| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0100/З |
| Дугаар | 221/МА2026/0414 |
| Огноо | 2026-06-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0414
Д.У-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг Д.Н
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.У
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/**** дүгээр захирамжийн Д.У-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0358 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц
Хэргийн индекс: 128/2026/0100/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/**** дүгээр захирамжийн Д.У-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 358 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.5.3, Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.3.1 дэх хэсэг заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/**** дүгээр захирамжийн Д.У-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Анхан шатны шүүх маргаан бүхий актыг хянахын оронд газар эзэмших эрх анх үүссэн эсэхийг дүгнэж хууль бусаар үүссэн эрх гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн. Маргаж буй актыг гаргахдаа Д.У-ийн “сонсох ажиллагаанд оролцож, тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангаагүй, хууль зөрчсөн байна” гэж хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон атлаа маргаан бүхий актыг хүчингүй болгоогүй, хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүхийн дүгнэлт хоорондоо зөрчилтэй, хууль хэрэглээний алдаа болсон байна. Шүүх иргэний эрхийг хууль бусаар үүссэн гэж үзсэн. Гэвч тухайн эрх нь төрийн байгууллагын шийдвэрээр үүссэн, нэхэмжлэгчийн буруутай үйлдэлгүй байхад төрийн алдааг иргэнд үүрүүлсэн байна. Энэ нь хууль ёсны итгэл хамгаалах зарчим, шударга ёсны зарчмыг зөрчсөн. Мөн шүүх дахин төлөвлөлтийн бодит нөхцөл байдал, газар ашиглагдаагүй шалтгааныг бүрэн, бодитой үнэлээгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох гар бичмэлийг дутуу үнэлсэн.
3.2 Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах зорилгоор өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх хүсэлт тавьсан боловч шүүх уг хүсэлтийг бодитой хангаагүй, өмгөөлөгч оролцох боломжийг бүрдүүлээгүй байхад хэргийг хянан хэлэлцсэн нь тэгш байдал, мэтгэлцэх зарчим, иргэний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн.
3.3 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай” **/** дугаар тогтоолд “Нэг. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллын байршлыг тогтоож, Үүнд 1.1-д Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 164 га, ...газар тус тус тусгагдсан. 2.2-д Хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах, иргэдийн санал хүсэлтийг судлан төлөвлөлтөд тусгах, ...даалгасан” байна.
4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” А/*** дугаар захирамжаар “Олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа болон ...иргэдэд газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэж, хавсралтын ***-д Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны ***** **-** тоот хаягт, 409 м2 газрыг 5 жилийн хугацаатай Д.У-т анх эзэмших эрх олгосон.
5. Дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/*** дугаар захирамжаар Д.У-ийн дээрх газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай сунгажээ.
6. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/**** дүгээр захирамжаар ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хавсралтад дурдсан 45 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, хавсралтын 10-д Д.У-ийн **-** тоот хаягтай газар багтсан байдаг.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, (2023-12-07-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт) 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэл, дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тус тус зохицуулсан.
8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013-2015 оны тогтоолуудаар батлагдсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******” гэх байршилд иргэдэд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй, төлөвлөөгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг зөрчиж Д.У-т анх газар эзэмшүүлсэн байна.
9. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай” **/** дугаар тогтоолоор “...Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллын байршлыг тогтоож төлөвлөлт хийсэн” энэхүү тогтоол гарснаас хойш 1 сарын дараа дүүргийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А/*** дугаар захирамж гарган “олон жил тогтвор суурьшилтай амьдарч оршин сууж буй, ...иргэдэд” шинээр газар эзэмших эрх олгосон нь хууль бус болжээ.
10. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ** дүгээр албан бичигт “...тус хороонд Д.У нь бүртгэлгүй, оршин суудаггүй байсан тул өрхийн бүртгэлийн дэвтэр байхгүй. ****** **-** тоот хаяг огт байхгүй болно” гэх, шүүхээс хийсэн үзлэгээр “Маргаан бүхий газарт хашаа, байшин байсан гэх нөхцөл байдал харагдаагүй. ******** хамгаалалтын хашаа болон үзлэгийн зураг дээр байгаа хэсгийг авто зам төлөвлөгдсөн байгаа гэж тайлбарлав” гэх тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь бодит байдалд ****** **-** тоот хаягтай газарт хашаа, гэр барьж амьдарч байгаагүй, ** хороонд бүртгэлгүй, улмаар тус хороонд “****** **-** тоот” хаяг огт байгаагүй болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.
11. Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ. Хамгаалалтын зурвас газар нь дараах хэмжээтэй байна”, 28.1.2-т “кабелийн шугамаас тал бүртээ 5 метр”, 29 дүгээр зүйлийн 29.3-д “Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29.3.1-д “барилга, гэр, хашаа барих, мод тарих” гэж заасан зохицуулалтуудаас үзвэл харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар буюу хамгаалалтын бүсэд барилга, гэр, хашаа барих, мод тарихыг хориглох бөгөөд давхцалтай тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн газрыг эзэмшиж, ашиглахыг хориглодог байна.
12. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2/*** дүгээр албан бичигт “...Д.У-ийн эзэмшиж байсан газар нь “холбоо мэдээллийн шугамын бүс”-тэй 234,7 м2 талбайгаар давхцалтай” гэх, нийслэлийн Замын хөгжлийн газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/*** дугаар албан бичигт “...иргэн Д.У-ийн газар нь ... “Баянзүрх дүүргийн **, **-р хороо, Нарны замын зүүн өргөтгөлийн инженерийн нарийвчилсан зураг төсөл”-тэй давхацсан байна” гэх тайлбар, давхцалын харуулсан зураглалаар нэхэмжлэгчийн маргаж буй газар нь холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүс болон Нарны замын зүүн өргөтгөлийн зураг төсөлтэй давхцалтай болох нь тогтоогдож байхын зэрэгцээ Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.3.1-д заасан хориглолтод хамаарч байна.
13. Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2026 оны 01 дүгээр сарын 29-ны 03/*** дугаар албан бичигт “...иргэн Д.У-тэй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн баталгаажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээг байгуулаагүй байна” гэх, “********” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0**/** дугаар бичигт “...иргэдтэй 3 тал гэрээ байгуулж, улмаар гэрээний үүргийг хангуулж ажиллаж байгаа боловч иргэн Д.У-тэй ГХДТ-Б/*** дугаар гэрээг байгуулаагүй. ... Д.У-ийн эзэмшиж байсан газарт ямар нэгэн барилга байгууламж төлөвлөж, баталгаажуулсан ерөнхий төлөвлөгөө байхгүй” гэх тайлбарууд болон Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Б хэсэгчилсэн талбайн зураглалаас үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй байршил болох ****** **-** тоотын ойр орчмын газар Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаагүй бөгөөд барилга, байшин баригдахаар төлөвлөлт хийгдээгүй байна.
14. Анхан шатны шүүхийн “...аливаа этгээдийн эрх нь хуульд заасан журмаар үүсээгүй буюу хууль зөрчин үүссэн болох нь шүүхэд тогтоогдвол шүүх “эрх үүссэн” гэдгээр хамгаалах, сэргээн эдлүүлэх боломжгүй, ...нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуульд заасны дагуу хууль ёсоор үүсээгүй, ...маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчиж гарсан байгаа боловч нэхэмжлэгчийн хууль бусаар үүссэн эрхийг сэргээн эдлүүлэх нь хууль зүйн зөрчилд хүргэх эрх зүйн үр дагавартай...” гэх дүгнэлт үндэслэлтэй.
15. Дээрх дурдсанчлан маргаан бүхий энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/**** дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
16. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан, мөн тухайн албан тушаалтанд уг асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй байхын зэрэгцээ өөр бусад эрх бүхий этгээдийн эрхэд халдсан шийдвэр гаргасан, алдаатай байхыг ойлгоно.
17. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/**** дүгээр захирамжийн 1 дэх заалтад ...газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг хэрэглэсэн байх бөгөөд мөн нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй байхад эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй тул уг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж дүгнэх хууль зүйн хувьд боломжгүй.
18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/**** дүгээр захирамжийн Д.У-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлон маргах боловч шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд А/**** дүгээр захирамж нь холбогдох хуулиудыг зөрчсөн, хууль бус захиргааны акт гэх агуулгаар тайлбарлан, мэтгэлцсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргаж буй хүрээнд дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцуулах, мэтгэлцэх зарчим, иргэний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн” гэж дурдсан байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...өмгөөлөгч оролцуулахаа больсон, өмгөөлөгчгүй өөрөө оролцоно” гэх тайлбар гаргасан тул энэ талаарх гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-н давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА