| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0223/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/226 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.*******д холбогдох эрүүгийн 2315003830267 дугаартай 163/2023/0223/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******гийн *******, Булган аймгийн ** суманд 1991 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч талх, нарийн боовны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Булган аймгийн ** сумын ** багийн *** тоотод ганцаар оршин суух бүртгэлтэй, урьд
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан, 33 настай, эрэгтэй, РД: ГЮ91080718.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315003830267 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.*******ийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутагт хамтран амьдрагч Б.*******-*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие эрх чөлөөнд халдан цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн гарын шуунд шарх, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн гарын бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- шүүгдэгч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран амьдрагч *******-Эрдэнийн хамтаар дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй 1 ширхэг пиво, 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи нэг шилийг авч хуурай ах *******гийн гэрт очсон. Тэдний гэрт ******* ар эхнэртэйгээ байсан ба бид дөрөв авч очсон архи, пивоо хувааж уугаад нэлээд согтсон. Тэгэхэд *******-******* миний салсан эхнэрийн талаар ярьж хардаж хэрүүл маргаан эхэлсэн. Би өмнө нь амьдрал зохиож байсан ба нэг охинтой юм. Охинтойгоо холбоо барихын тулд өмнөх эхнэртэйгээ холбогдож ярьдаг бөгөөд *******-******* нь та хоёр дандаа холбоотой байдаг гэх зэргээр хардаад байсан. Хэрүүл хийгээд байхаар нь би ч гэсэн тэвчихгүй өмнөх амьдралаа сөхөн ярьж маргалдсан. Тэгээд айлд маргалдаад яах вэ гэж бодоод гэрээс гараад гадаа юм ярьж сууж байгаад би уураа тэвчилгүй зүүн гараа атгаж байгаад *******-Эрдэнийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Цохих үед *******-******* газарт унасан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
- хохирогч Б.*******-Эрдэнийн өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны
өдрийн өглөө 10 цагийн үед найз залуу *******ийн хамтаар ******* гээд ахын гэрт очсон. Бид хоёр очихдоо дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шил, 2.5 литрийн хэмжээтэй нийслэл нэртэй пиво авч очсон. Тэдний гэрт ороход ******* ах эхнэрийн хамтаар байсан ба бид хоёр ороод авч ирсэн юмаа гаргаж бид дөрөв хувааж уусан. Тэгээд пиво нь дууссан болохоор нь би дахин нэг пиво авч ирээд ууцгаасан. Өмнөх өдөр нь ******* салсан эхнэртэйгээ холбоо барьж чат бичсэн байсныг би харчихсан юм. Тэгээд тэр өдөр бага зэрэг согтоод өчигдрийн бичсэн байсан чатных нь талаар хэлээд хардаж хэрүүл хийсэн. Тэгтэл айлд хэрүүл хийгээд яах вэ? гээд гэрээс гараад учраа олох гэсэн боловч хоорондоо маргалдаж улмаар ******* миний баруун талын нүд хэсэг рүү зүүн гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би тухайн үед унахдаа зүүн талын шанаа хэсгээрээ газарт шороон дээр унаад зүүн талын зовхины доод хэсэгт арьс халцарч, зулгарсан. Тухайн үед би гэр лүү ороод ******* ахын эхнэрийн утсаар эгч рүүгээ залгаж хэлсэн ба манай эгч цагдаад дуудлага өгсөн байх. Бид хоёр маргалдаад зогсож байхад ******* нь солгой учир зүүн гараа атгаж байгаад миний баруун талын нүд рүү нэг удаа цохисон. …Шинжээчийн дүгнэлтэн дээр биеийн зарим нэг өөр хэсэгт шархтай, хөхрөлттэй гэж бичсэн байсан. Тэд нар нь бол өмнө ажлаа хийж байхдаа юманд цохиж гэмтсэн хөхрөлтүүд байх. Манай ажил хөдөө байдаг, ор нь хоёр давхар байдаг тул гарч, буухдаа хөл гараа цохих ч тохиолдол байдаг. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр тухайн үед хэрүүл маргаан хийгээд маргааш нь ******* надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Би эмнэлэгт үзүүлж толгойн зураг авахуулсан. Мөн замын зардал, эм, тариа авсан зардал зэргийг ******* бүгдийг нь гаргасан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)
- гэрч Б.*******-*******гийн өгсөн: Би аймагт амьдардаг. Тухайн өдөр буюу 2023 оны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед манай дүү болох *******-******* дугаарын утаснаас залгаад би Булган аймагт байна. Нэг хүнтэй хамт амьдраад 2 гаруй жил болж байгаа юм. Тэр хүн намайг хэл амаар доромжлоод зодчихлоо гээд утсаар уйлаад залгасан. Би тэгээд аймгийн Цагдаагийн газар луу залгаад Булган аймгийн Цагдаагийн газрын 7034102 дугаарыг аваад дуудлага өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал),
- гэрч Б.*******гийн өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 10 цагийн үед унтаж байсан чинь манай хуурай дүү *******, эхнэр *******-Эрдэнийн хамтаар 1 пиво барьж орж ирсэн. Тэгээд бид хэд уугаад би нэг шил архи гаргаж өгсөн. *******, *******-******* хоёр хуучин амьдралаа яриад маргалдаад байхаар нь би салгаад тайлбарлаж өгсөн чинь хэрэлдэхээ болиод гэр лүүгээ харина гээд манайхаас гараад явсан. 20 минутын дараа *******-******* нь нүд хөхөрсөн байдалтай орж ирээд манай эхнэрийн утсыг аваад аймагт байдаг эгч рүүгээ залгаад намайг ирээд аваадах гээд уйлаад байсан. Удалгүй 2 цагдаа ирээд *******ийг аваад явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
- Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 275 дугаартай: Б.*******-Эрдэнийн биед зүүн гарын шуунд шарх, дух, баруун, зүүн гарын тохой, зүүн гарын шууд зулгаралт, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн гарын бугалга, баруун далны дээд, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн гарын шууны шарх, зүүн гарын шууны зулгаралт, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн гарын бугалга, баруун далны дээрх цус хуралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дух болон баруун, зүүн гарын тохойн зулгарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд өмнө нь үүссэн байх боломжтой. Эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. Зүүн гарын шуунд шарх, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн гарын бугалгын цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух болон баруун, зүүн гарын тохойн зулгаралт, зүүн гарын шууны зулгаралт, баруун далны дээр, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч О.*******ийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.*******-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 275 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч О.*******ийн гараар цохисон үйлдэлтэй буюу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.*******-*******, шүүгдэгч О.******* нар нь хамтран амьдрагч гэх боловч Булган, аймагт тус тусдаа амьдралтай, бие биенийхээ гэрээр ирж очин байдаг, тухайн өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргалдаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэйг гэж үзэв.
Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэм хорыг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй хэдий ч шүүгдэгч түүнд эм тарианы мөнгө болон нааш цааш явсан бензиний зардалд 500.000 төгрөг зарцуулсан тул гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бичгээр гаргаж, энэ талаар мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн 33-34, 67 дахь талд тус тус авагдсан байна. Иймд шүүгдэгч О.*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.*******-******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.*******-******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ