Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2018/0463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б , Н.Н

 

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн сангийн газрын дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан Орон сууцны дэмжлэг үзүүлэх 10.000.000 төгрөгийг Т.Б  надад олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 10.000.000 төгрөгийг Т.Б  надад олгохыг даалгах, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан Н.Н д орон сууцны дэмжлэг үзүүлэх 10.000.000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 10.000.000 төгрөгийг гаргуулж Н.Н д олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н , нэхэмжлэгч Т.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З*******, Т.Т*******, иргэдийн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч Т.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан Орон сууцны дэмжлэг үзүүлэх 10 000 000 төгрөгийг Т.Б  надад олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Т.Б  нь 1982-1989 онуудад Ховд аймгийн шүүхийн орлогч дарга, 1989-1995 онуудад Говь-Алтай аймгийн шүүхийн дарга, 1995-1996 онуудад Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга, 1996-2013 онуудад Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч, 2013-2015 онуудад Увс аймгийн сум дундын шүүхүүдэд шүүгчийн албан тушаалд тус тус 35 жил ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарч одоо Баян-Өлгий аймагт амьдарч байна. Т.Б  нь олон жилийн турш 4 аймаг дамжин үр бүтээлтэй сайн ажилласан бөгөөд өөрийн гэсэн орон сууцгүй, 3 оюутан хүүхэдтэй, олон газар дамжин ажиллаж байхдаа бусдын орон сууцанд амьдарч байсныг харгалзан үзэж өөрийн гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу намайг Увс аймгийн Шүүхийн шүүгчээр ажиллаж байхад 10 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 тоот Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж олгохоор болсон.

 

Энэ мөнгийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү удирдлагын хэлтэс өгөөгүй учир эрх бүхий байгууллагуудад удаа дараа хандаж бичгээр хүсэлт гаргаж байсан. Хүсэлтийн дагуу тэр мөнгийг өгнө гэсэн хариу хэлдэг боловч өгөөгүй учир энэхүү нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна. Санхүүгийн хэлтсийн дарга н.Наранбилэгтэй удаа дараа утсаар ярьж, өөрийн биеэр очиж уулзаж хүсэлтээ гаргаж байсан ба хамгийн сүүлд 2017 оны 06 дугаар сарын эхээр утсаар ярихад энэ мөнгийг олгох боломжгүй болох юм шиг байна гэсэн. Өмнө нь жилийн эцэст олгох талаар яръя гэж хэлдэг байсан. Өнгөрсөн 2015-2016 онуудад манай дансанд байсан 2 тэр бум 900 мянган төгрөгийг Сангийн яамнаас буцаагаад татсан. Хэрвээ бид буцааж авч чадах юм бол таны мөнгийг өгнө. Та ямар ч байсан даргын нэр дээр өргөдөл өг гэж хэлсний дагуу би н.Лүндэндорж даргын нэр дээр 2016 оны 08 дугаар сард өргөдөл гаргаж өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. н.Лүндэндорж даргын нэр дээр өргөдөл гаргахаас өмнө н.Мэндсайхан даргатай уулзаж, уг мөнгийг олгох талаар хүсэлтээ хэлэхэд та тэтгэвэрт гарсан. Шүүгч биш болсон гэж тоглоомоор хариу хэлээд өнгөрсөн. н.Наранбилэг дарга нь та нарт өгөх ёстой байсан мөнгийг Сангийн яамнаас буцаагаад татсан гэж хэлж байсан боловч Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 2 908 043 376 төгрөгийг Сангийн яам буцааж өгсөн байсан.

 

Энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0165 дугаартай шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрийн дагуу орон сууцны дэмжлэг авах ёстой зарим хүмүүст уг тушаалаар олгох ёстой мөнгийг олгосон гэдгийг би саяхан олж мэдсэн. Надад та тэтгэвэрт гарсан гээд олгохгүй байсан. Би шүүхэд 35 жил тасралтгүй ажиллаж, бүхий л амьдралаа зориулсан. Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга н.Лүндэндоржийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 тоот Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаал нь хүчин төгөлдөр байгаа. Ажиллаж байгаа шүүгч нарт энэ мөнгийг гаргаж өгсөн. Намайг тэтгэвэрт гарсан гээд энэ мөнгийг өгөхгүй байгаад гомдож байна. Сангийн яам уг мөнгийг татаж авсан гэх боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0165 дугаартай шийдвэрээр буцааж өгсөн болох нь нотлогдож байх бөгөөд Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 тоот Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаалд заасан хүмүүс мөнгө авсан байгаа бодит байдлуудыг харгалзан үзэж Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн санхүүгийн удирдлагын хэлтсээс Т.Б  надад олгох 10 000 000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч байна.

 

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга н.Лүндэндорж тушаал гаргаж надад орон сууц худалдаж авахад зориулж 10 000 000 дэмжлэг туслалцаа олгохоор шийдвэрлэсэн байхад санхүүгийн хэлтсээс Сангийн яам буцааж татаж авсан гэх бодит байдалд нийцэхгүй тайлбар хийж, шүүхийн шийдвэрээр буцааж авсан мөнгөнөөс надад олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгөхийг хүсэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэж өгнө үү. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* шүүхэд хариу тайлбартаа ...санхүүжилт хийгдсэн төсвийн мөнгийг хууль бусаар буцаан татсанаас болж асуудал үүссэн. Санхүүжилт хийгээгүй, төсвийн мөнгийг авсны улмаас өр үүсэж их хэмжээний алданги төлөх нөхцөл байдалд орсон ... гэсэн байна.. Энэ тайлбараас харахад Сангийн яамнаас төсвийг буцаан татсанаас болж, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгөхгүй байна гэсэн тайлбарыг үндэслэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн санг хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хоёр. Нэхэмжлэгч Н.Н  2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 тоот Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаалаар 10 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дансанд энэ мөнгө байсан. Шийдвэр гарсны дараа н.Наранбилэг дарга энэ мөнгө бэлэн байгаа гээд бидний дансыг авсан. Өгнө гэсэн юм чинь хүлээж байя гэж байтал нэг сар гарангийн хугацаа өнгөрсөн. Энэ асуудлыг лавлаж асуухад Сангийн яам энэ мөнгийг хулгайн журмаар татсан. Дансанд мөнгө байхгүй болсон гэсэн тайлбар хийсэн. 2015 оны төсөвт орохоор нь зохицуулаад өгнө гэсэн. Сангийн яамыг данснаас хууль бусаар мөнгө авсан гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байгаа гэсэн. Талууд хоорондоо эвлэрч, Захиргааны хэргийн шүүхээр талуудыг эвлэрлийг баталсан захирамж гаргасан. Мөнгөө авсан уу гэж асуухаар аваагүй л гэсэн тайлбарыг хэлж байсан. Салбарын сайдын зүгээс Орон сууцны дэмжлэг үзүүлэх сан хаагдлаа. Шаардлагатай бол Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад шилжүүллээ гэсэн албан тоот өгсөн байдаг юм билээ.

 

Яг Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай гэсэн нэрээрээ биш ч тухайн санхүүжилтийг багцад шилжүүлсэн. Мөнгө, санхүүжилт орсон талаар асуухаар нууц гээд хэлдэггүй. Шалгуулах гэхээр шалгуулдаггүй. Сангийн яамны зүгээс 2.908.043.376 төгрөгийг буцааж өгсөн бол бидний авах ёстой 10.000.000 төгрөгийг гаргуулж өгөөч. Хэрвээ хууль бусаар авсан мөнгөө өгөхгүй байгаа бол бидний мөнгийг Сангийн яамнаас гаргуулж өгнө үү. Би энэ дэмжлэгийг заавал авах ёстой. 2013 оны шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улаанбаатар хотоос 130 км алслагдсан Багануур дүүрэгт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллахаар болж, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн санаачилгаар явсан. Тэндээ амьдрах байр байхгүй учраас орон сууц түрээслэх шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэхэд үүнийг зөвшөөрч 10.000.000 төгрөг өгөхөөр баталсан боловч өгөөгүй. Цалингийн зээл авч тэндээ орон сууц худалдан авсан. Тухайн төлөвлөсөн мөнгө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дансанд орсон бол тэндээс нь, шилжүүлэгдээгүй бол Сангийн яамнаас нь гаргаж өгөхийг хүсч байна гэв.

 

Гурав. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 201 тоот тушаалаар орон байраар хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр 5 хүнд нийт 45 сая төгрөг олгохоор гарсан байдаг. Тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх явцад Сангийн яамнаас 2014 оны 10 сард төсвийн хүндрэл болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тухайн төсвийн үлдэгдэл болох 2.9 тэрбум төгрөгийг буцаан татсан. Үүнтэй холбоотой 2014 оны 12 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөл Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сангийн яамтай 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулан, уг хэргийг шийдвэрлэсэн. Эвлэрлийн гэрээнд 2015 оны төсөвт багтаан бараа ажил үйлчилгээний нотлогдох зардлыг санхүүжүүлэх талаар Сангийн яамны зүгээс хичээж ажиллах болно гэсэн агуулгатай батлагдсан. Сангийн яаманд 2015 оны төсвийн жилдээ багтаан санхүүжилтээ авъя гэдэг хүсэлтийг тухайн үед удаа дараа гаргаж байсан.

 

Нэхэмжлэгч талын үзэж байгаачлан Шүүхийн ерөнхий зөвлөл 2.9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас аваад, бусад нэр бүхий хүмүүст зохих хөрөнгийг шийдвэрлээд нэхэмжлэгч нарт олгох шаардлагатай мөнгийг олгохгүй байгаа тийм зүйл байхгүй. Тухайн тушаалд нэр дурдсан таван хүний хэнд ч мөнгө олгоогүй гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон. Шүүхийн ерөнхий зөвлөл жил бүрийн төсвийн төсөлд орон сууцны дэмжлэгийн ангилалд хөрөнгө тусгуулах хүсэлт гаргадаг боловч хүлээн авч, шийдвэрлэдэггүй. Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргын өгсөн тайлбарт Шүүхийн ерөнхий зөвлөлтэй эвлэрэн байгуулсан гэрээнд зөвхөн бараа ажил үйлчилгээний гэрээгээр батлагдсан зардлыг санхүүжүүлнэ гэж заасан учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 тоот тушаалд заасны дагуу орон байраар хангах, дэмжлэг үзүүлэх нөхцөлд санхүүжүүлэх боломжгүй юм гэж тайлбарладаг.

 

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд холбогдох хууль, тогтоомжийн дагуу уг тушаалыг гаргасан боловч Сангийн яамнаас батлагдсан ангиллын дагуу санхүүжигдсэн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Сангийн яам 2015 оноос хойш бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарт орон сууцны дэмжлэг гэдэг ангилалд санхүүжилт олгогдоогүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Эдгээр шалтгааны улмаас маргаан бүхий тушаалын биелэлтийг хангах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Дөрөв. Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц*******, Б.Ц******* нар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Танай шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан иргэн Т.Б , Н.Н  нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 онд батлагдсан төсвийн хуваарийн хүрээнд санхүүжилтийг тухайн жилийн төсвийн орлого бүрдүүлэлттэй уялдуулан Төсвийн тухай хуулийн 12.1.17, 34.3, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар баталсан Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам-ын 3.2-т заасны дагуу санхүүжүүлсэн.

 

Төсвийн тухай хуульд заасны хүрээнд төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд хүчин төгөлдөр байх тул дараа онд нөхөн санхүүжүүлэх боломжгүйгээс Сангийн яам болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2/130 тоот эвлэрлийн гэрээ байгуулан ажилласан. Тус гэрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны батлагдсан төсвөөс бүрэн санхүүжигдээгүй үлдсэн зөвхөн бараа ажил үйлчилгээний гэрээгээр нотлогдсон зардал болох 2.908.043.376 төгрөгийг 2015 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэх талаар тусгасан.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орон байраар хангах, орон сууцны дэмжлэг үзүүлэх зардал 2015 оноос эхлэн тусгагдахгүй байгаа тул тус нэхэмжилсэн мөнгийг санхүүжүүлэх боломжгүй юм. Иймд иргэн Т.Б , Н.Н  нарын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 201 дүгээр тушаалд заасан орон сууцны дэмжлэг үзүүлэх арван сая төгрөгийг Т.Б , Н.Н  нарт олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг арван сая төгрөгийг олгохыг даалгуулах гэж тодорхойлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалын хавсралтын 3, 4 дүгээр заалтаар сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгч Т.Б , дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгч Н.Н  нарт шүүгчийн хараат бус ажиллах нөхцлийг бүрдүүлэх, шүүгч захиргааны ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд орон сууцны дэмжлэгт арван сая төгрөгийг тус тус олгохоор зааж, уг зардлыг төвлөрсөн төсвийн орон байраар хангах дэмжлэг үзүүлэх зардлаас зарцуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны санхүүгийн удирдлагын хэлтэс зөвшөөрч олгуулахаар шийдвэрлэсэн үйл баримт болжээ.

 

Нэхэмжлэгч тал Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өөрийн эрх хэмжээний дагуу орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж шийдвэрлэсэн боловч тухайн үед төсвийн дансанд байсан мөнгийг олголгүй цаг хугацаа алдаж Шүүхийн санхүүгийн удирдлагын хэлтэс уг тушаалыг биелүүлээгүй буруутай гэж, хариуцагч тал Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгогдох байсан орон сууцны дэмжлэгт олгох ёстой мөнгө нь эдийн засгийн хямрал төсвийн хүндрэлтэй байдлын үүднээс шийдвэрлэгдээгүй, тухайн төсвийн ангилалд санхүүжилт тусгагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж тус тус маргаж байгаа болно.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, харицагч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууцны дэмжлэг үзүүлэх журам батлах тухай 38 дугаар тогтоолын хавсралтаар орон сууцны дэмлэг үзүүлэх журмыг баталжээ.

 

Тус журмын 4.7-д Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тушаал гаргана, 4.8-д энэ журмын 4.7-д заасан шийдвэр гарсанаар шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газар хүсэлт гаргагчид дэмжлэгийг олгоно гэжээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7, Шүүгчийн эрх зүйн тухай байдлын тухай хуулийн 20.4.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5, Орон сууцны дэмжлэг олгох тухай журмын 4.7 дахь заалтыг тус тус үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай 201 дүгээр тушаал гаргаж хавсралтын 3,4 дэх заалтаар нэхэмжлэгч нарт тус бүр арван сая төгрөгний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч талын шүүхэд гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөл 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр тоот Бүх шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын 2015 оны төсвийн төсөл, 2016-2017 оны төсвийн төсөөллийг Улсын Их хуралд өргөн мэдүүлэх тухай тогтоолыг явуулсан. Уг төсвийн төсөлд орон байраар хангах, орон сууцны дэмжлэг ангилалд 2014 оны батлагдсан төсөвтэй адил хэмжээний мөнгийг тусгуулахаар хүргүүлсэн боловч 2015 оны батлагдсан төсвийн хуваарьт дээрх ангилал 0 дүнтэй батлагдсан гэсэн тайлбар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай 201 дүгээр тушаал нь тухайн жилийн буюу 2014 оны төвлөрсөн төсвийн орон байраар хангах, дэмжлэг үзүүлэх зардлаас зарцуулахыг Санхүүгийн удирдлагын хэлтэст зөвшөөрч нэхэмжлэгч нарт орон сууцны дэмжлэг үзүүлэх ангилалд батлагдсан төсвийн мөнгөнөөс олгохоор шийдвэрлэсэн болон хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сангийн яамны хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2/1/30 дугаар эвлэрлийн гэрээ болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаар захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эвлэрлийн гэрээ-гээр Сангийн яам Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны батлагдсан төсвөөс бүрэн санхүүжүүлээгүй үлдсэн бараа, ажил, үйлчилгээний гэрээгээр нотлогдох зардал болох 2.908.043.376 /хоёр тэрбум есөн зуун найман сая дөчин гурван мянга гурван зуун далан зургаан/ төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны батлагдсан төсөвт багтаан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор санхүүжүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны батлагдсан төсвийн хүрээнд цалин, тогтмол зардлаас бусад эдийн засгийн ангилалд дотор болон хооронд дахин хуваарилалт хийх, мөн сар, улиралын хуваарьт өөрчлөлт оруулах тухай Шүүхийн ерөнхиий зөвлөлийн саналыг судлаж үзсэний үндсэн дээр дахин хуваарилсан төсвийг Сангийн сайд тушаалаар тухай бүрт нь батлаж болохоор харилцан тохиролцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх 2014 оны батлагдсан төсвөөс бүрэн санхүүжүүлээгүй үлдсэн бараа, ажил, үйлчилгээний гэрээгээр нотлогдох зардал болох 2.908.043.376 төгрөгт орон байраар хангах, дэмжлэг үзүүлэх зардал орсон гэж тайлбарлаж байгаа болно.

 

Дээрх 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 165 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх ёстой бөгөөд талууд сайн дураар биелүүлэхгүй бол албадан биелүүлдэг болно. Нэгэнт 2014 оны төсвийн санхүүжүүлээгүй үлдсэн үлдэгдэл санхүүжилтийг 2015 оны төсвөөс санхүүжүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцсэн үйл баримт тогтоогдож байх тул энэхүү санхүүжилтээр олгогдох байсан орон сууцны дэмжлэг олгогдохоор байна.

 

Тодруулбал Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай 201 дүгээр тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгч нар энэхүү тушаалыг биелүүлэхийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нарт орон сууцны дэмжлэг олгохоор гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 201 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах мөнгөн хөрөнгө нь 2014 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дансанд байсан Сангийн яам уг мөнгөн хөрөнгийг улсын төсөвт буцаан татсанаар нэхэмжлэгч нарт орон сууцны дэмжлэг олгох төгрөгийг олгох боломжгүй болсон хэдий ч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаар захирамжийн дагуу энэхүү мөнгөн хөрөнгийг буцааж Шүүхийн ерөнхий зөвлөлд олгохоор шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэгч нарт олгох орон сууцны дэмжлэгийг олгох боломжтой болсон байна. Нэхэмжлэгч нарт олгохоор дээрх тушаалаар шийдвэрлэсэн тус бүр 10.000.000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж үзэхээр байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д Ерөнхий зөвлөлийн дарга нь Ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч байна гэж зааснаар шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд 18.4-т Ерөнхий зөвлөлийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана гэснээр шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудад орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргах бүрэн эрхтэй байна.

 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д төрөөс орон байраар хангагдах гэж зааснаар нэхэмжлэгч нар нь орон сууцаар хангагдах болон бусад төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй, мөн нэхэмжлэгч шүүгч нар нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6-д шүүгчийн эрх зүйн байдлын онцлогт нь нийцүүлэн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлж, хангана гэж заасны дагуу шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгаагаар хангагдах эрхтэй байна.

 

Захиргааны үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлах бөгөөд Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгохыг хэлэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нарт тус бүр 10.000.000 төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны байх тул энэ итгэлийг хамгаалах зарчмыг хариуцагч баримтлах ёстой байна.

 

Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай 201 дүгээр тушаалын хавсралтанд заасан Т.Б , Н.Н  нарт тус бүр 10.000.000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгч нарт тус бүр 10.000.000 төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгч тус бүрт олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА