.

8.1. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх;” гэж заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хурал хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ШҮҮГЧ                                                        Г.МӨНХТУЛГА

               ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

               ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ