Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2018/0731

 

2018 оны 11 сарын 20 өдөр Дугаар 128/ШШ2018/0731 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б*******,

Хариуцагч: С******* дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: С******* дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Б*******ыг С******* дүүргийн ******* хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, албан тушаал эрхлээгүй хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Х.Б*******д учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3.000.000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Х.Б******* 2018 оны ******* сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оноос 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл С******* дүүргийн ******* хорооны Засаг даргаар ажиллахдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй, иргэдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж ажиллаж байсан. Тиймээс тус хорооны иргэд намайг дэмжиж нээлттэй хурлаараа дахин тус хорооны Засаг даргаар улируулан сонгосон.

Монгол Улсад төрийн эрх мэдлийг барьж байгаа хүн, удирдлага шударга, зарчимтай, олон талыг харж аливаа шийдвэрийг гаргах мэдлэг, боловсролтой байгаасаа гэж хүсэж зарчимтай ажиллаж, энэ талаараа ч төрийн захиргааны удирдлага чиглэлээр олон жил дээд сургуульд багшилсан. Эрх бүхий албан тушаалтан хууль бус шийдвэр гаргаж байгаа нь ганцхан энэ ч биш олон тохиолдол байгаа тул тухайн хүний мэдлэг, хандлага ямар гэдгийг харуулж байна. 

Би Дүүргийн иргэдийн Нийтийн Хуралд хоёр удаа сонгогдсон төлөөлөгч бөгөөд 12000 хүний эрх ашиг надад хадгалагдаж байхад тэдгээр иргэдийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж болохгүй зүйлийг шүүмжилж, болж байгаа зүйлийг дэмжиж 8 жил ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал, ажлын байрандаа архидан согтуурч, маргах, хэрэлдэх, зодолдсон зүйл байхгүй тул хорооны иргэд надад  дахин итгэл үзүүлэн сонгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2018 оны ******* сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн С******* дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлаас хуулийн дагуу сонгогдож томилуулахаар Засаг даргад хүргүүлсэн 05 тоот тогтоолын дагуу 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн С******* дүүргийн Засаг даргын Б/58 дугаар тушаалаар С******* дүүргийн ******* хорооны Засаг дарга болсон. Үүнийг өмнө мөн тус хорооны Засаг даргаар 4 жил ажилласан нийт 8 жил ажиллаж байгаа. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр С******* дүүргийн Засаг даргын Б/29 дугаар тушаал гарсан талаар Х.Б*******д мэдэгдэж, мэдэгдэхдээ мэдэгдэх сонсох ажиллагаа хийсэн бөгөөд тушаалыг гардуулсан. Үүнтэй танилцах үед илт хууль бус байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.Б*******ыг С******* дүүргийн ******* хорооны Засаг даргаас чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т  заасны дагуу хорооны Засаг даргыг ажлаас чөлөөлөх зохицуулалттай байсан боловч үүнийг зөрчсөн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэж  Засаг даргыг чөлөөлөх зохицуулалттай.

 Гэтэл Х.Б******* ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй. Засаг даргыг чөлөөлөх захирамж гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан нэхэмжлэгчийн эрхэд халдах эрх байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1-д заасан хуулийн зохицуулалтыг мөн зөрчиж байна.

Дүүргийн Засаг даргын дотоод субъект хорооны Засаг дарга биш юм. Хорооны Засаг дарга бол Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хорооны иргэдийн Нийтийн Хур лаас сонгогдон томилогдож, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт дээд шатны Засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг онцгой субъект юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1-д Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна, 59 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж тодорхойлж хуульчилсан байна.

Хорооны Засаг дарга онцгой субъект тул  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх юм.

Засаг дарга Засаг даргын Тамгын газрын субъект биш тул Засаг даргын Тамгын газрын дотоод журмыг мөрдөх, түүнийг биелүүлэх албан тушаалтан биш. С******* дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Дүүргийн Засаг даргын доод шатны Засаг дарга юм. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журамд заасны дагуу харилцдаг.

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 5 сар 11 өдрийн хугацаа өнгөрсөн байна.  Х.Б*******ын албан тушаалын цалин 613.150 төгрөг бөгөөд онцгүй нөхцөлийн нэмэгдэл гээд 30 хувь тооцоход  183.950 төгрөгийг нэмэхэд нийт 797.100 төгрөгийн цалинг 5 сар 10 хоногтой харьцуулахад 4.162.200 төгрөг байна.

Түүнчлэн илт хууль бус захиргааны акттай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх зүйн туслалцаа авах эрхээ эдэлж өмгөөллийн фермтэй гэрээ байгуулж 3 сая төгрөг төлснийг мөн нэхэмжилж байна.

Хууль бус захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэн өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулах  эрхтэй. Тиймээс Захиргааны ерөнхий хууль 103 дугаар зүйлийн 103.1-т Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасны дагуу гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа  дэмжиж байна гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* 2018 оны ******* сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр дүүргийн Засаг даргын захирамжаар ******* хорооны Засаг дарга Х.Б*******ыг ажил үүргээс нь чөлөөлсөн. Энэхүү захирамжийг гарахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох хууль, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дүрэм, журам, хамтын ажиллагааны гэрээг үндэслэсэн байдаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дүрэм, журмыг тус захирамжид үндэслэх нь буруу  гэж тайлбарлаж байна.

Дүүргийн Тамгын газар бол Засаг даргын ажлын алба юм.  Хамтран ажиллах гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэг талаас С******* дүүргийн Засаг дарга Х.Б*******, нөгөө талаас С******* дүүргийн ******* хорооны Засаг дарга Х.Б******* нар байгуулсан байдаг. Энэхүү гэрээ нь талуудын эрх үүрэг, гэрээний хариуцлага, гэрээний урамшуулал, гэрээний хугацаа, нэмэлт өөрчлөлт гэсэн 5 бүлэгтэй юм. Гэрээ бол талуудын  хүсэлт сонирхол нэгдсэний үндсэн дээр сайн дураар байгуулсан учир гэрээний зарим зүйлийг захирамжид үндэслэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч С******* дүүргийн Засаг даргын 2018 оны Б/29 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Захиргааны ерөнхий хууль 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэл байгаагүй үндэслэлээр захиргааны акт гаргасан гэж маргаж байна. 

С******* дүүргийн Засаг дарга Х.Б******* нь 2017 оны Б/54 дугаар захирамжаар тус дүүргийн ******* хорооны Засаг даргаар Х.Б*******ыг томилж, 2018 оны Б/29 дүгээр захирамжаар чөлөөлсөн байдаг.

Захиргааны акт илт хууль бус байх шинж нь утга агуулгын илэрхий алдаатай, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, хамааралгүй хуулийн зүйл заалтыг үндэслэн гаргасан байхыг ойлгох бөгөөд С******* дүүргийн Засаг даргын Б/29 дүгээр захирамж нь эрх хэмжээний хүрээнд гарсан бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хамтран ажиллах гэрээг үндэслэсэн байдаг.

Дүүргийн Засаг даргын Б/29 дүгээр захирамж гарсантай холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу  гомдол гаргах эрхтэй байдаг ч энэ хугацаанд нэхэмжлэгч Б/29 дүгээр захирамжтай холбоотой гомдол гаргаж байгаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж маргаж байгаа боловч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэсэн хуулийн зохицуулалттай.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэснийг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа С******* дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Б*******ыг С******* дүүргийн ******* хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, албан тушаал эрхлээгүй хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Х.Б*******д учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3.000.000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Нэхэмжлэгч тал ... ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэхэмжлэгчийг огцруулах санал ирүүлээгүй байхад ажлаас чөлөөлсөн, хорооны Засаг дарга онцгой субъект бөгөөд хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагч тал ... нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан тул дүүргийн Засаг дарга өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий актыг гаргасан, түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж тус тус маргаж байгаа болно.

С******* дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/54 дугаар захирамжаар Х.Б*******ыг тус дүүргийн ******* хорооны Засаг даргаар томилж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дугаар захирамжаар Х.Б*******ыг ... хорооныхоо иргэд, ажлын албаны ажилтнууддаа ёс зүйгүй хандсан, Хөлсөөр ажиллах гэрээтэй иргэдийн ажлыг өөр иргэдээр дур мэдэн хийлгэсэн, гэрээт ажилтнуудын цагийн бүртгэлийг худал мэдүүлсэн зэрэг зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Х.Б*******ыг тус дүүргийн ******* хорооны Засаг даргаар томилогдсоноос хойш түүнтэй холбоотой ирсэн өргөдөл, гомдлыг үндэслэн тус хорооны иргэд болон нэхэмжлэгчийн удирдлаган дор ажиллаж байсан ажилчид, дүүргийн Тамгын газрын ажилчидаас дүүргийн Тамгын газрын хүний нөөц, шагнал урамшуулал, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн н.О******* эхэлж тус хороонд очиж, дараа нь дүүргийн Тамгын газрын  байрны 7 давхарт 707 тоотод мэдүүлэг авч гарын үсэг зуруулж баталгаажуулсан байдаг гэж тайлбарласан боловч үүнийгээ нотолсон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Дээд шатны Засаг дарга ... энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгөх-өөр зохицуулсан байна.

Гэтэл хариуцагч нь саналаа тус дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлж шийдвэрлүүлэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хорооны Засаг даргыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл дүүргийн Засаг даргаас түүнийг огцруулах тухай саналыг иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлж хэлэлцүүлсний үндсэн дээр Хурлын саналыг үндэслэн шийдвэрлэхээр хуульд заасан байхад хариуцагч уг ажиллагааг хийгээгүй нь буруу юм.

Түүнчлэн тус дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Х.Б*******ыг ёс зүйн зөрчил гаргасан, цаашлаад ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасны дагуу С******* дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

Төрийн албаны тухай хуулийн ******* зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулнаХөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Б*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 32 дугаар зүйлийн 32.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10, Төрийн албаны тухай хуулийн ******* зүйлийн 11.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С******* дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Б*******ыг С******* дүүргийн ******* хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, албан тушаал эрхлээгүй хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, өмгөөллийн зардал 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН