Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/00878

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суух хаягтай одоо АНУ-д амьдарч байгаа гэх Г.Б /рд:0/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух  Б-Ө.О /рд:0/-д холбогдох

 

34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  2018 оны 11 дүгээр сард Г.Бнь хариуцагч Б.Отой 65 сая төгрөгөөр чирэгч машин чиргүүлын хамт Польш улсаас оруулж ирэхээр тохирч хариуцагч Б.Огийн дансанд 34 сая төгрөгийг Батсайхан шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20 сая төгрөг, 2018 оны 12 дугаар сард 4 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 9 сая төгрөг, 1 сая төгрөг нийт 34 сая төгрөгийг хариуцагч Б.О-гийн данс руу шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч машиныг өгөх байсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр чирэгч, чиргүүлийн хамт Монгол Улсын хилээр орж ирсэн. Машин ирэх үед талууд үлдсэн төлбөрийн нөхцөл дээрээ тохиролцоонд хүрээгүй тул Б.Од шилжүүлсэн 34 сая төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Нэхэмжлэгч Г.Б бол миний төрсөн дүү. Миний дүү архинаас хамааралтай тул Б.О-той үр дүнг нь тооцолгүй, хариуцлагагүй гэрээ байгуулсан байсан. Г.Б-ы машин худалдаж авсан хөрөнгө бол ааваас минь үлдсэн сүүлийн хөрөнгө байсан. Миний бие Б.О-той 3 сард уулзаж нөхцөл байдлаа тайлбарлаж хэлсэн. Уг чирэгч машиныг ББСБ-ын барьцаанд тавих гэтэл зээл өгөх боломжгүй гэж хэлсэн. Б.О-той асуудлаа шийдэхийг удаа дараа санал тавьж ярьсан. Надад хариуцагч машинаа зараагүй гэж хэлсэн боловч шүүхэд ирсэн лавлагаагаар зарсан байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар төлбөр төлсөн болох нь харагдаж байгаа. Мөн хариуцагч Б.О өөрөө нэхэмжлэгчээс 33 сая төгрөг авсан гэж хэлсэн. Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнээс татгалзаж байгаа тул урьдчилгаа төлбөрт төлсөн 34 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

  Миний бие Б******* овогтой О 2018.11 сард Г******* овогтой Б-тай утсаар холбогдож уулзах хүсэлт тавьсан. Европоос ДАФ маркийн машин захиалгаар авч ирж өгөхийг хүссэн ба машины үндсэн үнэ болох 70 сая төгрөг, машин Монгол руу ирэх замын зардал /бензин/, гаалийн татвар, жолоочийн хөлс болон надад 10 сая төгрөг ажлын хөлс амалсан. Ингэхдээ урьдчилгаа 30 сая төгрөг эхэлж өгөхөөр тохиролцсон. Би тохиролцсон ёсоор хүнд даацын жолоодох эрх бүхий жолооч хайж олсон. Мөн Европын хэд хэдэн ДАФ маркийн машин худалдаалдаг компани болон хувь хүн рүү холбоо барьж ДАФ маркийн машин авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж очиж үзэхээр тохиролцсон ба онгоцны тасалбар захиалсан жолоочийн хамт. Гэтэл Г.Б30 сая төгрөг өгч чадахгүй болсон тухай хэлсэн ба бид хоёр уулзаж ярилцаад миний танилаас 30 сая төгрөг 10% хүүтэй зээлсэн /зээлийн нөхцлийг Батсайхан хүлээн зөвшөөрсөн тул/ ба намайг Г.Б-ы захиалсан ДАФ машин С******* аймгийн А******* сумын гааль дээр ирэх үед Г.Бмашины үнэ болон холбогдох бүх мөнгийг бэлэн авч очоод хүлээж байгаад машин болон мөнгөө солих тухай тохиролцсон.

  Ингээд би Монголоос жолоочоо аваад Европ руу ниссэн ба захиалсан ДАФ машиныг аваад Монгол руу гарах болсон тул машины замын түлшний зардал болох 4 сая төгрөг миний дансанд хийсэн болно. Мөн замд түлш дуусахад нэмж 1 сая төгрөг миний дансанд шилжүүлсэн. Ингээд би тохиролцсон ёсоор 2019.01.18-нд С******* аймгийн А******* дахь гааль дээр Г.Б-ы захиалсан машин болох ДАФ машиныг авч ирсэн боловч Г.Бирээгүй болно.

Би Г.Бруу утасдаж машины гаалийн татвар болох 8 сая төгрөгийг данс руугаа хийлгэсэн. Ингээд би машиныг Улаанбаатар руу авч ирж 22 дахь авто төлбөртэй авто зогсоолд зогсоосон. 2019.01.28-нд Г.Бирж захиалсан машинаа үзээд 3 хоногийн дотор мөнгөө бэлэн авч ирж машинаа авна гэж хэлсэн ба би Г.Б-д 30 сая төгрөг 10% хүүтэй зээлсэн мөнгө 2 сар болж байгааг сануулсан ч өөрөө бүгдийг мэдэж байгаа гэсэн ба Г.Б машиныг миний нэр дээр шилжүүлж өг би банк бус санхүүгийн байгууллагад тавьж машины тал мөнгө гаргах санал тавьсан би тэр саналыг хүлээж аваагүй учир нь хувь хүнээс зээлсэн 30 сая төгрөг 10% хүүтэй мөнгө болон миний ажлын хөлс 10 сая төгрөг өгөөгүй байгаа. ББСБ хүнд даацын ДАФ машин авдаггүй /хэд хэдэн ББСБ утасдаж асуусан/.

Үүнээс хойш 2019 оны 05 сар хүртэл Батсайхан ор сураггүй алга болсон ба би холбоо барих бүх аргыг хайсан ч холбоо барьж чадаагүй болно одоог хүртэл. Үүнээс хойш Г.Б-ы эгч гэж өөрийгөө хэлсэн Хулан гэх эмэгтэй над руу залгаж уулзах хүсэлт тавьсан. Бид уулзах үед Г.Батсайханы талаарх архи уудаг болон бүтэлгүй хүн тул машинд оруулсан мөнгийг авах хүсэлтэй байна гэсэн харин би Г.Б-ыг өөрөө холбоо барих хэрэгтэй гэдгийг хэлсэн ба мөнгөө авч ирээд машинаа ав гэдгийг дамжуулаарай гээд явуулсан ч Г.Б болон эгч гэх Х нар дахиж холбоо бариагүй. Ингээд би машиныг зарж 30 сая төгрөг 10% хүүтэй зээлсэн мөнгө төлөх шийдвэр гаргасан /30 сая төгрөг 10% хүүтэй зээлсэн мөнгө нэхэгдээд байсан/ ба зар тавьсан ч зарагдаагүй учир энэ машин Монголд төдийлөн сайн танигдаагүй.

Ингээд би 2019 оны 05 сард өөрөөсөө мөнгө нэмж өгөөд Volva машинаар сольсон ба тус Volva машиныг ажилд гаргаж хүүтэй зээлсэн мөнгийг төлөхөөр төлөвлөсөн ч ажил хойшилж тус машин 22 дахь төлбөртэй авто зогсоолд одоог хүртэл зогссоор байна. Энэ бүх хугацаанд Г.Б нэг удаа ч холбоо бариагүй би утас руу нь маш их залгасан ч утсаа аваагүй болно гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.О-д холбогдуулан 34,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.О-д шүүх хуралдааны тов мэдэгдэхээр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд нэхэмжлэлд дурьдсан хаягтаа бүртгэлтэй боловч амьдардаггүй гэсэн тодорхойлолт ирсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэсний дагуу шүүх хуралдааны товыг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргад хүргүүлж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. 

 

Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Г.Б-ы хүсэлтээр Польш улсаас DAF маркийн чирэгч, чиргүүлийг оруулж ирэн, нэхэмжлэгч Г.Б-д худалдахаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч гэрээний үнэ буюу чиргүүл, чирэгчийг 65,000,000 төгрөг, хариуцагч 70,000,000 төгрөг гэж тохирсон, машин Монгол руу ирэх замын зардал, гаалийн татвар, жолоочийн хөлс болон ажлын хөлс 10,000,000 төгрөг өгөхөөр амласан гэж талууд тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.О нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр чирэгчийг Я.Э-д, 2019 оны 06 сард чиргүүлийг В******* ******* ХХК-д худалдсан болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа, түүнд хавсаргасан баримтаар тогтоогдож байна. /хх-54-65 тал/

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид 2018 оны 12 сарын 13-ны өдөр 6630 евро, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, хариуцагч хариу тайлбартаа 4,000,000 төгрөгийг дансаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймээс талууд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, хариуцагч чирэгч, чиргүүлийг бусдад худалдсан үйл баримтыг талууд гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болох тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар нэхэмжлэгч чирэгч, чиргүүлийн үнэд төлсөн 6630 евро буюу 19,888,807 төгрөг, 14,000,000 төгрөг, нийт 33,888,807 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэлээс төгрөгөөр нэхэмжилсэн мөнгийг еврогоор тооцоход гарсан зөрүү 111,193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                        1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.О-гоос 33,888,807 /гучин гурван сая найман зуун наян найман мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлээс 111,193 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,394 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ц.ЦЭРЭНДУЛАМ