Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01063

 

Х.С-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2020/00876 дугаар шийдвэртэй,

 Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2020/00074 дүгээр магадлалтай,

Х.С-ын нэхэмжлэлтэй,

Б.Т-т холбогдох,

Өсвөр насны шүдлэн үрээ буюу 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.С  нь хариуцагч Б.Т-т холбогдуулан өсвөр насны шүдлэн үрээ буюу 800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2020/00876 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Молхы хошах овгийн Х-ийн С-ын хариуцагч Хархас назар овгийн Б-ийн Т-ээс өсвөр насны шүдлэн үрээ буюу 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2020/00074 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2020/00876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.19-ний өдрийн 130/ШШ2020/00876 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 212/МА2020/00074 дүгээр магадлалыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг ноцтой зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой. Тухайлбал, иргэний хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч С.Х, С.Х, С.Ж нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг уг маргаанд холбогдуулан үнэлээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэг талыг барьсан, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй. Маргаан бүхий адууны содон тэмдэг болох буруу талын хойд хөлийн борвины дотор талд үүссэн шарх чононд хазуулсан шарх байсныг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар нэмэлт, өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Х.С-аас хариуцагч Б.Т-т холбогдуулан өсвөр насны шүдлэн үрээ буюу 800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгчээс “... 2019 оны хавар миний адуун дотор байсан өсвөр насны шүдлэн үрээ маань чононд хазуулж, уулархаг газраар өөрөө бэлчих боломжгүй болсон тул 2019.06.10-ны өдөр эхнэрийн дүү С.Хуанбайнд аваачсан, гэвч хэсэг хугацааны дараа адуу маань алга болсон гэж сонссон... Дараа нь уг адуу нь Дэлүүн сумын 5 дугаар багийн иргэн Б.Т-ийн адуунд нийлсэн явж байна гэсэн сураг сонсоод очиж үзэхэд миний адуу мөн гэдгийг шууд таньсан. Учир нь миний адуу зүүн талын гуяны дотор талд чононд хазуулсан сорвитой байсан, би адуугаа аваад явсан. Гэтэл дараа нь Б.Т Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар, Дэлүүн сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч уг асуудлыг шалгаж С.Х-н адуу биш гэж тогтоон, хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан боловч Б.Т нь хамгийн сүүлд манай хотонд хэсгийн төлөөлөгчийн хамт ирээд уг адууг хүчээр ачиж явсан ба төлөөлөгч надад та нар асуудлаа шүүхээр шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн... Дэлүүн сумын ЗДТГ-ын ажилтан нь уг адуунд үзлэг хийхэд зүүн талын гуяны дотор талд чононд хазуулсан сорвитой байсан гэдгийг тогтоосон. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Миний адууг 2019.12.07-ны өдөр Х овогтой С гэгч туугаад Борты гэдэг газарт хүргэж Х.С-ын хүү Ж-ын тээврийн хэрэгсэлд ачуулж явсан байна. Миний хээр байдсыг хулгайлж, чихэнд нь им тавьж, тамгалж им, тамгыг нь өөрчилсөн байсан. Миний байдсыг Х.С, С.Ж нар бүлэглэн хулгайлсан тул Дэлүүн сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан. Хэсгийн төлөөлөгч н.Тилекберген миний гомдлыг шалгаад, байдсыг надад буцаагаад авч өгсөн. С.Х гэдэг хүн зунжингаа бидэнтэй хамт зусдаг. Ямар ч алга болсон адууны тухай хэлж ярьж байгаагүй... тэд хээр байдсыг хулгайлж авчхаад эргүүлж тойруулж бүх биеийг нь сайтар үзэж биеийнх нь аль хэсэгт нь ямар шинж тэмдэг байгааг олж хараад хулгайн хэргээ хаацайлан миний алдуул адуу байсан гэж худлаа маргаан үүсгэж байна. Уг байдас бол миний өөрийн унаган адуу юм. Хээр үрээний эх, азарга /эцэг нь/ амьд байгаа. Тиймээс цусны шинжилгээ авч шалгаж болно. .... Адуу мал бол эзгүй хээр ууланд явдаг. Хээр байдасны сорвины хувьд адуу нь уул, чулуутай газар явдаг учир чулуунд авхуулсан байж болно, мөн азарга болон чононд хазуулсан ч байж болно. Иргэн Х.С нь М хошах овогт, С.Х  нь Ш овогт хүмүүс байхад яахаараа адуундаа Х овгийн ухмал имийг тавьдаг юм. Овог болгон өөр, өөрийн им, тамгатай. Иргэн Х.С адуугаа алдсан бол Цагдаагийн байгууллагад гомдол гаргах байсан. Үүнээс гадна адуу алдсан тухай зарлаагүй... миний унаган адууг хулгайлж авч явчхаад ийнхүү маргаан үүсгэж байгаад гомдолтой байна... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар “... Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн баримтууд маргаж буй адуу нь Х.С-ын адуу болохыг шууд нотлох баримт болохгүй байна, талуудын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь адуун сүрэгтээ уламжлалт им тавьдаг байсан бөгөөд нэхэмжлэгч Х.С М хошах овгийн им буюу зөв талын чихний хойд талаас ухмал им, хариуцагч Б.Т нь Х овгийн буюу буруу талын чихний хойд талаас ухам им тавьдаг байсан байх ба нэхэмжлэгч Х.С нь Б.Т-ийн адуун сүргээс маргаан бүхий адууг авч явсны дараа өөрийн уламжлалт им буюу зөв талын чихний хойд талаас шинээр Молхы хошах овгийн ухам им тавьсан, мөн шинээр зөв талын хаан дээр саран тамга тавьсан нь тогтоогдож байна. Хариуцагчийн хувьд тухайн адуу өөрийн унаган адуу болох талаар болон өөрийн овгийн буюу Харахас овгийн им болох буруу талын чихний хойд талаас ухмал им тавьсан талаар тайлбарласан ба Б.Т нь өөрийн адуундаа буруу талын чихний хойд талаас ухмал им тавьдаг болох нь, маргаан бүхий адуу нь Б.Т-ийн адуутай төстэй болох талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзлээ. Гэрч С.Хуанбай нь маргаан бүхий адуунд буруу талын чихний хойд талд ухмал им тавьсан гэж байгаа боловч тухайн им нь Х.С-ын адуунд тавих имтэй таарахгүй байгаа, ямар учраас тухайн имийг тавьсан нь тодорхойгүй, мөн шинжээчийн дүгнэлтэд “Б.Т-ийн эзэмшилд байгаа хязаалан хээр гүү нь үзлэгийн явцад хагас эмнэг гүү байсан. Энэ нь Х.С-ын номхон гэх тайлбартай нийцэхгүй байна... Хязаалан хээр гүүний буруу талын хойд хөлийн борвины дотор талын шарх чононд хазуулсан гэхэд эргэлзээтэй” гэж дүгнэснээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар нь зөрүүтэй, маргаан бүхий адууны хөлд үүссэн шархыг нэхэмжлэгчийн тайлбарласан шинж тэмдэгтэй тохирч байгаа гэж үзэх үндэслэлгүй... хариуцагчийн тухайн адуу нь өөрийн унаган адуу гэх тайлбарыг няцаах нотлох баримт байхгүй байна...” хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9. Харин хоёр шатны шүүх хууль хэрэглээний хувьд “маргаан бүхий адууг хариуцагч Б.Т нь үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй. Учир нь нэхэмжлэгчийн тухайд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийн дагуу маргаан бүхий адуу нь өөрийнх нь өмч болохыг нотолсны үндсэн дээр бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Гэвч тухайн тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул шаардах эрхгүй гэж үзнэ.

10. Иймд “шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй .

11. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2020/00074 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2020/00876 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1...” гэснийг “...106 дугаар зүйлийн 106.1...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРМАА

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

    ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                     Д.ЦОЛМОН