Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,         

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Ю.Чинтөмөр, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг,

гэрч А.Мөнхжаргал, Т.Учрал,

шинжээч эмч Ц.Бадрал,

шүүгдэгч Б.Гүрбазар, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Б.Гүрбазарт холбогдох 201625013286 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 4 дүгээр байр 43 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Өндөрийнхөн овогт Болдын Гүрбазар /РД:ФБ88080872/,

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

  Шүүгдэгч Б.Гүрбазар нь 2016 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смайл” караокед иргэн Ю.Чинтөмөрийг эхнэр А.Мөнхжаргалтайгаа маргалдан цохих үед түүнийг “чи эмэтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хамгаалан Ю.Чинтөмөрийн нүүрэн тус газар нэг удаа архины шилээр цохиж бие махбодид нь мөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Гүрбазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Чинтөмөр мэдүүлэхдээ:…”Тухайн үед  шүүгдэгчтэй цуг байсан залуучууд бүгд 1 байгууллагын залуучууд байсан. Тэрнээс би хэн нэгнийг гүтгэх гэж шүүх хуралдаанд суугаад байгаа биш. Үнэн гэж байдаг бол би тэрийг олохын тулд явж байна. Бусад гэрч нар худал мэдүүлэг зөндөө өгч байна. Одоо миний нүүрэнд учирсан гэмтэл, сорив тархиндаа нөлөөлж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг би гаргах боломжгүй болоод байна. Гэрч нарын мэдүүлгээр намайг шууд л хүмүүсийн хажууд эхнэрээ зодсон гэж яриад байгаа. Хэрвээ би эхнэрээ зодсон бол манай эхнэрийн маань ямар нэгэн гэмтэл учрах байсан биз дээ. Тийм зүйл байхгүй. Тэгэхээр би эхнэрээ зодоогүй. Харин би эхнэрээ 1 удаа алгадсан. Үүн дээрээ хариуцлага хүлээхэд бэлэн. Шинжээчийн дүгнэлт дээр хоолойд нь боосон шарх сорив үүссэн байна. 2 удаагийн үйлчлэлээр учирсан, хөхөрсөн байна гээд байхад яагаад одоог хүртэл өөр газарт цохисон гээд байгаа юм бол. Шүүгдэгч эхнэрийг маань өмөөрсөн гэж байгаа. Өмөөрч байгаа хүн яагаад зэвсгийн чанартай зүйл хэрэглээд байгаа юм бэ. Би агсам тавиад байсан юм бол яагаад цагдаад нь барьж өгөөгүй юм бэ. Яагаад заавал миний эрүүл мэндэд халдаж байгаа юм. Би маш их гомдолтой байна. Би 2015 оны 9 дүгээр сарын 2-ноос хойш өнөөдрийг хүртэл ажлаа хийгээгүй. Би краны инженер хийдэг байсан. Одоо би гадаа ажиллахаар хүйтэнд тархи, толгой өвддөг, хатгадаг болсон. Би 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэлх цалин 5.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, нүдний эмчид үзүүлсэн үзлэгийн 30.000 төгрөг, цаашид Солонгос улс руу явж эмчлүүлэх төлбөр зардал 39.400.000 төгрөг нийт 45.400.000 төгрөг нэхэмжилж байгаа. Цаашдаа гадагш явж эмчлүүлэх хэрэгтэй байгаа. Намайг тархины давхар хананы гэмтэлтэй гэж байгаа. Үүнийг монголд эмчлэхгүй гэсэн. Заавал солонгост эмчилгээ хийлгэх ёстой байгаа…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Бадрал мэдүүлэхдээ:...”Хууль зүйн яам болон Эрүүл мэндийн яамнаас 2010 оны 12 дугаар сарын 5-ны өдөр баталж гаргасан А-223402 тоот журмыг баримталж шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Хохирогчид учирсан гэмтлийг тогтоогдохдоо амь насанд аюултай байдал, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, гэмтлээс үлдсэн урхаг, үлдэц, ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтын хэмжээ зэргийг баримтлан гэмтлийн зэргийг тогтоодог. Тухайн хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо 7 хоног буюу 28 хоногийн түр хугацаагаар сарниулсан гэмтэлд хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох зэрэг журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэн бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн 7 хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл байна гэсэн байдаг. Үүнийг баримталсан. Хохирогчид учирсан гэмтэлд үзлэг хийсэн байна. Мөн “Гэмтэл согог үндэсний төв”-ийн эмчийн бичиг, “Орбита” эмнэлгийн 9 дүгээр сарын 3-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэг мөн өдрийн “Брилайнс” төвийн компьютер томографийн шинжилгээ зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Мөнхжаргал мэдүүлэхдээ:...”Тухайн үед би тонгойсон байсан. Газар архины шил унах чимээнээр архины шилээр Б.Гүрбазар манай нөхрийг цохисон юм байна гэж мэдсэн. Манай нөхрийн баруун талын хөмсөгт нь 1 удаа цохисон байсан. Манай нөхөр тухайн үед цохиулаад ухаан алдаагүй. Цохиулсан газраас нь цус гарч байсан. Тэр явдлын дараа Б.Гүрбазар болон түүний найз охинтой хамт би нөхрөө дагуулаад шүүгдэгчийн машинтай гэмтлийн эмнэлэг рүү очсон. Тэгээд манай нөхөр баруун талын хөмсөг дээрээ 17-оос 22 оёдол тавиулсан. Хамар нь хугарсан байна гэж эмч хэлж байсан”…гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Учрал мэдүүлэхдээ:..”Шүүгдэгч Б.Гүрбазартай тухайн хэрэг гардаг танилцсан. 9 дүгээр сарын 2-ны өдөр танилцах үдэшлэг болсон. Өдөр нь чуулган болоод орой нь танилцах үдэшлэг болж байхад 1 эмэгтэйгийн нөхөр гэх энэ хохирогч орж ирээд тэр эмэгтэйг бид нарын нүдэн дээр зодсон. Тэгэхэд нь бид юу болж байна вэ гээд салгасан. Тэгээд хохирогчийг 2 хүн аваад гарсан. Хохирогч эхнэрээ ямар ч байсан баруун гараараа 2, 3 удаа цохисон. Эхнэр нь тухайн үед сууж байсан. Хохирогчийг манайхнаас авч гараад тайвшруулаад оруулж ирэхэд дахиад орилоод байхаар нь би “эхнэр чинь чамаас айгаад байна” гэхэд хохирогч ширээн дээр байсан лаазтай ундааг над руу авч шидсэн. Тэр шарх нь надад байна. Тэгээд би юу над руу аваад шидэв гээд тонгойгоод харах хооронд хохирогч цохиулсан байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээний уусан байсан. Тэгэхдээ би болсон процессыг санаж байгаа. Хохирогчийг багалзуурдсан хүн байгаагүй. Энэ хэрэг маш хурдан болж өнгөрсөн. Тэр газарт бид нар баярлаж, танилцаад нөхөрлөж байсан учир миний толгойд цагдаад дуудаад энэ хүнийг эрүүлжүүлэхэд хонуулах бодол байгаагүй. Би тухайн үед хохирсон байсан. Миний нүүр рүү юм шидсэн”…гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ю.Чинтөмөрийн өгсөн мэдүүлэг /хх-9-11/, гэрч А.Мөнхжаргалын өгсөн мэдүүлэг /хх-12/, гэрч Т.Учралын өгсөн мэдүүлэг /хх-13/, гэрч Б.Уламбаярын мэдүүлэг /хх-14/, гэрч Ч.Дагвадоржийн мэдүүлэг /хх-15/, гэрч Б.Өнөрболдын мэдүүлэг /хх-16-17/, гэрч Ш.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-18/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹12302 дугаартай дүгнэлт /хх-21/, сэжигтэн, яллагдагчаар Б.Гүрбазарын өгсөн мэдүүлэг /хх-28, 33-35/, шүүгдэгч Б.Гүрбазарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, шүүгдэгч Б.Гүрбазарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд     /хх-40-45/, хохирогч Ю.Чинтөмөрийн эмчилгээ хийлгэсэн баримт болон өвчний түүх /хх-48-58/, хохирлын баримтууд /хх-60-66/, хохирол барагдуулсан тухай баримт     /хх-182-183/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Гүрбазар нь 2016 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смайл” караокед иргэн Ю.Чинтөмөрийг эхнэр А.Мөнхжаргалтайгаа маргалдан цохих үед түүнийг “чи эмэтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хамгаалан Ю.Чинтөмөрийн нүүрэн тус газар нэг удаа архины шилээр цохиж бие махбодид нь мөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Уламбаярын өгсөн:…“Барилгачин залуучуудын холбооноос 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Төрийн ордон цугларч чуулга уулзалт хийсэн юм. Төрийн ордноос гараад тэнд байсан хүмүүсийг хөтөлбөрийн дагуу 13 дугаар хороололд байдаг “Смайл” нэртэй караокед очоод арга хэмжээ эхэлсэн. Тэнд ойролцоогоор 10-12 хүн байсан. Тэнд танилцах үйл ажиллагаа эхлэсэн. Тэгсэн орой 23 цагийн үед гэж санаж байна гаднаас нэг үл таних залуу орж ирээд бид нартай хамт сууж байсан нэг эмэгтэйг хэл амаар доромжлоод дайраад бас зодоод байсан. Тэр залууг эмэгтэй хүн зодоод байхаар нь тэнд байсан залуучууд салгаад болиулсан. Гарахдаа өмнө дайрч давшилж хэл амаар доромжилсон. Тэнд байсан бүх хүмүүс тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд залуу гараад буцаад ганцаараа ороод ирсэн. Орж ирээд эхнэрээ шууд алгадаад агсан тавьсан. Агсан тавьж байгаад миний хажууд сууж байсан 2 залуу руу юм авч шидсэн. Тэр үед Б.Гүрбазар ширээн дээр байсан архины шил аваад нэг удаа цохисон…” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Дагвадоржийн өгсөн:…“Барилгачин залуучуудын холбооноос 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Төрийн ордон цугларч чуулга уулзалт хийсэн юм. Төрийн ордноос гараад тэнд байсан хүмүүсийг хөтөлбөрийн дагуу 13 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах “Смайл” нэртэй караокед очоод арга хэмжээ эхэлсэн. Тэнд ойролцоогоор 10-12 хүн байсан. Бид нар тэнд танилцаад архи уугаад хоорондоо танилцаж эхэлсэн. Тэгсэн орой 23 цагийн үед гэж санаж байна. Цагаа сайн санахгүй байна. Гаднаас нэг үл таних залуу орж ирээд бид нартай хамт сууж байсан нэг эмэгтэйг хэл амаар доромжлоод дайраад бас цохиод байсан. Тэнд байсан хүмүүс уг хүнийг боль гэж хориглосон. Тэр залуу их бухимдсан бас жаахан согтуу байсан болохоор тэнд агсарч эхэлсэн. Уг залуу орж ирээд маргаан эхэлсний дараа 10-20 минутын дараа өөрөө утсаар ярих гээд гарахад нь би тэнд сууж байсан цавуу зардаг ахтай хамт нөгөө залуутай хамт гарсан. Гарч жаахан юм яриж байгаад бид 3 буцаад орсон. Бид хоёрын өмнө нөгөө залуу буцаад орсон. Тэндээс надтай гарсан ах шууд яваад өгсөн. Би буцаад өрөөндөө ороход агсараад байсан залуу гараараа нүүрээ дараад “цагдаа дууд” гээд хэлж байсан. Сүүлд нь хамт байсан хүмүүсээс Б.Гүрбазар уг залууг цохисоныг мэдсэн….” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өнөрболдын өгсөн:…”Би тэр өдрийг он сараар нь санахгүй байна. Ямар ч байсан барилгачдын баяр гээд нэлээн олуулаа манай караокены 8 ноймерын өрөөнд орсон. Тэр хүмүүсийг нэлээн удаан суусны дараа гаднаас нэг эрэгтэй хүн ганцаараа орж ирээд “барилгачдын баяр тэмдэглэж байгаа хүмүүс хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь би “8 нойморын өрөөнд байгаа” гэж зааж өгсөн. Уг өрөө рүү нөгөө ах ороод хүмүүстэй маргалдаад байсан. 10-20 минутын дараа сүүлд орсон ахтай хамт 3,4 хүн гараад ирсэн. Гарч ирээд буйдан дээр сууж байгаад гадагшаа гарсан. Би гарах хэрэг гараад гарахад уг хүмүүс зүгээр ярилцаж байсан. Тэгсэн сүүлд орж ирсэн ах түрүүлээд буцаж орсон. Өрөөнд үлдсэн хүмүүстэй маргалдаад байсан. Би тухайн үед уг өрөөний бохирыг цэвэрлэж байсан. Би бохироо хурааж дуусаад гараад ирсэний дараа маргалдаад байсан ах нүүрээ дараад гараад ирсэн. Нүүрнээс нь цус гарсан байсан. Араас нь эхнэр нь гарч ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн….” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт.№ 12302 дугаар актад:

1. Ю.Чинтөмөрийн биед духны ясны баруун хэсгийн гадна ялтасны хугарал, хамар ясны баруун зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүн зулгаралт гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй   /хх-20/ гэх дүгнэлт,

 

          -Шүүгдэгч Б.Гүрбазарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

          -Шүүгдэгч Б.Гүрбазарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд,

          -Хохирогч Ю.Чинтөмөрийн эмчилгээ хийлгэсэн баримт болон өвчний түүх,

          -Хохирлын баримтууд, хохирол барагдуулсан тухай баримтууд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гүрбазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гүрбазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Гүрбазарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Ю.Чинтөмөр нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн сарын цалин 1.000.000 төгрөг, нийт 5 сар ажилгүй байсан гэх 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000, цаашид гарах эмчилгээний зардал нийт 39.400.000 төгрөг нийт 45.400.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хавтаст хэрэгт хууль журмын дагуу 1.005.500 төгрөгийн эмчилгээний баримтыг хавсаргасан байна. Нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 1.006.000 төгрөгийг шүүгдэгч Б.Гүрбазараас хохиролд нөхөн төлсөн байна.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг байцаан шийтгэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Ю.Чинтөмөрөөс нэхэмжилсэн ажилгүй байх хугацааны цалин 5.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал нийт 39.400.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ю.Чинтөмөрийн зүгээс шүүхэд шинээр гаргаж өгсөн “Сүн Чон Хян Бүчон” эмнэлгийн хариу бичиг 4 хуудас, өвчний карт 6 хуудас, 2 ширхэг сиди, томографийн зураг 3 ширхэг зэргийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй учир хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Гүрбазар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Өндөрийнхөн овогт Болдын Гүрбазарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар   Б.Гүрбазарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.Гүрбазар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Гүрбазар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ю.Чинтөмөрөөс өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 39.400.000 төгрөг тус тус нэхэмжилсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар “Сүн Чон Хян Бүчон” эмнэлэгийн хариу бичиг 4 хуудас, өвчний карт 6 хуудас, 2 ширхэг сиди, Томографийн зураг 3 ширхэг зэргийг хохирогч Ю.Чинтөмөрт буцаан олгосугай.

 

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Б.Гүрбазарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гүрбазарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ