Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 645

 

 

 

 

 

 

 

  2020          5             21                                             2020/ДШМ/645

 

 

          Б.Ө-, М.У- нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ,Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/842 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Ө-, М.У- нарт холбогдох 2005005520369 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн  М.У-, 19.... оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон, ам бүл ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

2. Түвдэнгэлэн овгийн Б.Ө-, 19.... оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл...........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

М.У-, Б.Ө- нар бүлэглэн 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун 4 замын “Макс Молл” дэлгүүрийн орчим иргэн С.Б-ийг “ээжийн чинь нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 3.900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах,

М.У- нь 2020 оны 1 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хүүхдийн 7 дугаар төвд иргэн Н.А-д “ээжийг нь тэтгэвэрт гаргаж, ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Ө-, М.У- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дараахь нөхцөл байдлын улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаав. Үүнд:

Хэрэгт М.У-ийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд хавсаргажээ. /хх 154-163/,

Эдгээр баримтууд нь бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж заасныг зөрчсөн буюу дан хуулбар хувиар байна. Мөн дээрх баримтуудыг хэрэгт хавсаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд заасан “...яллагдагчийн гаргаж өгсөн баримт бичиг, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтас хэрэгт тусгаж хавсаргана.”, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэх...” гэсэн заалтуудыг биелүүлээгүй, хэн, хэзээ, хэнд, ямар нотлох баримт гаргаж өгсөн нь тодорхойгүй буюу хуульд заасан ямар ч цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдээгүй. Иймд энэ хэрэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ энэ хуульд заасан журмыг зөрчсөн гэж шүүхээс дүгнэв. Шүүгдэгч М.У-ийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн түүний хувийн байдлын талаарх баримтууд ч гэсэн нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эх хувиараа биш, үнэн зөв болох талаар ямар ч баталгаа байхгүй хуулбар баримтууд болно.  Шүүгдэгч М.У-, Б.Ө- нарыг прокуророос бүлэглэн үйлдсэн гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /хх 48-49/,

Мөн М.У-ийг дангаараа үйлдсэн гэх үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /хх 121-122/,

Дараа нь “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулах”-даа шүүгдэгч М.У-, Б.Ө- нарын бүлэглэн үйлдсэн гэх үйлдэл, М.У-ийн дангаараа үйлдсэн гэх үйлдэлд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж өөрчлөлт оруулжээ. /хх 164-165/,

Дээрх тогтоолуудаас харахад М.У-ийн дангаараа үйлдсэн гэх үйлдлийг бүлэглэн үйлдсэн гэх үйлдэлд нь хамааруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэсэн заалтыг журамлаж хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн хувьд ойлгомжгүй болсон. Улмаар яллах дүгнэлт үйлдэхдээ тогтоох хэсэгт “яллагдагч Б.М.У-ийн Б.Ө-тэй бүлэглэн...” гэж “яллагдагч Б.Ө-гийн Б.М.У-тэй бүлэглэн...” гэж тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь Б.М.У-ийн дангаараа үйлдсэн үйлдэл нь байхгүй байна гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байхад Б.М.У-ийн холбогдсон дангаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэх үйлдлүүдийг зөвхөн “бүлэглэсэн” гэх шинжээр нь “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт” оруулж, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн аль аль заалтад хамаарч байгаад хууль зүйн дүгнэлт өгч тохирох зүйл, заалтыг журамлаж хэргийг зүйлчлэх нь зүйтэй. Иймд Б.М.У-ийн хувьд дангаараа болон бүлэглэн үйлдсэн гэх үйлдлүүдийг зөвхөн “бүлэглэн” гэсэн шинжээр нь зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь шүүхээс түүний хувьд дангаар үйлдсэн гэх гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэв. Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Шүүхээс хэрэгт өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг хийх боломжтой боловч урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудал хөндөгдөх тул хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 842 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүхээс “...иймд энэ хэрэгт нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ энэ хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэв. ...Б.М.У-ийн холбогдсон дангаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэх үйлдлүүдийг Б.М.У-ийн хувьд дангаараа болон бүлэглэн үйлдсэн гэх үйлдлүүдийг зөвхөн бүлэглэн гэсэн шинжээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь шүүхээс түүний хувьд дангаараа үйлдсэн гэх гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон гэж үзэв.” гэж тэмдэглэжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

Тодруулбал: Шүүгдэгч М.У-ийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд болох түүний бага насны хүүхдүүдийн төрсний гэрчилгээний эх хувь, бусад баримтыг бэхжүүлж авах нь заавал мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш юм.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй ажиллагаанд тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж нотлох баримт шинээр цуглуулах, гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, түүнчлэн мөрдөн байцаалтыг өөр газарт олон ажиллагаа явуулах шаардлагатай байхыг ойлгоно.

Хэрэв шинэ баримт бичиг, эд мөрийн баримтыг олж аван шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай буюу яллах дүгнэлтэнд заасан хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, хэргийн бодит байдал эрс өөрчлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

Шүүгчийн захирамжийн удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон заажээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдсэний дараа буюу хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар:

1. “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилжээ.

Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу юм.

Шүүгдэгч М.У-ийн үйлдсэн хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт...”энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”...гэж зааж хуульчилжээ.

Түүнчлэн шүүгдэгч М.У-т холбогдох дээрх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн 2005005520369, 2005003500373 хэргүүдийг нэгтгэсэн.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.У-ийн үйлдсэн хэргүүдийг нэгтгэсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт...”нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх эсэхийг заажээ.

Шүүгдэгч М.У-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгагдах боломжтой юм.

Гэтэл шүүх түүний хувьд дангаар үйлдсэн гэх гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй болгосон байна гэжээ. Энэ нь шүүгдэгч Б.М.У-ийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулах байдлаар тодорхойлсон байна.  

1. Хохирогч С.Б-ийн “...Ингээд найз Алтаншагайгаар дамжуулж түүний дүү М.У-тэй 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр түүний 89208271 дугаарын утас руу залгаж ярихад миний таньдаг эгч Б.Ө- гэж хүн байгаа, нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийдэг юм байна. Би асуусан чинь боломжтой гэж байна. Бичилт хийлгэхэд 3.500.000 төгрөг орно гэж байна гэхээр нь хамаагүй мөнгийг нь өгөөд бичүүлье гэсэн. Ингээд М.У-тэй ярьж тохиролцсоны дагуу Б.Ө- гэх хүнтэй уулзахаар болоод Б.Ө-гийн 94942235 дугаарын утас руу ярьж байгаад 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Ө-тэй 5 шарын автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн хойд талд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ВSB төвийн гадаа уулзсан. Тэгэхэд Б.Ө-д нийгмийн даатгалын дэвтрээ өгөөд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ВSB төв дотор байрлах Голомт банкны АТМ-ээс эхнэр Оюун-Эрдэний 2900015734 тоот данснаас 700.000 болон 300.000 төгрөгөөр, нийт 1 сая төгрөгийг бэлнээр авч байгаад Б.Ө-д өгсөн. Ингээд хүлээгээд байж байтал 3 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надруу залгаад мөнгөний хэрэг гарчихлаа нөгөө өгөх ёстой мөнгөнөөсөө 1.500.000 авах хэрэгтэй байна гэхээр нь “за” гээд тэр өдрөө уулзахаар болсон. ...М.У- нь Баянгол дүүргийн 7 дугаар төв дээр хэвтэж байна гэхээр нь М.У-ийн эмнэлгээс нь очиж аваад Б.Ө-тэй Модны 2-ын автобусны баруун талын буудал буюу хорооллоос ирээд зогсдог хотын төврүүгээ явдаг автобусны буудал дээр М.У-ийн хамтаар Б.Ө-тэй очиж уулзсан. Ингэхдээ би бэлнээр 1.500.000 төгрөгийг Б.Ө-д автобусны буудал дээр өгсөн. Баруун дөрвөн замын “Макс молл” дэлгүүрийн зүүн талд уулзаж байгаад бэлэн 1 сая төгрөгийг Б.Ө-д өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-20-р хуудас/,

2. Гэрч Э.Оюун-Эрдэний ”манай нөхөр С.Б- нь манай ээж Алагаагийн Дуламсүрэнг тэтгэвэр авдаг болгох зорилгоор хүнээр дамжуулж М.У- гэх хүнтэй уулзсан чинь Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын байцаагч хүн байгаа, уг хүнийг Өнөрөө гэдэг, уг хүнтэй уулзаад мөнгө төгрөг болон бичиг баримтаа өгчих гэсэн. Ингээд нөхөр Батгэрэлийн хамт 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 шарын автобусны буудлын орчимд байх “БСБ” нэртэй цахилгаан барааны дэлгүүрийн үүдэнд нийгмийн даатгалын байцаагч Өнөрөө гэх эмэгтэйдээ уулзалдаж 1000.000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнээс хойш 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1500.000 төгрөгийг Өнөрөө гэх хүнд өгнө гээд явсан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөр С.Б-ийн хамт баруун 4 замын орчимд байдаг “Макс молл” нэртэй дэлгүүрийн орчимд Өнөрөө гэх хүнтэй уулзалдаж 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 23-24-р хуудас/,

3. Дансны хуулга /хх-ийн 139-р хуудас/,

4. Хохирогч Н.А-гийн “Хүүхдийн 7 дугаар төвд хүүхэд өвдөөд хэвтэн эмчлүүлж байхдаа М.У- гэх эмэгтэйтэй танилцсан. Тэр эмэгтэй онлайн худалдааны газарт ажилладаг гэхээр нь ээжийгээ оруулж болох уу гэсэн чинь болно гээд надад утасны дугаараа өгсөн ... 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр надруу өөрөө залгаад би хүн тэтгэвэрт гаргадаг ажил хийдэг, ээжийгээ тэтгэвэрт гаргуулах уу, 1.200.000 төгрөгөөр гаргаж өгдөг, эхний ээлжинд дансаар 200.000 төгрөг шилжүүлчих, үлдсэн 1.000.000 төгрөгийг тэтгэврийн дэвтэр гарахаар авна гээд 5087041575 дугаарын дансаа өгсөн. Тухайн үед 200.000 төгрөг шилжүүлсэн, маргааш нь ээжрүү залгаад 50.000 төгрөг нэхсэн байсан бөгөөд ээж надруу залгаад шилжүүлчих гэж хэлсэн. Анх манай ээжийг ажилд оруулна гэж ярьж байгаад маргаашнаас нь шууд тэтгэвэрт гаргаж өгнө гэж хэлсэн. Би нийт 250.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105-р хуудас/,

5. Гэрч Т.Наранцэцэгийн “... М.У- гэх эмэгтэй надруу залгаад охинтой чинь юм ярьчихсан байгаа, та гандан дээр хүрч ирээд уулзаарай гэсэн. Очоод уулзахад надаас миний иргэний үнэмлэхний хуулгыг аваад нэг хүнрүү залгаад намайг тэтгэвэрт гаргуулж болно гэж хэлсэн. Тухайн өдрийнхөө орой 19 цагийн орчим надруу залгаад та уулзаад 3.5 жил ажилласан юм байна, мөн иргэдэд өгч байгаа 10 жил байгаа учраас тэрийгээ нэмээд үлдсэн жилийг нь эгч аргална, манай эгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалд ажилладаг гэж хэлсэн. Эгчээ бүх ажил жин тан болсон, нөгөө хүнээ хоолонд оруулмаар байна, 50.000 төгрөг өгөөч гэхээр нь би мөнгийг охиноороо шилжүүлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114-р хуудас/,

6. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-79-р хуудас/,

7. Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар / хх-ийн 98-99-р хуудас/,

8. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг /хх-ийн 151-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон болно. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. …” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Б.Ө-, М.У- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/842 дугаартай шүүгчийн захирамжаар “хэрэгт хавсаргасан зарим баримт нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувиуд байгаа тул эдгээр баримтуудыг хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлэх, шүүгдэгч М.У-ийн хувьд дангаараа болон бүлэглэсэн үйлдэлтэй байхад зөвхөн бүлэглэсэн гэсэн шинжээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаажээ.  

Энэ шүүгчийн захирамжийг “хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурор Н.Анхбаярын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийн дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт, хэсэг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Тодруулбал, М.У- нь ганцаараа 2020 оны 1 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрийн хооронд хохирогч Н.А-г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 250.000 төгрөгийг авч залилсан, мөн Б.Ө-тэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хохирогч С.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.900.000 төгрөгийг авч залилсан гэх хэрэгт холбогджээ.

Улмаар, түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, уг тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт ... Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана” гэсэнтэй нийцэхгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүхийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байхад Б.М.У-ийн холбогдсон дангаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэх үйлдлүүдийг зөвхөн “бүлэглэсэн” гэх шинжээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна” гэх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.У-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.Ө-гийн хувьд 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байдлаар зүйлчлэгдэхээр байхад прокуророос тэдний үйлдлийг хамтруулан 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь буруу байна.

Үүнийг анхан шатны шүүх зөвтгөн зүйлчилж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Учир нь, прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч М.У-ийн Б.Ө-тэй бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөнгө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдагч Б.Ө-гийн М.У-тэй бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөнгө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэж бичжээ.

Ингэхдээ, шүүгдэгч М.У-ийн дангаараа үйлдсэн үйлдэлд хууль зүйн ач холбогдол өгөөгүй орхигдуулсан байхад шүүх үйлдэл нэмж, яллах дүгнэлтээс хальж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хууль зүйн боломжгүй юм.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “зарим нотлох баримт эх хувиараа биш тул түүнийг хуульд нийцүүлэн хэрэгт хавсаргах хэрэгтэй” талаарх заалт нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтой нөлөөлөхөөр ач холбогдолгүйгээс гадна эдгээр баримтууд нь шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдлыг болон хүүхдүүдийн төрсний лавлагаа зэрэг хувийн байдлыг нь нотлох зорилго агуулсан баримтууд байх тул шүүх шаардлагатай гэж үзвэл талуудаас эх хувийг нь шүүх хуралдаанаар шинжлэн судлах замаар шийдвэрлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгох прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/842 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Н.Анхбаярын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

 

                 ШҮҮГЧ                                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                 ШҮҮГЧ                                                                               Б.ЗОРИГ